Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01868

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2021/01868

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин суух, Ө овогт О.Б-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, Ш овогт Ж.Б-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

                                  

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б, Ж.Б нарын хувьд хэрэг бүртгэлтийн хэргийн тогтоолыг гаргаж өгсөн. Уг тогтоол дээр гэрч нарын мэдүүлгийг тодруулсан байгаа. Хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан учраас гэрчийн мэдүүлэг үнэн гэж үзэж байна. Ж.Б нь О.Б 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Цаг хугацааны хувьд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойших зээлсэн мөнгөнд нэхэмжлэлийн шаардлага хамааралтай. Өмнө төлсөн мөнгөө 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн зээлсэн мөнгөнөөс хасуулах гэж оролдож байна. 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 5,500,000 төгрөгийг төлөгдсөн гэж тооцож байгаа. Одоогийн байдлаар үлдэгдэл нь 14,500,000 төгрөг байгаа. Зээлийн гэрээг амаар хийгдсэн байгаа учраас хүү, алданги, анз тооцохгүйгээр зээлийн гэрээний үүрэг шаардаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлал, Прокурорын тогтоол зэрэгт гэрч Ж.Б, н.О, н.Э нарын мэдүүлгээр онгоцны билетийн үнийн дүнгээс ашиг тооцохоор хамтарч Ж.Б дансанд мөнгөө хуримтлуулаад, н.Э гэдэг хүний данс руу н.Б гээд шилжүүлсэн нь хавтаст хэргийн 17-22 хуудсанд авагдсан дансны хуулгаас тодорхой харагдаж байна. Ж.Б хувьд О.Б-аас мөнгө зээлсэн асуудал байхгүй. Билетийн үнийн дүн дээр мөнгө нийлүүлж ашиг олох зорилгоор хамтарч ажилласан. н.Э-тэй холбоотой маргаан Улсын Дээд шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа. Прокурорын тогтоол дээр билетийн үнийн дүнтэй холбоотой маргааны талаар дурдсан байдаг. 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс билеттэй холбоотой асуудлууд яригдаж эхэлдэг. Өмнө О.Б, Ж.Б нарын хооронд 20,000,000 төгрөгийг н.Б-ын данс руу шилжүүлээд, буцаад 23,000,000 төгрөг болгож О.Б руу шилжүүлсэн байгаа. Ж.Б-аас О.Б-ын данс руу 3,000,000 төгрөг хийсэн. Дараа нь 10,000,000 төгрөг, 30,000,000 төгрөг, нийт 40.000.000 төгрөгийг авсан. 25,500,000 төгрөгийг төлсөн байгаа харагдаж байна. Өмнө төлсөн 3,000,000 төгрөгийг хасаагүй байдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгаар харагдаж байгаа. Нэхэмжилж байгаа 14,500,000 төгрөгөөс илүү төлсөн 3,000,000 төгрөгийг хасуулах хүсэлттэй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

     

       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулахаар шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь талуудын хооронд зээлийн гэрээний биш хамтран ажиллах гэрээний харилцаа байсан, хариуцагчаас өмнө нь илүү төлсөн 3,000,000 төгрөгийг хасах ёстой гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Б нь нь хариуцагч Ж.Б Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөгийг О.Б-аас гэсэн утгатайгаар шилжүүлсэн байна.

Хариуцагч Ж.Буян нь өөрийн Хаан банк дахь 5225171678 тоот данснаас нэхэмжлэгч О.Б-ын Хаан банк дахь 0000000 тоот данс руу 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөг 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 5,500,000 төгрөг, нийт 28,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэгдэл нь 14,500,000 төгрөг болох нь дансны хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчид 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3,000,000 төгрөгийн гүйлгээг 40,000,000 төгрөгийн төлөлтөд хамааралгүй талаар маргаагүй боловч хариуцагч нь илүү төлөлт учраас одоо шаардаж байгаа төлбөрөөс хасна гэж тайлбарлалаа.

Гэвч хариуцагчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчээс хүлээн зөвшөөрөхгүй байх тул 3,000,000 төгрөгийг харилцан тооцох үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 477 дугаар зүйлийн 477.1-д Хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцна гэж заасан.

Хариуцагч тал нь нэхэмжлэгчтэй жуулчны онгоцны тийзийн худалдаа хийхээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд 40,000,000 төгрөг бол нэхэмжлэгчийн төлөх хураамж байсан гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэр, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол зэргийг нотлох баримтаар өгчээ.

Шүүхийн шийдвэр, прокурорын тогтоол, хариуцагчийн мөнгийг буцаан шилжүүлж байсан дансны хуулга зэрэг баримтаар нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран ажиллахаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан. Нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр, түүнчлэн хариуцагчаас мөнгөний зарим хэсгийг буцаан шилжүүлж байсан дансны хуулгаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

Төлөгдөөгүй үлдсэн төлбөр нь 14,500,000 төгрөг байгаа талаар маргаагүй, өмнө төлсөн 3,000,000 төгрөгийг харилцан тооцохоор шаардаагүй тул хариуцагч Ж.Б-с зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                               

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Бс зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Бд олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 



ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ