Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2021/01356

 

 

 

 

 

 

 

   2021        07             19                                             181/ШШ2021/01356 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ЭМЯ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: АИ ХХК -д холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бурмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭМЯ итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭМЯнаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хаппи бьюлдинг ХХК-ийн “Баянзүрх дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг”-ийн гүйцэтгэл болох 942 896 458 төгрөгийн санхүүжилтийг  АИ ХХК-ийн Голомт банкны 2805112893 тоот дансанд андууран шилжүүлсэн гэдгийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн юм.Ингээд 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр АИ ХХК-ийн захирал Ё.Пүрэвдаваатай утсаар холбогдож буруу шилжүүлсэн гүйлгээг буцаан шилжүүлэх талаар хэлэхэд “За, ойлголоо. Манайх онлайн банкны үйлчилгээ байхгүй тул шилжүүлэх боломжгүй байна, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлье” гэж хэлчхээд мөн өдрөө шилжүүлэхгүй, утсаа авахгүй, утсаа унтраагаад холбогдохгүй, одоог хүртэл дээрх мөнгийг буцаан шилжүүлэхгүй бидний ажилд саад учруулж байна.

Манай зүгээс үүссэн нөхцөл байдлыг “Голомт банк” ХХК-д мэдэгдэж, мөнгийг буцаан шилжүүлэх хүсэлт тавьсан боловч данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэг хийх боломжгүй гэх хариуг өгсөн. Энэ талаар АИ ХХК- ийн захирал Ё.Пүрэвдаваад хэлж, хүсэлтээ Голомт банк ХХК-д гаргах талаар мэдэгдсэн боловч 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 16 хоногийн хугацаанд ямар ч арга хэмжээ аваагүй болно.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д ...Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй... гэж, мөн хуулийн 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон... гэж зааснаар АИ ХХК-д буруу шилжүүлсэн 942 896 458 төгрөгийг ЭМЯ буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд “Хаппи бьюлдинг” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг”-ийн гүйцэтгэл 942 896 458 төгрөгийг хариуцагч АИ ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч ЭМЯанд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч АИ ХХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ЭМЯны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. АИ ХХК нь Дорноговь аймгийн Замын үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, санхүүжилтээ авч чадаагүйн улмаас шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02752 тоот шийдвэрээр 1 957 048 496 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 669 300 төгрөгийг ЭМЯнаас гаргуулж АИ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байна. Үүний дагуу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1-157/7693 дугаар “Мэдэгдэл”-ээр 1 968 717 796 төлбөрөөс 992 896 458 төгрөг 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр авагчийн дансанд төлөгдсөн байх тул төлбөрийн үлдэгдэл 975 821 338 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 000 000 төгрөг, нийт 976 821 338 төгрөгийг тус газрын Төрийн банкны дахь 106000059575 тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дотор шилжүүлж, шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. Хэрэв тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан гүйцэтгэхийг анхааруулсан.

Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу манай компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл дурджээ. Талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд манай компани ЭМЯны нэхэмжлэлд дурдсан 942 896 458 төгрөгийн буцаан төлөх үүрэгтэй. Гэтэл ЭМЯ нь манай компанид одоог хүртэл 976 821 338 үлдэгдэл төлбөртэй, төлбөрөө төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,

     ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЭМЯ нь хариуцагч АИ ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч АИ ХХК нь эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ЭМЯнаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр АИ ХХК-ийн Голомт банкны 2805112893 тоот дансанд 942 896 458 төгрөгийг шилжүүлсэн байна. /хх-5, 9х/

 

Нэхэмжлэгч ЭМЯ нь Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XIX.1.1-д заасны дагуу “Хаппи бьюлдинг” ХХК-ийн “Баянзүрх дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг”-ийн гүйцэтгэл болох 942 896 458 төгрөгийн санхүүжилтийг хийхдээ данс андуурч дээрхи гүйлгээг хийсэн болох 2021.04.09-ний өдрийн “Төлбөрийн хүсэлт №26”-ийн гүйлгээний утгад Хаппи бьюлдинг ХХК УБ, БЗД ахмад настан хүүхдийн эмнэлэг гэж бичсэн байдал, Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XIX.1.1, XIX.1.9 дэх заалтууд /хх-51-54х/, АИ ХХК болон Голомт банк ХХК-д хүргүүлсэн албан бичгүүд /хх-6-7, 12, 55х/, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч АИ ХХК нь ЭМЯнаас 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлсэн 942 896 458 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу ЭМЯнаас авах 1 957 048 496 төгрөгийн авлагынхаа зарим хэсэгт тооцон авсан болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.06-ны өдрийн 181/ШШ2020/02752 дугаар шийдвэр /хх-30-37х/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ЭМЯанд хандсан 2021.05.07-ны өдрийн 1-157/7693 дугаар “Мэдэгдэл” /хх-46х/, АИ ХХК-ийн хүсэлт /хх-38-45х/-үүд, хариуцагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.  

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй: 492.1.1.хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасан.

Хариуцагч АИ ХХК нь ЭМЯнаас шилжүүлсэн 942 896 458 төгрөгийг шүүхийн шийдвэрээр ЭМЯнаас авах 1 957 048 496 төгрөгийн авлагынхаа зарим хэсэгт тооцон авсан байх тул АИ ХХК-ийг хөрөнгө олж авсан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхийг хэрэгжүүлэхээр заасан боловч энэ нь данс андууран шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл болохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ЭМЯны АИ ХХК-иас үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

      ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ЭМЯны АИ ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ЭМЯны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н. ОЮУНТУЯА