Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 492

 

Т.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Баясгалан,

шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, Б.Тэнгис,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзул, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч М.Машбат, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.Б-д холбогдох эрүүгийн 1705003190030 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овогт Т-ийн Б-, 1971 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ дугуй засварын газар түрээслэн ажиллуулдаг байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух, /РД:/,

- Октябрын районы шүүхийн 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 213 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 4, 220 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн;

Т.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно “Автосервис” засварын газрын эсрэг автозамын баруун талын явган хүний зам дээр хохирогч Н.Мөнхбаясгалангийн зүүн хөлийн тахим хэсэгт архины шилээр зүсэж, улмаар Н.Мөнхбаясгалан “зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх”-ны улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Т.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т.Б-г хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 91 хоногийг хорих ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Т.Б-гээс 6.257.325 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулд олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг, мөн энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн флаш 1 ширхэг, СиДи 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж, хэргийн газраас хураан авсан гэх “Сархад” нэртэй архины шилний хагархай хэсгүүд, шаргал өнгийн хуванцар бариултай, ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг, талийгаачийн нас барах үедээ өмсөж байсан саарал өнгийн богино өмд 1 ширхэг, саарал өнгийн цэнэг нь дууссан “Нокиа” загварын гар утас 1 ширхэг, хар өнгийн цэнэг нь дууссан “Нокиа” загварын гар утас 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэгийг тус тус устгаж, Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч М.Машбат гаргасан давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

1. Тухайн үйл явдлыг харсан, үзсэн байх боломжтой хүмүүс нь насанд хүрээгүй 3 хүүхэд байдаг. Тэдний мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгах, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулаагүй. Т.Б- нь хохирогчийн биед гэмтэл учруулахаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй талаар насанд хүрээгүй гэрч О.Сэнгүм, У.Энхжин нар тодорхой мэдүүлсэн. Энэ мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч У.Батзоригийн мэдүүлгээс эрс зөрүүтэй байхад анхан шатны шүүх гэрч У.Батзоригийн мэдүүлгийг үнэлсэн байдаг.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...цэцэрлэгийн хяналтын камерын бичлэг гэх 1 ширхэг флашыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй..., учир нь шүүх хуралдаанаар нотлох баримтыг хэлэлцэх явцад ... үзэх гэсэн боловч техникийн шаардлага хангахгүй байсан...” гэжээ. Энэ флаш дискэн дээр бичсэн бичлэгийн дагуу мөрдөгчийн үзлэг хийсэн тэмдэглэл бичигдсэн байдаг. Бичлэг болон тэмдэглэлүүдээс харахад тухайн болсон үйл явдлыг тодорхой харуулдаг бөгөөд хохирогч Н.Мөнхбаясгалан болон түүнд ойртон очиж байгаа хүмүүсийн хувцасны өнгө байдал нь тодорхой харагддаг. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан дээр бичлэгийг ухрааж, урагшлуулж чадаагүйгээс бичлэгийг үзэхэд их хугацаа орно хэмээн нотлох баримтаар тооцоогүй юм. Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтыг үндэслэлгүйгээр нотлох баримтаар тооцоогүй нь хэргийг шийдвэрлэхэд нөлөөлсөн байдаг.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулснаас шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Т.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Уг хэрэгт байцаагч, прокурор, шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг баримтлан ажиллаж, цагаатгах нотлох баримт болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг техникийн шаардлага хангаагүй гэх шалтгаанаар нотлох баримтаар үнэлээгүйд гомдолтой байна. Уг камерын бичлэгт миний бие хүн алаагүй нь тодорхой харагдахаас гадна, намайг автомашинтайгаа хөдлөөд явах үед өөр үл таних хар хувцастай хүн манай ажлын урд хаалгаар гарч ирэн хохирогч дээр оччихоод буцаад орж байгаа нь харагддаг. Энэ хүн хэн байсныг шалгуулахаар миний өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд хүсэлт гаргасан боловч тодруулж өгөөгүй. Мөн насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн гэрчийн мэдүүлэг дээр үндэслэн хилсээр намайг яллаж байгаад гомдолтой байна. Миний өмсөж явсан хувцсыг гэрч Х.Солонго, Ц.Наранзул, Ц.Мөнхбат нар тодорхой мэдүүлдэг. Би ягаан цэцэгтэй, цагаан цайвар өнгийн халаадтай байсан. Би хохирогчийг архиа авъя гэхэд нь архийг нь шидэж өгчихөөд л шууд явсан. Түүнээс биш хохирогчид ойртож очоогүй. Энэ бүхэн цэцэрлэгийн камерын бичлэгт тодорхой байдаг. Түүнчлэн шинжээчийн 1209 дугаартай дүгнэлтэд “Талийгаач руу архины шил шидэх үед болон шидсэн архины шил талийгаачийг онох үед архины шил хагарч, уг гэмтлийг учруулах боломж муутай” гэсэн байдаг. Гэтэл намайг хар өнгийн хувцастай болгож, шидэж өгсөн архийг хагалаад зүссэн мэт болгож хилсээр яллаж, үнэнийг гуйвуулж байгаад гомдолтой байна...” гэв.  

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулаагүй. Өөрөөр хэлбэл Т.Б- нь талийгаач Н.Мөнхбаясгаланг санаатай алсан гэх нотлох баримт байхгүй, амь насыг нь хохирооход хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, түүнд үлдсэн ул мөр тогтоогдоогүй. Мөрдөн байцаалтын ажиллагааг хэт нэг талыг баримтлан, дутуу явуулсан бөгөөд шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Өөрөөр хэлбэл гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй бөгөөд шүүх харилцан зөрүүтэй гэрчийн мэдүүлгүүдийн аль нэгийг нь авч, бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ зааж дүгнэлт хийлгүйгээр, тогтоолдоо бүгдийг нь дурьджээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчжээ.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг гаргахад анхан шатны шүүх шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр тогтсон боловч харамсалтай нь энэ талаар тодорхой дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд гэрч Г.Наранцэцэг, У.Энхжин, О.Сэнгүм, Д.Жамбал нарыг оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүхээс хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Түүнчлэн шүүх хуралдаанд талуудын зүгээс Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн хяналтын камерын бичлэгийг үзэх хүсэлтийг гаргасан байдаг. Гэвч компьютерийн мэргэжилтэн тус бичлэгийг үзүүлж чадаагүй бөгөөд шүүх талуудын саналыг ч асуулгүйгээр эд мөрийн баримт шинжлэн судлах үе шатыг дуусгаж, илт хууль бус үйлдэл гаргасан. Энэхүү бичлэгийг мөрдөн байцаалт, прокурорын шатанд талууд аль аль нь үзсэн ба тус бүрдээ эсрэг байр суурийг хадгалж байсан байдаг.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Т.Б-гийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүх насанд хүрээгүй 3 гэрчийн мэдүүлэгт үндэслэн хэргийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болсон. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтлийг Т.Б- учруулсан болохыг эдгээр гэрч нарын хэн ч мэдүүлээгүй. Шинжээчийн дүгнэлтээр архины шил шидсэний улмаас талийгаачид тухайн гэмтэл учраагүй болохыг тогтоосон. Энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол, тайлбар үндэслэлтэй. Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэргийг бүхэлд нь хянаж үзэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг анхаарч үзэхийг хүсье...” гэв.     

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулын өмгөөлөгч М.Жаргалсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа түргэн шуурхай явагдсан, хэргийн бодит байдал тогтоогдсон. Тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг харуулсан хяналтын камерын бичлэгээс үзэхэд 2 хүний дүрс харагддаг. Ингэхдээ камерын хязгаарын чиг дотор тэдний хувцасны өнгө нь автомашины гэрэл туссан үед тод, гэрэл тусаагүй үед бараан харагддаг. Уг камерын бичлэгт үзлэг хийж бэхжүүлэхдээ хувцасны өнгийг бараан гэж тэмдэглэсэн байгаа. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, орон зай, цаг хугацаа нь гэрч нарын мэдүүлэгтэй тохирдог. Насанд хүрээгүй гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүгүй бөгөөд тэднийг мэдүүлэг өгөхөд нь аливаа этгээдээс нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогддоггүй. Талийгаачид гэмтэл шарх учруулсан архины шилний хэсэг олдоогүй. Тэрээр гадны нөлөөний улмаас амь насаа алдсан гэж үзэж байна. Энэ хэрэгт хэн нэгнийг хилсээр гүтгэсэн асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна...” гэв.

Прокурор А.Баясгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх Т.Б-гийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Насанд хүрээгүй гэрч У.Энхжин нь тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар харсан үзсэн зүйлээ үнэн зөвөөр мэдүүлсэн нь гэрч Ц.Энхбаярын мэдүүлгээр давхар нотлогддог. Түүнчлэн удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр талийгаачид учирсан тухайн гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, санаатай үйлдлийн нөлөөллөөр үүссэн бөгөөд талийгаач нь хурц цус алдалтын улмаас нас барсан байдал тогтоогддог. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох гэрч Х.Солонго /1хх-ийн 109-110/, Д.Жамбал /1хх-ийн 115-116/, Ц.Энхбаяр /1хх-ийн 148-149/, Ц.Мөнхбат /1хх-ийн 107/, Ч.Чинзориг /1хх-ийн 108/, Б.Ундрахжаргал /1хх-ийн 121-125/, Л.Туяа /1хх-ийн 150-151/, О.Мөнхбаяр /1хх-ийн 135-136/, Ц.Наранзул /1хх-ийн 129-132/, Э.Энхдулам /1хх-ийн 126-127/, Г.Наранцэцэг /2хх-ийн 162-163/, Т.Билэгсайхан /1хх-ийн 133-134/, насанд хүрээгүй гэрч У.Батзориг /1хх-ийн 111-112/, О.Сэнгүм /1хх-ийн 113-114/, У.Энхжин /1хх-ийн 139-141/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1619, 1209 дугаартай /1хх-ийн 156-158, 168-169/ дүгнэлтүүдэд дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

Т.Б- нь 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг өөрийн дугуй засварын газарт Н.Мөнхбаясгалан, Б.Ундрахжаргал, Д.Жамбал, Х.Солонго нарыг архидан согтуурлаа гэх шалтгаанаар хөөж, улмаар Н.Мөнхбаясгаланг гадаа явган хүний зам дээр байхад нь нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдсан санаатай үйлдэл хийн түүний зүүн хөлийн тахим хэсэгт архины шилээр зүссэний улмаас Н.Мөнхбаясгалан нь “зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг тасалсан, хатгагдаж зүсэгдсэн” шарх авч, хурцаар цус алдан, цус алдалтын шоконд орж нас барсан үйл баримт тогтоогдлоо.

Харин энэ үйл баримтаас өмнө бөгөөд нас барах хүртлээ Н.Мөнхбаясгалан нь өөр бусадтай маргалдсан, цохиулж, зодуулсан, өөр бусад хүчин зүйлийн нөлөөллөөр биедээ дээрх гэмтлийг авсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрчилдөөгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчилгүй байна.

Насанд хүрээгүй гэрч У.Батзориг нь “...Баясаа ах замын тэнд явган хүний зам дээр суучихсан байхад Б- ах гартаа архины бүтэн шил барьчихсан түүн дээр явж очингуутаа барьсан шилээрээ хоёр хөлнийх нь хооронд цохиж хагалчихаад машиндаа суугаад хөдлөөд явчихсан...” гэж,

Насанд хүрээгүй гэрч О.Сэнгүм нь “...Баатараа ах буцаж дугуй засвар руу орсноо тэр дороо их хурдан гарч ирсэн ба гартаа архины шил барьчихсан “Энийгээ аваад яв” гэж хэлээд Баясаа ах руу шидчихээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэж,

Насанд хүрээгүй гэрч У.Энхжин нь “...Баясаа ах цаашаа явган хүний замын тийшээ явахад Баатараа ах араас нь архины шил шидсэн чинь Баясаа ах явж байснаа зогсоод толгойгоо бариад доошоо суусан. Баатараа ах Баясаа ах руу очиж харчихаад буцаж наашаа хүрч ирснээ надад “Өөрөө архины шил барьж яваад унасан гэж хэлээрэй” гэж хэлчихээд машиндаа суугаад яваад өгсөн...” гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар өөр өөр байршлаас харсан зүйлээ тус бүр мэдүүлсэн нь хоорондоо зөрүүгүй байх ба тэднийг ийнхүү мэдүүлэхэд нь хэн нэгэн этгээдээс нөлөөлсөн гэх үндэслэл шалтгаан тогтоогдсонгүй.  

Дээрх байдлыг үндэслэн анхан шатны шүүх Т.Б-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоог бодитой тогтоож, Т.Б-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүхээс Т.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоосныг хуульд нийцсэн гэж үзлээ.

Түүнчлэн амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулын гаргасан шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон, үндэслэл бүхий дүгнэлт хийж, тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэн шийдвэрлүүлэх эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гэм буруу, гэмт хэрэг гарсан байдлын талаар тус бүр маргасан шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч М.Машбат, Ж.Тэгшмандал нарын давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч М.Машбат, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                 ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                     Н.БАТСАЙХАН