Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 98

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00570/и

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 683 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.О-д холбогдох

          “Зээлийн гэрээний үүрэгт 11.100.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.А-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.А-аас:

Би хариуцагч Б.О-тай 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлийн гэрээ бичгээр хийж 3.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Хариуцагч Б.О- нь өдийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 3.000.000 төгрөг, түүний 1 жил 6 сарын алданги болох 8.100.000 төгрөг нийт 11.100.000 төгрөгийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар шаардлага гарсан байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяраас:

Хариуцагч Б.О- нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Б.А-аас 3.000.000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг төлж  барагдуулахаа хүлээн зөвшөөрч, харин алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй гэж талбарлажээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 683 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Б.О-аас үндсэн зээл 3.000.000 төгрөг, түүний алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, нэхэмжлэлийн үлдэх 6.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-аас улсын тэмдэгтийн хураамж 86.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.А-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.А- давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөний талаар дурдаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Б.О-д холбогдуулан үндсэн зээл 3.000.000 төгрөг, түүний алданги 8.100.000 төгрөг, нийт 11.100.000 төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилжээ.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний харилцааг зөв тодорхойлж, хариуцагч Б.О-аас үндсэн зээл 3.000.000 төгрөг, түүний алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.А-т олгож, 6.600.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин анхан шатны шүүх барьцааны гэрээний дагуу барьцааны гэрээний зүйл болох хариуцагч Б.О- нарын өмчлөлийн орон сууцаар гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлээгүй байх тул шүүхийн шийдвэрт энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэхээр нэмэлт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 683 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг:

“Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.О-аас үндсэн зээл 3.000.000 төгрөг, түүний алданги 1.500.000 төгрөг, нийт 4.500.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-т олгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.О- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох  Б.О- нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2003000806 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, 98 брак гудамж 6 тоот орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж” гэж,

2 дахь заалтын:

“192.550 төгрөгийг” гэснийг “122.350  төгрөгийг” гэж,  “...86.950 төгрөгийг гаргуулж” гэснийг “157150 төгрөгийг гаргуулж” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                              ДАРГАЛАГЧ

                                              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.НАРАНГЭРЭЛ

                                              ШҮҮГЧИД                                        Л.АМАРСАНАА

                                                                                                       С.ОЮУНЦЭЦЭГ