Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 119

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,

шүүгдэгч: Ч.Оюунбат, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Чанцалын Оюунбатад холбогдох эрүүгийн 2016 2602 3007 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Монгол улсын иргэн, 1961 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар
хотод төрсөн, эрэгтэй, 56 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужааны
мэргэжилтэй, тахир дутуугийн группт байдаг, ам бүл 6, эхнэр, 17-27 насны 4 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хайрханы 10 дугаар гудамж, 218 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧЙ 61083014, Олхонууд овогт Чанцалын Оюунбат.

 

Шүүгдэгч Ч.Оюунбат нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол
дүүргийн 16 дугаар хороо, Баруун 4 замын автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан Д.Баярааг эсэргүүцэж “та нар муу сайн цагдаа нар бөө өмөөрдөг” гэж нүүрэн тус газарт нь цохих, нуруу руу нь өшиглөх зэргээр бие махбодид нь нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

  

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Ч.Оюунбат мэдүүлэхдээ:

Би хохирогч Д.Баярааг автобуснаас буухад араас нь цохисон, тэр эргээд харахад нүүр рүү нь цохиж гэмтэл учруулсан. Тэр надтай ямар нэгэн байдлаар зүй бус харьцаагүй. Цагдаа надад “дуугүй бай” гэдэг шаардлага тавихад нь би “миний дууг хорьдог хэн бэ” гээд маргалдсан юм. Томографийн зураг авахуулсаны 100 000 төгрөг, ажилгүй байсан 10 хоногийн хугацааны цалинд 200 000 төгрөг, нийт 300 000 төгрөг төлсөн. Би архи ууснаас нийгмийн хэв журам алдагдуулж, хүн доромжилсон нь миний буруу. Би зун 7 дугаар сард архины эмчилгээнд яваад архи уухгүй байж байгаад 11 дүгээр сард найзуудтайгаа хамт архи уугаад, энэ хэргийг үйлдсэндээ харамсаж байна. Цаашдаа дахин архи уухгүй, өөрийгөө олны дунд зөв авч явна. Би ногоо тарьдаг. Одоо ногоо тарих улирал эхэлж байна. Хойшид архи уухгүй, ногоогоо тарина. Би багадаа автомашины осолд ороод миний баруун хөлийн түнх, тойг нь мултарсан юм. Иймээс тахир дутуугийн группт байдаг. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

 Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Баяраа мэдүүлэхдээ:

  ...2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн орой 17 цагийн үед 13 дугаар хорооллоос Зүүн салааны автобусанд суугаад зогсож байтал 50 орчим насны жижиг биетэй эрэгтэй согтуу хүн, нэг эрэгтэй хөгшин хүнд агсам тавиад “би бол бөө, чи юу ч мэдэхгүй байж хүүхнүүдийг хуурч хүчирхийлдэг, хүн хуурдаг” гээд л орилоод, толгой руу нь цохиод яваад байсан. Тэгж явсаар байгаад Багшийн дээд дээр ирэх үед хүмүүс намайг хараад “та цагдаа хүн байж, энэ агсам тавиад байгаа хүнд шаардлага тавиач” гэхээр нь нөгөө хүн дээр очоод “та олон нийтийн газарт явж байж битгий танхайраад бай” гэж хэлсэн. Нөгөө согтуу хүн “чи энэ бөөг өмөөрөөд байгаа юм уу” гээд миний захыг сөхөж үзсэнээ “ахмад юм байна, Баяраа гэдэг юм байна” гээд орилоод байхаар нь би санаа зовоод зогсож байсан газраа очоод зогссон. Гэтэл нөгөө согтуу хүн над руу агсам тавиад “та нар муусайн цагдаа нар, бөө өмөөрдөг” гэж орилоод миний ард талаас цохиод байсан. Баруун 4 зам дээр ирээд буух гэтэл нөгөө хүн миний араас цохисон. Би нөгөө хүн рүү та “яаж байгаа юм бэ?“ гээд эргээд хартал миний зүүн талын нүдний дээд талд гараараа цохихоор нь би нөгөө хүнийг автобуснаас татаж Баруун 4 зам дээр буулгахад, миний мөрдөс зангиа зэргийг тасдаж, автобуснаас буучихаад “цагдаа хүн зодоод байна” гээд орилоод, гутлаа тайлж шидээд байсан. Тэгээд би цагдаа дуудаж, намайг цохиж доромжилсон хүнийг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд аваачиж эрүүлжүүлсэн. Маргаан анх 13 дугаар хорооллоос Зүүн салааны автобусанд суугаад явж байхад нэг согтуу хүн хүмүүст агсам тавиад би дүрэмт хувцастайгаа явж байсан болохоор хууль ёсны шаардлага тавихад намайг доромжилж, цохисноос болсон. Миний зүүн талын нүдний дээд хэсэгт гараараа нэг удаа цохисон, духны баруун талд 1 удаа цохисон. Нуруу, цавь руу 2-3 удаа өшиглөсөн. Миний толгой хөдөлж, зүүн нүдний дээд зовхинд цус хурж, зөөлөн эд гэмтсэн, баруун өвдөг шалбарсан байсан. Би тэр хүнд цохиулснаасаа болж эхний өдөр халуурч, толгойгоо бариулж, 7 хоног хэвтрийн дэглэм сахисан. Би Ч.Оюунбатаас хохирлын 100 000 төгрөг хүлээж авсан ба ямар нэгэн гомдол, саналгүй. Би тухайн үед албан үүргээ гүйцэтгээгүй байсан.  2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр жижүүрээс буугаад ахынхаа гэрт очиж хоночихоод 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэр рүүгээ явж байгаад ийм асуудал болсон гэжээ. (хэргийн 15, 16, 33 дугаар хуудас)

 

                  Мөрдөн байцаалтад гэрч-Н.Нэргүй мэдүүлэхдээ:

     ...Сар өдрийг нь санахгүй байна. Орой 17 цагийн үед байхаа би өөрийн найз Бадам-Орломын хамт Нарантуул захаас хороолол орохоор автобусанд суугаад явж байтал нэг намхан нуруутай согтуу өвгөн хажууд нь зогсож байсан монгол дээлтэй өвгөнийг “чи бөө, чиний бөө гэж юу байдаг юм, чи хүн хуурч мөнгө авдаг биз дээ” гээд агсраад тэр өвгөнийг загнаад байсан. Нэг буудал дээрээс цагдаа хувцастай, махлаг эрэгтэй хүн миний сууж явсан автобусанд суугаад явж байтал нөгөө согтуу өвгөн дахиад л үглээд орилоод байсан. Тэгтэл нөгөө эрэгтэй цагдаа нөгөө өвгөнийг “та битгий орилоод бай, зүгээр яв, олон хүний хажууд битгий орилоод бай” гэсэн чинь нөгөө залуу цагдаагийн үгийг тоохгүй, нөгөө өвгөн загнаад л орилоод яваад байсан. Тэгээд “Макс молл”-ын буудал дээр би найзтайгаа болон цагдаа, нөгөө агсам тавиад байсан эрэгтэй бид нар ар араасаа цуваад буусан ба автобуснаас буухдаа уг өвгөн цагдаагийн нүд рүү гараараа цохиод, хувцсыг нь урсан гэсэн гэжээ. (хэргийн 34, 35 дугаар хуудас)

 

                  Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15777 тоот дүгнэлтэд:

                  1. Д.Баяраагийн биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

                  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)  

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Оюунбат нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 26 дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

           Ч.Оюунбат нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, баруун 4 замын автобусны буудал дээр бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтан хохирогч Д.Баярааг эсэргүүцэж “та нар муусайн цагдаа, бөө өмөөрдөг” гэж үг хэлээр доромжлон, улмаар түүний нүүр тус газар цохиж, нуруу руу нь өшиглөн хүч хэрэглэж, бие махбодид нь зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдгөнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Баяраа, гэрч Н.Нэргүй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 15777 тоот дүгнэлт, хохирогч Д.Баяраагийн нүүрэнд учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, хохирогчийн өмсөж байсан хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Оюунбатын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар шалгаж тогтоовол зохих зүйлүүдийг тогтоожээ.

 Иймд шүүгдэгчийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ биелүүлж байгаа цагдаагийн ажилтныг эсэргүүцэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, биеийн эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдалт нь 60 хувьтай байдаг зэргийг нь ял хөнгөрүүлэх,

согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Ч.Оюунбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал болон хөдөлмөрийн чадвар алдалт нь 60 хувьтай тахир дутуугийн группэд байдаг байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан болно.