Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01490

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01490

 

Эны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/01356 дугаар шийдвэртэй

Эны нэхэмжлэлтэй хариуцагч А ХХК-д холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бурмаа, түүний өмгөөлөгч Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бурмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энаас 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хаппи бьюлдинг ХХК-ийн Баянзүрх дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг-ийн гүйцэтгэл болох 942 896 458 төгрөгийн санхүүжилтийг А ХХК-ийн Голомт банкны 2805112893 тоот дансанд андууран шилжүүлсэн гэдгийг 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр мэдсэн юм. Ингээд 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А ХХК-ийн захирал Ё.Птай утсаар холбогдож буруу шилжүүлсэн гүйлгээг буцаан шилжүүлэх талаар хэлэхэд За, ойлголоо. Манайх онлайн банкны үйлчилгээ байхгүй тул шилжүүлэх боломжгүй байна, 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шилжүүлье гэж хэлчихээд мөн өдрөө шилжүүлэхгүй, утсаа унтраагаад холбогдохгүй, одоог хүртэл дээрх мөнгийг буцаан өгөөгүй байна. Манай зүгээс үүссэн нөхцөл байдлыг Голомт банк ХХК-д мэдэгдэж, мөнгийг буцаан шилжүүлэх хүсэлт тавьсан боловч данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэг хийх боломжгүй гэх хариуг өгсөн. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар А ХХК-д буруу шилжүүлсэн 942 896 458 төгрөгийг Э буцаан шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд Хаппи бьюлдинг ХХК-ийн Баянзүрх дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг-ийн гүйцэтгэл 942 896 458 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Эанд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Содномдаржаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. А ХХК нь Дорноговь аймгийн Замын үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, санхүүжилтээ авч чадаагүйн улмаас шүүхэд хандаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02752 тоот шийдвэрээр 1 957 048 496 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 669 300 төгрөгийг Энаас гаргуулж А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан биелүүлэх ажиллагаа явагдаж байна. Үүний дагуу 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1-157/7693 дугаар Мэдэгдэл-ээр 1 968 717 796 төлбөрөөс 992 896 458 төгрөг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр авагчийн дансанд төлөгдсөн байх тул төлбөрийн үлдэгдэл 975 821 338 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 000 000 төгрөг, нийт 976 821 338 төгрөгийг тус газрын Төрийн банкны дахь 106000059575 тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор шилжүүлж, шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. Хэрэв тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу албадан гүйцэтгэхийг анхааруулсан. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу манай компанийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэл дурджээ. Талуудын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон нөхцөлд манай компани Эны нэхэмжлэлд дурдсан 942 896 458 төгрөгийн буцаан төлөх үүрэгтэй. Гэтэл Э нь манай компанид одоог хүртэл 976 821 338 үлдэгдэл төлбөртэй, төлбөрөө төлөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Эны А ХХК-д холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Эны нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бурмаа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5-д заасны дагуу төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах эрхийг хэрэгжүүлэхээр заасан боловч энэ нь данс андууран шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас гаргуулах үндэслэл болохгүй байна гэж буруу дүгнэжээ. Учир нь, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3, 11.1.1-т зааснаас үзэхэд Засгийн газраас баталсан тухайн жилийн төсвийг төсвийн шууд захирагч нь хязгаартай зарцуулах эрхийг хэрэгжүүлэхээс биш яамны зарлагын гүйлгээ болгоныг хийх гэж ойлгож болохгүй юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02752 дугаар шийдвэрээр хариуцагч А ХХК-д олгох 1 957 048 496 төгрөг нь 2021 оны Эны төсөвт суугдаагүй бөгөөд төсөвт суугдаагүй мөнгийг хариуцагчид олгох хууль зүйн үндэслэл байхгүй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох банкны гүйлгээний утгаас харахад гүйлгээ андуурагдаж хийгдсэн болох нь хангалттай нотлогдох бөгөөд Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед нэн шаардлагатай байгаа хөрөнгийг хариуцагчид өгөх өглөгтэй гэдэг байдлаар зориулалтын бусаар зарцуулж байгаа нь нийтийн эрх, ашиг сонирхолд харшилсан хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Э нь хариуцагч А ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих үүрэгт 942 896 458 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...манай байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжөөгүй, шүүхийн шийдвэрийн дагуу авах авлагадаа авсан гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/02752 дугаар хүчин төгөлдөр шийдвэрээр Энаас 1 957 048 496 төгрөг гаргуулж, А ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Энаас 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр А ХХК-ийн Голомт банкны 2805112893 тоот дансанд 942 896 458 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна. Энэ талаар зохигчид маргаагүй байна. /хх.5, 9/

Нэхэмжлэгч Э нь Монгол улсын 2021 оны төсвийн тухай хуулийн XIX.1.1-д заасны дагуу Хаппи бьюлдинг ХХК-ийн Баянзүрх дүүргийн ахмад настан хүүхдийн эмнэлэг-ийн гүйцэтгэл болох 942 896 458 төгрөгийн санхүүжилтийг хийхдээ данс андуурч шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эанд хандсан 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 1-157/7693 дугаар мэдэгдлээр 1 968 717 796 төлбөрөөс 992 896 458 төгрөг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр төлбөр авагчийн дансанд төлөгдсөн байх тул төлбөрийн үлдэгдэл 975 821 338 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал 1 000 000 төгрөг, нийт 976 821 338 төгрөгийг тус газрын Төрийн банкны дахь 106000059575 тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн дотор шилжүүлж, шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн байна. /хх.30-46/

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж заасан.

Анхан шатны шүүх хариуцагч А ХХК нь Энаас шилжүүлсэн 942 896 458 төгрөгийг шүүхийн шийдвэрийн дагуу авбал зохих 1 957 048 496 төгрөгийн авлагынхаа зарим хэсэгт тооцон авсан байх тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхгүй талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг зөв хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Энаас А ХХК-д 942 896 458 төгрөг шилжүүлсэн нь үндэслэлгүй биш байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Төсөвт суугдаагүй мөнгийг хариуцагчид олгох хууль зүйн үндэслэл байхгүй, мөн гүйлгээ андуурагдаж хийгдсэн гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2021/01356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70 214 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Ц.ИЧИНХОРЛОО