Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 188

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ж.Отгонхишиг, шүүгч Б.Өлзийхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, АНУН2 төвд байрлах хаягтай “Тотал дистрибюшин” ХХКомпанийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Б.Д,
хариуцагч: Ц.Г,
хариуцагч: Х.Б нарт холбогдох
байгууллагад учруулсан гэм хорын хохирол 39.065.460 төгрөг гаргуулах тухай үндсэн, хариуцагч Б.Д-гийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Ж.М, иргэдийн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХКомпани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тотал дистрибюшн ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарт 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн тооллого хийхэд 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийг дутагдал илэрсэн. Уг зөрчлийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газар 20160700009 тоот эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Тотал дистрибюшн ХХК-д 29.089.220 /хорин есөн сая наян есөн мянга хоёр зуун хорин/ төгрөгийн хохирол учирсан болохыг Улаанбаатар аудит ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 193 тоот аудитын дүгнэлт, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон боловч хариуцагч тус бүр хэзээ, яаж, хэдэн төгрөгний хохирол учруулсныг шинжээчийн болон аудитын дүгнэлтээр тогтоох боломжгүй, хариуцагч тус бүрийн хүлээх хариуцлагын хэмжээ тодорхой биш гэсэн үндэслэлээр 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эрүүгийн хэргийг прокуроын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчид нь байгууллагад 29.111.900 /хорин есөн сая нэг зуун арван нэгэн мянга есөн зуун/ төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч тэнцүү хувааж төлөхөөр тохиролцсны үндсэн дээр байгууллага үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоосон боловч уг хугацаанд байгууллагад учруулсан хохирлыг барагдуулаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай компани нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Д.Дамидмаа аудиторын ажлын хөлс 616.700 /зургаан зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар аудит ХХК-иар дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 3.500.000 /гурван сая таван зуун мянган/ төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээр дүгнэлт гаргуулсан ажлын хөлс 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөг, нийт 6.916.700 /зургаан сая есөн зуун арван зургаан мянга долоон зуун/ төгрөгийг шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн. Иймд байгууллагад учирсан нийт хохирол 36.005.920 /гучин зургаан сая таван мянга есөн зуун хорин/ төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 12.001.980 /арван хоёр сая нэг мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулж өгнө үү. Түгээгч Х.Б 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Тотал дистрибюшн ХХК-д бичгээр гаргасан тайлбартаа Могойн бор харилцагчаас хувийн дансандаа барааны үнэ 3.059.520 /гурван сая тавин есөн мянга таван зуун хорин/ төгрөгийг шилжүүлэн авсан болохоо хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна гэж бичсэн ч төлөлт хийгээгүй болно. Иймд Х.Б-с дээрх 12.001.980 төгрөг дээр 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Бугат сумын Могойн бор харилцагчид нийлүүлсэн барааны хувийн дансандаа шилжүүлэн авсан үнэ 3.059.520 төгрөг, нийт 15.061.500 /арван таван сая жаран нэгэн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХКомпани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа: Хариуцагч Ц.Г нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өвчний улмаас нас барсан тул Ц.Г-д холбогдох компанид учруулсан хохирол болох 12.001.980 /арван хоёр сая нэг мянга есөн зуун наян/ төгрөг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд Б.Д, Х.Б нараас компанид учруулсан хохирол болох 27.063.480 /хорин долоон сая жаран гурван мянга дөрвөн зуун наян/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Тотал дистрибюшин компанид 9 дэх жилдээ ажиллаж байна. Компаний үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй тайлбар хийе гэж бодож байна. Манай компани Монгол улсын хэмжээнд 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бүх салбарууд ижил программ дээр ижил системийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатараас ирж байгаа бараа жолоочийн ачилтын падаантайгаа ирээд агуулахын няравт падаантайгаа өгдөг. Тэрийг агуулахын нярав хүлээж аваад гарын үсэг зурсан баримтаа Улаанбаатарт байгаа нягтлан руу скайнердаж явуулдаг систем байгаа. Үйл ажиллагааны хувьд худалдааны төлөөлөгч гэдэг хүн өмнөх өдөр нь явж системийн утсан дээр захиалга авдаг. Тэр авсан захиалга программд ирсний дагуу маргааш нь түгээлтэд гардаг үйл ажиллагаа байгаа. Энэ үйл ажиллагаатай гарсан зөрчил тухайн үед ажиллаж байсан. Б.Д, Х.Б, Ц.Г нар нь санхүүгийн үйл ажиллагааг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн шивэхгүйгээр өөрсдийн эрх мэдлээ ашиглан гаргаснаас болж зөрчил үүссэн байгаа. Нийт үүссэн хохирол дээр Б.Д, Х.Б, Ц.Г нарыг ярьсан яриа байдаг. Тооллого ирэхээр урьдчилан хоосон хайрцаг бэлддэг ч юм уу? ийм асуудал байсан. Тухайн үед хэрэгт холбогдсон хүмүүс өөрсдөө дотооддоо ийм мэдээлэл хийсэн байдаг. Бид нар өр авлагаа барагдуулахгүй бол өрийн хэмжээ нэмэгдлээ гэсэн яриа үүсээд өөрсдөө санаачилга гаргаад тоолуулъя гэсэн мэдээлэл гарч байсан. Мэдээлэл гаргасан хүн нь Ц.Г, А, Г гэсэн хүмүүс нотлон ярьдаг. Тэр 2 хүн нь одоо ч гэсэн ажлаа хийж байгаа. Компанид үүссэн хохирлыг тогтоох боломжгүй гэж өмнөх хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн хүмүүс өөрсдөө албан тушаалаа ашиглаад хуурамчаар баримт бүрдүүлдэг, гаргасан бараагаа шивдэггүй байсан учраас тэдгээр хүмүүсийн хоорондоо үгсэн тохиролцсон зүйлийг тогтоох боломж байхгүй. Тэр хүмүүс үүнийгээ бүрэн мэдэж байгаа гэв. 
Хариуцагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Тотал дистрибюшин ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Тус ХХКомпаниас 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн гэнэтийн тооллогоор 29.111.900 төгрөгийн дутагдал гарсантай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаж бидний хууль бусаар бусдын эд хөрөнгийг ашигласан, үрэгдүүлсэн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд хэрэг хэрэгсэхгүй болсон. Биднийг уг компани нь дутагдлаа төлөхөө зөвшөөрвөл цаашид ажиллаад хохирлоо барагдуул, шүүх цагдаа гэхгүй өнгөрнө гэж биднийг хуурч төлөх баталгаа бичүүлж авсан боловч хууль хяналтын байгууллагад өгсөн байсан. Мөн намайг ажиллуулахгүй байгаа боловч чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, тушаал шийдвэр гардуулаагүй байгаа болно. Иймээс бид ямар учраас хэрхэн дутагдал гарсан болохыг шалгаж тогтоолгох нь зүйтэй гэж үзсэн, хэрхэн ямар учраас дутагдсан болох нь ч тогтоогдоогүй, уг дутагдалд намайг гэм буруутай болохыг өнөөдрийн байдлаар тогтоогдоогүй гэж үзэж байна. Иймд миний бие нь ямар үндэслэлээр надаас 12.001.980 төгрөгийг нэхэмжилж байгааг ойлгохгүй хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Д нь шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Б.Д миний бие нь анх 2007 онд Зүүн хараа трейд ХХК-ийн худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд сүүлд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр компанийн нэр Тотал дистрибюшин ХХК болж өөрчлөгдсөн. Миний бие нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс салбарын ахлахаар томилогдон ажиллаж байгаа болно. Ингээд 2016 оны 06 дугаар сараас энэхүү маргаан үргэлжилж байгаа бөгөөд намайг эрүүгийн хэрэг шалгах хугацаанд миний ажлыг түдгэлзүүлээгүй, намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулж өгөөгүй өдий хүрсэн бөгөөд миний буруутай үйлдлээс мөнгө дутагдсан нь тогтоогдоогүй байхад үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иймээс ажлаас чөлөөлөөгүй атлаа ажил хийлгэхгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ажилд тогтоож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Д-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэд хэдэн үндэслэлээр няцаая гэж бодож байна. Нэгдүгээрт Б.Д гэдэг хүн 2008 оноос MCS дистрибюшин ХХК-д ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ бүгд МCS ХХК гэсэн газартай байгуулсан. Хавтаст хэрэгт Тотал дистрибюшин гэсэн хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт нэг ширхэг ч байхгүй. Би үүнийг юу гэх гээд байна гэхээр MCS, Тотал дистрибюшин 2 ямар учиртай юм. Эрх нь шилжсэн юм уу? шилжээгүй юм уу? нэхэмжлэл гаргаад явах эрхтэй юм уу? үгүй юу гэдэг асуудал яригдана. Энэ огт яригдаагүй асуудал. Хоёрдугаарт гурвуулаа үгсэн тохиролцоод гэсэн асуудал байгаа. Энэ хүмүүсийн тайлбарлаж байгаагаар Б.Д гэж хүн салбарын ахлагч хүн агуулахад байгаа барааг өөрөө очоод авах эрхгүй. Нярваас ирсэн барааг операторт мэдэгдээд гаргах эрхтэй хүн байгаа. тэгэхээр төвд сууж байгаа операторуудтай адил. Дараагийн дугаарт хамгийн сүүлд төвөөс ирсэн тооллого хэзээ ирсэн юм. Энэ талаар хэрэгт баримт байхгүй. Худлаа тоолуулсан гэж байгаа. Төвөөс ирж байгаа тооллого нь хайрцаг тоолох гэж ирдэг юм уу? бараа тоолох гэж ирдэг юм уу? энэ нь ойлгомжгүй. Хэрвээ хайрцаг тоолох гэж ирдэг бол тооллого гэж явах шаардлага юу байгаа юм. Бараа бүтээгдэхүүнээ тоолсон бол тэр хүмүүсийн ажлын байрны дутагдал гарч байгаа юм уу? яагаад төвөөс ирдэг тооллогыг яриад байна гэхээр төвөөс ирдэг тооллого нь ирдэггүй. Ирдэггүйгээс ийм байдал үүссэн. Гуравдугаарт Улсын Дээд Шүүх дээр хариуцагч түгээгч гээд байгаа Х.Б Ц.Г нарын хооронд агуулахаас бараа бүтээгдэхүүн гаргаж өгдөг. Түгээлтэд гардаг падаан байхгүйгээр энэ дутагдал гараад байна. Хэн нь авсан нь тогтоогдох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна гэхээр нэхэмжлэгч талаас падаан байгаа гэсэн. Тэр үүднээс Улсын Дээд Шүүх тогтоолдоо юу гэж дурдсан бэ гэхээр тооллогын баримт болоод байгаа баримтууд байхгүй гэж дурдаж өгсөн. Дээд Шүүх дээр очихоор падаантай гэдэг зүйлийг хэлдэг. Тийм учраас Дээд Шүүх тооллогын баримтууд байхгүй байна гэсэн. Үндэс болоод байгаа баримтууд гараад ирсэн бол шинжээчийн дүгнэлтийг тогтоолгоё гэж ярих байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар орж байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлага энэ хавтаст хэрэгт тогтоогдоогүй байна. Дутагдал болоод байгаа нь тогтоогдохгүй байна.  Тоо, ширхэг, литр, нэр төрлөөрөө гарч ирэх боломжтой эд хөрөнгийн дутагдал чинь тогтоогдохгүй байна. Тооллого хийгдсэн гэж байгаа. Тооллогын баримтад илүү тоо гарч ирдэг. Ирсэн бараанаас илүү гардаг. Энэ асуудал нь программын алдаа юм уу? хаанаа дутагдаад байгаа юм гэдэг асуудал тогтоогдох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Нэхэмжлэлийн шаардлага тогтоогдоогүй байна. Нэхэмжлэх эрхтэй эрхгүй гэдэг нь хавтаст хэргээр тогтоогдоогүй. Тотал дистрибюшин ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ ирсэн. Энэ  компани нь 2007 оноос үүсгэгдээд явсан. Б.Д- 2008 оноос эхлээд MCS гэдгээр тушаал гарсан. Энэ 2 компани хоорондоо холбоотой байсан бол эхнээсээ Тотал дистрибюшин гэж явахгүй яагаад МCS гэж явсан юм. Хоорондоо яаж шилжсэн юм. Охин компани юм уу? салбар нь юм уу? эсхүл эрх нь шилжсэн юм уу? гэдэг нь хавтаст хэргээр тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Х.Б нь MCS ХХК-д түгээгчээр ажилд орсон. Х.Б-с дутагдсан эд зүйлийг үнэ нэхэж орж ирснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр Х.Б нь эд хариуцагч биш. Түгээгч байсан. Х.Б-н агуулахаас авсан бараанаас хэдэн сарын хэдний өдөр ямар дэлгүүрт тараасан юм. Оператор гэдэг хүн нь худалдааны төлөөлөгчийн захиалагчаар бараа түгээгч нь хүргэж өгдөг гэж байна. Худалдааны төлөөлөгч нь хэзээ ямар дэлгүүрт хэдэн төгрөгийн бараа өгнө гэснийг Х.Б нь хэдэн төгрөгийн бараа ямар дэлгүүрт хүргэж өгсөн, тэрнээс нь хэдэн төгрөгийн дутагдал гарсан нь одоог хүртэл тогтоогдоогүй. Энэ нь Цагдаагийн байгууллагаас ч тогтоогдоогүй. Х.Б нь Цагдаагийн байгууллага дээр өгсөн мэдүүлэг. Миний агуулахаас авсан бараа эргээд шилжүүлсэн мөнгөн дүн хоёроос дутагдал гараагүй. Би тухайн үед нь бэлэн мөнгийг бэлнээр нь дансаар орсон мөнгийг дансаар нь өгдөг байсан. Миний агуулахаас авсан бараанаас ямар нэгэн дутагдал гараагүй. Би үүнийг хариуцахгүй.  Гэнэтийн тооллого гэж ирээд эд хариуцагч нартай тооцоо нийлсэн. Эд хариуцагч нартай тооцоо нийлээд дутагдал гарсан гэж байсан. Агуулахаас аваад явсан бараанаас дутагдал гарчихлаа гэдэг талаар яригдаж байгаагүй. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг. Иймээс Х.Б-д холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү?гэж хэлмээр байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ гэж ирсэн байгаа. Х.Б нь MCS ХХК-тай байгуулсан гэрээ байгаа. Өнөөдрийн нэхэмжлэл гаргаад байгаа компани нь өөр компани байгаа учраас Х.Б-н 3 янзын гэрээ ирсэн байдаг. Гарын үсэг нь биш. Би хэргийн материалтай танилцаад эдгээр зүйлийг үзүүлэхэд миний гарын үсэг биш. Ийм гэрээ байгуулаагүй гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр ч гэсэн эд хөрөнгийн гэрээ байхгүй гэдгээ ярьж байсан. Тийм учраас Хөдөлмөрийн хуулин дээр заасан заалтын дагуу энэ хүмүүсээс тэнцүү хэмжээгээр барагдуулах хүсэлттэй байна гэж ярьж байсан. Х.Б аваад идсэн. Түүнээс болж өр авлага үүссэн гэж ярьж байгаа боловч хавтаст хэргийн материалд авагдсан бичгийн нотлох баримтаар энэ нь бүрэн тогтоогдохгүй байна. Х.Б нь хэдэн төгрөг аваад хувьд ашиглаж завшсан юм. Аль дэлгүүрт ямар бараа өгөөд дутсан юм. Өнөөдрийн Х.Б-с нэхээд байгаа бараа нь юу юуны мөнгө, хэдэн төгрөг юм гэдэг нь тогтоогдохгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Могойн бор компаниас хувьдаа мөнгө авчихаад хийгээгүй гэж байгаа. Хэдэн сарын хэдний өдөр Х.Б нь бараа нийлүүлсэн юм. Энэ талаар ч бичгийн баримт байхгүй. Х.Б-н данс руу нь мөнгө нь ороод Х.Б өгөхгүй байна гэдэг бичгийн баримт хавтаст хэргийн материалд байхгүй. Байгууллагын данс руу ч ордог байсан миний данс руу орж ирсэн мөнгийг тушаадаг байсан. Миний агуулахаас авсан бараанаас дутаагүй гэдэг учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Иргэдийн төлөөлөгч М.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Д, Ц.Г, Х.Б нарт ногдох 29.111.900 төгрөгийн хохирол нь уг хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж тус байгууллагад хохирол учруулсан байна. Уг хохирлыг хариуцагч Б.Д, Х.Б нар нь өөрт ногдох төлбөрийг төлж уг байгууллагыг хохиролгүй болгох нь зөв гэж дүгнэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпани нь Б.Д, Ц.Г, Х.Б нарт холбогдуулан бараа материалын дутагдлын 29.089.220 төгрөг, шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6.916.700 төгрөг, нийт 36.005.920 төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу Б.Д-гаас 12.001.980 төгрөг, Ц.Г-өөс 12.001.980 төгрөг, Х.Б-с Х.Б-оос “Могойн бор” харилцагчаас хувийн дансандаа шилжүүлэн авсан барааны үнэ 3.059.520 төгрөгийг нэмж 15.061.500 төгрөгийг гаргуулна хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХКомпани нь хариуцагч Ц.Г нь нас барсан шалтгаанаар Ц.Г-д холбогдох компанид учруулсан гэм хорын хохирол 12.001.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Д-гаас 12.001.980 төгрөг, Х.Б-с 15.061.500 төгрөг гаргуулахаар шаардсан байна. 
Хариуцагч Б.Д нь Тотал дистрибюшин ХХКомпанид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болно. 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...хариуцагч нар компанийн журамд заасны дагуу ажилладаггүй, дэлгүүрүүдээс авсан бэлэн мөнгөө дор дор нь шилжүүлдэггүй, өмнө үүссэн өр төлбөрөө нөхөж хийж явсны улмаас бараа бүтээгдэхүүний дутагдал гардаг, үүнийгээ яаж төлөх вэ гэж ярилцдаг байсан болох нь хариуцагч Ц.Г-ийн өмнөх шүүх хуралдаанд өгсөн тайлбараас харагддаг. Иймд компанид үүссэн өр төлбөрийг салбарын ахлагч, агуулахын нярав, түгээгч нар хариуцан арилгах үндэслэлтэй...” гэжээ. 
Хариуцагчийн итгэмжлэгдсэн Д.А нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Б.Д 2008 оноос MCS компанид ажилд орсон, хөдөлмөрийн гэрээг МCS компанитай байгуулсан. Тотал дистрибююшин нь ямар учиртай, эрх нь шилсэн юм уу? охин компани юм уу? салбар юм уу гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэх эрхтэй эрхгүй гэдэг нь тогтоогдоогүй байна. Салбарын ахлагч хүн агуулахад байгаа барааг авах эрхгүй. Нярваас ирсэн барааг авах эрхтэй. Дутагдал болоод байгаа нь тогтоогдохгүй байна.  Тооллого хийгдсэн гэж байгаа  тооллогын баримтад илүү бараа гарч ирдэг. Ирсэн бараанаас илүү гардаг. Энэ асуудал программын алдаа юм уу? хаанаа алдагдаад байгаа нь тодорхойгүй байна...” гэж маргажээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Х.Б эд хариуцагч биш түгээгч байсан. Ямар бараа өгөөд хэдэн төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдоогүй. Х.Б хэлэхдээ миний агуулахаас авсан бараанаас ямар нэгэн зүйл дутаагүй, гэнэтийн тооллого ирээд эд хариуцагч нартай тооцоо нийлсэн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, миний гарын үсэг биш хэлсэн Могойн бор гэдэг дэлгүүрээс мөнгө авсан гэх боловч бичгийн баримт хавтаст хэргийн материалд байхгүй, харилцагчаас орж ирж байгаа мөнгө байгууллагын данс руу ч ордог гэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргажээ. 
Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
Хариуцагч Б.Д нь 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс “М Си Эс дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь худалдааны төлөөлөгчөөр, 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс Говь-Алтай аймаг дахь салбарын агуулахын нярваар, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс тус салбарын салбарын ахлагч, агуулахын нярваар, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тус салбарын салбарын ахлагчаар тус тус ажиллаж, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдсан болох нь “М Си Эс дистрибюшин” ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 001, 2011 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 474, 2011 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 495, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Б13/681, “Тотал дистрибюшин ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай тушаалуудаар тус тус тогтоогдож байна. /I хх-ийн 34-37, II хх-ийн 18-19, 25-рт/
Хариуцагч Х.Б нь 2011 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс түгээгчээр томилогдон ажиллаж, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдсан болох нь “М Си Эс дистрибюшин” ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 309, 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 555, “Тотал дистрибюшин” ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна. /I хх-ийн 38, II хх-ийн 2, 7-рт/
Хариуцагч Ц.Г нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс агуулахын нярваар томилогдож, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ажлаас халагдсан болох нь “М Си Эс дистрибюшин” ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10,  “Тотал дистрибюшин ХХКомпанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай тушаалуудаар тогтоогдож байна. /I хх-ийн 39, II хх-ийн 16-рт/ 
“М Си Эс дистрибюшин” ХХКомпани Б.Д-тай 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б13/681 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, салбарын ахлагчаар, Х.Б-той 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б14/086 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, түгээгчээр, Ц.Г-тэй 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Б16/10 дугаартай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулж, агуулахын нярваар тус тус ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна. /I хх-ийн 9-32-рт/
Улмаар Х.Б, Б.Д, Ц.Г нарыг ажиллаж байх хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр салбарын бараа бүтээгдэхүүнд тооллого хийхэд 12.393 бүтээгдэхүүний нийт 31.782.835 төгрөгийн дутагдал гарч, Х.Б, Б.Д, Ц.Г нарыг хөрөнгө завших хэрэгт холбогдуулан /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэг/ эрүүгийн 201607000099 дугаартай хэрэг үүсгэн шалгасан байна. /I хх-ийн 4-6-рт/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 224 дугаартай Эрүүгийн 201607000099 тоот хэрэгт дахин шинжилгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр асуултын хариултанд “...”Улаанбаатар Аудит” ХХКомпанийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 193 тоот аудитын дүгнэлтээр “Тотал дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарын бараа материалын дутагдал 29.089.220 төгрөг гэж тооцсон нь үндэслэлтэй байна...” гэж, 2 болон 3 дугаар асуултын хариултанд “...дутагдлын хэмжээг хүн тус бүрээр тооцох боломжгүй байна...” гэж, 5 дугаар асуултын хариултанд “...Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн баримтаар “Тотал дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарт гарсан нийт 29.089.220 төгрөгийн бараа материалын дутагдлын тооцооноос гадна, түгээгч Х.Б- нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар борлуулалтын орлогоос 3.059.520 төгрөгийн дутагдал гаргасан байна. Үүнийг “Тотал дистрибюшин” ХХКомпани нь Х.Б-оос авах авлагаар тайлан бүртгэлд тусгасан байна...” гэж тус тус дүгнэжээ. /I хх-ийн 110-116-рт/
Өөрөөр хэлбэл дээрх шинжээчийн дүгнэлтээр “Тотал дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарт бараа материалын дутагдлын 29.089.220 төгрөг, борлуулалтын орлогын дутагдал 3.059.520 төгрөг, нийт 32.148.740 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоожээ.
Х.Б, Б.Д, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 201607000099 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр буюу гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. /I хх-ийн 53-54-рт/
Нэхэмжлэгч “Тотал дистрибюшин” ХХКомпани нь байгууллагад учруулсан хохирол буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бараа материалын дутагдлын 29.089.220 төгрөг, шинжээч, аудитын ажлын хөлсөнд төлсөн 6.916.700 төгрөг, нийт 36.005.920 төгрөгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр буюу хүн тус бүрээс 12.001.980 төгрөг гаргуулах, хариуцагч Х.Б-оос “Могойн бор” харилцагчаас хувийн дансандаа шилжүүлэн авсан барааны үнэ 3.059.520 төгрөгийг нэмж гаргуулна хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 224 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...”Улаанбаатар Аудит” ХХКомпанийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гаргасан 193 тоот аудитын дүгнэлтээр “Тотал дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарын бараа материалын дутагдал 29.089.220 төгрөг гэж тооцсон нь үндэслэлтэй байна... 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны санхүүгийн баримтаар “Тотал дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарт гарсан нийт 29.089.220 төгрөгийн бараа материалын дутагдлын тооцооноос гадна, түгээгч Х.Б нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар борлуулалтын орлогоос 3.059.520 төгрөгийн дутагдал гаргасан байна...” гэж дүгнэсэн байх бөгөөд бараа бүтээгдэхүүний дутагдал 29.089.220 төгрөг нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн  салбарын бараа бүтээгдэхүүнд тооллогын актаар 12.393 бүтээгдэхүүний нийт 31.782.835 төгрөгийн дутагдал гарч, хариуцагч Ц.Г, Б.Д нар нь танилцаж хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар давхар нотлогдож байна. 
Харин шинжээчийн дүгнэлтэд дурдсан “Могойн бор” харилцагчаас Х.Б-ын данс руу шилжүүлсэн гэх 3.059.520 төгрөгтэй холбогдох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй, “Могойн бор” харилцагчаас Х.Б-ын данс руу шилжүүлсэн гэх мөнгө нь “Тотал дистрибюшин” ХХКомпанийн борлуулалтын орлого гэж үзэх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна. 
Мөн түүнчлэн хариуцагч Х.Б-ын Тотал дистрибюшин ХХКомпанийн санхүүгийн албанд гаргасан өргөдөл эх хувь биш, хуулбар хувь байх бөгөөд хариуцагч шүүх хуралдаанд оролцож үүнтэй холбоотой тайлбар гаргаагүй тул өргөдлийн хуулбарыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. 
Нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпани нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2.400.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөг, 
Улаанбаатар аудит корпораци ХХКомпанид 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 2.000.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөг, нийт 3.500.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байна. /I хх-ийн 40-43-рт/
Мөн Д.Дамдимаад аудитын үйлчилгээний хөлсөнд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 450.000 төгрөгийг бэлнээр өгсөн болох нь бэлэн мөнгөний урьдчилгааны хүсэлт, бэлэн мөнгөний зарлагын баримт, бэлэн мөнгөний орлогын баримтуудаар тус тус тогтоогдож байна. /I хх-ийн 44-46-рт/
Иймд Тотал дистрибишюн ХХКомпанид 29.089.220 төгрөгийн бараа материалын хохирол, шинжээч, аудитын хөлс 6.916.700 төгрөг, нийт 36.005.920 төгрөгийн хохирол учирсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан бөгөөд гэм хор учруулснаас үүргийн харилцаа үүссэн гэж үзэхийн тулд тухайн үйлдэл нь хууль бус байх шаардлагатай. 
Хариуцагч Б.Д, Ц.Г, Х.Б нарт холбогдох бараа бүтээгдэхүүн дутагдуулсан үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2018 оны 02 сарын 08-ны өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосон тул хууль бусаар гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна. 
Харин хариуцагч Б.Д, Ц.Г, Х.Б нар нь ажил үүргийн хуваарьтай холбоотой ажиллагааны эрх зүйн үндэслэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтын хүрээнд хамаардаг, өөрөөр хэлбэл хувийн харилцах дансаар борлуулалтын орлогын гүйлгээг хийсэн, түүнийгээ тухайн өдөрт нь салбарын харилцах дансанд тушаадаггүй, анхан шатны баримтын бүрдүүлэлтийг бүрэн хийгээгүй гэх үйлдэл нь ажиллагсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах явцдаа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлээгүй, агуулахын үйл ажиллагааны журмыг зөрчсөнтэй холбоотой учир шүүх маргааныг хянан шийдвэрлэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицууулалтыг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.  
Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ. 
Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтан энэ хуулийн 135 дугаар зүйлд зааснаас  бусад тохиодолд эд хөрөнгийн хязгаарлагдмал хариуцлага хүлээх бөгөөд тэр нь уг ажилтны нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэйг Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д заажээ. 
Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2-т зааснаар хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан бол тэрээр байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр төлөх үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 135.3-т зааснаар ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулах ёстой байна.
Хуульд зааснаар эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхийн тулд ажилтан байгууллагад хохирол учруулсан байх, мөн ажил олгогчтой эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан байх шаардлагатай.
Тотал дистрибюшин ХХКомпани нь хариуцагч Б.Д-тай 2008 оны 01 дүгээр сарын 01,  2012 оны 04 дүгээр сарын 23, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, хариуцагч Х.Б-той 2012 оны 04 дүгээр сарын 23-ны эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ, хариуцагч Ц.Г-тэй 2015 оны 07 дугаар сарын 23, 2016 оны 01 дүгээр 04-ний өдөр тус тус эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллаж байсан байх тул байгууллагад учруулсан хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцан арилгах үүрэгтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. /II хх-ийн 27-35-рт/
М Си Эс дистрибюшин ХХКомпанийн түгээгчийн ажлын байрны тодорхойлолтод /2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр/ зааснаар албан тушаалын үндсэн үүрэгт “...баримтын дагуу барааг хүлээн авч цаг хугацаанд хариуцлагатайгаар харилцагчдад нийлүүлэх, борлуулалтын тооцоог цаг тухайд нь байгууллагад тушаах, удирдлагын зөвшөөрөлгүйгээр барааг зээлээр өгөхгүй байх, борлуулалтын орлогыг өдөрт нь кассанд тушааж, өдрийн баримт, мэдээг шаардлагатай албан тушаалтанд гаргаж өгөх...” гэж, агуулахын нярвын ажлын байрны тодорхойлолтод /2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр/ зааснаар албан тушаалын үндсэн үүрэгт “...батлагдсан журам, зааварчлагааны дагуу барааг хүлээн авах, хадгалах, олгох үйл ажиллагааг гүйцэтгэх, агуулахын хөдөлгөөнтэй холбоотой санхүүгийн баримт, тайлан тооцоог цаг тухайд нь гаргах, агуулахын үлдэгдэлд сар бүр тооллого хийх...” гэж,заасан байх бөгөөд хариуцагч Х.Б, Ц.Г нар нь ажлын байрны тодорхойлолттой танилцаж гарын үсгээ зурсан байна. /II хх-ийн 3-6, 12-15-рт/
Хариуцагч Б.Д-гийн ажлын байрны тодорхойлолт гэж ирүүлсэн тодорхойлолтод албан тушаалын нэр бүртгэл мэдээллийн ажилтан- мөнгөн хөрөнгийн нярав гэж бичсэн нь ойлгомжгүй байх тул уг ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /II хх-ийн 20-24-рт/
 Харин хэрэгт авагдсан Б.Д-г ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгээр хариуцагч Б.Д нь “М Си Эс дистрибюшин” ХХКомпанийн Говь-Алтай аймаг дахь салбарын ахлагчаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй. 
 “Улаанбаатар аудит корпораци” ХХКомпанийн 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн аудитын шинжилгээгээр “...Хариуцагч Х.Б, Ц.Г, Б.Д нарын хувийн харилцах дансны хуулгаар орсон орлого, зарлагын мөнгөн дүнг борлуулалтын орлого мөн эсэхийг бид тогтоох боломжгүй байна. Учир нь хувь хүмүүсийн харилцах дансны гүйлгээний утга тодорхой бус, компаниас хувь хүмүүсийн харилцах дансаар борлуулалтын орлогын гүйлгээ хийх удирдлагын зөвшөөрөл, гэрээ хэлцэл хийгдээгүй байхад хувийн харилцах дансаар бараа материалын орлогын гүйлгээг хийж түүнийгээ өдөр бүр салбарын харилцах дансанд тушаадаггүйгээс дотоод хяналтыг алдагдуулсан байна...” гэжээ. /I хх-ийн 105-109-рт/
Хэрэгт цугларсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтээр компанид учирсан нийт хохирлын хэмжээ тогтоогдож байгаа боловч хэн, хэдэн төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хэн, хэдэн төгрөгний хохирол учруулсан болох нь баримтаар тогтоогдохгүй боловч тухайн салбарт салбарын ахлагч Б.Д, нярав Ц.Г, түгээгч Х.Б нараас өөр хүн ажиллаагүй тул хохирлыг Б.Д, Ц.Г, Х.Б нар хариуцах үндэслэлтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт “...Байгууллагад учирсан хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно...” гэж, 136.2-т “Эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг ашиглан шамшигдуулсан, санаатайгаар устгасан, гэмтээсэн үед хохирлын хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнийн ханшаар тодорхойлно” гэж тус тус заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 136.3-т “Хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно” гэж заасан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр хэн, хэдэн төгрөгийн хохирол учруулсан болохыг тогтоох боломжгүй байгаа боловч хариуцагч Б.Д, Х.Б нар нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулан ажиллаж байсан зэргийг харгалзан үзэж хохирлыг тэнцүү хуваан төлүүлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь хариуцагч нар МCS компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тотал дистрибююшин ХХК нь эрх шилжүүлж авсан, эсвэл нэр солигдсон, охин компани юм уу? салбар юм уу гэдэг нь тогтоогдохгүй, нэхэмжлэх эрхтэй эрхгүй гэдэг нь тогтоогдоогүй байна гэж маргажээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нь М Си Эс дистрибюшин ХХК 2017 онд Тотал дистрибюшин ХХК болсон. Хувьцаа эзэмшигч MCS өөрчлөлт хийгдээгүй нэр дээр өөрчлөлт орсон гэж тайлбарлаж байх бөгөөд М Си Эс дистрибюшин ХХКомпани /5167647/, Тотал дистрибюшин ХХКомпанийн /5167647/ тамган дээр бичигдсэн байгууллагын регистрийн дугаар таарч байх тул зөвхөн нэр өөрчлөгдсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж дүгнэсэн болно. 
Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д-гаас компанид учруулсан хохирол 12.001.980 төгрөгийг, хариуцагч Х.Б-оос 12.001.980 төгрөгийг, нийт 24.003.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х.Б-д холбогдох 3.059.520 төгрөг гаргуулах тухай шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нь шүүх хуралдаанд “...Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ шүүхэд эх хувиар ирсэн. Компани дээр нэг хувь байх ёстой учраас эх хувиа буцааж авах хүсэлттэй байна...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч болно. Харин уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт үлдээнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Б.Д, Ц.Г, Х.Б нарын эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний эх хувийг /нийт 8 хуудас/ нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпанид буцаан олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпани нь хариуцагч Ц.Г-д холбогдох компанид учруулсан хохирол 12.001.980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг, хариуцагч Б.Д-гийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 138.985 төгрөгийг хариуцагч Б.Д-гаас, 138.985 төгрөгийг Х.Б-оос, нийт 277.970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпанид олгох нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 136 дугаар зүйлийн 136.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д-гаас компанид учруулсан хохирол 12.001.980 төгрөгийг, хариуцагч Х.Б-оос 12.001.980 төгрөгийг, нийт 24.003.960 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Х.Б-д холбогдох 3.059.520 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 
2.Нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпани нь хариуцагч Ц.Г-д холбогдох компанид учруулсан хохирол 12.001.980 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзсан болохыг, хариуцагч Б.Д-гийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байх хугацааны цалин, амралтын мөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээс түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь татгалзсан болохыг тус тус дурдсугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 138.985 төгрөгийг хариуцагч Б.Д-гаас, 138.985 төгрөгийг Х.Б-оос, нийт 277.970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпанид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зааснаар Б.Д, Ц.Г, Х.Б нарын эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний эх хувийг /нийт 8 хуудас/ нэхэмжлэгч Тотал дистрибюшин ХХКомпанид буцаан олгосугай. 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.


   ДАРГАЛАГЧ                                Н.ОЮУНБИЛЭГ

      ШҮҮГЧ                                Ж.ОТГОНХИШИГ         
          ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ