Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2023/01352/И |
Дугаар | 001/ХТ2024/00054 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00054
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2024/00157 дугаар магадлалтай,
“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй
С.Т-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 85,596,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“И” ХХК нь С.Т-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 85,596,875 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг баримтлан хариуцагч С.Т-с зээлийн гэрээний үүргийн биелэлт 85,596,875 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,010,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 585,934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2024/00157 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т-с 505,698 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,091,177 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, “2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан ***-*** улсын дугаартай “Тоёото ланд крузер-100”, **-** улсын дугаартай “Инфинити кю экс-60” маркийн тээврийн хэрэгслүүдийг С.Т-н нэр дээр шилжүүлэн бүртгэхийг АҮТ-д даалгасугай” гэх заалт нэмж, 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “585,934” гэснийг “15,821” гэж өөрчилж, 3 дахь заалтыг “4” гэж, 4 дэх заалтыг “5” гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585,935 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хавтаст хэргийн 57-70-р талд авагдсан “И” ХХК-ийн захирал Г.Г-н дугаар данснаас С.Т-н дугаар дансанд 2018.10.24-2018.12.12-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 106,774,448 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулгаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж маргаан бүхий 2020.03.04-ний өдрийн Барьцаат зээлийн гэрээг байгуулсан болохыг анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ талаарх үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн байдаг. Ийнхүү, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж байгуулагдсан 135,000,000 төгрөгийн үнэ бүхий Барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох” гэж заасантай харшлахгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “зээлийн гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээлийн төлбөр 106,774,448 төгрөг, хүү 18,731,250 төгрөг, нийт 125,505,698 төгрөг төлөх үүрэг хүлээжээ” гэж илтэд үндэслэлгүй дүгнэж, бодитоор 106,774,448 төгрөг шилжүүлсэн тул үндсэн зээл 135,000,000 төгрөгийг 106,774,448 төгрөг гэж өөрчлөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн ноцтой зөрчил гаргасаар байна.
Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн 2.д-д “...мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцохыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч гэрээнд заасан мөнгийг өгөх, зээлдэгч хүлээн авах үүрэгтэй. Зээлийн гэрээний талууд өмнө амаар байгуулсан гэрээг бичгэн хэлбэрт оруулах, өмнө үүссэн зээлийн гэрээний харилцааны тооцоонд үндэслэж шинэ гэрээ байгуулах, эсхүл гэрээний үүргийг дахин баталгаажуулах, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээг өөрчлөх, алданги төлөхөөр тохиролцох зэргээр гэрээг шинэчлэх, нэмэлт гэрээ байгуулах нь ихсэх хандлагатай байна...” гэжээ.
Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.Т нь Барьцаат зээлийн гэрээний дагуу 135,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлэн аваагүй гэж маргадаг боловч уг зээлийн гэрээг байгуулсны дараа буюу 2020.10.06-ны өдөр С.Т-с өөрийн хүсэл зоригийн дагуу 40,000,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн үйл баримтаас үзэхэд Барьцаат зээлийн гэрээгээр 135,000,000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөө хүлээн зөвшөөрсөн болох нь тодорхой байдаг. Энэ нь “төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй” гэж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасантай нийцэх юм.
...Анхан болон давж заалдах шатны шүүхээс Барьцаат зээлийн гэрээг Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүхээс ийнхүү “барьцааны эрх үүсээгүй учир алданги гаргуулахаар шаардах эрхгүй байна” гэсэн дүгнэлт нь илтэд үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал үүсэж байна. Барьцаат зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.8, 2.15-д зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг. Талуудын энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж заасантай нийцэх ба манай компани нь Барьцаат зээлийн гэрээний дагуу С.Т-с гэрээнд заасан алданги шаардах эрхтэй юм.
...Хавтаст хэргийн 9-10-р талд авагдсан 2020.03.04-ний өдрийн №*** “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ээр талууд дээрх 3 автомашиныг барьцаалаагүй, харин тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийн гэрчилгээг “И” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд эд хөрөнгө барьцаалах харилцаа үүсээгүй буюу барьцааны гэрээ байгуулагдаагүй юм. ...Гэтэл давж заалдах шатны шүүхээс барьцааны гэрээ байгуулагдаагүй л бол алданги шаардах эрхгүй мэтээр илт үндэслэлгүй дүгнэлтийг өгсөн байна. Улсын дээд шүүхийн 2020.04.16-ны өдрийн 01 дүгээр зөвлөмжийн 2.г-д ... гэж заасан. Тодруулбал, барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээг бичгээр байгуулж, тийнхүү гэрээнд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд алданги шаардах эрхтэй байхаар заасан бол хууль болон гэрээнд заасан алданги шаардах эрхтэй байна.
Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.19-ний өдрийн 210/МА2024/00157 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэн илтэд үндэслэл муутай гарсан байх тул магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.07-ны өдрийн 001/ШХТ2024/00289 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч “И” ХХК, хариуцагч С.Т-д холбогдуулан 2020.03.04-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 135,000,000 төгрөг, хүү 18,731,250 төгрөг, алданги 56,865,625 төгрөг, нийт 210,596,875 төгрөг биелүүлэхээс төлсөн 125,000,000 төгрөгийг нь хасаж, гүйцэтгээгүй үүрэг 85,596,875 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн болон фидуцийн гэрээнд тулгуурлаж тодорхойлсон ба фидуцийн зүйлээс нэг автомашиныг нь зарсан, үлдсэн хоёр тээврийн хэрэгслийг хариуцагчид буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг гаргасан.
Хариуцагч С.Т нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь 2018 онд 106,067,528 төгрөгийг шилжүүлсэн, харин 2020.03.04-ний зээлийн гэрээний дагуу 135,000,000 төгрөгийг шилжүүлээгүй тул үүрэг үүсээгүй гэж маргажээ.
8.Анхан шатны шүүх хариуцагч С.Т-с 85,596,875 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож шийдвэрлэхдээ “...талууд тооцоо нийлж үлдэгдэл 135,000,000 төгрөгийн хэмжээнд, 2020.03.04-ний өдөр Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр, “И” ХХК барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах эрхтэй нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, хариуцагч зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2020.10.06-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний 2.8 дахь хэсэгт зааснаар талууд алданги төлөхөөр харилцан тохиролцсон, иймээс үндсэн зээлд 135,000,000 төгрөг, хүү 18,731,250 төгрөг нийт 153,731,250 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 40,000,000 төгрөгийг хасаад 113,731,250 төгрөг, алданги 56,865,625 төгрөг, нийт 170,596,875 төгрөгийг төлөхөөс нэхэмжлэгчийн бусдад шилжүүлсэн “Тоёото ланд крузер-200” маркийн, улсын *-* дугаартай автомашины гэрээгээр тохиролцсон үнэ 85,000,000 төгрөгийг хасаж, 85,596,875 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийсэн.
9.Давж заалдах шатны шүүх хариуцагч С.Т-с 505,698 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,091,177 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан ба анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний төрлийг зөв дүгнэсэн гээд гэрээний дагуу нэхэмжлэгч нь 135,000,000 төгрөгийг бус 106,774,448 төгрөгийг шилжүүлсэн, иймд үндсэн зээл 106,774,448 төгрөг, хүү 18,731,250 төгрөг, нийт 125,505,698 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй, үүнээс хариуцагч нь 40,000,000 төгрөгийг төлсөн, түүнчлэн, барьцаалан зээлдүүлэх газар зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй атлаа хууль зөрчиж фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус болохыг анхан шатны шүүх зөв тогтоож чадаагүй, иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар ***-*** улсын дугаартай “Тоёото ланд крузер-100”, **-** улсын дугаартай “Инфинити кю экс-60” маркийн тээврийн хэрэгслүүдийн өмчлөх эрхийг сэргээж, хариуцагчийн нэр дээр бүртгэл хийхийг АҮТ-д даалгах, харин худалдан борлуулагдсан тээврийн хэрэгслийн үнийг талуудын гэрээгээр тохиролцсон байх тул 85,000,000 төгрөгийг зээлийн үүргээс суутгах, талуудын хооронд барьцааны эрх үүсээгүй учир нэхэмжлэгч алданги шаардах эрхгүй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
10.Хоёр шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан, зөрүүтэй шийдвэр гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэжээ.
11.Хэрэгт байгаа баримтаар, нэхэмжлэгч “И” ХХК хариуцагч С.Т-тэй 2020.03.04-ний өдөр Барьцаат зээлийн гэрээ байгуулж, 135,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд “Тоёото ланд крузер-100” маркийн, **-** дугаартай хар өнгийн автомашин, “Тоёото ланд крузер-200” маркийн, *-* дугаартай цагаан өнгийн автомашин, “Инфинити кю экс-60” маркийн ***-*** дугаартай хар өнгийн 3 автомашиныг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогджээ.
11.1.“И” ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн болон барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэх гэрчилгээгээр тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.
Х банкны дансны хуулгын баримтаас үзвэл “И” ХХК-ийн захирал Г.Г-н данснаас хариуцагч С.Т-н дансанд 2018.10.24-өөс 2018.12.12-ны хооронд нийт 106,774,448 төгрөгийг шилжүүлсэн /хх 57-70/, талууд 2020.03.04-ний өдөр зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулахдаа зээлийн хүү тооцож 135,000,000 төгрөгийг зээлдүүлсэн гэж гэрээнд тусгасан нь тогтоогдсон, зээлдүүлэгч нь 135,000,000 төгрөг бус 106,774,448 төгрөгийг шилжүүлсэн гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт баримтад тулгуурласан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан ба талууд 2020.03.04-ний өдөр гэрээг бичгээр нөхөж байгуулснаар энэ үеэс хүү шаардах эрх үүсжээ. Нэхэмжлэгч нь зээлдэгчид 106,774,448 төгрөгийн зээлийг олгосон. Иймд гэрээний дагуу хариуцагч нь үндсэн зээл 106,774,448 төгрөг, хүү 18,731,250 төгрөг, нийт 125,505,698 төгрөг төлөх үүрэгтэй, үүнээс 40,000,000 төгрөгийг төлсөн, түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлийн машиныг бусдад худалдсан тул үнэ 85,000,000 төгрөгийг хасаж 505,698 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
11.2.Барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох гэрээний зээлдүүлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд байдаг бөгөөд мөнгөн хөрөнгө зээлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хөдлөх хөрөнгө барьцаалах, зээлийн хүүг тохиролцох гэсэн хэд хэдэн тохиролцоог агуулдаг.
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасны дагуу зээлдэгч зээл, түүний хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах эрх зээлдүүлэгчид үүсэх бөгөөд тэрээр барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж, үүргээ хангуулах эрхтэй байдаг байна.
Хуульд ийнхүү зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь зөвхөн хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхтэй байхад фидуцийн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн, иймд “Тоёота ланд крузер-100” маркийн, **-** дугаартай, “Инфинити кю экс-60” маркийн ***-*** дугаартай автомашинуудыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, үр дагаврыг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг зөрчөөгүй болно.
Фидуцийн зүйлээс *-* дугаартай “Тоёото ланд крузер-200” маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч нь 2020.09.23-ны өдөр гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн учир гэрээгээр тохиролцсон үнэ 85,000,000 төгрөгийг хариуцагчийн биелүүлэх үүргээс хасаж, үлдэх 2 тээврийн хэрэгсэл нь хариуцагчийн эзэмшилд байгаа, харин өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлсэнд зохигч гомдол гаргаагүй юм.
11.3.Нэхэмжлэлийн үндэслэл болж буй талуудын байгуулсан барьцаалан зээл олгох гэрээ нь 2020.03.04-ний өдөр байгуулагдсан ба энэ үед гэрээний харилцаа Иргэний хууль, СЗХ-с гаргасан журмаар тус тус зохицуулагдаж байсан бөгөөд барьцаалан зээлдүүлэх журмаар олгох зээлийн харилцааг 2022.11.04-ний өдөр батлагдсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар тусгайлан зохицуулж, уг хуулийг 2023.03.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болжээ.
Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.2.7-д зааснаар барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх хөрөнгө барьцаалахаас гадна батлан даалтын арга хэмжээг авах эрхтэй болж, 19 дүгээр зүйлийн 19.1.8-д зааснаар анзыг хэрэглэхийг хориглосон хэм хэмжээ тус тус шинээр бий болжээ. Мөн хуулийн 29.1-д талууд өөрөөр тохиролцоогүй бол энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан барьцаалан зээлдүүлэх газар, иргэнээс олгосон зээлийн гэрээнд энэ хууль хамаарахгүй гэж заасан байна.
Иймд барьцаат зээлийн гэрээ байгуулсан, тухайн гэрээ хэрэгжиж байх үед хуулиар анз тохирохыг хориглоогүй, харин үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах журмыг хуулиар тогтоосноор барьцаа хөрөнгийг худалдан борлуулахаар мэдэгдсэнээс хойш 10 хоногийн хугацааны алданги шаардах эрх үүсэх тул тухайн үеийн биелүүлээгүй үүрэг 125,505,698 төгрөгийн нэг хоногийн алданги 627,528 төгрөг, 10 хоногт 6,275,285 төгрөгийн алдангийг, үлдэгдэл төлбөр 505,698 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч талын гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 210/МА2024/00157 дугаар магадлал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2023/04199 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Т-с 6,780,983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 78,815,892 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ***-*** дугаартай “Тоёото ланд крузер-100”, **-** дугаартай “Инфинити кю экс-60” маркийн тээврийн хэрэгслүүдийг С.Т-н нэр дээр шилжүүлэн бүртгэхийг АҮТ-д даалгасугай” гэж,
шийдвэрийн 2 дахь заалтад “585,934” гэснийг “123,446” гэж өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “И” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.02.20-ны өдөр төлсөн 583,406 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД