Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 0002

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Ц.М

Шүүгдэгч                                                       П.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ж.М

Хохирогч                                                       Ж.Ц

Иргэний нэхэмжлэгч                                  Н.Ө

Нарийн бичгийн дарга                             Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолтой, П.У-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, хохирогч Ж.Ц, иргэний нэхэмжлэгч Н.Ө нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймагт төрсөн,  Б овогт П-ийн У.

 

Шүүгдэгч П.У нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Ниссан загварын 20-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын урд талын гарцан дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ Мөн 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчин төв замаар зорчиж байсан 37- 23 ОРО улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй урдуур нь орж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн П-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У-гаас 4 085 000 /дөрвөн сая наян таван мянга/  төгрөг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Уртын голын 2-10 тоотод оршин суух Н.Ө-д олгож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Ц нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор  эсэргүүцэлдээ:

 

... Анхан шатны шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.

Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны  зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдал хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...”, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар “... энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор...” тус тус заасан ба хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ. Хэдийгээр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдэгддэг боловч тухайн эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа үйлдэл нь өөрөө санаатай үйлдэл байгаад шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “Эрүүийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

 

Иргэний нэхэмжлэгч Н.Ө давж заалдах гомдолдоо:

Миний бие Н овогтой Ө нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн 37-23 ОРО улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байхад П овогтой У нь зам тээврийн осол гаргаж надад 4.185.000 төгрөгний хохирол учруулсан ба одоог хүртэл хохирлоо бүрэн барагдуулаагүй байхад шүүхээс тэнсэн харгалзах ял оногдуулсанд гомдолтой байна гэжээ.

 

Хохирогч Ж.Ц давж заалдах гомдолдоо:

Миний бие Ж овогтой Ц нь өөрийн охин Н.Ө-ийн 37-23 ОРО улсын дугаартай Приус маркын тээврийн хэрэгсэлд зорчиж явахад 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр П овогтой У нь тухайн автомашиныг мөргөж, зам тээврийн  осол гаргасны улмаас миний биед хүндэвтэр хохирол учирсан хэдий би эмчилгээний зардал нэхээгүй зөвхөн миний охин Н.Ө-ийн хохирлыг барагдуулж өгөхийг хүссэн ч одоог хүртэл хохирлоо бүрэн барагдуулаагүй байхад шүүхээс тэнсэн харгалзах ял оногдуулсанд гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн  өмгөөлөгч хариу тайлбартаа:

... Шүүгдэгч П.У нь мөрдөн байцаалтын явцад шүүхийн хэлэлцүүлгийн үед ч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирол, хохирлын баримтыг хүлээн зөвшөөрч байсан.

Гэвч шүүгдэгчид хохирол төлөх асуудал нь маш хүнд байсан.

П.У нь 2-12 насны 3 хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг бөгөөд эхнэр эрхэлсэн тодорхой ажилгүй. Ганц П.У-гийн цалингаар амьдрал, ахуйгаа залгуулдаг бөгөөд цалингийн зээл авсан тул хохирол төлөх боломжгүй байсан.

Хохирогч Ж.Ц-д 2019 оны 07 дугаар сард оношилгоо, эмчилгээний зардал, шүүх эмнэлэгт үзүүлсний төлбөрт 250.000 тгөрөг төлсөн, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, нийт 350.000 төгрөг төлсөн. Ж.Ц нэхэмжлэх зүйл байхгүй, охины хохирлыг л даруй барагдуулж өгөөрэй гэдэг.

Иргэний нэхэмжлэгч Н.Ө-д 4.485.000 төгрөгний хохирол учирсанаас 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 200.000 төгрөг, нийт 400.000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 4.085.000 төгрөгийг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж хэрэгт өгсөн.

2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анхан шатны шүүх хуралдаан болсон. Хурлаас хойш иргэний нэхэмжлэгч Н.Ө-ийн Хаан банкны дансаар 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 600.000 төгрөг, нийт 1.100.000 төгрөг төлсөн. Н.Ө-д нийт 2.985.000 төгрөгийг төлнө.

П.У-гийн хувьд хийсэн хэрэг, учруулсан хохирлоо бодоод маш их гэмшиж байгаа ч иргэний нэхэмжлэгчийн хохирлыг гүйцэт төлж чадахгүй байна. Цаашид ажлаа хийгээд амьдралаа залгуулаад явж байхад удахгүй нэхэмжлэгчийн төлбөр тооцоог төлж барагдуулна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “... эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргэээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, 6.1 дүгээр зүйлийн 1-д “... шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...”, 6.1 дүгээр зүйлийн 3-т “... эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна...” гэжээ.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл ногдуулсан гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү? гэжээ.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ:  Эсэргүүцлээ дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

    

              Шүүгдэгч П.Уд холбогдох эрүүгийн хэргийг хохирогч болон иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Шүүгдэгч П.У 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа согтуугаар  машин жолоодож туслах замаас  төв зам руу нэвтрэх үйлдлийг гүйцэтгэхдээ  төв замын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас төв замаар зочиж явсан 37-23 ОРО улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгсэлтэй  мөргөлдөж уг машины зорчигч Ж.Ц-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, уг гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Н.Ө-т 4 185 000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

                Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.

         

                Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэргийг мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг шаардлагыг хангасны үндсэн дээр шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэхээр хуульчилсан боловч энэ гэмт хэргийн хувьд П.У нь хохирогч, иргэний нэхэмжлэгчид учруулсан гэм хорыг арилгаагүй, хохирлыг хэзээ хэрхэн нөхөн төлөх нь тодорхойгүй, хохирогч иргэний нэхэмжлэгч нар хохирол төлбөр төлөгдөөгүй талаар гомдолтой байхад тэнсэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

                Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9.д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирол нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно гэж заасан байхад хохирол нөхөн төлөхийг шүүх үүрэг болгохдоо тодорхой хугацаа тогтоогоогүй байна.

 

                Анхан шатны шүүх шүүгдэгч П.У-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэл хандлага, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон хүний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан зэрэг нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны ба шудрага ёсны зарчим, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

                Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хохирол нөхөн төлөөгүй байхад тэнссэн гэсэн агуулгатай прокурорын эсэргүүцэл, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1. 3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Прокурорын эсэргүүцэл болон хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА