Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 25

 

 

 

  “Тотал дистрибюшин” ХХК-ний нэхэмжлэлтэй

 иргэнийхэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, АНУН төвд байрлах “Тотал дистрибюшин” ХХК-ний /РД: 5167647/ нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Равжаатайжу овгийн Бэхбатын Дэлгэрмаа /РД: ДЭ72032106/, Мөнх овгийн Цэдэвдоржийн Ганмөнх /РД: ЕТ81060908/, Тайж овгийн Хуяг-Очирын Баттогтох /РД: ДЛ88022610/ нарт холбогдох

Байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Хишигжаргал, хариуцагч Н.Дэлгэрмаагийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагч Ц.Ганмөнхийн өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагч Х.Баттогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тотал дистрибюшин ХХК-ийн Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг дутагдал илэрсэн. Уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 20160700009 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Тотал дистрибюшн ХХК-д 29.089.220 /хорин есөн сая наян есөн мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хохирол учирсан болохыг Улаанбаатар аудит ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 193 тоот аудитын дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон боловч хариуцагч тус бүр хэзээ, яаж, хэдэн төгрөгний хохирол учруулсныг шинжээчийн болон аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй, хариуцагч тус бүрийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой биш гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 8-ны өдөр эрүүгийн хэргийг прокуроын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид нь байгууллагад 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсоны үндсэн дээр байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Д.Дамидмаа аудиторын ажлын хөлс 616.700 /зургаан зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар аудит ХХК-иар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг, нийт 6.916.700 /зургаан сая есөн зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөгийг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн. Иймд байгууллагад учирсан нийт хохирол 36.005.920 /гучин зургаан сая таван мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12.001.980 /арван хоёр сая нэг мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Түгээгч Х.Баттогтох 2016 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Тотал дистрибюшн ХХК-д бичгээр гаргасан тайлбартаа Могойн бор харилцагчаас хувийн дансандаа барааны үнэ 3.059.520 /гурван сая тавин есөн мянга таван зуун хорин/ төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж бичсэн ч төлөлт хийгээгүй болно. Иймд Х.Баттогтохоос дээрх 12.001.980 төгрөг дээр 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Могойн бор харилцагчид нийлүүлсэн барааны хувийн дансандаа шилжүүлэн авсан 3.059.520 төгрөг, нийт 15.061.500 /арван таван сая жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Тотал дистрибюшин ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Тус ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн гэнэтийн тооллогоор 29.111.900 төгрөгийн дутагдал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж бидний хууль бусаар бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг уг компани нь дутагдлаа төлөхөө зөвшөөрвөл цаашид ажиллаад хохирлоо барагдуул, шүүх цагдаа гэхгүй өнгөрнө гэж биднийг хуурч төлөх баталгаа бичүүлж авсан боловч хууль хяналтын байгууллагад өгсөн байсан. Мөн намайг ажиллуулахгүй байгаа боловч чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, тушаал шийдвэр гардуулаагүй байгаа болно. Иймээс бид ямар учраас хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн, хэрхэн ямар учраас дутагдсан болох нь ч тогтоогдоогүй, уг дутагдалд намайг гэм буруутай болохыг өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд миний бие нь ямар үндэслэлээр надаас 12.001.980 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Х.Баттогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х.Баттогтохын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Баттогтох нь энэ компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрдөггүй. Ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр Х.Баттогтох нь энэ компанид түгээгч хийдэг байсан. Тэгэхээр Х.Баттогтохын энэ компаниас хэдэн сарын хэдний өдөр ямар ямар бараа аваад, түгээлтийн хугацаанд ямар ямар бараагаа дутагдуулаад энэ 12.000.000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь тогтоогдохгүй байна. Тухайн үед Х.Баттогтох нь бараа аваад буцаагаад бэлэн мөнгөөр нь болон өөрийнхөө дансаар эсхүл авсан байгууллагууд нь дансаар хийгээд явдаг байсан. Х.Баттогтохын агуулахаас авсан барааны юу, юу дутагдсан юм бэ гэдэг нь тодорхойгүй. Тийм учраас энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Ц.Ганмөнх шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нэхэмжилж байгаа үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр энэ үе дамжсан өр, би анх ажилд орохдоо ийм өртэй зүйл дээр орсон. Өмнө нь “Дөрвөн өвөлжөө” компанийн гэрээт байхдаа ийм өртэй байсан юм билээ. Энэ бол программын алдаа байх гэж бодож байна. Яагаад гэхээр би ороод жил ч болоогүй байхад ингэж их өр үүсэж байна. Үүнийг хэлж илрүүлээгүй байсан бол цаашаа даамжраад яваад байх байсан учраас эрт хэлж арга хэмжээ авахуулъя гэж бодсондоо хэлж илрүүлсэн. Ажилд орохдоо л ийм өрөн дээр орсон. Тийм учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

Хариуцагч Б.Дэлгэрмаа шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Дэлгэрмаа миний бие нь анх 2007 онд Зүүн хараа трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр компанийн нэр Тотал дистрибюшин ХХК болж өөрчлөгдсөн. Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын ахлахаар томилогдон ажиллаж байгаа болно. Ингээд 2016 оны 6 дугаар сараас энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд намайг эрүүгийн хэрэг шалгах хугацаанд миний ажлыг түдгэлзүүлээгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй өдий хүрсэн бөгөөд миний буруутай үйлдлээс мөнгө дутагдсан нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Мөнгөнхүү сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Б.Дэлгэрмаагийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан шаардлагуудыг хангаагүй, манай компаниас гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй өөрөөр хэлбэл, Тотал дистрибюшин ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчаас хариуцаж байсан эд хөрөнгийнх нь үнэ буюу хохирлыг нэхэмжилсэн бөгөөд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэсэн байгаа нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан Бэхбатын Дэлгэрмаа, Цэдэвдоржийн Ганмөнх, Хуяг-Очирын Баттогтох нараас байгууллагад учруулсан хохиролд 39.065.460 төгрөг гаргуулах тухай Тотал дистрибюшин ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Дэлгэрмаагийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлд хариуцагч Б.Дэлгэрмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХК давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  "Тотал Дистрибюшин" ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Дэлгэрмаа, Ц.Ганмөнх, Х.Баттогтох нарт холбогдох хариуцагч нараас байгууллагад учруулсан хохирол барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд 133/ШШ2018/00319 дугаар бүхий шийдвэр гарган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

 Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

1.    Анхан  шатны  шүүхийн  шийдвэрийн үндэслэх хэсэгт "...  Хөдөлмөрийн тухай хуулийн   135  дугаар   зүйлийн   135.4-т  зааснаар   хөдөлмөрийн   гэрээнд   эд хөрөнгийн  бүрэн  хариуцлагын   гэрээний  талаар  тусгасан   байгаа  боловч ажилтантай бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй." гэжээ.

"Тотал дистрибюшин" ХХКомпаний зүгээс дээрх 3-н \хариуцагч\ ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл 8.3,8.4 дэх хэсэгт эд хөрөнгийн бүрэн хариуцлагыг зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх заалт нь ажилтантай Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, мөн Хөдөлмөрийн гэрээндээ эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай заагаагүй бол ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулж болохгүй гэсэн байна. Харин ажилтантай Хөдөлмөрийн гэрээ байгуулаад Хөдөлмөрийн гэрээндээ эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай зааж өгсөн бол ажилтанд, эд хөрөнгийн бүрэн хариуцлага ногдуулж болох нь хуулийн хүрээнд нээлттэй байна.

Иймд: Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэргээс үзвэл хариуцагч нар нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх субъектүүд мөн болох нь тодорхой байна.

2.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Иргэний хуулийн 497 дугаар  зүйл   буюу  гэм  хорын  хохирол   нь  хууль  бусаар  санаатай  буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учруулсан байх нөхцлийг хуульчилсан байна. Хариуцагч нарын хувьд хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна", "...хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нарын буруутай үйлдлийн улмаас хэн нь хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох нь тоггоогдохгүй. Хэний, ямар буруутай үйлдлээс    болж, хэзээ, хэнд, хэдий хэмжээний хохирол учирсныг нотолж чадахгүй байна" гэжээ. Хариуцагч нарын гэм буруутай үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон өөрсдийнх нь бичгээр гаргаж өгсөн хүсэлт, шүүх хуралдаан дээр хариуцагч Ц.Ганмөнхийн хэлсэн тайлбар зэргээр хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нарийн нягталж шалгалгүй, хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.Үүнд:

* Хариуцагч Ц.Ганмөнх нь шүүх хуралдаан дээр Б.Дэлгэрмаагаас анх ажил хүлээж авахдаа бүрэн тоолж хүлээж аваагүй, зарим подон доор хураалттай байгаа архины доод талын эгнээнд хоосон авдар өрсөн байгаа болон хүлээлгэж  өгч  байгаа  бараа  бүтээгдэхүүнээс  дутуу  байгаа   гэдгийг хариуцагч Б.Дэлгэрмаа надад хэлж байсан гэж шүүх хуралдаан дээр хэлдэг.

* Ц.Ганмөнх    нь    агуулахын    няравын    ажлыг    хүлээж    авахдаа    бараа бүтээгдэхүүнийг дутуу байгаа гэдгийг мэдсээр байж /хэдий хэмжээний бараа бүтээгдэхүүн дутуу байгааг нарийн тоолж хүлээж авалгүй / ажил хүлээлцсэн актан дээр гарын үсэг зурж ажлаа хүлээж авсан.

* Б.Дэлгэрмаа  нь тухайн үед  Говь-Алтай  аймаг дах салбарын  ахлахаар ажиллаж байсан бөгөөд түр няравын ажлыг орлон гүйцэтгэж байсан, энэ хугацаандаа  бараа  бүтээгдэхүүн  үрэгдүүлж,  дутааж  компанид  хохирол учруулсан  бөгөөд     шинээр  ажил  хүлээж  авч   байгаа  ажилтанд  бараа бүтээгдэхүүнийг   бүрэн   гүйцэд   хүлээлгэж  өгөөгүй   болох   нь   хариуцагч Ц.Ганмөнхийн шүүх хуралдаан дээр хэлсэн мэдүүлэг, өөрийнх нь хохирлоо барагдуулна гэсэн хүсэлт бусад нотлох баримтуудаар нотлогддог.

 * Хариуцагч Х.Баттогтох нь "Могойн бар" харилцагчаас бараа бүтээгдэхүүний үнэ болох 3.059.520 төгрөгийг өөрийн дансандаа шилжүүлэн авснаа хүлээн зөвшөөрч компанид уг мөнгийг төлөхөө бичгээр хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй

* Хариуцагч Ц.Ганмөнх нь салбарын ажилчдыг тарсны дараа Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох бид гурав үлдээд гар падаан ихсээд байна бид 3-н өрийн хэмжээ нэмэгдээд байна гурвуулаа ахиж өр тавилгүйгээр өрөө бага багаар дарах тухайгаа ярилцсан гэсэн мэдүүлэг зэргээр дээрх 3-н хариуцагч нь компанид учруулаад байгаа хохирлоо мэддэг байсан нь нотлогддог /гар падаан гэдэг зүйлийг байгууллага хэрэглэдэггүй бөгөөд харилцагчаас ирсэн захиалгын дагуу шууд компьютрт шивэлт хийсэн баримт ашигладаг/

* Ц.Ганмөнх нь Б.Дэлгэрмаа, Х.Баттогтох бид гурав харилцагч нараас ирсэн захиалгыг гаргахдаа гар падаан бичин мөнгийг хүлээж аваад байгууллагад учруулсан өмнөх өрөө дардаг байсан гэдгээ шүүх хуралдаан дээр ярьсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа, хариуцагч нар нь компанид санаатай хохирол учруулдаг байсан нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Байгууллагад учруулсан хохирлоо бүгд мэдэж байсан, хэрхэн шийдэхээ хоорондоо ярилцдаг байсан, хоосон хайрцаг тоолуулах, шинэ орлогоороо хуучин дутагдлаа нөхөх зэргээр зөрчлөө нуун дарагдуулдаг байсан зэрэг тэдний хууль бус үйлдлүүд анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн байдаг.

Иймд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар хууль бусаар, санаатайгаар бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэж заасан.

*      Хуульд заасан "...нэгэн адил хариуцлага хүлээнэ" гэдгийг Улсын Дээд Шүүх гэм хор учруулахад нөлөөлсөн тэдний оролцоог үл харгалзан гэм хорын хохирлыг тэнцүү хэмжээнд хариуцна гэж тайлбарласан. Байгууллагад учирсан 29.111.900 төгрөгийн хохирлыг хариуцагч нар нэг санаа зорилготойгоор, хамтарч учруулсан болох нь тэдний шүүх хуралдааны явцад өгч байсан тайлбар, санхүүгийн албанд өгсөн өргөдөл, дутагдлаа хамтран нуун дарагдуулж байсан үйлдэл зэргээс тодорхой байна. Иймд хариуцагч Б.Дэлгэрмаа, Ц.Ганмөнх, Х.Баттогтох нарын учруулсан хохирлоо хэрхэн хувааж, хэзээ, яаж авснаас үл шалтгаалаад байгууллагад нэгэнт хохирол учруулсан нь тогтоогдож байх тул хохирлыг хамтарч барагдуулах хуулийн үндэслэлтэй гэж байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагад Х.Баттогтохоос "Могойн бар" харилцагчаас хувийн дансаар авсан 3,059,520 /гурван сая тавин есөн мянга таван зуун хорь/-н төгрөгийг гаргуулах байдаг. Хариуцагч энэ мөнгийг авсан гэхдээ буцаагаад төлсөн гэж маргадаг. Бодит байдал дээр төлсөн гэдэг нь тогтоогддоггүй, хариуцагч Х.Баттогтох нь гэм буруугүй гэдгээ өөрөө нотолдоггүй. Гэтэл анхан шатны шүүхээс үүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүй, үндэслэлээ тайлбарлалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхихоор шийдвэрлэсэн.

Иймд: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дугаар бүхий анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байх тул, ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт зааснаар "Тотал Дистрибюшин"ХХК-д учирсан хохирол болох 29.111.900 төгрөгийн дутагдал, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон шинжээчдийн хөлсөнд төлсөн 6.916.700 төгрөг, нийт 36,005,520 /гучин зургаан сая таван мянга таван зуун хорь/-н төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хувааж гаргуулах, хариуцагч Х.Баттогтохоос "Могойн бар" харилцагчаас хувийн дансандаа шилжүүлэн авсан 3,059,520 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХК нь Б.Дэлгэрмаа, Ц.Ганмөнх, Х.Баттогтох нараас байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 29.111.900 төгрөг уг зөрчлийг Говь-Алтай аймгийн цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч, аудитын ажлын хөлсөнд гарсан зардал 6.916.700 төгрөг нийт 36.005.920 төгрөгийг хариуцагч тус бүрээс 12.001.980 төгрөгийг, Х.Баттогтохоос харилцагчаас хувийн дансандаа шилжүүлж авсан 3.059.520 төгрөг нийт 15.061.500 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Б.Дэлгэрмаа нь “Тотал дистрибюшин” ХХК-ний Говь-Алтай аймаг дахь салбарын ахлахаар, Ц.Ганмөнх нь агуулахын няраваар, Х.Баттогтох нь түгээгчээр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29.111.900 төгрөгний дутагдал илэрсэн нь хариуцагч нарын гэм буруутай үйлдлээс болсон гэж үзэж байна уг хохирлыг тэнцүү хэмжээгээр хариуцагч тус бүрээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчээс тайлбарлаж буй “Тотал дистрибюшин” ХХК-иас Б.Дэлгэрмаа, Ц.Ганцог, Х.Баттогтох нарын хариуцаж байсан ажилд гэнэтийн тооллого явуулахад дээрх зөрчил буюу 29.111.900 төгрөгний дутагдал гарч цагдаагийн байгууллагад хандаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахад хэн нь хэдэн төгрөгний хохирол учруулсныг тогтоох болон, шүүхээр шийдвэрлэгдэх боломжгүй байна гэсэн үндэслэлээр аймгийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хариуцагч нар нь хууль бус үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа хууль бус үйлдлээс гадна өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлагыг хэрхэн хүлээлгэх талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд ажилтан өөрийн буруугаас байгууллагад хохирол  учруулсан байхыг шаарддаг бөгөөд энэ тохиолдолд ажилтны буруутай үйл ажиллагаа, үүний улмаас байгууллагад учирсан хохирол, тэдгээрийн шалтгаант холбоо тогтоогдсон тохиолдолд ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ болон бүрэн хариуцлагын гэрээний үндсэн дээр хохирлыг арилгуулахаар ажилтнаас шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээнд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тусгасан боловч ажилтантай бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт “...ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах...”-аар заасан бөгөөд Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг бичгээр байгуулж уг гэрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын харилцан хүлээх үүрэг, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдийг тусгаж, талууд гарын үсгээ зурж, хуульд заасан бусад шаардлагыг хангасан байхыг шаарддаг.

Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх тухай гэрээг байгуулаагүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлагын асуудал тавигдахгүйг хуулиар ингэж зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс хариуцагч нарыг “Тотал дистрибюшин” ХХК-ний Говь-Алтай салбарт ажиллаж байх хугацаанд нь гэнэтийн тооллого  хийхэд учруулсан 29.111.900 төгрөгийн хохирлыг адил тэнцүү хэмжээгээр төлж байгууллагыг хохиролгүй болгуулахаар нэхэмжлэлийн шаарлага гаргаж түүнээ дэмжиж байгаа талаар л тайлбарлаж байгаа болохоос уг хохирол,төлбөр хэний ямар буруутай үйлдлээс, хэзээ, хэн нь хэдий хир хэмжээний хохирол учруулсан тухай нотлох баримт хэрэгт байхгүй, баримтаар нотолж чадаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхих зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00319 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН