Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 213/МА2021/015

 

Ё.Цгийн нэхэмжлэлтэй

Х.Тад холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Н.Энхмаа, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00233 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ё.Ц

Хариуцагч Х.Тад холбогдох

Гэм хор учруулсаны хохирол 744.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч Ё.Цгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ё.Ц, хариуцагч Х.Т нар /онлайнаар/ нарийн бичгийн дарга Р.Цогдэлгэр нар оролцов.

Нэхэмжлэгч Ё.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Тад хэвлий гэдэс рүүгээ өшиглүүлж, савтай үнс толгой руугаа хийлгэж эрүүл мэндээрээ хохирч, сэтгэл санааны хохирол амссан. Х.Тад зодуулснаас үүдэн Ё.Ц миний уушги амьсгалахад тавгүй оргиж хоолой байнгын сөөнгө байдалтай байж бие тавгүйрч байсан болохоор уушгиа үзүүлэхээр Улаанбаатар хотын Сонгдо Эмнэлэгт өөрийн зардлаар үзүүлж, уушгины зураг авахуулсан мөн сав, өндгөвч маш ихээр өвдөж эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Эдгээр бүх зардлыг өөрөө төлж эмчилгээ хийлгэсэн. Иймд X.Тад зодуулснаас үүдэн өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын 744.400 төгрөгийг Х.Таас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Таас шүүхэд гаргасан тайлбартаа:

Би малын бэлчээрийн асуудлаас болж Баянговь сумын 4 дүгээр багийн нутаг Шанд гэх газарт А.Б түүний эхнэр Ё.Ц нартай маргахад А.Б надруу хутга бариад дайрахаар нь биеэ хамгаалах гэж замд байсан жаахан үнсийг тэр хоёрлуу шидсэн чинь наана нь унасан болохоос Цгийн толгойруу үнс хийгээгүй. Ё.Ц эрүүгийн хэргийг шалгах, шийдвэрлэх явцад мөн асуудлыг ярьж шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шүүх эмнэлгийн шинжээч Ё.Цгийн биед үзлэг хийж Цгийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг саринуулаагүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэлт гаргасан. Шүүхийн шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2020 оны 10 сарын 01-ний өдөр А.Б, Ё.Ц бид гурав харилцан хохирлоо бүрэн барагдуулсан, төлөх төлбөр байхгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа эвлэрлийн гэрээ байгуулж түүнийгээ нотариатаар гэрчлүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Ё.Цгийн хувьд 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Х.Тад сав хэсэг рүүгээ өшиглүүлж, толгой руугаа савтай үнс хийлгэсэн байдаг. Тухайн үед учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан боловч, үүнээс хойш толгой руугаа үнс хийлгэж ам руу нь их хэмжээний үнс орсон учраас амьсгал давчдах болсон. Баянхонгор аймагт нарийн оношилгоо хийх боломжгүй байсан учраас Улаанбаатар хот руу явж Сонгдо эмнэлэг дээр очиж нарийвчилсан шинжилгээ хийлгэж уушигны зураг авахуулсан байдаг. Мөн Баянхонгор аймагт ирээд физик эмчилгээ, эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг. Эдгээрээс үүссэн зардлуудыг нэхэмжилсэн. Иймээс Х.Тын үйлдлийн улмаас учирсан хохирол учир 744.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Цгийн хариуцагч Х.Тад холбогдуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохиол 744.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.Цгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.500 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ё.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Х.Т нь 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглаж нөхөр болох Бийг зодож миний толгойтой үс рүү савтай үнс асгаж миний гэдэс болон сав руу өшиглөж балмад бүдүүлэг зан гаргаж миний эд эрхтэнд халдсан. Энэ үйлдлээс хойш цагдаа, шүүхийн асуудал гарах үед нөхөр бид хоёроос уучлалт гуйж эмнэлгийн талаас гарах бүх зардлыг би төлнө гэж амлаж гуйхаар нь нөхөр бид хоёр Х.Тыг бодоод хөнгөн ял шийтгэл хүлээх байх гэж түүнийг бодож сайхан сэтгэлээр хандаж, өөрийнхөө биед учирсан гэмтлийг үл тоож, шүүхийн эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй өмгөөлөгч нарт ч хандаагүй түүнд итгээд цагдаа дээр гомдол саналгүй гэдгээ илэрхийлж, эвлэрлийн гэрээг хүртэл байгуулсан.

Гэтэл Х.Т нь шүүхээр хэргийг шийдвэрлүүлсний дараагаар нүүрээ буруулан алга болсон. Миний бие толгойтой үс рүүгээ үнс хийлгэсний улмаас байнгын хоолой цээж давчуу оргиж удаан хугацаагаар явснаас бие тавгүй оргиж ингээд Улаанбаатар хот руу явж уушгины нарийн шинжилгээ өгч мөн зургийг нь авахуулсан. Ингэхэд үнс их хэмжээгээр орсноос уушгины багтаамжид нөлөөлж хоолой сөөнгө байдал үүсэж цээж давчуу оргиж байна гэж эмч онош хэлсэн. Ингээд аймагт ирж ардын эмчилгээг Ган зүү эмнэлэгт хийлгэсэн. Мөн зодуулсны дараагаар эмэгтэйчүүдэд үзүүлж гадуур эмчилгээ хийлгэсэн. Эдгээр нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Х.Т нь Баянговь сумын 4 дүгээр багийн иргэдийн Нийтийн хурлын гишүүний албыг гүйцэтгэдэг. Тэрээр маш ёс зүйгүй бүдүүлэг балмад танхай залуу байдаг.

Иймд Х.Тад зодуулснаас үүдэн өөрт учирсан эрүүл мэндийн хохирлын 744.400 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё.Ц нь хариуцагч Х.Тад холбогдуулж гэм хор учруулсаны төлбөр гэж 744.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Т Авирмэдийн Б нар нь 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хоорондоо харилцан зодолдож тус тусынхаа эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгтээ Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоолоор /хх-ийн 3-7 дугаар тал/ Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Х.Т, А.Б нарыг тус бүр 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэжээ. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.Т нь А.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон харин Ё.Цгийн биед хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдоогүй байна. Мөн Х.Тад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ё.Ц нь хохирогчоор тогтоогдоогүй байна.

Х.Тад холбогдох хэргийн шийтгэх тогтоолд шинжээчийн гаргасан дүгнэлтийг дурдахдаа “…Ё.Цгийн биед хэвлийд цус хуралт, баруун сарвууны 2 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй…” гэж дурьдсан нь Ё.Цд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна. Гэвч нэхэмжлэгчээс хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь Х.Тын хууль бус үйлдлээс шалтгаалан уушгины багтаамж муудсан, сав өндгөвчинд гэмтэл учирсан гэх үндэслэл, шаардлагаа нотлоогүй, нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь Х.Тад зодуулсанаас түүний биед уушигны багтаамж муудах, сав, өндгөвчинд гэмтэл учирсан болох нь эмнэлгийн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй байх тул түүний уушгиа оношлуулах, эмчилгээ хийлгэх зорилгоор Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн, Баянхонгор аймагт Ганзүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэнээс гарсан хохирол төлбөр нь хариуцагч Х.Тын хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь нотлогдохгүй байна.

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 332 дугаар шийтгэх тогтоол нь Х.Т, А.Б нарын өөр хоорондоо эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг зүйлчилж, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд энэ шийтгэх тогтоолд үндэслэн хариуцагч Х.Тыг Ё.Цгийн бие эрүүл мэндэд нэхэмжлэлд дурдсан гэмтэл учруулсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ё.Цгийн хариуцагч Х.Тад холбогдуулан гаргасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 744.400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Цгийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Ё.Цгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.415 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 131/ШШ2021/00233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ё.Цгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Ё.Цгаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22.415 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэгсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ Н.ЭНХМАА

Г.УЛАМБАЯР