Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 683

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 1б байрны 3  тоотод оршин суух, Боржигон овогт Баярцэнгэлийн Анхбаяр /РД:ТЕ80092870, утас 80090028/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 6 дугаар баг, Үндсэн тосгон, 98 дугаар брак байрны 6 тоотод оршин суух, Олхонууд овогт Базарбираагийн Отгонсайхан /РД:ТБ88033115, утас 88074117/-д холбогдох,

"11,100,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Анхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...миний бие Б.Анхбаяр нь Б.Отгонсайхантай үл хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээлийн гэрээ бичгээр хийж нотариатаар гэрчлүүлэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 3 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн бөгөөд зээлдэгч Б.Отгонсайхан нь өдий хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй тул Б.Отгонсайханаас үндсэн зээл болох 3,000,000 төгрөг болон түүний 1 жил 6 сарын алданги болох 8,100,000 төгрөг нийт 11,100,000 төгрөгийг барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр нь шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...миний бие 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Б.Анхбаяраас 3,000,000 төгрөг зээлсэн бөгөөд уг мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байх боловч алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь алданги хэт өндөр тооцсон учраас үндсэн зээл болох 3,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр  шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь хариуцагч Б.Отгонсайханд холбогдуулан үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний алданги 8,100,000 төгрөг, нийт 11,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Зохигч талууд 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдар зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр Б.Отгонсайханд 3,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар, сарын 8 хүүтэйгээр Б.Анхбаяр зээлдүүлсэн бөгөөд ...зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлнэ...” гэж тохиролцжээ.

Талууд дээрх зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргадаггүй ба хариуцагч тал алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч Б.Анхбаяр нь хариуцагч Б.Отгонсайханаас  үндсэн зээл, хүү, алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б.Анхбаяр нь хариуцагчаас зээлийн хүү нэхэмжлэхээс татгалзсан ба үндсэн зээл 3,000,000 төгрөг, түүний алданги 8,100,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.6-т “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч талын нэхэмжилсэн алданги 8,100,000 төгрөгийг үндсэн зээлийн 50 хувь буюу 1,500,000 төгрөг болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Б.Отгонсайханаас үндсэн зээл 3,000,000 төгрөг , түүний алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Анхбаярт олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч хариуцагч Б.Отгонсайханаас үндсэн зээл 3,000,000 төгрөг , түүний алданги 1,500,000 төгрөг нийт 4,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анхбаярт олгож, нэхэмжлэлийн үлдэх 6,600,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192,550 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонсайханаас улсын тэмдэгтийн хураамж 86,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Анхбаярт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА