Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00155

 

 

2024 01 17 210/МА2024/00155

 

М.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03833 дугаар шийдвэртэй

М.Г-ийн нэхэмжлэлтэй

Д.Э-т холбогдох

ажлын хөлс 73,200,000 төгрөг, алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Г /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д.Э-т ай Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга М.М-аар дамжуулан танилцаж, улмаар Д.Э нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан хэд хэдэн иргэний болон захиргааны хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцуулах гэрээ байгуулж хууль зүйн туслалцаа үзүүлсэн болно.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсны дагуу өмгөөлөгч би гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж ажилласан ба түүний хууль зүйн туслалцаа авахаар тохиролцсон бүхий хэрэг маргаан шүүхээр хянагдаж дууссан. Гэтэл Д.Э нь 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, уг гэрээний дагуу өмгөөллийн хөлс төлөх нөхцөлийг өөрчилсөн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан За/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр тохиролцсон хөлсийг төлөлгүй өдийг хүрлээ. Уг гэрээний 2.1-т заасан төлбөр болох 80,000,000 төгрөгийн өмгөөллийн хөлснөөс гэрээ байгуулах үедээ өөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд цувуулж төлсөн 11,800,000 төгрөгийг хасах санал гаргасныг би хүлээн зөвшөөрч түүний төлөх гэрээний үлдэгдэл төлбөр нь 68,200,000 төгрөг болсон. Уг төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд төлөх үүргийг Д.Э хүлээсэн. Гэтэл 2019 оны 04 дүгээр сар хүртэл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дээрх төлбөрийг төлөөгүй тул 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр түүний эзэмшлийн Гарнет кристалл майнинг ХХК, Эко энвайронментал консалтинг ХХК-ийн байрлах үйл ажиллагаа явуулж байсан Улаанбаатар хотод П ХХК-д /Баянбүрдийн тойргоос Бөмбөгөр Худалдааны Төв рүү явах замд Нисдэг машин төвийн хажууд 17 давхар цогцолборын 5 давхарт/ байрлах оффист бид тооцооны үлдэгдэл төлбөр 68,200,000 төгрөг болохыг баталгаажуулж уг төлбөрийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр багтаан төлөхөөр үүрэг гүйцэтгэх хугацааг тогтоож, баталгаажуулсан. Уг хугацаа өнгөрч дээрх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алдангийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасны дагуу тооцохоор тохиролцсон.

Мөн Д.Э нь И.Б-ын нэхэмжлэлтэй Д.Э-т холбогдох зээлийн төлбөр, зээлийн хүү, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан нийт өмгөөллийн хөлсийг 5,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож, би уг хэрэгт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуустал ажиллаж үр дүн гаргасан. Гэтэл Д.Э нь уг гэрээгээр тохиролцсон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг төлөөгүй шалтаг хэлж хойшлуулсаар байтал уг хэрэг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/00074 дугаартай тогтоол гарч, уг тогтоолд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид дүгнэлт бичүүлэхээр гомдол гаргаж, гомдолд Улсын дээд шүүхийн Тамгын газраас 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 6/2651 дугаартай албан бичгээр хариу ирснээр тус тогтоол хүчин төгөлдөр болсон. Ийнхүү уг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр хүлээсэн өмгөөлөгч миний үүрэг дуусгавар болсон ба Д.Э нь гэрээгээр хүлээсэн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 5,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй.

Иймд Д.Э аас 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаар, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн За/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 68,200,000 төгрөгийг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс 73,200,000 төгрөг, уг гэрээнд заасны дагуу алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: М.Г-ийн нэхэмжлэлд анх талууд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаас үүдэн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг мөн байгуулсан. Энэ гэрээгээр Орхон аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын гэрчилгээнд Э ХХК-ийн хууль бусаар нэмснийг тогтоолгох, гэрчилгээнээс хасахыг даалгах шаардлагатай захиргааны хэрэгт энэ 2 гэрээг байгуулсан энэ гэрээний зүйлд үр дүн гарч, 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Э ХХК-ийг хасуулсан байна гэдэг үр дүнд нь гэрээний үүргийг биелүүлж, 11,800,000 төгрөгийг төлсөн. Иймээс үндэслэлгүйгээр шаардаад байгаа, гэрээнээс гадна нэхэмжилсэн 80,000,000 төгрөгийг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Хариуцагчид санхүүгийн хувьд боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: М.Г-той 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, Д.Э ын эзэмшиж буй Орхон аймаг, Б сум, З багийн ** дүгээр хороолол, ** дугаар байрны урд байрлах орон сууцны зориулалттай газрын гэрчилгээнд хамтран эзэмшигчээр Э ХХК-ийг бүртгэснийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа авсан. Уг гэрээний дагуу 11,800,000 төгрөгийг төлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэтэл М.Г нь энэ гэрээнээс гадна 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийх шаардлагатай байна гэж дуудаж, гарын үсэг зуруулсан. Тус гэрээний 2-т төлбөр төлөх журам гэсэн хэсэгт гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажилласны хөлс захиргааны хэрэгт нэхэмжлэл хангагдаж газрын гэрчилгээнээс Э ХХК-ийг хассанаар тухайн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнээс гадна 80,000,000 төгрөгийг өмгөөлөгч талд төлнө гэсэн байна. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2-т хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох авахыг хориглоно. Хуульч, өмгөөлөгч М.Г нь үйлчлүүлэгч Д.Э-т ай хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлс тохирохдоо түүний төлбөрийн чадвар бусад хүчин зүйлийг харгалзан үзэж тогтоох ёстой байсан. Д.Э өөрийн санхүүгийн боломжоороо 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн байхад энэ гэрээнээс гадна үндэслэлгүйгээр мөнгө нэхэж, үйлчлүүлэгчээ өрийн дарамтанд оруулж, хүнд байх хүнлэг чанар, ёс зүй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмээ ноцтой зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хуульч нь үндэслэлгүй хөлс, зардал тогтоох авахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Би Д.Э-т холбогдсон олон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсоныгоо нотлох гэж шүүхэд, Орхон аймаг дахь шүүхийн тамгын газар болон Улсын Дээд шүүхийн тамгын газарт хадгалагдаж байсан хэд хэдэн баримтуудыг авч ирсэн шүүхийн шийдвэр, захирамж, тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүдээс үр дүн нь харагдана. Өөрөө 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай гэрээ хийгээд 11,000,000 төгрөгийг гэрээний хөлсөнд төлсөн агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь худлаа.

2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 80,000,000 төгрөгөөр өмгөөлөх тухай гэрээ байгуулсан, гэрээний нөхцөлийг 2018 оны 06 дугаар сард, өөрчлөөд, 2 өрөө байр болгоё, миний өмнө төлсөн энэ хөлсийг тэрэнд нь тооцож хасаж өгөн үү гэсэн саналын дагуу гэрээний нөхцөл өөрчлөгдөж хасагдсан. Гэрээнд нэг удаагийн 80,000,000 төгрөгийн төлбөр байгаа, хөлснөөс гадна гэдэг зүйл байхгүй, би тийм юм шаардаагүй. Энэ нь буруу агуулгаар ороод байна. 80,000,000 төгрөгийг 2 удаа нэхээгүй, 80,000,000 төгрөг дээр орон сууц нэмж нэхээгүй. Угаасаа ч орон сууцны асуудал ярьдаггүй. Өөрийнх нь л тухайн үеийн хүсэл нь юу байсан гэхээр би энд орон сууц барих гээд байна. Орон сууц борлуулах зовлонтой байдаг юм. Чи 2 өрөө орон сууцыг 80,000,000 төгрөгтөө тэнцүүлээд авчихаж болохгүй юм уу гэсэн санал тавиад, 2018 оны гэрээнд тийм заалтыг нэмж оруулж байгаа юм. Тэгэхээр 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай гэрээ нь өөрөө, яг энэ 2018 оны гэрээг хийж байх үед нарийн бичиг нь надад канондож өгөхдөө надад хуулбарыг өгсөн. Би өмнөх хуулбарыг өмнөх хурал дээр гаргуулъя гэж нэхсэн юм байна лээ. Тэрний эх хувийг Д.Э ын нарийн бичиг аваад үлдчихдэг. Хуулбараа надад өгчихсөн юм билээ. Би тухайн үед анзаараагүй.

Бидний хувьд өмнөх гэрээг ярьж байгаад 2018 оны гэрээг хийе. Тэгээд 2018 оны гэрээнд үндэслээд 2019 онд дахиад энэ төлбөр төлж барагдуулахтай холбоотой асуудлаар, үүрэг гүйцэтгэх хугацааг түр хойшлуулъя гээд 2020 оны 04 дүгээр сар болгосон болохоор тооцоо нийлсэн гэрээг хийсэн. Тэгэхээр Д.Э 11,630,000 төгрөгийн хөлс төлөх гэрээ огт байгуулаагүй. Анхнаас нь энэ газрын гэрчилгээнээс Э ХХК-ийг хасах, мөн Э ХХК-ийн захиралд 98,150,000 төгрөг төлөхгүй байх хүсэл зориг нь биелсэн. Тэгээд одоо Д.Э ын хувьд н.Г гэдэг хүнд өргүй. Э ХХК-тай ч газраа хамт эзэмшдэггүй. Хамгийн сүүлд 2022 оны 06 дугаар сард надтай Орхон аймагт ирж уулзаад, чамд би баярлаж явдаг. Найз нь энэ дээр боломжоороо өмгөөллийн хөлсийг шийднэ гээд явсан, шүүх дээр өөр юм яриад байна.

Энэ гэрээнээс гадна хөлс тогтоогоод 80,000,000 төгрөгийг 2 нэхээд байгаа юм биш, миний энэ хийсэн ажлын үр дүн бол надад 4 бүтэн архивын материал байгаа, олон жилийн хөлс хөдөлмөрийг шавхсан ажил байсан. Хуульч хүмүүс хийсэн ажлынхаа үр дүнг үнэлдэг байх хэрэгтэй, энэ нь тохиролцож тогтоосон үнэлгээ юм. Би энэ гэрээнээс өөрөө ямар нэгэн хөлс тогтоогоогүй. Тэр 11,600,000 төгрөг нь 80,000,000 төгрөгийг 2017 оны гэрээний дагуу төлж байснаа үлдэгдлийг төлж чадаагүй 68,000,000 төгрөг үлдсэн байсан ийм л тооцоо юм.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн байх хэлцлийн агуулга бол, хууль зөрчсөн, хуулиар хориглосон зүйл хийсэн байхыг шаарддаг. Магадгүй намайг хуульчийн мэргэжлийн ёс зүй зөрчсөн асуудал ярих юм шиг байна, тэрийг тогтоосон байгууллагын шийдвэр байхгүй. Би Д.Э-т үзүүлсэн хууль зүйн үйлчилгээнийхээ хувьд хуучин хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмээр тогтоосон. Өмгөөллийн тухай хуулиар тогтоож байгаа, хамаарлын хөлс 50 хувь, 30 хувиас минийх өчүүхэн бага нь байна. Энэ нь тэр хүнд өгсөн өгөөж, хангагдсан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ, эдийн засгийн байдлаар ч ямар ч хууль зөрчих хэмжээнд хүрээгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-аас ажлын хөлс 109,800,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгож, хариуцагч Д.Э-ын талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэ хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,950 төгрөгийг, хариуцагч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 706,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Г-т олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний дараахь зөрчлүүдийг гаргасан гэж үзэж байна.

6.1. Шүүх хуралдааны өглөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч нь нотлох баримтын шаардлага хангахгүй 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай, 80,000,000 төгрөгийн дүнтэй, гэрээний хуулбар гаргасныг үнэлж шийдсэн нь нотлох баримтыг үнэлэх үнэлэмжийг алдагдуулсан, үнэлэх ёсгүй нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж анхны тохироо 80,000,000 төгрөг байсан гэсэн итгэл үнэмшлээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.2. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь 11,800,000 төгрөгт тохиролцон хийсэн хэн алины тайлбараар нотлогдож, маргадаггүй гэтэл хэзээ хаана, анхнаасаа алдангитайгаа 109,800,000 төгрөгийг өгье гэсэн тохироо баримт байхгүй атал шүүгч анхнаасаа тохирсон үнэлгээ хийсэн ажлын хөлсийг өөрчлөх боломжгүй гэж зохиомлоор дүгнэлт хийсэн.

6.3.Шүүх хурлын өглөө нэхэмжлэгч талын шинээр олон хуудас нотлох баримт гаргаж өгснийг хариуцагч талд танилцуулах, харилцан мэтгэлцэх зарчмыг хангуулах, эсрэг талд нотлох баримттай танилцаж, ажиллагаа хийж хариуцагчийн эрхийг хангахгүй хурлыг шууд үргэжлүүлсэн нь хариуцагчийг татгалзлаа нотлох эрхийг бүхэлд нь хязгаарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг талын эрхийг хөндсөн зөрчил гаргасан гэж үзэж байна.

6.4. Хариуцагч Д.Э санхүүгийн хувьд 80,000,000 төгрөгийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөрийг өгөх боломжтой этгээд биш бөгөөд М.Г нь үйлчлүүлэгчээ өрийн дарамтад оруулж болохгүй байсан. Мөн эдийн засгийн хувьд өндөр үнийн дүнтэй, хариуцагчийг санхүүгээр нь хязгаарласан байдал үүсгэх гэрээ хийсэн нь зан суртахууны хэм хэмжээнд харш байх тул хүчин төгөлдөр бус байх боломжтой нөхцөл байдлыг шүүх тогтоогоогүй, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж шийдвэрлээгүй тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв талаас хуульд зааснаар үнэлсэн байх байна.

7.1. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байсан ба уг гэрээний төлбөрийн нөхцлийг хариуцагч буюу өмгөөлүүлэгч Д.Э нь өөрчлөх хүсэлт гаргасныг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан За/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулж, уг гэрээний төлбөрийн нөхцлийг ...80,000,000 төгрөг эсвэл орон сууц барих тохиолдолд тус орон сууцанд 2 өрөө орон сууц... гэж мөн өмгөөлүүлэгч болох Д.Э нь өмнө төлсөн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний төлбөр 11,800,000 төгрөгийг энэ төлбөрөөс хасуулах саналаа илэрхийлсний дагуу хасаж тооцохоор тохиролцсон нь гэрээ /хх-7 тал/, тооцооны үлдэгдлийг баталгаажуулах, гэрээний үр дүнг дүгнэх, төлбөр төлөх хугацаа тоггоох тухай хэлцэл /хх-9 тал/-ээр тус тус нотлогддог. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын 1-т заасан 80,000,000 төгрөгөөр өмгөөллийн хөлсийг тохиролцсон болох нь ийнхүү хэргийн 7,9 дэх талд авагдсан нотлох баримтуудаар нотлогддог энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

7.2. Нэхэмжлэгчийн олон удаагийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон хэргийг хянан шийдвэрлэсэн бүх шатны захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол зэргээс үзвэл тухайн хэргүүдийн хувьд хууль тайлбарлан хэрэглэх хууль зүйн мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан, хууль хэрэглээний шинэ ойлголтыг хэлэлцсэн, жишиг тогтоох хэрэг маргаан байсан ба ихэнхдээ анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч Д.Э-ын эсрэг шийдвэр гаргаж байсныг хууль зүйн туслалцаа үзүүлж буй нэхэмжлэгч нь давж заалдах, хяналтын гомдол гаргах замаар гомдлыг хангаж шийдвэрлэсэн үйл баримт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хуульд заасны дагуу нэхэмжлэгч талаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргаж өгсөн шүүгчийн захирамж, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар нотлогддог /хх 94-95, 110-145, 147-164 тал/. Энэ бүх хууль зүйн мэргэжлийн ажлын үр дүнд хариуцагч Д.Э нь орон сууцны барилгын газар /хх-165-167 тал/-ыг дангаар эзэмшиж, бусдаар барилга бариулж үр шимийг нь хүртэж байгаа болно. Энэ талаар хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар маргаагүй атлаа гомдлыг 2 гэх дугаартай хэсэгт хэрэгт авагдаагүй, нотлогдоогүй үйл баримтыг шүүхээс дүгнэх ёстой мэтээр үндэслэлгүй гомдол гаргасан байгаа тул уг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

7.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хурлын өглөө маш их нотлох баримтыг шинээр гаргаж өгсөн мэт худал гомдол гаргасан байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шүүх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр миний бие оролцож байх үед гардуулж /хх-93 тал/, улмаар сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны буюу хуульд заасан хугацаанд сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах тухай гэх тайлбар /хх 101-105 тал/ гаргаж, тайлбараа нотлох баримтыг хавсаргаж, гаргасныг хэргийн 106-213 дахь талд хавсаргасан. Ийнхүү шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний буюу уг нотлох баримтыг гаргаж өгснөөс хойш 8 хоногийн дараа болсон ба хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар ирж танилцаагүй атлаа шүүх хуралдаанаас өмнө ирж танилцаад бүхэлд нь танилцаж, улмаар хавтаст хэргийн материалтай бүрэн танилцсан талаарх тэмдэглэлд бүгд гарын үсэг зурсан баримт хэргийн 214 дэх талд авагдсан байна. Ийнхүү анхан шатны шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр болж, улмаар талуудаас гаргах санал хүсэлт, нотлох баримт байгаа эсэхийг тодруулахад хариуцагч өөрөө шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр 3 дахь төлөөлөгчөө томилж ирүүлсэн А.Б болон түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо нар нь хүсэлт, нотлох баримт байхгүй, эвлэрэхгүй гэдгээ хэлээд улмаар шүүх хуралдаанд хангалттай мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлж оролцсон. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцсан, шүүх хуралдаанд гомдолд дурдсан асуудлаараа хүсэлт гаргаагүй атлаа гомдол гаргаж байгаа нь хугацаа авах оролдлого гэж үзэхээр байна.

7.4. Хариуцагч Д.Э нь хууль зүйн туслалцаа авахаар Орхон аймгийн Б сумын ** багийн **-** дугаар байрны урд байрлах газрыг хамтран эзэмшигчийг хасуулах, уг газар эзэмших эрхийг хүчингүй болгосон аймгийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах, улмаар уг газрын эзэмшигчээр Д.Э ыг дангаар тогтоолгох, И.Батжаргалын нэхэмжлэлтэй хэрэгт зээл, зээлийн хүү, алданги гаргуулах иргэний хэрэгт зээлийн гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгээр хэмжигдэх бөгөөд уг хэргүүдийн хувьд 80,000,000 төгрөгөөр өмгөөллийн хөлс тогтоосон нь хийгдсэн ажлын цар хүрээ, мэргэжлийн ур чадвар зэрэгтэй харьцуулж үзвэл харин ч өмгөөллийн зах зээл дэх үнээс багаар тогтоосон байгааг дурдах нь зүйтэй байна. Нөгөө талаас Д.Э нь төлбөрийн чадваргүй иргэн гэх агуулга бүхий гомдлыг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлоод байгаа нь ойлгомжгүйгээс гадна, нэхэмжлэгч нь хариуцагчийг өрийн дарамтанд оруулсан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчиж өндөр хөлс тогтоосон талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь өөрөө хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан, уг гэрээг үндэслэн гэрээ дүгнэсэн акт бичгээр үйлдэж баталгаажуулсан нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлоогүйг харуулж байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

7.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байсан тухай дурдсан атлаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн нь уг гомдлыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхих үр дагавар үүсэхээр байгааг анхаарч үзнэ үү. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч М.Г нь хариуцагч Д.Э-т холбогдуулан ажлын хөлс 73,200,000 төгрөг, алданги 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

3.   Анхан шатны шүүх дараах баримтыг бичгийн нотлох баримтын хэмжээнд үнэлж, шийдвэрийн үндэслэл болгожээ. Үүнд:

3.1. Талуудын байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 1.1-д өмгөөлөгч нь Д.Э ын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж бүх шатны шүүхэд ажиллахаар, 1.2-т энэ гэрээнд заасан хууль зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлж ажилласны нийт хөлсөнд 80,000,000 төгрөгийн хөлсийг өмгөөлөгч талд төлөхөөр талуудын эрх, үүргийг тус тус тусгажээ.

3.2. Талуудын байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээний 1.1-д өмгөөлөгч нь Д.Э-ын нэхэмжлэлтэй О аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох газрын гэрчилгээнд Э ХХК-ийг хууль бусаар нэмсэн болохыг тогтоолгох, гэрчилгээнээс хасахыг даалгах шаардлагатай захиргааны хэрэг, Э ХХК-д холбогдох эвлэрлийн гэрээнээс татгалзах, хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгч, захиргааны хэргийн бүх шатны шүүхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаар, гэрээний 2.1-д гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажилласны хөлс захиргааны хэрэгт нэхэмжлэл хангагдаж, газрын гэрчилгээнээс Э ХХК-ийг хассанаар тухайн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлснөөс гадна 80,000,000 төгрөг, эсхүл орон сууцыг барих тохиолдолд тус орон сууцанд 2 өрөө орон сууцыг өмгөөлөгч талд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор олгох, иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, эвлэрлийн гэрээнээс татгалзаж, хариуцагч Э ХХК-аас хохирол гаргуулах болон газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх замаар худалдсан тохиолдолд тухайн иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлснөөс гадна 80,000,000 төгрөгийг мөн өмгөөлөгч талд төлөхөөр талууд тохиролцжээ.

3.3. Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээгээр И.Б-ын нэхэмжлэлтэй Д.Э-т холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцож хууль зүйн туслалцаа үзүүлж зөвлөгөө өгөх, иргэний хэргийн бүх шатны шүүхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж ажиллахаар, өмгөөллийн хөлсөнд 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцжээ.

3.4. Мөн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Тооцооны үлдэгдлийг баталгаажуулах, гэрээний үр дүнг дүгнэх, төлбөр төлөх хугацааг тогтоох тухай хэлцэл хийж, уг хэлцлээр талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг дүгнэж, гэрээнүүдийн төлбөр 80,000,000 төгрөг бөгөөд үүнээс Д.Э ын хүсэлтээр өмнөх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт тооцож төлсөн 11,800,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 68,200,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөх, уг хугацаа өнгөрсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож өмгөөлөгчид төлөхөөр тус тус харилцан тохиролцсон баримт хэрэгт авагджээ. Дээрх хэлцлээр талууд 2017, 2018 оны гэрээтэй холбогдуулан тооцоо нийлж баримт үйлдэн төлбөрийн хэмжээг тодорхойлон төлбөр төлөх хугацааг зааж, үүргээ гүйцэтгээгүй бол алданги тооцохоор тохиролцсон байна.

 4. Зохигч 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн И/06 дугаартай гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, харин 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3а/06 дугаартай гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар маргасан байна.

 5.1. Талуудын байгуулсан дээрх гэрээнүүдээр нэхэмжлэгч нь хэлэлцэн тохиролцсон ажил буюу хууль зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч нь тохиролцсон хөлс төлөх талаар харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн, хэлцлийн гол нөхцлийн /талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын хөлс, түүнийг төлөх журам/ талаар талууд хэлэлцэн тохиролцсон байгааг анхан шатны шүүх зөв дүгнэж, гэрээг хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч М.Г хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргээ биелүүлсэн нь хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн итгэмжлэл /хх-106/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 142/ШЗ2017/02144, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШЗ2017/02794, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 142/ШЗ2019/00589 дугаар захирамжууд /хх 125-128/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоол /хх 117-118/, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 142/ШШ2019/00240 дугаар шийдвэр /хх 189-193/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ2020/00074 дугаар тогтоол /хх 199-206/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 221/ШТ2017/0825 дугаар тогтоол /хх 136-131/, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 02 дугаар шийдвэр /хх 94-99/, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0324 дугаар магадлал /хх 147-159/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 111, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 382 дугаар тогтоолуудаар /хх 160-188/ тогтоогдсон байна.

5.2. Талуудын хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийг баталгаажуулах, гэрээний үр дүнг дүгнэх, төлбөр төлөх хугацаа тогтоох тухай хэлцэл дэх алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Иймд хариуцагч Д.Э-аас ажлын хөлс 109,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Г-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

6. Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан 3а/06 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлээр шаардсан бөгөөд хэргийн баримтаас үзэхэд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон хууль хэрэглээний зөрчил гаргасан гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал:

7.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хэргийн 146 дугаар талд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 05/80 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад шүүх үнэлсэн гэх үндэслэлийг заасан байна. Талууд дээрх гэрээний үр дүнг дүгнэж 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр тооцооны үлдэгдлийг баталгаажуулах, гэрээний үр дүнг дүгнэх, төлбөр төлөх хугацаа тогтоох тухай хэлцэл хийсэн ба хэрэгт уг хэлцэл хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байна. Иймд шүүх 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хэлцлийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.2.а. Тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан дээрх хэлцлээр хариуцагч нь 68,200,000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн дотор багтааж нэхэмжлэгч талд бэлнээр болон бэлэн бусаар төлөхөөр, хэрэв уг хугацааг өнгөрсөн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөхөөр тус тус тохиролцсон байна.

7.2.б. Талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр байгуулагдсан И/06 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр ажилласны нийт хөлс 5,000,000 төгрөг байх ба урьдчилгаа 2,500,000 төгрөгийг энэхүү гэрээг байгуулснаар, үлдэгдэл төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дууссаны дараа төлөхөөр, хэрэв хариуцагч тал нь нэхэмжлэгч талд зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус тохиролцжээ.

Дээрх гэрээ, хэлцлийн дагуу хариуцагчийн төлбөл зохих 73,200,000 төгрөгөөс алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрчээ. Нэхэмжлэгч ажлын хөлс 73,200,000 төгрөг, алдангид 36,600,000 төгрөг, нийт 109,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна. Иймд 109,800,000 төгрөгийн баримт байхгүй байхад шүүгч зохиомлоор дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.3. 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан хүсэлт гаргаагүй тул шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан, зохигч хэргийн материалтай танилцсан баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримттай танилцах эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

7.4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоог үндэслэн гэрээний үүрэг шаардаж байгааг буруутгах үндэслэлгүй. Иймд эдийн засгийн хувьд асар өндөр үнийн дүнтэй, хариуцагчийг санхүүгээр нь хязгаарласан байдал үүсгэх гэрээ хийгдсэн нь зан суртахууны хэм хэмжээнд харш байх тул хүчин төгөлдөр бус гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2023/03833 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,264,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 Д.БЯМБАСҮРЭН