Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/01502

 

 

О.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/01868 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Б-гийн хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: О.Б- нь Ж.Б-д 2018 оны 12 сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 01 сарын 17-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 40,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлдүүлсэн. Мөнгийг “Хаан банк” ХХК дахь Ж.Б-ы 5225171678 тоот данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь эргэн төлөлтөөр 2019 оны 01 сарын 30-ны өдөр 9,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 01-ний өдөр 11,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 14-ний өдөр 5,500,000 төгрөг, нийт 25,500,000 төгрөг төлсөн тул үлдэгдэл 14,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс хойш хугацаанд зээлсэн мөнгөнд хамааралтай. 3,000,000 төгрөг нь нэхэмжлэлд хамааралгүй. Зээлийн гэрээ амаар хийгдсэн байгаа учраас хүү, алданги, анз тооцохгүйгээр зээлийн гэрээний үүрэг шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн зүйлгүй. Бид хамтарч онгоцны билетийн үнийн зөрүүгээс ашиг олох зорилгоор О.Б- 40,000,000 төгрөг, Ж.Б- 35,000,000 төгрөг, нийт 75,000,000 төгрөг гаргаж, Э.Энхчимэгт өгсөн. Үүнтэй холбоотой маргаан Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Ж.Б-гаас О.Б-гийн данс руу шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг хасаагүй байна. Нэхэмжилж байгаа 14,500,000 төгрөгөөс илүү төлсөн 3,000,000 төгрөгийг хасуулж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь нэхэмжлэлтэй танилцаад 2021 оны 06 сарын 11-ний өдөр шүүхэд хариу тайлбар гаргасанд нэхэмжлэгч тайлбар ирүүлээгүй тул хүлээн зөвшөөрч байгаад тооцож, 2021 оны 08 сарын 06-ны өдөр зарласан шүүх хуралдаанд оролцсон талаар шүүхээс дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Хариуцагч нь 2018 оны 12 сарын 16-ны өдөр өөрийн 5225171678 тоот данснаас нэхэмжлэгчийн 5099789989 тоот дансанд 3,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн талаарх баримтаа гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаас хасуулахыг хүссэн. Энэ талаар талуудын хэн аль нь мэдэж байгаа асуудал тул заавал сөрөг нэхэмжлэл гаргахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжтой атал нэг талыг барьж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч О.Б- нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нь эс зөвшөөрч “мөнгө зээлж аваагүй, хамтран ажиллах зорилгоор мөнгө нийлүүлж бусдад шилжүүлсэн, энэ асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд О.Б-гийн мөнгийг өгөх боломжтой” гэх агуулгаар тайлбар гаргасан бол түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнгээс 3,000,000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 14-15/

 

Зохигчдын дээрх тайлбар, хэрэгт авагдсан “Хаан банк” ХХК-ийн “Орлогын мэдүүлэг” /хх7/, тус банк дахь Ж.Б-ы эзэмшлийн 5225171678 тоот дансны хуулга /хх17-22/ зэргийг Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлбэл, О.Б- нь Ж.Б-д 40,000,000 төгрөг зээлдүүлсэн, үүнээс 25,500,000 төгрөгийг хариуцагч буцаан төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь, хариуцагчийн маргаж буй илүү төлсөн гэх 3,000,000 төгрөг нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон 40,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн 2018 оны 12 сарын 21-ний өдрөөс өмнө буюу мөн оны 12 сарын 16-ны өдөр байх тул үүнийг нэхэмжлэлд хамааруулан хасч тооцох боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв бөгөөд хариуцагчийн гаргасан тайлбарт үндэслэн талууд хамтран ажилласан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, “нэхэмжлэгч хариуцагчийн хариу тайлбарт тайлбар гаргаагүй нь Ж.Б- мөнгө төлөх боломжгүй байдлыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, шүүх хуралдаанд оролцсоныг анхан шатны шүүх анхаараагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх хариуцагчаас гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан ба хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгч хариуцагч талын тайлбарыг эсэргүүцээгүй буюу хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 102/ШШ2021/01868 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. 

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,450 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.ОТГОНЦЭЦЭГ             

                          

                           ШҮҮГЧИД                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                           Д.НЯМБАЗАР