Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2024/00058

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03833 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00155 дугаар магадлалтай,

М.Г-ийн нэхэмжлэлтэй,

Д.Э-т холбогдох

Үндсэн нэхэмжлэл: Ажлын хөлс 73,200,000 төгрөг, алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэл: 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Д.Э-т холбогдуулан ажлын хөлс 73,200,000 төгрөг, алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03833 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Эаас ажлын хөлс 109,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгож, хариуцагч Д.Э-ын талуудын хооронд байгуулагдсан 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,950 төгрөгийг, хариуцагч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 706,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00155 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүх нь хэргийг дахин хянан хэлэлцэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй, хянаагүй гэж үзэж байна. Үндсэн нэхэмжлэлийн тухайд дараах асуудлуудыг орхигдуулсанд гомдолтой байна. Шүүх хуралдааны өглөө буюу 2023.11.21-ний өдөр нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангахгүй 2017.11.02-ны өдрийн 05/80 дугаартай, 80,000,000 төгрөгийн дүнтэй, гэрээний хуулбар гаргаж ирснийг шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ нотолгоогоор үнэлж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх үнэлэмжийг алдагдуулсан буюу үнэлэх ёсгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж анхны тохироо 80,000,000 төгрөг байсан гэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь 11,800,000 төгрөгт тохиролцон хийсэн хэн алины тайлбараар нотлогдож, маргадаггүй. Гэтэл хэзээ, хаана, анхнаасаа алдангитайгаа 109,800,000 төгрөгийг өгье гэсэн тохироо баримт байхгүй атал шүүгч анхнаасаа тохирсон үнэлгээ хийсэн ажлын хөлсийг өөрчлөх боломжгүй гэж зохиомлоор дүгнэлт хийсэн.

Шүүх хурлын өглөө маш олон хуудас нотлох баримт шинээр гаргаж өгсөн нэхэмжлэгч талын баримтыг хариуцагч талд танилцуулах, харилцан мэтгэлцэх зарчмыг хангуулах, эсрэг талд нотлох баримттай танилцаж, ажиллагаа хийж хариуцагчийн эрхийг хангахгүй хурлыг шууд үргэжлүүлсэн нь хариуцагчийн татгалзлаа нотлох эрхийг бүхэлд нь хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талын эрхийг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

4.1.Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Э-тай нэг харилцаан дээр хоёр удаагийн гэрээ байгуулсан нь үндэслэлгүй. Анх 2017.11.02-ны өдөр 05/80 дугаартай гэрээг байгуулсан гэх боловч хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүй хуулбар хэлбэрээр авагдсан. Дараагийн гэрээг /3а/06 дугаартай/ 2018.06.12-ны өдөр байгуулсан байна. Хариуцагч нь энэ хоёр гэрээгээр нэг харилцааг зохицуулсан гэх боловч аль гэрээг үнэлүүлэхээр хандаад байгаа нь ойлгомжгүй. Анхны гэрээ нь хуулбар бөгөөд алданги, хүү тохироогүй атал тэр гэрээний дүнгээр үндсэн шаардлагаа гаргадаг. Үндсэн шаардлага дээрээ нэмсэн алдангийг хоёр дахь гэрээний тохироо гэж тайлбарладаг. Нэг харилцааг хоёр гэрээгээр тохиролцох нь зохимжгүй, ойлгомжгүй байх тул хоёр дахь гэрээг хууль бус гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэвч шүүхээс сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд бидний гаргасан баримт тайлбарыг үндэслэн, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00304 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Д.Э-т холбогдуулан ажлын хөлс 73,200,000 төгрөг, алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...хариуцагчтай 2017.11.02-ны өдөр 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, захиргааны болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд оролцохоор болсон, улмаар уг гэрээнд 2018.06.12-ны өдөр 3а/06 дугаартай гэрээгээр өөрчлөлт оруулсан. Эдгээр гэрээнд хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсийг 80,000,000 төгрөг гэж тохиролцсон. Гэтэл уг мөнгийг төлөөгүй, 2019.04.16-ны өдөр харилцан ярилцаж өөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд цувуулж төлсөн 11,800,000 төгрөгийг хасах санал гаргасныг хүлээн зөвшөөрч үлдэгдэл төлбөр нь 68,200,000 төгрөг болохыг баталгаажуулж, 2020.04.16-ны өдөр багтаан төлөх хугацааг тогтоосон. Хугацаандаа төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагчтай дахин И.Б-ын нэхэмжлэлтэй Д.Э-т холбогдох иргэний хэрэгт түүний өмгөөлөгчөөр оролцохоор 2019.01.31-ний өдөр И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт өмгөөллийн хөлсийг 5,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Дээрх 2 гэрээний үүргээ биелүүлж хариуцагчийн  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал ажиллаж үр дүн гаргасан. Гэтэл хөлсийг төлөөгүй тул эхний гэрээний төлбөрт 68,200,000 төгрөгийг, сүүлийн гэрээний төлбөр 5,000,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулж өгнө үү” гэсэн.

8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...талууд анх 2017.11.02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Үүнээс үүдээд 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээг мөн байгуулсан. Гэрээний зүйл болоод нэхэмжлэгчийн хэлж байгаачлан энэ дээр үр дүн гарч, гурван шатны шүүхийн шийдвэр гарсан, хөлсөнд 11,800,000 төгрөгийг би төлсөн, гэрээгээр тохирсноос гадна үндэслэлгүйгээр шаардаад байгаа 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, санхүүгийн хувьд боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9.Хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргаж “...2017.11.02-ны өдрийн 05/80 дугаартай гэрээний хөлсөнд 11,800,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Энэ гэрээнээс гадна 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээг хийх шаардлагатай байна гэж гарын үсэг зуруулсан. Гэрээний 2-т “...өмнөх гэрээнээс гадна 80,000,000 төгрөгийг өмгөөлөгч талд төлнө” гэж заасан. Хуульч, өмгөөлөгч М.Г нь үйлчлүүлэгч Д.Э-тай хөлс тохирохдоо түүний төлбөрийн чадвар бусад хүчин зүйлийг харгалзан үзэх ёстой байсан. Д.Э санхүүгийн боломжоороо үүргээ биелүүлсэн байхад энэ гэрээнээс гадна үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, үйлчлүүлэгчээ өрийн дарамтанд оруулж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээ ноцтой зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч М.Г сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Миний энэ хийсэн ажлын үр дүн бол надад 4 бүтэн архивын материал байгаа, олон жилийн хөлс хөдөлмөрийг шавхсан ажил байсан. Хуульч хүмүүс хийсэн ажлынхаа үр дүнг үнэлдэг байх хэрэгтэй, энэ нь тохиролцож тогтоосон үнэлгээ юм. Би энэ гэрээнээс өөрөөр ямар нэгэн хөлс тогтоогоогүй. Тэр 11,800,000 төгрөг нь 80,000,000 төгрөгийг 2017.11.02-ны өдрийн 05/80 дугаар гэрээний дагуу төлж байснаа үлдэгдлийг төлж чадаагүй 68,000,000 төгрөг үлдсэн байсан ийм л тооцоо юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн байх хэлцлийн агуулга бол, хууль зөрчсөн, хуулиар хориглосон зүйл хийсэн байхыг шаарддаг. Ямар ч хууль зөрчөөгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн.

10.Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Талуудын хооронд байгуулагдсан 2019.01.31-ний өдөр И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр И.Батжаргалын нэхэмжлэлтэй, Д.Э-т холбогдох хэрэгт нэхэмжлэгч нь хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож, хөлсийг 5,000,000 төгрөг гэж тохиролцсон, мөн 2019.04.16-ны өдөр Тооцооны үлдэгдлийг баталгаажуулах, гэрээний үр дүнг дүгнэх, төлбөр төлөх хугацаа тогтоох тухай  баримтаар 2017.11.02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018.06.12-ны өдөр байгуулсан За/06 хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг тус тус дүгнэсэн.  Эдгээр гэрээнд нэхэмжлэгч нь Д.Э-ын нэхэмжлэлтэй * аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох газрын гэрчилгээнд “Э” ХХК-ийг хууль бусаар нэмсэн болохыг тогтоолгох, гэрчилгээнээс хасахыг даалгах шаардлагатай захиргааны хэрэг, “Э” ХХК-д холбогдох эвлэрлийн гэрээнээс татгалзах, хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцсон, үүнийг дүгнэсэн баримтад ...талууд гэрээгээр тохирсон ажлын гүйцэтгэл, ...хангалттай үр дүнд хүрсэн гэж дүгнэж, ...нийт төлбөр нь 80,000,000 төгрөг ...төлсөн 11,800,000 төгрөгийг хасч 68,200,000 төгрөгийг 2020.04.16-ны өдрийн дотор багтааж өмгөөлөгчид төлөх, хугацаа өнгөрсөн тохиолдолд 0,5 хувиар тооцож алданги  төлөхөөр баталгаажуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээгээр тохирсон хөлсийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь дутуу авсан ажлын хөлсөө шаардах эрхтэй, ...төлбөрийг биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх  тул алданги гаргуулах шаардлагыг хангах үндэслэлтэй. Талууд гэрээ дүгнэж, тооцоог баталгаажуулсан баримтаар 2017.11.02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018.06.12-ны өдөр байгуулсан За/06 Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дүгнэсэн үйл баримт тогтоогдсон ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасан нь үндэслэлгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийжээ.

11.Давж заалдах шатны шүүх дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

12.Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ адил дүгнэлт хийсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоос “нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа гэрээ нь хууль бус болохыг тогтоолгох  сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхүүдийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй” гэх хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хүрээнд хянан хэлэлцэв.

13.Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Д.Э-тай 2017.11.02-ны өдөр 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Д.Э-ын нэхэмжлэлтэй Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж, хөлсөнд 80,000,000 төгрөг авахаар, мөн 2019.01.31-ны өдөр И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж түүний нэхэмжлэлтэй хэрэгт иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж, хөлсөнд 5,000,000 төгрөг авахаар тус тус тохиролцсон, хожим нь эхний гэрээний нөхцлийг өөрчилж 2018.06.12-ны өдөр 3а/06 дугаартай гэрээ байгуулсан, дараа нь ажлын хөлсөнд авсан 11,800,000 төгрөгийг хасч, үлдэх 68,200,000 төгрөг болсныг талууд дүгнэж, хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2020.04.16-ны өдрийн дотор гэж өөрчилж, 2019.04.16-ны өдөр баталгаажуулсан баримт үйлдсэн эдгээр үйл баримт зохигчоос гаргасан болон тэдний хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

14.Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний шинжтэй, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хоёр шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэжээ.

15.Хэдийгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээний төрөлд хамаарах боловч  бусдад үйлчилгээ үзүүлэх энэ төрлийн бусад  гэрээнээс онцлогтой  өөрөөр хэлбэл, өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байгаа нь тусгай зөвшөөрөлтэйгээр, мэргэжлийн үндсэн дээр бусдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой мэргэшсэн үйлчилгээ үзүүлж байгаа харилцаа бөгөөд хуульч гэсэн мэргэжлийн хувьд энэ мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэхдээ тухайлан зохицуулсан хууль, холбогдох дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд хуульчийн үйл ажиллагаа нь арилжааны шинж чанартай үйл ажиллагаа биш юм.

16.Зохигчийн хооронд дээр дурдсан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдах цаг хугацаанд өмгөөлөгчийн бусдад хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэхүү хуульд заасны дагуу батлагдсан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээр зохицуулагдана. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд өмгөөлөгч үйлчлүүлэгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа хөлсийг хэрхэн тогтоох талаар зохицуулаагүй, энэ асуудлыг харин Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4-дэх зүйлийн 1-д зааснаар “хуульч үйлчилгээний хөлс, зардлыг үйлчлүүлэгчтэй харилцан тохиролцож тогтооно” гэж нэг талаас гэрээний талуудын чөлөөт зарчмыг тодорхойлохын зэрэгцээ нөгөө талаар дүрмийн 2.4-р зүйлийн 2-т хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох авахыг хориглоно гэсэн хязгаарлалтыг тогтоосон байна.

17.Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа гэрээгээр тохиролцсон, гүйцэтгэсэн ажлын хэмжээнд 11,800,000 төгрөг төлсөн, тохиролцсоноос гадна нэмж мөнгө шаардаж гэрээ байгуулсан, энэ нь хуульчийн ёс зүйн хэм хэмжээ, нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, иймээс 2018.06.12-ны өдөр 3а/06 дугаартай гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн боловч энэ тайлбар, үндэслэл нь зохигчийн хооронд удаа дараа байгуулагдсан гэрээгээр үгүйсгэгдсэн, тодруулбал, эхний буюу 2017.11.20-ны өдрийн 05/80 гэрээгээр талууд анхнаасаа хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлчилгээний хөлсийг 80,000,000 төгрөг гэж тохиролцсон, энэхүү тохиролцоог дараагийн гэрээ болон гэрээг дүгнэсэн баримтаар баталгаажуулжээ.

Түүнчлэн, хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бас нэг үндэслэлээ, үйлчилгээний хөлс хэт өндөр тогтоогдсон буюу ажлын үр дүнд, тохиролцсон хөлс нь тохироогүй, холбогдох дүрэм, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан буюу хариуцагчийг эдийн засгийн хувьд алдагдалд оруулах хэмжээнд хүргэсэн гэсэн агуулгаар тайлбар гаргаж, талууд энэ хүрээнд мэтгэлцсэн байна.

Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2-т хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох авахыг хориглосон боловч хэргийн баримтаас үзэхэд 2017.11.20-ны өдрийн 05/80 дугаар гэрээ, уг гэрээг шинэчилсэн 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгч М.Г нь Д.Эын нэхэмжлэлтэй захиргааны ба иргэний хэргийн хянан хэлэлцэх ажиллагаанд  оролцож түүний эрх ашгийг хамгаалсан, өөрөөр хэлбэл, нэг маргаантай хэрэгт “Д.Э өөрийн эзэмшлийн газрын хамтран эзэмшигчээс “Э” ХХК-ийг хасуулах” шаардлага гаргасныг 3 шатны шүүх шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан, нөгөө хэрэгт “Э” ХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээнээс татгалзаж хохирол гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, улмаар захиргааны хэрэг шийдвэрлэсэнтэй холбоотойгоор уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Дээрхээс үзэхэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн гэрээний үр дүн нь энэ хэргийн хариуцагч Д.Э-т ашигтай байдлаар шийдэгдсэн, тодруулбал, захиргааны хэргийн шүүхэд хянан хэлэлцэгдсэн маргааны үр дүнд хариуцагч нь өөрийн эзэмшлийн газраа дангаар эзэмших эрхтэй болж, улмаар уг газарт барилга барихаар болсон, энэ ч утгаар барилга баривал 80,000,000 төгрөгийн оронд 2 өрөө орон сууц өгөх тохиролцоог нэхэмжлэгчтэй хийж байсан үйл баримт тогтоогджээ. Үүнээс гадна, зохигчийн харилцан тохиролцсон 80,000,000 төгрөгийн хөлсний хэмжээ нь үзүүлэх үйлчилгээний хүрээ, маргаантай асуудлын онцлог, шаардагдах цаг хугацаа, хуульчийн туршлага, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар, үйлчлүүлэгчтэй тогтоосон удаа дараагийн мэргэжлийн харилцааны давтамж зэргээс хамааралтайгаар талууд урьдчилан тогтоосон нь Иргэний хуулийн 40.1, 189.1-д нийцсэн гэж үзэхээр байна.

Иймд зохигчийн гэрээгээр тогтоосон хөлсний хэмжээ хуульчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хэт өндөр тогтоогдсон буюу нөгөө талаа төлбөрийн чадваргүй, эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулахад хүргэсэн гэж үзэхгүй, улмаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндэслэл, нөхцөл тогтоогдоогүй байна.

Дээрх үндэслэлээр 2017.11.20-ны өдрийн 05/80 дугаартай гэрээ, уг гэрээг шинэчилсэн 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээний дагуу хөлсөнд 68,200,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.

18.Зохигч 2019.01.31-ний өдөр И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж Д.Эын нэхэмжлэлтэй хэрэгт Иргэний хэргийн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч, өмгөөлөгчөөр ажиллаж хөлсөнд 5,000,000 төгрөг авахаар тус тус тохиролцсон, ажлын үр дүн гарсан, хөлс төлөөгүй талаар маргаагүй байх тул уг 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

19.Дээр дурдсанаар хариуцагчаас 2 удаагийн гэрээний үүрэгт нийт 73,200,000 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг үзүүлэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэсэн зохицуулалтыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн “гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг  үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон” талаархи гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

20.Харин шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

20.1.2017.11.20-ны өдрийн 05/80 дугаар гэрээний 4.1-т “хэрэв үйлчлүүлэгч тал нь өмгөөлөгч талд энэ гэрээгээр төлбөл зохих төлбөрийг гэрээнд заасан төлөөгүй хугацаа хожимдуулсан бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үниийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө” гэж заасан, уг гэрээний зарим нөхцлийг өөрчилсөн 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээний 2.3-т болон тус гэрээний үүргийг баталгаажуулж дүгнэсэн 2019.04.16-ны өдрийн баримтын 2-т аль алинд нь анхны гэрээтэй адил агуулгаар алданги төлөх зохицуулалттай, түүнчлэн, 2019.01.31-ний өдрийн И/06 дугаартай гэрээний 2.2-т “нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажилласны нийт хөлс 5,000,000 төгрөг, урьдчилгаа 2,500,000 төгрөгийг энэхүү гэрээг байгуулснаар, үлдэгдэл төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа төлнө” гэж, 6.1-д “хэрэв хариуцагч тал нь нэхэмжлэгч талд зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тусгагджээ.

20.2.Хэдийгээр хугацаа хэтрүүлсэний хариуцлага болох анз /алданги/ төлүүлэх тохиролцоог хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний талууд хэрэглэхийг хуулиар хориглоогүй боловч тухайн хэрэг бүрийн онцлогоос хамаарч алдангийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Тухайлбал, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь Иргэний хуулиар зохицуулагдахаас гадна хуульч гэсэн мэргэжлийн хувьд энэ мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэхдээ үйлчлүүлэгчтэй байгуулж буй гэрээ нь гэрээний нэг талын буюу хуульчийн хувьд тусгайлсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /цаашид 2019.10.18-ны өдөр батлагдаж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Өмгөөллийн тухай хууль/ зохих зохицуулалт, холбогдох дүрмийг баримтлах тул тохиролцсон үндсэн төлбөрийн хэмжээ, үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан шалтгаан, нөхцөл, гэрээгээр тогтоосон хоног тутам төлөх алдангийн хэмжээ, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадвар зэрэг нөхцлийг зайлшгүй харгалзах шаардлагатай, өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэрээнд алданги тооцох нь үйлчлүүлэгч талд сөрөг үр дагавар үүсгэх эсэхийг анхаарна.

20.3.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч М.Г хариуцагчаас 2 удаагийн гэрээний дагуу хөлс төлөх үүргээ хугацаанд биелүүлээгүй гэсэн үндэслэлээр нийт 73,200,000 төгрөгийн 50 хувь буюу 36,600,000 төгрөгийн алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болоогүй байна.

Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөх агуулгатай анз болохыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д тодорхойлсон.

Шүүхээс гарч буй шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан, үүний нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэл тодорхой, ойлгомжтой байх явдал бөгөөд нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байхад тухайн нэхэмжлэлийг хангаж байгаа шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх нөхцөл болно.

Нэхэмжлэгч М.Г нь 2 удаагийн гэрээний үүрэг биелүүлэх хугацааг хариуцагч хэтрүүлсэн гэж алдангид 36,600,000 төгрөг шаардахдаа тус нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаагүй, тодруулбал, хариуцагч 2 гэрээний үүргийг тус бүр хэзээ биелүүлэх байсан, /хоёр дахь гэрээнд үүрэг гүйцэтгэх хугацааг он сар өдрөөр бус, үйл баримтаар буюу гэрээнд заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх иргэний шүүхийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа гэж тогтоосон/ аль хугацаанаас хэдий хүртэл алдангийг тооцсон, гэрээ тус бүрийн алдангийн тооцоолол яаж гарсан, үүнийг хэрхэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарласан талаарх баримтыг огт гаргаагүй байхад хоёр шатны шүүх эдгээр байдлыг тодруулж дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Г нь хуульч атлаа шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаагүй, энэ тохиолдолд хяналтын шатны шүүх алдангийн талаар тооцоолол хийх үндэслэлгүй, хэргийн талуудын зарчимд нийцэхгүй болно.

21.Иймд алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж, энэ талаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2024/00155 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03833 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас 73,200,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгож, 36,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.Э-ын нэхэмжлэгч М.Г-т холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2018.06.12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай “ гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “709,950 төгрөг гаргуулж” гэснийг “523,950 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Д.Э-ын 2024.02.20-ны өдөр төлсөн 706,950 төгрөг, 557,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Г.АЛТАНЧИМЭГ                                    

ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ

                                                                                Н.БАТЧИМЭГ

                                                                                 Д.ЦОЛМОН