Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 00317

 

  Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1963 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй, З овогт Ц.Ж  ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн Засаг даргад холбогдох,

Ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай 132/2018/00237/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ж ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,  Боржгон овогт Б. О  

 нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж  миний бие 2013 оны 05 дугаар сард Төрийн жинэхэн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд оролцож тэнцэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 104 дугаар тогтоолоор Төрийн албан удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн ба уг нөөцөөс Булган аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Аймгийн музейн захирлаар томилогдож 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. Музейн захирлаар ажиллах хугацаандаа аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн даргын боловсруулж, аймгийн Засаг даргаар батлуулсан “Ажлын байрны тодорхойлолт”-д заасан ажил үүргийн гүйцэтгэхээр аймгийн Боловсрол, Соёл, Урлагын газрын даргатай жил бүр үр дүнгийн гэрээ байгуулан дүгнүүлж, амжилттай ажиллаж ирсэн. Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн намайг үүрэгт ажиллаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна” гэж, 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх туслах албан тушаал” гэж заасны дагуу Музей нь соёлын байгууллагад захирал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч, ТҮ ангилалаар цалинжиж ажиллаж байгаа боловч Засаг даргатай Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учир хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийн асуудал яригдахгүй гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж болохоор заасан байх бөгөөд Ц.Ж  миний хувьд аймгийн Засаг даргатай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй, ямар нэг арга хэмжээ авагдаж байгаагүй, ноцтой зөрчил гаргаагүй байхад намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй хууль бус байх тул Булган аймгийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Б/31 дугаар захирамжыг хүчингүй болгож, Ц.Ж  намайг Булган аймгийн Музейн захиралыг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг олгуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.Ж ы гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Аймгийн музейн даргаар ажиллаж байсан Ц.Ж  нь үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлж, зөрчил дутагдал гаргаж байсан бөгөөд тухай бүр нь удирдлагаас алдаа дутагдлаа засах, илэрсэн зөрчлийг арилгах талаар үүрэг даалгавар өгөн ажиллаж байсан билээ. Ц.Ж ы гаргасан зөрчил, дутагдал нь дараах баримтаар тогтоогдсон болно. Үүнд:

-Аймгийн Музейд ажилласан ажлын хэсгийн илтгэх хуудас,

-Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, Музейн дарга нарын хооронд байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэх илтгэх хуудас, Булган аймгийн Музейн даргын ажилтай танилцсан тэмдэглэл,

-Аймгийн Засаг даргын 2018 оны А/141 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн илтгэх хуудас зэрэг болно. Дээрх баримтуудыг үндэслэн Ц.Ж ыг

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн болно. Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоол "Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай"-ын 15.4-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,-т заасан "ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан" гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй.", 15.4.1-д "Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна." гэж заасан байх тул Ц.Ж ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж  нь Булган аймгийн Засаг даргад холбогдуулан Булган аймгийн Музейн захиралын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Булган аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн Б/31 тоот захирамжаар Ц.Ж ыг ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарсан хэдий ч ажилтан 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгаж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Захирамжинд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

Хариуцагч Булган аймгийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн өдрийн Б/31 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажлаас халсан үндэслэлийг “2017 оны үр дүнгийн гэрээг дутагдалтай буюу 61.6 хувиар D үнэлгээ авсан, Аймгийн музейд хийсэн хяналт, шалгалтаар алдаа зөрчил илэрсэн”. Дээрх байдал нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны зорилго, чиг үүрэг, үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан, өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд энэ нь ажилтны сахилгын зөрчилд хамаарна гэж тайлбарлаж байна.

Хариуцагчийн дээрх үндэслэлийн “ажлыг дүгнэхэд дутагдалтай гэсэн үнэлгээ авсан, хяналт шалгалтаар алдаа, дутагдал илэрсэн” гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон” гэсэн үндэслэлд хамаарч болох бөгөөд Ц.Ж ыг ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байжээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох ба эдгээр зөрчил тус, тусдаа баримтаар нотлогдсон байвал зохино. Ажилтны гаргасан зөрчил нь түүний хөдөлмөрлөх явцдаа ажлын байрны тодорхойлолт болон байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн адлаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байна. Гэтэл ажлаас чөлөөлөх үндэслэл болсон “сахилгын зөрчил удаа дарааллан гаргасан” нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь Ц.Ж ыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байх тул түүнийг Аймгийн музейн захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд

нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Ц.Ж ы ажилгүй байсан хугацааны ажлын 43 өдрийн /2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2347059: 3 сар = 782353 төгрөг, 782353 төгрөг : 21.5 ажлын өдөр= 36388 төгрөг, 36388 төгрөг х 43 өдөр = 1564684 төгрөг/ 1564684 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо ажлаас халагдсан 4 сарыг оруулахгүй 3, 2, 1 дүгээр сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Ц.Ж  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1564684 төгрөгт ногдох 39984 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.

Иймд нэхэмжлэгч Ц.Ж ыг Аймгийн музейн захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

    ТОГТООХ нь: 

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан З овогт Ц.Ж ыг Аймгийн музейн даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 1564684 /нэг сая таван зуун жаран дөрвөн мянга зургаан зуун наян дөрөв/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын тамгын газраас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ж д олгосугай.
  2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ц.Ж ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Аймгийн музейн нягтланд даалгасугай.
  3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж нэхэмжлэгчид, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 39984 /гучин есөн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгийг Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  О.ОДОНЧИМЭГ