Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 131/ШШ2021/00233

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүгч О.Батдорж, шүүгч Т.Гангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ё.Цгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Тад холбогдох гэмт хэргийн улмаас учруулсан хохиол 744.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч З.Пүрэвдалай, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Должинсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бор, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Золцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ё.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Тад хэвлий гэдэс рүүгээ өшиглүүлж, савтай үнс толгой руугаа хийлгэж эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны хохирол амссан. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 2020/ШЦТ/332 шийтгэх тогтоолоор түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 -д заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцон торгох ялыг оногдуулсан.

Х.Тад зодуулснаас үүдэн Ё.Ц миний уушги амьсгалахад тавгүй оргиж хоолой байнгын сөөнгө байдалтай байж бие тавгүйрч байсан болохоор уушгиа үзүүлэхээр Улаанбаатар хотын Сонгодо Эмнэлэгт өөрийн зардлаар үзүүлж, уушгины зураг авахуулсан.

Уушгины зураг авахуулахад уушгины багтаамж муудсан, энэ нь үнс уушги руу ороход нөлөөлсөн гэж тайлбарласан. Мөн түүнчлэн миний бие 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Тад зодуулсны дараа сав, өндгөвч маш ихээр өвдөж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Эдгээр бүх зардлыг өөрөө төлж эмчилгээ хийлгэсэн. Иймд X Тад зодуулснаас үүдэн өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын 744.400 төгрөгийг Х.Таас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч төлөөлөгч С.Должинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ё.Цгийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Тад сав хэсэг рүүгээ өшиглүүлж, толгой руугаа савтай үнс хийлгэсэн байдаг. 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 335 дугаар шийтгэх тогтоол дээр Х.Тын үйлдэл, Ё.Цгийн мэдүүлэг зэргийг дурдсан байдаг. Эвлэрлийн гэрээний хувьд тухайн шүүх хуралдаан болохоос өмнө Ё.Цд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан гэсэн утгатай гэрээ хийсэн байдаг. Тухайн үед учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан боловч, үүнээс хойш толгой руугаа үнс хийлгэж ам руугаа их хэмжээний үнс орсон учраас амьсгал давчдах болсон. Баянхонгор аймагт нарийн оношилгоо хийх боломжгүй байсан учраас Улаанбаатар хот руу явж Сонгодо эмнэлэг дээр очиж нарийвчилсан шинжилгээ хийлгэж уушигны зураг авахуулсан байдаг. Мөн Баянхонгор аймагт ирээд физик эмчилгээ, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг. Эдгээрээс үүссэн зардлуудыг нэхэмжилсэн.

Иймээс Х.Тын үйлдлийн улмаас учирсан хохирол учир 744.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Уг өвчин нь архаг өвчин биш. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Цгийн өгсөн мэдүүлэгт Х.Т нь толгой руу нь үнс асгаж, гэдэс хэсэг рүү нь жийсэн гэх бүдүүлэг үйлдэл гаргасан гэдэг. Үүнээс болж амьсгалахад хүндрэлтэй удаан хугацаанд байсан учраас Улаанбаатар хот руу явж хувийн эмнэлгээр эмчлүүлээд ирсэн байдаг. Уушги руу их хэмжээний үнс орсны улмаас бронхит өвчин үүсэх шалтгаан болсон гэдэг оноштой явж эмчилгээ хийлгэж байгаад ирсэн байдаг. Савны өвчтэй болсон гэж бол хэлээгүй. Хэвлий хэсэг рүү өшиглүүлснээс болж гэмтэл хэдийгээр аваагүй ч түүнээс болж өөрчлөлт орсон байх гэсэн үүднээс эмчилгээ хийлгэсэн. Х.Тын буруутай үйлдлээс болж бие, эрүүл мэндэд нь учирсан хохирол учирсны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан үүсгэсэн байх гэж бодож байна.. гэв.

Хариуцагч Х.Т шүүхэд гаргасан тайлбартаа:

Би малын бэлчээрийн асуудлаас болж Баянговь сумын 4 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт А.Б түүний эхнэр Ё.Ц нартай маргахад А.Б надруу хутга бариад дайрахаар нь биеэ хамгаалах гэж замд байсан жаахан үнсийг тэр хоёрлуу шидсэн чинь наан нь унасан болохоос Цгийн толгойруу үнс хийгээгүй. Ё.Ц эрүүгийн хэргийг шалгах, шийдвэрлэх явцад мөн асуудлыг ярьж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүх эмнэлгийн шинжээч Ё.Цгийн биед үзлэг хийж Цгийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг саринуулаагүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан.

Шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 10 сарын 01-ний өдөр А.Б, Ё.Ц бид гурав харилцан хохирлоо бүрэн барагдуулсан, төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа эвлэрлийн гэрээ байгуулж түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн.

Ё.Ц миний мэдэхээр 1997 оноос тасралтгүй тамхи татсан байнга ханиалгаж байдаг архаг бронхиттой хүн гэдгийг саахалт, сум орон нутгийнхан бүгд мэднэ. Өөрөө тамхи татдагаа хүлээн зөвшөөрөхгүй бол би нутгийн гэрчүүдээр нотлуулж болно. Олон жил тамхи татсан хүний уушиг архаг бронхиттой болоод зогсохгүй, уушигний нүх суваг битүүрсэн байх нь хэнд ч ойлгомжтой шүү дээ. Өөрөө тамхины хороор уушгаа өвчлүүлчихээд жаахан үнс өөрөөс нь 1 метрийн наана унасны төлөө далимдуулж мөнгө нэхэж байгааг чинь хүлээн зөвшөөрөхгүй.

Ё.Ц бол бидний хооронд таарамжгүй харилцаа үүссэнээс хойш манай суманд надтай холбоотой хурал цуглаан ямарч асуудал болно тэнд намайг муулж миний нэр төрийг гутааж явдаг болсон..гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Бор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Х.Т нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалж шүүх хуралдаанд онлайнаар оролцох боломжгүй байгаа тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийхэд татгалзах зүйлгүй. Бэлчээрийн асуудлаас болж уг маргаан үүссэн. Нөхөр Б нь над руу хутга барьж дайрсан. Би биеэ хамгаалах гэж тэнд байсан савтай жоохон үнсийг авч шидэхэд наад талд нь унасан болохоос биш Ё.Цгийн толгой руу үнс хийгээгүй. Ё.Ц нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт гаргуулахад ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. 2021 оны 10 сарын 01-ний өдөр Б, Ё.Ц бид гурав нэг нэгэндээ төлөх төлбөргүй гээд эвлэрлийн гэрээ байгуулсан. Ё.Ц нь миний мэдэхээр 1997 оноос тасралтгүй тамхи татсан. Архаг бронхиттой хүн. Манай сумын хүмүүс бүгд мэднэ. Олон жил тамхи татсан хүний уушги эрүүл байна гэж үгүй. Өөрөө тамхины хороор уушгиа өвчлүүлчихээд савтай үнс өөрөөс нь 1 метрийн наана унасны төлөө далимдуулж мөнгө нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн тайлбар хариуцагчийн зүгээс гаргадаг. Эрүүгийн хэргээс харахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Т, Ё.Ц, Б нар нь бие биедээ харилцан хохирол учруулсан нь тогтоогддог. Ё.Цгийн биед хэрвээ гэмтэл байгаа бол Х.Тын буруутай үйлдлээс болж үүссэн гэдэг нь тогтоогдоогүй.

Ийм нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. Яллах дүгнэлт, шийтгэх тогтоолд Ё.Цг зодсон, биед нь гэмтэл учруулсан гэсэн үг байдаггүй. Ё.Ц нь Улаанбаатар хот руу явахдаа өвчтөн илгээх бичиггүй мөн хувийн эмнэлгээр эмчилгээ хийлгэсэн гэдэг. Хэрвээ Х.Тын буруутай үйлдлээс болж биед нь гэмтэл учирсан бол 2020 оны 08 сараас 10 сар буюу шүүхээр шийдвэрлүүлэх хүртэл хугацаанд шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдох байсан. Гэтэл тогтоогдсон зүйлгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хангалттай нотлох баримтыг цуглуулж өгч чадаагүй гэж үзэж байна. Уушгины архаг бронхиттой гэсэн эмнэлгийн дүгнэлт байдаг. Энэ өвчин нь ямар шалтгааны улмаас үүссэн нь тогтоогдоогүй.

Иймээс эмчийн бичгийг үндэслээд хохирол гаргуулна гэдэг нь учир дутагдалтай. Савны өвчтэй болсон асуудал ярьдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ асуудлын талаар тогтоогдсон зүйлгүй. Хэрвээ Х.Тын буруутай үйлдлээс болж үүсэн гэмтэл байсан бол тухайн үед мэргэжлийн эмчид үзүүлэхэд мэдэгдэх байсан. Хэрвээ яллах дүгнэлт, шийтгэх тогтоол дээр хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдэг үг, өгүүлбэр байсан бол шалтгаантай холбоотой байж болохоор асуудал. Ё.Цгийн хийлгэсэн эмчилгээнээс үзэхэд уушгины бронхиттой Ганзүү эмнэлэгт хэвтэж 320.000 төгрөг төлөхөөс 250.000 төгрөгийг төлсөн байдаг. Эмийн сангаас авсан эмүүдийг үзэхэд үе мөч, наалдангийн эм авч хэрэглэсэн байдаг. Энэ өвчин ямар шалтгааны улмаас болж үүссэн гэдгийг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй байна гэв

Иргэдийн төлөөлөгч З.Пүрэвдалай шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Х.Т нь гэм буруутай тул төлбөр гаргуулж Ё.Цд олгох нь зүйтэй гэж үзэж байна..гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Ц нь хариуцагч Х.Тад холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохиол 744.400 төгрөг гаргуулахыг хүсэн шаардасныг хариуцагч эс зөвшөөрч маргаан үүсгэжээ. Нэхэмжлэгч Ё.Ц нь 2020 оны 08 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багт Х.Тад зодуулж биедээ гэмтэл авснаас болж эрүүл мэндэд учирсан хохирол гаргуулна гэж шаардах эрхээ тодорхойлсон бол хариуцагч Х.Т нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол төлбөрийг бүрэн барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлалаа тайлбарласан байна.

Үйл баримтаар Х.Т нь 2020 оны 08 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын 4 дүгээр багт Ё.Цтай хэрүүл маргаан үүсгэж, түүний бие махбодид халдсан болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар гэм хорын хохирол нэхэмжлэх эрх үүссэн, нэхэмжлэгч нь эд хөрөнгийн хохирлоо мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзнэ.

Гэвч нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Х.Тын хууль бус үйлдлээс шалтгаалан уушигны багтаамж муудсан, сав өндгөвчинд гэмтэл учирсан гэх үндэслэл, шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Х.Тад зодуулснаас түүний биед уушигны багтаамж муудах, сав, өндгөвчинд гэмтэл учирсан болох нь эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байх тул түүний уушигаа оношлуулах, эмчилгээ хийлгэх зорилгоор Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн, Баянхонгор аймагт Ган зүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс гарсан хохирол төлбөр нь хариуцагч Х.Тын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь нотлогдохгүй байна.

Түүнчлэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/332 дугаар тогтоолд Ё.Цгийн биед хэвлийд цус хуралт, баруун сарвууны 2 дугаар хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо гэсэн Баянхонгор аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтийг тодорхойлон бичсэн боловч энэ тогтоолоос Ё.Цгийн биед дээрх гэмтлийг хэн учруулсан болох, энэ үйлдлээс шалтгаалж хэнд ямар хариуцлага хүлээлгэсэн болох, гэмт хэрэг, захиргааны зөрчилд тооцон эсэхийг дүгнэх боломжгүй байна.

Тодруулбал дээрх шийтгэх тогтоол нь Х.Т, А.Б нарын өөр хоорондоо эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг зүйлчилж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эрх зүйн акт тул энэ шийтгэх тогтоолд үндэслэн хариуцагч Х.Тыг Ё.Цгийн бие, эрүүл мэндэд нэхэмжлэлд дурдсан гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ё.Цгийн хариуцагч Х.Тад холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учруулсан хохиол 744 400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийн гэм буруугийн талаар дүгнэлт гаргахдаа түүнийг гэм буруутай тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ..гэсний дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.500төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Цгийнхариуцагч Х.Тад холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохиол 744.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22500 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ШҮҮГЧ О.БАТДОРЖ