Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 99

 

Г.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00754/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг даргалж шүүгч Л.Амарсанаа, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 823 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Х.Э-,

Хариуцагч Хас банкны Дархан салбарт холбогдох

“Х.Э-, Хас банкны Дархан салбар нарын хооронд хийгдсэн 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.А-гийн давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсаран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Г.А- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.А- миний бие 2014 оны 08 дугаар сард “М-” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Дархан сумын 10 дугаар багийн нутагт байрлах элит хотхонд байр авахаар болж, 12 дугаар хорооллын 2 дугаар байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4.681.300 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтад ороогүй учраас тус хотхоны 1 дүгээр байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг 1м.кв 1.000.000 төгрөгөөр тооцон үлдэгдэл тооцоог хийж 32.000.000 төгрөг өгсөн юм. Байрны төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 11-нд , 2015 оны 12 дугаар сарын 07-нд , 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Х.Э-ын Хас банкин дахь дансанд болон өөрт нь бэлнээр өгч орон сууцны үнээ бүрэн төлж дуусган байрандаа орж одоог хүртэл амьдарч байна. Мөн Улсын дээд шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны 001/ХТ2018/00209 тогтоолоор дээрх байрны өмчлөгчөөр тогтоосон.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд байгаа төлбөрийг Х.Э-аар гаргуулахаар тогтоолд заасан байна. Тухайн үед гэрчилгээг шилжүүлж авах гэтэл барьцаанаас гарахаар нь өгнө гээд өгөөгүй юм. Гэтэл Х.Э-ын Хас банкинд төлөх ёстой өрөнд миний өмч болох дээрх байрыг барьцааны гэрээтэй гэдгээр хураан авч худалдан борлуулахад хүрч мэдэгдэл ирээд байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үед барьцаанд байгаа байрыг нь худалдан авч байгаа гэдгээ Хас банкинд хэлж, мөн банкинд мөнгийг нь тушааж байхад банк өөрөө ч болно гэж надад ойлгуулсан. Иймд 10 дугаар багийн 12 дугаар хорооллын 1 дүгээр байрны 5 тоот орон сууцыг 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр Х.Э- Хас банк хоёрын хооронд хийгдсэн 1070014954 тоот гэрээний барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Х.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Г.А- нь манай “М-” ХХК-аас байр авч төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Тухайн үед уг байрыг барихын тулд байр барьцаалсан зээл авч Хас Банкид барьцаалсан байсан. Г.А- банктай очиж уулзахад энэ байрны үнэ төлөгдсөн бол зохицож болно гэж ойлгуулсан юм билээ. Тэгээд ч Улсын дээд шүүх 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр тогтоол гарган Г.А-г 10 дугаар багийн 12 дугаар хорооллын 1 дүгээр байрны 05 тоот 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа төлбөрийг надаар гаргуулахаар шийдсэн байна. Иймд Г.А-д байрыг нь барьцаанаас чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Хариуцагч Хас банкны Дархан салбар шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            ...Барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох тухайд: Уг асуудлаар буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Хас Банкны барьцаанд байгаа тухайд тус банкны нэхэмжлэлтэй Х.Э-, Б- нараас 60.074.788,38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр Хас банкны Дархан салбар нь 1070014954 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.Э-тай баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг дахь Дархан сум 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 05 тоот ГД000239577, Ү-2003017638 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 36,56 м.кв 1 өрөө орон сууц, барьцаалсан болох нь хэрэгт авагдсан ипотекийн гэрээ, барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 15,17/ Дээрх зээлийн ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ гэж дүгнэн шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх хэвээр хадгалагдах тухайд: Г.А- нь Хас Банк болон Х.Э- нарт холбогдуулан уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж улмаар Улсын дээд шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00209 дугаар Тогтоолоор Г.А-г орон сууцны өмчлөгчөөр тогтоож эцэслэн шийдвэрлэхдээ Х.Э- Хас Банкны Дархан салбараас 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээл авч, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах, барьцаалагчийн болоод барьцааны зүйлийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эрх, үүргийн талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6, 157 дугаар зүйлийн 157.7, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд тодорхой зохицуулсныг дурдах нь зүйтэй гээд Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Х.Э-аас төлбөр гаргуулж Хас Банкны Дархан салбарт олгох шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Дархан сум 10 дугаар баг 12 дугаар хороолол 1дүгээр байрны 5 тоот 1 өрөө орон сууцтай холбоотой хийгдэж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан үндэслэл журмын дагуу явагдах болохыг дурдсугай гэж өөрчилсөн. Товчоор хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Э- 2014 онд Хас Банкинд барьцаалуулсан, 2016 онд Г.А-д худалдсан. Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиудын дагуу өмчлөгч нь өөрчлөгдсөн ч тухайн хөрөнгөд ноогдсон барьцааны эрх, үүрэг хэвээр байх бөгөөд өмчлөгч Г.А- нь барьцаалуулагчийн эрх үүргийг хүлээх юм. Энэ утгаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Мөн нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй байх ба уг асуудлыг дээрх анхан шатны болон Улсын дээд шүүхэд эцэслэн шийдвэрлэж, шийдвэр, тогтоолууд хүчин төгөлдөр болсон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 823 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А-гийн гаргасан Хас банкны Дархан салбар, Х.Э- нарын хооронд байгуулагдсан 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д зааснаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2819 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.А- давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Би 2014 оны 08 дугаар сард “Мөнбамбай” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Дархан сумын 10 дугаар багийн нутагт байрлах элит хотхонд байр авахаар болж  2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4.681.300 төгрөг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтад ороогүй учраас тус хотхоны 1 дүгээр байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг 1 м.кв 1.000.000 төгрөгөөр тооцон 32.000.000 төгрөг төлсөн. Байрны төлбөрийг 2015 оны 08 дугаар сарын 11-нд , 2015 оны 12 дугаар сарын 07-нд , 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрүүдэд Х.Э-ын Хас банкин дахь дансанд болон өөрт нь бэлнээр өгч орон сууцны үнээ бүрэн төлж дуусган байрандаа орж одоог хүртэл амьдарч байна.  Тухайн үед банкны барьцаанд байгаа гэдгийг мэдэж Хас банкин дээр очиж зээлийн эдийн засагч Энх-Амгалантай нь уулзахад төлөөд авч болно гэхээр нь банкинд итгээд үнийг нь төлсөн. Ингээд Улсын дээд шүүхээс миний өмч мөн гэдгийг тогтоож өгсөн. Гэтэл Х.Э-ын Хас банкинд төлөх ёстой өрөнд миний өмч болох байрыг хураан авахад хүрч би шүүхэд хандсан. Гэтэл шүүх миний эрх ашгийг дэндүү хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би Хас банктай ярьж байж уг байрын мөнгийг төлсөн. Банкны эдийн засагч хэлсэн учраас би хамаг мөнгөө хийж тушаасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг минь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

            Нэхэмжлэгч  Г.А- нь Х.Э-тай тохиролцож түүний өмчлөлийн  Дархан сум 10-р баг 12-р хороолол 1-58 байрыг худалдаж авч мөнгийг төлсөн байна.

Уг байрыг худалдах, худалдан авах гэрээ хийх үед Х.Э- нь Хас банкнаас авсан зээлийн гэрээний үүргийг хангахаар байрыг барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулсан байжээ.

            Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагчийн өмчлөлд  биет байдлын болон эрхийн доголдолгүй хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй .

Маргаан бүхий байрыг худалдах үед уг байр нь баьцаанд байсан бөгөөд энэ талаар худалдагч худалдан авагчид мэдэгдсэн бөгөөд худалдан авагч дээрх нөхцөл байдлыг мэдэж байжээ.

            Өөрөөр хэлбэл барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах эрсдлийг ойлгож байсан гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх заалтын агуулгаас барьцааны зүйлийн өмчлөлийг бусдад шилжүүлэх нь хуульд харшлахгүй тул талуудын дунд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр байна.

Гагцхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаагаар хангагдах шаардлага  дуусгавар болсон тохиолдолд өмчлөгчид шилжихээр Иргэний хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан байх тул хуулийн дээрх нөхцөл байдал хангагдаагүй өөрөөр хэлбэл барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд барьцаалагдсан эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд нь өмнөх барьцаалуулагчийн эрх үүргийг хэрэгжүүлэхээр заасан. /Иргэний хуулийн 28.1/

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заадах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 823 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

    

                                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Л.АМАРСАНАА

                                                        ШҮҮГЧИД                                     С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                              О.НАРАНГЭРЭЛ