Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 0015

 

   Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Ц.Ж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаартай шийдвэртэй, Ц.Ж-ы нэхэмжлэлтэй, Булган аймгийн З д-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... миний бие 2013 оны 05 дугаар сард Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцож тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаар тогтоолоор Төрийн албан удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн ба уг нөөцөөс Булган аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Аймгийн м-н захирлаар томилогдож 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. М захирлаар ажиллах хугацаандаа аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын боловсруулж, аймгийн Засаг даргаар батлуулсан “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийн гүйцэтгэхээр аймгийн Б, С, У-ын газрын даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан дүгнүүлж, амжилттай ажиллаж ирсэн. Гэтэл аймгийн З д-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх туслах албан тушаал” гэж заасны дагуу М нь соёлын байгууллагад, захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч, ТҮ ангиллаар цалинжиж ажиллаж байгаа боловч З д-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн асуудал яригдахгүй гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заасан байх бөгөөд миний хувьд аймгийн З д-ай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, хууль бус байх тул Булган аймгийн З д-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаар захирамжийг хүчингүй болгож, намайг Булган аймгийн М захирлын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... Иргэн Ц.Ж-ы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн Музейн даргаар ажиллаж байсан Ц.Ж нь үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлж, зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд тухай бүр нь удирдлагаас алдаа дутагдлаа засах, илэрсэн зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгөн ажиллаж байсан билээ. Ц.Ж-ы гаргасан зөрчил, дутагдал нь дараах баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

Аймгийн М-д ажилласан ажлын хэсгийн илтгэх хуудас,

Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, М дарга нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх илтгэх хуудас, Булган аймгийн Музейн даргын ажилтай танилцсан тэмдэглэл,

Аймгийн З д-ын 2018 оны А/141 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудас зэрэг болно. Дээрх баримтуудыг үндэслэн Ц.Ж-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн болно. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай"-ын 15.4-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.", 15.4.1-д "Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна." гэж заасан байх тул Ц.Ж-ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэрээр:

              Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З овогт Ц-ы Ж-ыг Аймгийн м даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1564684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг Булган аймгийн З д-ын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж-д олгож,

              Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.Ж-ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Аймгийн м нягтланд даалгаж,

              Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 39984 /гучин есөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг Булган аймгийн З д-ын Т-ын г-аас гаргуулж, Төрийн санд оруулах,

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж  шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах гомдолдоо:

 "...Хариуцагчийн дээрх үндэслэлийн ажил дүгнэхэд дутагдалтай гэсэн үнэлгээ авсан, хяналт шалгалтаар алдаа, дутагдал илэрсэн" гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэсэн үндэслэлд хамаарч болох бөгөөд Ц.Ж-ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байжээ" гэж дүгнэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай"-ын 15 дугаар зүйлийн 15.2-т "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно" гэсэн заалттай нийцэхгүй байна. Түүнчлэн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Гэтэл Ц.Ж нь аймгийн М захирлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын байрны гол зорилго: М өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, Аймгийн м үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох, зохицуулах, сан хөмрөгийн бүртгэлийн дэвтэр, маягт, хавтаст хэрэг зэрэг сан хөмрөгийн бүртгэл баримтжуулалтын баримт бичгийг батлагдсан маягт журмын дагуу хөтлүүлэх, зохион байгуулах, үзмэрийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих, бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, хадгалах, ашиглуулах. Ажлын байрны үндсэн зорилт: Музейг хөгжүүлэх төрийн бодлого, шийдвэрийг үйл ажиллагаандаа  мөрдлөг болгон, музейг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулах, байгууллагын дотоод журмыг баталж, мөрдүүлэх, хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг зэргийг биелүүлээгүй болон хангалтгүй биелүүлсэн. Аймгийн М хөдөлмөрийн дотоод журамд заасан 6.2. Албан хаагч нь дараахь үүрэг хүлээнэ 6.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, ажилдаа үнэнч байх, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон хөдөлмөрийн сахилгыг чанд сахин мөрдөж, ажлын байрны тодорхойлолт, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ажиллах; 6.2.6 ... удирдлагаас даалгасан ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх; 6.2.12 Холбогдох хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээ, энэ журамд заасан бусад үүрэг хүлээнэ. ... Байгууллагын удирдлагын эрх, үүрэг: 7.2.9 Архив, албан хэрэг хөтлөлтийг зохих журмын дагуу явуулж, баримт бичгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих; 8.2. Албан хаагчид хөдөлмөрийн сахилгын дараах хэм хэмжээг даган мөрдөнө. Үүнд: 8.2.5. Албан хаагч нь удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, энэхүү журамд харшлаагүй тохиолдолд заавал биелүүлэх; Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралт "Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам"-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт,  Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл. Ажилтны эрх, үүрэг: 6.2. "Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, хуулиар тогтоосон нууцад хамаарах ажил, үүрэгтэй нь холбоотой нууцыг хадгалах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй" гэснийг тус тус зөрчсөн нь Аймгийн М-д ажилласан ажлын хэсгийн илтгэх хуудас, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, М дарга нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх илтгэх хуудас, Булган аймгийн М даргын ажилтай танилцсан тэмдэглэл, Аймгийн З д-ын 2018 оны А/141 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудас зэргээр тогтоогдож байх тул Аймгийн М захирлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан Албан тушаал эрхлэгчийн хүлээх хариуцлага "Ажлын байрны зорилго чиг үүрэг, үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй, ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд цалин, албан тушаалын зэрэглэл буурах, ажлаас халагдах хүртэл, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, хөдөлмөрийн хуульд заасан хариуцлага хүлээнэ" болон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу Ц.Ж-д сахилгын шийтгэл ногдуулах бүрэн үндэслэлтэй байсан.

... Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:    

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ц.Ж нь Булган аймгийн З д-д холбогдуулан аймгийн М захирлын ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Ц.Ж нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Булган аймгийн М захирлаар томилогдон ажиллаж байгаад Булган аймгийн З д-ын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 тоот захирамжаар ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт болжээ.

Ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтныг ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх  үндэслэлийг баримталсан байна.

Ажилтан өөрт ногдуулсан сахилгын үүргийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль тогтоомж, түүнчлэн тухайн байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын болон ёс зүйн дүрмийг зөрчсөн хууль бус үйлдэл, эс үйлдлийг сахилгын зөрчилд тооцно.

Хэрэгт цугларсан нотлох баримт болох 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэсэн илтгэх хуудсанд “...Хууль тогтоомж стандартыг мөрдөж ажиллан сахилгын болон ашиг сонирхлын зөрчил гаргаагүй” гэж /хх 9, 36/ дурьдсан байхаас гадна Аймгийн М-д ажилласан тухай илтгэх хуудас /хх 33-35/, ажилтай танилцсан тэмдэглэл /хх 39-42/, Аймгийн М-д хийсэн хяналт, шалгалтын илтгэх хуудас /хх 46-52/ зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд ажилтан буюу нэхэмжлэгч Ц.Ж-ыг сахилгын зөрчил давтан гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1, 167.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

    ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 317 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 39984 төгрөгийг төрийн санд хэвээх үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

     

               ДАРГАЛАГЧ                                        М.ХҮРЭЛБААТАР                                       

                        ШҮҮГЧИД                                               С.УРАНЧИМЭГ                                                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ё.БЯМБАЦЭРЭН