| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 108/2020/0090/Э |
| Дугаар | 1005 |
| Огноо | 2020-08-13 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1005
108/2020/0090/Э
2020 08 13 2020/ДШМ/1005
Г.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гансүлд,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2002000480100 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б-,
Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 778 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 519 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 7 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 2 дугаар сарын 7-ны өдөр 7 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 36жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 1 жил 2 сарын 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан;
Г.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Resort World Terelj” амралтын газрын хашаанд ургасан хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж өөрчилж, Боржигон овогт Гантөмөрийн Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1.8894 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг /Хар тамхитай тэмцэх газарт хадгалагдаж байгаа/ тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 200200048 гэсэн бичвэртэй 1 ширхэг CD хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...намайг Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Resort World Terelj” амралтын газарт харуулын ахлахаар ажиллаж байхад буюу 2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 21 цаг 30 минутын үед тус амралтын газрын ажилчид болох Ганчулуун, Бямбадорж нар нь ажлын байрандаа хар тамхи /өвс/ татаж байгаад камерын бичлэгт өртөж, үүрэг гүйцэтгэж байсан харуулууд болох Энхбаяр, Жанчивдорж нарт баригдсан. Миний бие ажил үүргийн дагуу баазын менежер Түвшинбатад газар дээр танилцуулаад камерын бичлэгийг нь албан хаяг дотор хадгалаад, нууцаар хаясан тугалган цаастай өвсийг тэнд нь хус модны яр дээр тавьж орхиод, өглөө эрт хот руу албаны дарга Гантулгад болж өнгөрсөн бүх асуудлыг утсаар мэдэгдсэн. Тэр шөнө 00 цаг 30 минутын үед Түвшинбат менежер өвс татсан хоёр ажилтныг архи уусан гэх худал шалтгаанаар хөөж явуулаад тухайн үед ажиллаж байсан үйлчлэгч Мөнхтуяа, Сувдаа болон тогтооч Энхбаяр, Жанчивдорж бид бүгдийг камерын өрөөнд оруулж “энэ асуудлыг гадагш мэдэгдэж болохгүй шүү. Байгууллагатай холбоотой учраас үүгээрээ намжаая” гэж үүрэгдсэн. Тухайн үед би тус амралтын газарт томилолтоор суурийн ажиллаж байсан тул он гараад хот руу амрахаар очтол уг гэмт хэрэг илрэхгүй байвал хотод очоод зохих газарт нь хэлж мэдэгдэнэ гэсэн бодолтой үлдсэн. Учир нь, би 2005 онд хар тамхи /өвс/-ны хэрэгт холбогдож ял эдлэж, гэм буруугаа ухамсарлаж, хар бүү хэл улаан тамхи татахаа болиод хор, хог гэж бодож явдаг болсон. Тиймдээ ч хар тамхи, мансууруулах бодисны зүй бус хэрэглээний эсрэг үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага болон ТВ, радио, хэвлэл, сайтад дуу хоолойгоо нэгтгэж өөрийн бичсэн нийтлэл болон ярилцлагуудыг олон нийтэд цацаж түгээж ирсэн. Он гараад буюу 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хотод амрахаар ирсэн байхдаа дээрх гэмт хэргийг илчлэхээр Хар тамхитай тэмцэх газар очоод хэнд хандахаа мэдэхгүй мөн дотогш нэвтрүүлэхгүй болохоор нь тасгийн дэд дарга, дэд хурандаа н.Давааням гэдэг хүний дугаарыг аваад залгаж учраа хэлтэл “би гадуур эмнэлгээр явж байна, надруу битгий залгаарай, би чам руу нөгөөдөр залгая” гэж гуйсан. Нөгөөдөр нь Давааням дэд хурандаа над руу залгаад “нөгөөхөө задалчихсан юм уу, байлгаж байхгүй дээ. Манай эхнэр төрөөд эмнэлгээр явж байсан юм.” гэж хэлсэн. Тэгээд Хар тамхитай тэмцэх газрын гадаа Давааням дэд хурандаатай утсаар ярьж дуусаад “Зариг.мн” сайтын байранд очиж эрхлэгч Өнөрөөтэй уулзаж “Resort World Terelj” амралтын газрын удирдлагууд ашиг сонирхол, нэр хүндээ бодоод өвс татсан хоёр ажилтны гэмт хэргийг хоорондоо үгсэн тохирч шууд дарсан булхайг ил болгож, олон нийтэд дэлгэхээр тохироод маргааш өглөө нь сэтгүүлч Анхзулын хамт цагдаагийн баг бүрэлдэхүүнтэй явсан. Тус баазын хашаа руу цагдаа нартай хамт нэвтэрч ороод би Ганчулуун, Бямбадорж нарын татаж байгаад баригдахдаа нууцаар хаясан өвсийг гаргаж өгсөн. Уг хэргийг Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн байцаагч ахмад Амарсанаа шалгаж, хяналтын прокурор Бүжинлхам хянаж байхад миний бие эхэндээ гэрчээр явж байгаад прокурор солигдож би яллагдагчаар татагдан цагдан хоригдож шүүхээр ял сонсоод байна. Солигдсон прокурор Х.Еркебулан нь шударга үнэнчээр яллаж хянахыг хүсээгүй. Шийтгэх тогтоолтой танилцахад, би шүүх хурал дээр тодорхой, ойлгомжтойгоор хэрэг холбогдлыг ярьж мэдүүлсэн. Гэтэл шийтгэх тогтоол дээр тэгж бичигдээгүй байна. Маш богино, ойлгомжгүйгээр энд тэндээс нь түүж, хольж бичсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед хаана хандах эсэхээ мэдэхгүй байсан учраас Зариг.мн сайтын захирал Өнөрөө гэх хүнтэй уулзаад... ...ингээд цагдаа нар мэдсэн байна. Цагдаа нар модон дээр тавьсан тугалган цаастай ургамлыг хурааж авсан” гэхчилэн үг, үсэг, утга алдагдуулж шивжээ. Тодруулбал, “Зариг.мн” сайтын эрхлэгч Өнөрөөтэй уулзахаас өмнө Хар тамхитай тэмцэх газар очсон, Давааням дэд хурандаатай утсаар ярьж хэлсэн. Тэрэлж явахаар болоход сэтгүүлж Анхзулд миний бие цагдаад мэдэгдэж хамт очих хэрэгтэйг хэлж сануулсан. Цагдаа нар өөрсдөө мэдсэн юм биш, цагдаа нар надаас хурааж аваагүй. Харин би цагдаад мэдэгдэж, цагдаа нартай хамт тус амралтад нэвтэрч ороод цагдаа нарт эд мөрийн баримтыг нь гаргаж зааж өгсөн. Энэ бүгдийг гэрч Анхзул шүүх хурал дээр дэлгэрэнгүй мэдүүлсэн. Бусад гэрчүүдийн тухайд, хэн хэнийгээ гэрчлээд байгаа нь ойлгомжгүй үйлдэгдсэн яллах дүгнэлт. Гэрч Ганчулуун, Бямбадорж нар нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгтээ “тугалган цаас сав бэлдсэн” гэхчилэн хэргээ хүлээсэн атлаа “баригдахдаа хаясан /хогын сав руу/ чулуудсан” тугалган цаастайг өөрсдийнх нь биш хэмээн зөвшөөрөхгүй байна. Энэ хоёрын тухайд дарагдсан гэмт хэргийг илчилсэн учраас миний эсрэг мэдүүлэг өгөх нь ойлгомжтой. Гэрч Түвшинбат нь уг амралтын газрын менежер. Тухайн үед бүх шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан. Түвшинбат нь тухайн үед утсаар дээд албан тушаалтан, эрх бүхий хүнээс заавар зөвлөгөө аваад байсан. Бас хот руу явсан менежер Цогтбаатартай утсаар холбогдоод байсан. Тэгээд Ганчулуун, Бямбадорж нарыг хөөж явуулаад бид бүгдэд гадагш дэлгэхгүй байхыг анхааруулж, ажилчидтай үгсэн тохирсон учраас миний эсрэг мэдүүлэг өгсөн. Миний хувьд шийдвэр гаргах эрх байхгүй учраас ажил үүргийн дагуу дээд удирдлагатай мэдэгдсэн. Гэрч Гантулга нь манай хамгаалалтын албаны дарга. Тухайн хэрэг явдал болсны өглөө би Гантулга даргад болсон бүх асуудлыг утсаар хэлж танилцуулсан. Гантулга нь мэдүүлэгтээ над руу залгаад “хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан хоёр нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсны би олж авсан” гэсэн зүйл ярьсан” хэмээн Жанчивдорж бид хоёрын ярьсныг хольж ярьсан. Би ярихдаа “хогийн сав руу хаясан эд мөрийн баримтыг олоод тэнд нь хус модон дээр тавьсан” гэж дэлгэрэнгүй хэлсэн. Гэрч Жанчивдорж нь надад албан тушаалаа алдсан учраас аргагүй биз. Ер нь гэрчүүд бүгд ажилтайгаа, цалинтайгаа үлдэхийн тулд албан тушаалтныхаа заавраар үгсэн тохирч, нуун дарсан байсан. Гэмт хэргийг илчилж төвөг болсон учраас би тэдний хувьд буруутан болж эрхтэн дархтан баячуудын дургүйцлыг хүргэсэн зүй ёсны үйлдэлдээ эдүгээ ялд унаад хохироод байж байна. Хэрэгт шалгагдаж байх үед “Resort World Terelj” амралтын газрын хүний нөөц Нямдалай нь надтай таараад “чамаас болж манай байгууллагын нэр хүнд бизнесийн зах зээл дээр унасан, одоо байнга шалгалт ирдэг болсон.” гэхчилэн хэлж байсан. Тус амралтын газар нь Монгол Улсын хэмжээнд эхний 10-т ордог дээд зэрэглэлийн тансаг тохь тухтай амралт юм. Налайх дүүргийн төрийн албан болон том аж ахуй нэгжүүд очиж баяр ёслолоо тэмдэглэн амарч зугаацдаг. Ерөнхий захирал Оюун, Баатар нарын нэг хүүхэд нь Налайх дүүргийн иргэдийн төлөөлөгч хийдэг. Энэ бүхэн нь хэр нөлөө бүхий байгууллага болох нь тодорхой. Сүүлд хэрэг авсан прокурор Х.Еркебулан болон Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад холбогдох гэм бурууг шударга шүүнэ гэдэгт би эргэлзэж байна. Шүүх миний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлж өгсөн” гэсэн тайлбарын дагуу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг шалгаад шүүгдэгч нь мансууруулах бодисыг цагдаагийн байгууллагад шилжүүлж өгөх боломжит хугацаанд хадгалж байснаа уг амралтын газар ажиллахаа больсон үед тухайн байгууллагын удирдлагуудаас мөнгө нэхэх, нэр хүндэд халдах зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөртэйгөөр, хадгалсан үйлдлээ мэдэгдсэн байдлыг сайн дураараа шилжүүлэн өгсөн үйл баримт үгүйсгэгдэнэ гэж үзээд шүүгдэгчийг “хориглосон... хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ” хэмээн ял оногдуулсан. Үүнд хэдэн тодруулга хэлэх нь зүйтэй. “Амралтын газар ажиллахаа больсон үед” гэдэгт миний бие тус амралтын газарт томилолтоор суурин ажиллаж байгаад ээлжийн амралтаа аваад хотод ирсэн байсан талаар мөрдөн байцаалт болон шүүх хуралд хэлсэн. Тухайн үед ажлаасаа халагдаагүй байсан. “Мөнгө нэхэх, нэр хүндэд халдах зорилгоор” гэдэгт нь миний зүгээс тус амралтын газраас мөнгө нэхэх, нэр хүндэд нь халдах ямар ч санаа зорилго агуулаагүй. Харин эрхтэн дархтан баячуудын өөр хоорондоо үгсэн тохирч нуун дарсан хууль бус бүлэг хуйвалдааныг илчилж ил болгосон. “...хэвлэл мэдээллийн байгууллагад төлбөртэйгөөр” гэдэгт дээр дурдсан хар тамхи мансууруулах бодисын эсрэг хэвлэл мэдээллийн сайтуудтай хамтарч дуу хоолойгоо нэгтгэдэг. Мөн гэрч Анхзул шүүх хурал дээр ч энэ хүнд урамшуулал гэж 300.000 төгрөг өгсөн гэдгээ тодорхой хэлсэн...”. Түүнчлэн МҮОНРТ-р хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг мэдээлэлийг өндөр үнээр худалдаж авна, мэдээлэлийг нууцлана” гэсэн зар тавигдсан. Бүр цаашлаад гэмт хэргийн гэрчийг хуульд заасны дагуу хамгаалалтад авах ёстой. Гэтэл би эсрэгээрээ ял шийтгүүлээд хоригдож байгаадаа туйлын ихээр гомдолтой байна. Уг гэмт хэрэг нь илрэх боломжгүй байсан уу гэвэл байсан. Миний бие ил болгож өгсөн үү гэвэл өгсөн. Гагцхүү хэрэг гарсан даруйд цагдаад хэлээгүй буруугаа мөрдөн байцаалт шүүхийн шатанд хэлсэн. Тухайн үед нь удирдах албан тушаалтны үгэнд ороод, мөн тэнд суурин ажиллаж байсан учраас хэлэх боломж олдоогүй ч хэсэг хугацааны дараа амраад хотод байх үедээ зохих газарт нь мэдэгдэж илчилсэн билээ. Иймд шүүхээс оногдуулсан 1 жилийн хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Г.Б-ын өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Г.Б-ын идэвхтэй үйлдлээр энэ гэмт хэрэг илэрсэн. Хар тамхитай холбоотой гэмт хэрэг өөрөө нуугдмал байдаг. Шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд энэ хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлж байсан. Шүүгдэгчийн гаргасан үйлдэл, гэмт хэрэгт оролцсон оролцоог үндэслэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.
Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Б-ын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдсон. Уг гэмт хэргийг илчлэхэд сайн дураар оролцсон, дэмжлэг үзүүлсэн гэж хэлж байгаа боловч хэргийн нөхцөл байдлыг авч үзвэл, 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ганчулуун, Бямбадорж нарыг хар тамхи хэрэглэж байхад нь барьсан гэх боловч уг гэмт хэрэг гарснаас хойш хоёр сарын дараа өөрт ашиг олох зорилгоор хадгалсан болох нь тогтоогддог. Иймд сайн дураараа гэмт хэргийг илчилсэн гэж үзэхгүй. Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг 1 жилийн хорих ял оногдуулсан. Давж заалдах гомдлыг харахад гэм буруу дээр маргаж байгаа учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Г.Б- нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Resort World Terelj” амралтын газрын хашаан дахь хус модны ухсан нүхний завсарт Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
гэрч Б.Энхбаярын “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны оройн 21 цагийн үед ээлж аваад камерын бичлэгээ ажиглаад байж байтал амралтын газар галчийн ажилд шинээр орсон хоёр ажилтан уурын зуухны өрөөнд тамхи татахын хажуугаар гартаа жижиг хуванцар сав бариад цоолоод камергүй өрөө рүү яваад орчихоор нь ээлжийн ахлах Жанчивдоржид энэ талаар хэлээд хамтдаа уурын зуухны өрөөнд орсон. Жанчивдоржийн гарт жижиг хэмжээтэй хуванцар сав, гадуур нь скочдсон хуйлсан цаас мэт зүйл байсан. ...Б- нь тухайн үеийн дүрс бичлэгийг ямар санаатай өөртөө хадгалж авсан болохыг мэдэхгүй байна. ...Б- нь 2019 оны 11 сарын 27-ны өдөр байгууллагын хашаан дотор ургаж байгаа модон дээр мансууруулах бодис тавьсан талаар хэнд ч хэлээгүй. Би хувьдаа энэ талаар мэдээгүй. ..." /1хх 44-45/,
гэрч Б.Түвшинбатын “...орой нь 21 цагийн үед хамгаалалтын ажилтан Энхбаяр миний өрөөнд орж ирээд “шинээр авсан хоёр галч залуу уурын зуухны өрөөнд хар тамхи байж болзошгүй зүйл хэрэглээд байна, яах вэ” гэхээр нь тэр даруй би Ганчулуун, Бямбадорж хоёр дээр очиж тэр “та хоёр янз бүрийн мансууруулах бодис хэрэглээгүй биз” гэж асуухад “үгүй” гэсэн. ...Манай хамгаалалтын албаны нэг ажилтан надад дотроо шингэн зүйлтэй, тагтай хуванцар сав өгөхөөр нь авч хараад ширээн дээр тавьсан. Уг хуванцар савыг хэрэгт ач холбогдолтой зүйл гэдгийг мэдээгүй учир хаясан. ...Тэгтэл Б- “цагдаа дуудаж өгөөд хэрэггүй. Байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний талаар мэдлэгтэй. Өөрөө хувийн өмгөөлөгч байсан. Энэ өвснөөс чинь болоод ах нь ажилгүй болчихсон байгаа. Удахгүй ажилдаа орно. Наад хоёроо одоо шууд ажлаас нь халчихсан нь дээр. Цагдаа дуудаж авч ирээд сүр болоод хэрэггүй. Эндээ чимээгүй зохицуулсан нь дээр. Рапортанд би энэ хоёрыг архи уусан учраас халсан гээд оруулчихъя” гэж хэлсэн. ...” /1хх 51-52, 53-54/,
гэрч Ц.Анхзулын “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б- манай сайтын байранд ирээд эрхлэгч Өнөрцэцэгтэй уулзсан. Тэрээр “амралтын газрын ажилчид 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр уурын зууханд хар тамхи хэрэглэсэн талаарх дүрс бичлэг надад байна” гэж хэлээд тухайн дүрс бичлэгийг үзүүлсэн. Тэгээд “тухайн үед хэрэглээд үлдсэн хар тамхийг нь би аваад амралтын газрын хашаанд байдаг модон дотор нуусан байгаа. Танайх энэ асуудлаар сурвалжпага бэлдэх үү" гэхээр нь би өөрийн ажлын газрын эрхлэгчтэй зөвлөлдсөний эцэст сурвалжлага бэлдэхээр болсон. ...Үзлэг шалгалтын үеэр амралтын байрны гаднах төмөр хашаан дотор хамгаалалтын байрны баруун талд байрлах цагаан өнгийн гадаргуутай, хус модны нүхэнд байсан тугалган цаастай зүйлийг хурааж авсан. Тухайн зүйл яг тэнд байсан талаар Б- өөрөө зааж өгсөн. ...Б- уг мэдээллийг манай байгууллагад өгсний хариуд 300.000 төгрөг өөрт нь өгөхийг хүссэн. Бид зөвшөөрч түүнд 300.000 төгрөг өгсөн. ...” /1хх 55-56/,
гэрч Ө.Бямбадоржийн “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ганчулуун гаднаас орж ирээд “андаа уурын зууханд хүрээд ир. Надад өвс байна” гэхээр нь би “тэгээд яах юм бэ” гэхэд “чи яваад тугалган цаас аваад ир” гэхээр нь би гал тогооны өрөөнд очиж тугалган цаас аваад уурын зууханд очоод тогоо хэлбэрт оруулаад, жижиг хуванцар савыг утаат тамхиар цоолоод Ганчулуунаас "нөгөөдөх чинь хаана байна" гэхэд Ганчулуун гарынхаа алган дээр тамхи, өвс эсэх нь ялгагдахгүй шар өнгийн өвс гаргаж ирээд "наадхаа тогоон дээр тавьж бай" гэхээр нь би "чи өөрөө хий" гэсэн. Яг тэр үед гаднаас хүн ирж байгаа бололтой дуу гарахаар нь Ганчулуун харах гээд цаашаа явсан. Тэр үед Ганчулуунтай тулаад гаднаас хоёр хамгаалагч орж ирсэн. Хамгаалалтын албаны ахлах миний гарт байсан савыг аваад "менежертэй уулзлаа" гээд гараад явсан. ...Тэгтэл Б- "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй, байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй, өөрөө хувийн өмгөөлөгч байсан. Энэ өвснөөс болоод ах нь ажилгүй болчихсон байгаа. Удахгүй ажилдаа орно. Наад хоёроо шууд ажлаас нь халчихсан нь дээр. Би энэ хоёрыг архи уусан учраас ажлаас халсан гээд оруулъя" гэж хэлтэл Түвшинбат менежер "цагдаа дуудаж өгөхгүй бол болохгүй" гэж хэлсэн. ...Гаднаас хүмүүс яг орж ирэхээс өмнө Ганчулуун гартаа барьсан байсан өвсийг уурын зуухны байрны гарах хаалга руу цацсан. Ганчулууныг өвс цацах үед би хажуу өрөөнд байсан. Б-ын мэдүүлсэн шиг зүйл тухайн үед болоогүй. ...Ганчулуунаас "нөгөөхөө яасан бэ" гэхэд "үүд рүү цацчихсан" гэж хэлсэн. …Тухайн үед модноос хурааж авсан гээд байгаа зүйл нь Б-ын эд зүйл гэж бодож байна. ... /1хх 60-61/,
гэрч О.Ганчулууны “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Бямбадоржийг "манай өрөөнд ороод ир. Надад жаахан өвс байна. Чи яваад тугалган цаас аваад ир" гэж хэлсэн. Бямбадорж гаднаас тугалган цаас авчираад, хуванцар савыг цоолсон. ...Надад байсан өвсийг хэрэглэж чадаагүй байж байтал гаднаас хоёр хамгаалагч орж ирээд хамгаалалтын ахлах Бямбадоржийн гарт байсан савыг аваад "менежертэй уулзана" гээд гараад явсан. ...Тэр ах “чамтай яриад байх зүйл байхгүй. Угаасаа өвс татчихсан байна. Хэрэв татаагүй бол тэр өвсөө харуул” гэхээр нь би “өвс биш байсан” гэж хэлтэл “тэгвэл харуул” гэхээр нь цацсан өвсөө олох гээд нэг хамгаалагчийн хамт очсон. Өвс маш жоохон байсан учраас олдоогүй. Өвс хайх үед хажууд нэг хамгаалагч залуу байсан. ...Тэгтэл Б- "цагдаа дуудаж өгөөд хэрэггүй. Байгууллагын чинь нэр хүнд унана. Ах нь өвсний тал дээр мэдлэгтэй. Эндээ чимээгүй зохицуулсан нь дээр, би энэ хоёрыг архи уусан учраас халсан гээд оруулчъя" гэж хэлсэн. ...Гаднаас хүмүүс яг орж ирэхийн өмнө би гартаа барьсан байсан өвсийг уурын зуухны байрны гарах хаалганы орчимд хаясан. Намайг өвс цацах үед Бямбадорж болон Б- нар байсан. ...Б- газраас юу ч цуглуулж аваагүй. ...Түвшинбат менежер харж байгаад хоёр хүнээр бидний биед нэгжлэг хийлгэсэн боловч бид хоёрын өмссөн хувцас болон цүнх гээд бүхий л зүйлээс өвс илрээгүй. ...” /1хх 62-63/,
гэрч Б.Гантулгын “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Жанчивдорж над руу залгаад “хар тамхи татсан байж болзошгүй асуудал гарсан. Бид таслан зогсоогоод байж байна. Мансууруулах бодис илэрсэнгүй” гэж хэлсэн. Б- мөн адил над руу залгаад “хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан хоёр нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсныг би олж авсан” гэсэн зүйлийг ярьсан. Харин 2020 оны 1 дүгээр сарын эхээр Б- нь амралтын газраас мөнгө нэхэх үед түүнтэй утсаар холбоо бариад юу болоод байгаа талаар тодруулахад Б- нь “би хохирсон байна. Хохирлоо барагдуулж авна” гэж ярьсан. ...” /1хх 67-68/,
гэрч Ц.Жанчивдоржийн “...2019 оны 11 сарын 27-ны өдөр мансууруулах бодис байгаа эсэхийг тогтоох, илрүүлэх үүднээс Б-ыг Ганчулуунтай хамт уурын зуухны хажуу талд мансууруулах бодис хаясан, цацсан эсэхийг шалгуулахаар явуулсан. Б- удалгүй Ганчулууны хамт ирээд "юу ч олдсонгүй, мансууруулах бодис байхгүй байна" гэж хэлсэн. Би өөрийн биеэр уурын зуухны өрөөг шалгасан. Сэжигтэй зүйл, өвс, ургамал огт байгаагүй. Б-ыг тухайн үед Бямбадорж, Ганчулуун нарыг харгалзаж байх үед эдгээр хүмүүс нь мансууруулах бодисыг халааснаасаа гаргаад хогийн сав руу хаях боломжгүй. Учир нь, Б- нь Ганчулуун, Бямбадорж нарыг харгалзаж байхаас өмнө бид нар тэр хоёрын өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс, уурын зуухны өрөө, амралтын өрөө зэрэгт давхар үзлэг шалгалт хийсэн байсан. Тухайн үед юу ч илрээгүй. ...Энэ бүхнээс би хураан авсан мансууруулах бодис нь Б-д өөрт нь байсан өвс гэж бодож байна. ...” /1хх 69-70/ гэх мэдүүлгүүд,
“...Шинжилгээнд илэрсэн дельта-9 тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтдаг болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 735 дугаартай дүгнэлт/1хх 82-83/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/, “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 1.8894 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /1хх 36/, гэрч Б.Энхбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /1хх 40-43/, гэрч О.Ганчулуунаар эд зүйл таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх 52-53/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Б-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Б- нь өөрийн ажиллаж байсан “Resort World Terelj” амралтын газрын хашаанд дахь хус модны ухсан нүхний завсарт 1.8894 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж, тухайн зүйл заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.
Мөн шүүгдэгч Г.Б- нь “...О.Ганчулуун, Ө.Бямбадорж нарын татах гэж байгаад хаясан өвсийг олж авч, цагдаагийн байгууллагад сайн дураараа шилжүүлэн өгсөн байхад намайг өөрийг минь буруутгаж, ял оногдуулсанд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэрч Б.Энхбаярын “...Жанчивдоржийн гарт жижиг хэмжээтэй хуванцар сав, гадуур нь скочдсон хуйлсан цаас мэт зүйл байсан. ...Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын хашаан дотор ургаж байгаа модон дээр мансууруулах бодис тавьсан талаар хэнд ч хэлээгүй. ...” гэрч Б.Түвшинбатын “...манай хамгаалалтын албаны нэг ажилтан надад дотроо шингэн зүйлтэй, тагтай хуванцар сав өгөхөөр нь авч хараад ширээн дээр тавьсан. Уг хуванцар савыг хэрэгт ач холбогдолтой зүйл гэдгийг мэдээгүй учир хаясан. ...”, гэрч Ө.Бямбадоржийн “...Б-ын мэдүүлсэн шиг зүйл тухайн үед болоогүй. Гадаа хамт байхад Ганчулуун халааснаасаа ямар нэгэн зүйл гаргаж хогийн сав руу шидээгүй. Харин Ганчулуунаас "нөгөөхөө яасан бэ" гэж асуухад "үүд рүү цацчихсан" гэж хэлсэн. ...”, гэрч О.Ганчулууны “...цацсан өвсөө олох гээд нэг хамгаалагчийн хамт очсон. Өвс маш жоохон байсан учраас олдоогүй. Өвс хайх үед хажууд нэг хамгаалагч залуу байсан. ...Гаднаас хүмүүс яг орж ирэхийн өмнө би гартаа барьсан байсан өвсийг уурын зуухны байрны гарах хаалганы орчимд хаясан. Намайг өвс цацах үед Бямбадорж болон Б- нар байсан. ...Б- газраас юу ч цуглуулж аваагүй. ...Түвшинбат менежер харж байгаад хоёр хүнээр бидний биед нэгжлэг хийлгэсэн боловч бид хоёрын өмссөн хувцас болон цүнх гээд бүхий л зүйлээс өвс илрээгүй. ...”, гэрч Б.Гантулгын “...Б- мөн адил над руу залгаад “хар тамхи илрээгүй, хар тамхи татаж байсан хоёр нөхөр ундааны сав барьж байгаад хогийн сав руу хаясан байсныг би олж авсан” гэсэн зүйлийг ярьсан. Харин 2020 оны 1 дүгээр сарын эхээр Б- нь амралтын газраас мөнгө нэхэх үед түүнтэй утсаар холбоо бариад юу болоод байгаа талаар тодруулахад Б- нь “би хохирсон байна. Хохирлоо барагдуулж авна” гэж ярьсан. ...”, гэрч Ц.Жанчивдоржийн “...Б- удалгүй Ганчулууны хамт орж ирээд "юу ч олдсонгүй, мансууруулах бодис байхгүй байна" гэж хэлсэн. Би өөрийн биеэр уурын зуухны өрөөг шалгасан. Сэжигтэй зүйл, өвс, ургамал огт байгаагүй. Б-ыг тухайн үед Бямбадорж, Ганчулуун нарыг харгалзаж байх үед эдгээр хүмүүс мансууруулах бодисыг халааснаасаа гаргаад хогийн сав руу хаях боломжгүй. Учир нь, харгалзаж байхаас өмнө бид нар тэр хоёрын өмсөж явсан хувцас, эдэлж хэрэглэж байсан зүйлс, уурын зуухны өрөө, амралтын өрөө зэрэгт давхар үзлэг шалгалт хийсэн байсан. Тухайн үед юу ч илрээгүй. ...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Г.Б-ын “...О.Ганчулуун, Ө.Бямбадорж нарын татах гэж байгаад хаясан өвсийг олж авч, цагдаагийн байгууллагад сайн дураараа шилжүүлэн өгсөн. ...” гэх гомдол үгүйсгэгдэж байх бөгөөд харин дээрх нотлох баримтуудаар Г.Б-ын өөрийн ажиллаж байсан “Resort World Terelj” амралтын газрын хашаан доторх хус модны ухсан нүхний завсарт 1.8894 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан болох нь нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Г.Б-ас өөр хүн үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Нөгөөтэйгүүр яллах дүгнэлтэд, хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ “Г.Б-ыг 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хооронд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэсэн байх бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хадгалсан гэх нөхцөл байдлыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоож чадаагүй, харин 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч өөрөө зааж өгснөөр үзлэг хийж хурааж авсан байх тул давж заалдах шатны шүүхээс Г.Б-ыг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэж үзсэн болно.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс “...2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдан 2020 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг зүйл ангид шинээр нэмэгдсэн “олж авсан” гэх үйлдлийг шүүгдэгчид холбогдуулан зүйлчилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр төгссөн бөгөөд тухайн цаг хугацаанд дээрх “олж авсан“ гэх үйлдлийг хуульчилсан ч мөрдөж эхлээгүй байсан учир шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зүйтэй. ...” гэж дүгнэн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэх шинжийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН