Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 823

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1 дүгээр байрны 5 тоотод оршин суух, Бурдууд овогт Ганболдын Алтантуяа /регистрийн дугаар ПБ86050561, утас 99914297/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 15 дугаар байрны 18 тоотод оршин суух, Бүрэнхан овогт Хандын Энхбат /регистрийн дугаар ТЗ71101375, утас 99372499/,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах Хас банк нарт холбогдох

 

“Х.Энхбат, Хас банк нарын хооронд хийгдсэн 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Алтантуяа, хариуцагч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсаран, хариуцагч Х.Энхбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Цуурай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Г.Алтантуяа миний бие 2014.08 сард “Монбамбай” ХХК-ны барьж ашиглалтанд оруулсан Дархан сумын 10-р багийн нутагт байрлах элит хотхонд байр авахаар болж, 12-р хорооллын 2-р байрны 31 тоот 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа 4,681,300 төгрөгийг төлсөн. Гэтэл гэрээнд заасан хугацаанд байр ашиглалтанд ороогүй учраас тус хотхоны 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг 1мкв-г 1’000’000 төгрөгөөр тооцон үлдэгдэл тооцоог хийж 32,000,000 төгрөг өгсөн юм.

Байрны төлбөрийг 2015.08.11 , 2015.12.07 , 2016.06.08-ны өдрүүдэд Х.Энхбатын Хас банкин дахь дансанд болон өөрт нь бэлнээр өгч орон сууцны үнээ бүрэн төлж дуусган байрандаа орж одоог хүртэл амьдарч, мөн Улсын Дээд Шүүхийн 2018.02.06-ны  001/ХТ2018/00209 тогтоолоор дээрх байрны өмчлөгчөөр тогтоосон. Мөн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн албанд байгаа төлбөрийг Х.Энхбатаар гаргуулахаар тогтоолд заасан байна. Тухайн үед гэрчилгээг шилжүүлж авах гэтэл барьцаанаас гарахаар нь өгнө гээд өгөөгүй юм.

Гэтэл Х.Энхбатын Хас Банкинд төлөх ёстой  өрөнд миний өмч болох дээрх байрыг барьцааны гэрээтэй гэдгээр хураан авч худалдан борлуулахад хүрч мэдэгдэл ирээд байна.

Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тухайн үед барьцаанд байгаа байрыг нь худалдан авч байгаа гэдгээ Хас банкинд хэлж , мөн банкинд мөнгийг нь тушааж байхад банк өөрөө ч болно гэж надад ойлгуулсан. Иймд 10-р багийн 12-р хорооллын 1-р байрны 5 тоот орон сууцыг 2014.04.29-ны Х.Энхбат Хас банк хоёрын хооронд хийгдсэн 1070014954 тоот гэрээний барьцаанаас чөлөөлж өгнө үү” гэв. 

 

Хариуцагч Х.Энхбат нь шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...Г.Алтантуяа нь манай Монбамбай ХХК-с байр авч төлбөрөө бүрэн төлж дуусгасан. Тухайн үед уг байрыг барихын тулд байр барьцаалсан зээл авч Хас Банкинд барьцаалсан байсан. Г.Алтантуяа банктай очиж уулзахад энэ байрны үнэ төлөгдсөн бол  зохицож болно гэж ойлгуулсан юм билээ. Тэгээд ч Улсын Дээд Шүүх 2018.02.06-нд тогтоол гарган Г.Алтантуяаг 10-р багийн 12-р хорооллын 1-р байрны 05 тоот 1 өрөө байрны өмчлөгчөөр тогтоож шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд байгаа төлбөрийг надаар гаргуулахаар шийдсэн байна. Иймд Г.Алтантуяад байрыг нь барьцаанаас чөлөөлж өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрнө” гэв.  

Хариуцагч Хас банк шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Барьцааны гэрээ хүчин төгөлдөр болох тухайд: Уг асуудлаар буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь ХасБанкны барьцаанд байгаа тухайд тус банкны нэхэмжлэлтэй Х.Энхбат, Баясгалан нараас 60.074.788,38 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр ‘’ХасБанкны Дархан салбар нь 1070014954 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Х.Энхбаттай Баталгаат ипотекийн гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг дахь Дархан сум 10-р баг 12-р хороолол 1-р байрны 05 тоот ГД000239577, Ү-2003017638 эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 36,56м.кв 1 өрөө орон сууц барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Ипотекийн гэрээ, Барьцааны гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 15,17/ Дээрх зээлийн Ипотекийн гэрээг Иргэний хуулийн 166 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлжээ’’ гэж дүгнэн шийдвэрлэсэн. Уг шийдвэр хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно.

Барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдсөн ч барьцааны эрх хэвээр хадгалагдах тухайд: Г.Алтантуяа нь ХасБанк болон Х.Энхбат нарт холбогдуулан уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж улмаар Улсын Дээд Шүүхийн 2018 оны 001/ХТ2018/00209 дугаар Тогтоолоор Г.Алтантуяаг орон сууцны өмчлөгчөөр тогтоож эцэслэн шийдвэрлэхдээ ‘’Х.Энхбат ХасБанкны Дархан салбараас 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр зээл авч, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар баг, 12 дугаар хороолол, 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалсан нь Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөнөөр барьцаалагчийн барьцааны эрх хэвээр хадгалагдах, барьцаалагчийн болоод барьцааны зүйлийг шилжүүлэн авсан гуравдагч этгээдийн эрх, үүргийн талаар Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.5, 157.6, 157.7, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд тодорхой зохицуулсныг дурдах нь зүйтэй’’ гээд Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар “… Х.Энхбатаас төлбөр гаргуулж ХасБанкны Дархан салбарт олгох Шийдвэрийн дагуу Дархан-Уул аймаг дахь Дархан сум 10-р баг 12-р хороолол 1-р байрны 5 тоот 1 өрөө орон сууцтай холбоотой хийгдэж буй Шийдвэр Гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээх ажиллагааг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д заасан үндэслэл журмын дагуу явагдах болохыг дурдсугай’’ гэж өөрчилсөн.

Товчоор хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Х.Энхбат 2014 онд ХасБанкинд барьцаалуулсан, 2016 онд Г.Алтантуяад худалдсан. Улсын Дээд Шүүхийн Тогтоолд дурдсан Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиудын дагуу өмчлөгч нь өөрчлөгдсөн ч тухайн хөрөнгөд ноогдсон барьцааны эрх, үүрэг хэвээр байх бөгөөд өмчлөгч Г.Алтантуяа нь барьцаалуулагчийн эрх үүргийг хүлээх юм. Энэ утгаар тогтоолын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан.

Мөн нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхээр шаардаж байгаа үндэслэлээ тодорхой дурдаагүй байх ба уг асуудлыг дээрх Анхан шатны болон Улсын Дээд шүүхэд эцэслэн шийдвэрлэж, Шийдвэр, Тогтоолууд хүчин төгөлдөр болсон байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь хариуцагч Х.Энхбат, Хас банк нарын хооронд байгуулагдсан 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар

Хариуцагч нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 1070014954 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр хариуцагч Х.Энхбат нь Хас банкнаас 80,000,000 төгрөгийг зээлж авсан ба зээлийн барьцаанд ... Х.Энхбатын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1 дүгээр байрны 5 тоот 36,56 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 809 дугаартай шийдвэрээр “...хариуцагч Х.Энхбат, Б.Баясгалан нараас 60,074,788.38 төгрөгийг гаргуулан Хас банкны Дархан салбарт олгож, ...барьцаа үл хөдлөх хөрөнгө болох Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1-05 тоот 36,56 мкв талбайтай 1 өрөө орон сууц....-ыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж...” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь Х.Энхбатаас барьцаанд буй Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 12 дугаар хороолол 1-05 тоот 36,56 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг худалдан авсан ба Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ХТ/2018/00209 дугаар тогтоолоор Г.Алтантуяаг дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Г.Алтантуяа нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй”  гэж заасны дагуу шаардлага гаргасан боловч тэрээр зээлийн барьцаанд байгаа орон сууцыг худалдан авч байгаа гэдгээ мэдэж байсан, хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хуульд заасны дагуу байгуулагдсан байх тул нэхэмжлэгч Г.Алтантуяагийн гаргасан 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Барьцааны зүйлийг ....өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд Г.Алтантуяагийн өмчлөлд барьцаанд байгаа орон сууцыг шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар хуульд заасан байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтантуяагийн гаргасан Хас банк, Х.Энхбат нарын хооронд байгуулагдсан 1070014954 тоот барьцааны гэрээнээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Алтантуяагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-т зааснаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2819 дугаартай захирамжийг хүчингүй болгож,   шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               З.ТУНГАЛАГМАА