Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/80

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

            Нарийн бичгийн дарга Ж.Халиунаа    

            Улсын яллагч Н.Дүүрэнжаргал     

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд

            Хохирогч Ж.Цэрэндолгор

            Иргэний нэхэмжлэгч Н.Өлзийбаяр

            Шүүгдэгч П.У нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Уд холбогдох 1925004890313 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:Монгол Улсын иргэн, П.У

Орхон аймгийн Прокуророос шүүгдэгч П.Уг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Ниссан загварын 20-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын урд талын гарцан дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ Тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ 3.7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг тус тус зөрчин төв замаар зорчиж байсан 37- 23 ОРО улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй урдуур нь орж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Цэрэндолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Угийн мэдүүлсэн “2019 оны 7 дугаар сарын 10-нд өглөө 10 цагт бензин авахаар гэрээс гарсан. Зам хөндлөн гарахад баруун талаас машин ирж мөргөсөн. 2018 оны 1 сарын 30-нд эрхээ хасуулсан байсан. Мөн урьд өдөр нь архи уусан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цалингийн зээлтэй ганцаараа орлого олдог. Хохирлыг 3 сарын хугацаанд төлж барагдуулна гэх мэдүүлэг,

-хохирогч Ж.Цэрэндолгорын  мэдүүлсэн “2019 оны 7 дугаар сарын 10-нд машинд мөргүүлж 3 сар хэвтсэн. Одоо таягтай явж байна. Охины машины төлбөрийг төлж өгөхгүй байна. Энэ машинаар бид хамаг ажлаа амжуулдаг. Жаахан хүүхдүүдтэй. Би бол эмчилгээний мөнгө нэхээгүй. Машины төлбөрийг л барагдуулж өгөхийг шаардсан. Миний эмчилгээнд 100,000 төгрөг, 30,000 төгрөг, 60,000 төгрөг өгсөн. Мөн 1ш хайрцагтай бүтээгдэхүүн өгсөн. Би 12 сарын 29-нд эмнэлэгт хэвтсэн. 400,000 төгрөгний зардал гарсан. Түүнийгээ гаргуулмаар байна. Гомдолтой байна гэх мэдүүлэг,

-иргэний нэхэмжлэгч Н.Өлзийбаярын мэдүүлсэн “2019 оны 7 дугаар сарын 10-ны өглөө гэнэт гарч ирж мөргөсөн. Маш хурдтай ирсэн. Би 3 сар ээжийгээ асарсан. 1 оюутантай. Ганцаараа ажил хийж амьдралаа залгуулдаг. Энэ хүн нэг ч ярихгүй байсан. Машины төлбөрт цувуулж нийт 1,750,000 төгрөг өгсөн. Ослоос хийш бүтэн 8 сар болж байна. Ээж хугарсан хөл нь өвдөж хордлогод ороод сая эмнэлэгт хэвтсэн. 400,000 төгрөгний зардал гарсан. Одоо би машины төлбөр 2,735,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хурдан төлүүлэх хэрэгтэй байна. Би машинаар бүх ажлаа амжуулдаг байсан. Машины хохирлыг хурдан барагдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-15-р хуудас/

-3ам тээврийн осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10-11-р хуудас/

-Иргэний нэхэмжлэгч Н.Өлзийбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 10 цагийн үед гэр хорооллоос наадмын талбай орохоор ээж Цэрэндолгорын хамт 37-23 ОРО улсын дугаартай приүс 20 загварын машинаар гэр хорооллын Жаст-ойл шатахуун түгээх станцын ойролцоо явж байтал дээрх колонкын туслах замаас нэг машин хурдтай шууд ирж миний машины зүүн тал руу хүчтэй мөргөсөн. Тухайн үед ээж маань жолоочийн хажуу талд урд буюу яг машин мөргөсөн хэсэгт сууж явсан юм. Осол болсны дараа би машинаас буухад манай машиныг мөргөсөн жолоочийн машинд бага насны 2 хүүхэд байсан, яагаад ийм зүйл хийсэн талаар асуухад урд талын колонкоос бензин авах санаатай амжих байх гээд ортол ийм зүйл болчихлоо гэж байсан. Миний машины эвдрэлийг үнэлсэн хохирлоо нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 31, 33-р хуудас/

-Орхон аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №473 дугаартай ...“Ж.Цэрэндоржийн биед баруун шилбэний шаантны хавчаар ясны хугарал, баруун шилбэ, тавхайд зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй”... гэсэн дүгнэлт. /хх-ийн 38-39-р хуудас/

-Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн...“Тоёота Приүс 20 загварын 37-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Өлзийбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Ниссан эагварын 20-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч П.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а /тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ Мөн 3,7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Н.Өлзийбаярын В-1071737 дугаарын жолоодох эрхийн үнэмлэх хүчинтэй, П.Угийн В-311013 дугаарын жолоодох эрхийн үнэмлэх Зөрчлийн тухай хуулийн 14.7.31 заалтаар 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны хүртэл 1 жил эрх хасагдсан хүчингүй байна. Жолооч П.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а / заалтыг зөрчсөн:,байх үндэслэлтэй байна. Жолооч П.У нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, 3.7а / заалтыг зөрчснөөс осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 44-45-р хуудас/

- “Ашид билгүүн” ХХК-ий шинжээчийн №986 дугаартай ...“Тоуоtа prius 20 машинд учирсан шууд зардал 3 855 000 төгрөг, ажлын хөлс 330 000 төгрөг, нийт 4185000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 53-58-р хуудас/

-Яллагдагч П.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...“Цагаанчулуутын “Жаст-Ойл” шатахуун түгээх станц ороод шатахуун авах гэтэл сүлжээ байхгүй, картаар үйлчлэхгүй гэхээр нь замын урд талын “Магнай трейд” орох гээд замаар гарах үед баруун талаас чигээрээ явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалахад дараахь үйл баримт тогтоогдов.

             Шүүгдэгч П.У нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй,  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ниссан загварын 20-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын урд талын автозам дээр замын хөдөлгөөнд оролцохдоо төв замаар зорчиж явсан 37-23 ОРО улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй урдуур нь орж зам тээврийн осол гарган уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Цэрэндолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч Н.Өлзийабярын эзэмшлийн 37-23 ОРО дугаартай тээврийн хэрэгсэлд 4,185,000 төгрөгний эвдрэл хохирол учруулжээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрчүүдийн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл,үзлэг хийж тэмдэглэл үйлдэж бэхжүүлсэн бичмэл нотлох баримтууд зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч П.Угийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй,автомашин жолоодох эрхгүй,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож болохгүйг мэдсээр байж зориуд үйлдсэн санаатай боловч,гарах үр дагаварыг хүсээгүй хор уршигт хүргэсэн гэм буруугийн холимог хэлбэртэй,бусдын эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол учруулсан  үйлдэл байх тул хэргийн зүйлчлэл зөв,прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.У нь Ниссан эагварын 20-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1 механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а /тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/  3,7. жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд / эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн  заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба энэ дүгнэлтийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нар эсэргүүцээгүй байна.

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч П.Уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Улсын яллагч шүүх хуралдаанд ”Шүүгдэгч 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Ниссан загварын 20-49 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт байрлах “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын урд талын гарцан дээр төв замаар зорчиж байсан 37- 23 ОРО улсын дугаартай Тоёота Приүс 20 загварын тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөлгүй урдуур нь орж мөргөж уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Ж.Цэрэндолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан мөн иргэний нэхэмжлэгч Ц.Өлзийбаярын эд хөрөнгөд хохирол учруулсан болох нь шинжлэн судалсан нотлх баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч П.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дах хэсэгт заасэн гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг гаргуулах саналтай гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд шүүх хуралдаанд “Шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид гарсан эмчилгээний зардлын баримтыг үндэслэн төлсөн. Мөн иргэний нэхэмжлэгчид 100,000 төгрөг нэмж төлсөн. Иргэний нэхэмжлэгчид 4,185,000 төгрөг дээр машины ачилтын хөлс 300,000 төгрөгийг нэмээд 4,485,000 төгрөг төлөхөөс 1,850,000 төгрөг төлсөн. 2,635,000 төгрөгийг ажлаа хийж байгаад ойрын хугацаанд төлөх саналтай байгаа. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийг хэрэглэж тэнсэж өгнө үү гэж тус тус дүгнэлт гаргажээ.

Хохирол төлбөр, иргэний нэхэмжлэлийн тухайд: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Цэрэндолгорын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, иргэний нэхэмжлэгч Н.Өлзийбаярын автомашинд 4185000 төгрөгний эвдрэл, ажлын хөлсний  зардал, машин ачилтын хөлс 120,000 төгрөг, үнэлгээчний хөлс 180,000 төгрөг, нийт 4,485,000 төгрөгний хохирол учирсан байна.

Шүүгдэгч П.У нь хохирогч Ж.Цэрэндолгорт хуралдаанаас өмнө 200,000 төгрөг төлсөн байх ба шүүх хуралдаанд хохирогч эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн  380,030 төгрөгний баримт гаргасныг үндэслэн 400,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдаанаас өмнө 1,750,000 төгрөг, шүүх хуралдааны завсарлагаар 100,000 төгрөг тус тус төлжээ.

          Иймд шүүх хуралдаанаас хохирогчид гаргуулах төлбөргүй ба харин иргэний нэхэмжлэгчид 2,635,000 төгрөгийг шүүгдэгч П.Угаас гаргуулан олгохоор заалаа.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэрэгт авагдсан хувийн байдлын талаархи баримтуудыг шинжлэн судалж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан эрүүл мэндийн хохирол эмчилгээний зардлыг нөхөн төлсөн болон иргэний нэхэмжлэгчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг тодорхой хугацааны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн П.Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Угийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг,7.3 дугаар зүйлийн 2.1,4  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Уд гэмт хэргийн хор уршгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 3 сарын хугацаанд арилгах арга хэмжээ авах  үүрэг хүлээлгэж, үүргийг хугацаанд нь биелүүлээгүй бол тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Угаас 2,635,000  төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант багийн Уртын голын 2-10 тоотод оршин суух Н.Өлзийбаяр / ФБ77112061/-т олгосугай.

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

              ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Д.АРИУНЦЭЦЭГ