Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2024/00056

 

 

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                               

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэр,

 Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2024/00001 дүгээр магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Э-д холбогдох

“С” ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг           

Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С, өмгөөлөгч Б, хариуцагч Э, өмгөөлөгч Э , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Э-д холбогдуулан “С” ХХК-ийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч ”С” ХХК-ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Э-д даалгаж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”С” ХХК-д олгож шийдвэрлэжээ

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2024/00001 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С болон өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.21-ний өдрийн 207/МА2024/00001 дугаартай магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

Э нь 2023.06.27-ны өдөр манай компаниар тавилга хийлгэхээр харилцан тохиролцсон. Манай компанийн зүгээс захиалгын дагуу зураг төслийг гаргаж захиалагч тал болох Эд үзүүлэхэд хүлээн зөвшөөрснөөр тавилга хийгдэж эхэлсэн. Гал тогооны тавилга 5,152,000 төгрөг, үүдний шкаф 3,366,000 төгрөг, хүүхдийн өрөөний шкаф 4,306,000 төгрөгөөр тус тус хийлгэхээр, нийт 12,824,000 төгрөгийн өртөг бүхий тавилга захиалсан. Захиалгын дагуу бүтээгдэхүүнийг авч очиход 4,306,000 төгрөгийн үнэ бүхий хүүхдийн өрөөний шкафыг таалагдахгүй байна гэх үндэслэлээр буцаалт хийлгүүлсэн. Харин гал тогооны тавилга, үүдний шкафыг хүлээн авсан. Тухайн үедээ гал тогооны өрөөний тавилгын 1 ширхэг хаалга нь тээвэрлэлтээс үүдэлтэй алдаатай байсныг захиалагч тал солиулах хүсэлт тавьсны дагуу бид өөрсдийн зардлаар сольж өгсөн. Үүний дараа бүх тавилгын хаалгыг солих, мөн бүх тавилгаа буцаах саналыг гаргаж эхэлсэн. Манай талаас саналыг харгалзан үзэж, дутагдлыг арилгаж өгье гэсэн боловч захиалагч талаас зуун хувь буцаалт хийнэ гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Бид захиалагчийнхаа хүсэл зоригийг харгалзан үзэж буцаалт хийе, харин эдгээр тавилгуудыг хийсэн ажилтнуудын хөлсийг захиалагчийн төлбөрөөс суутгана гэсэн шаардлага тавихад хүлээн аваагүй бөгөөд харин ч мөнгө нэмж авна гэсэн. Энэ мөчөөс эхэлж бид ойлголцоход хүндрэлтэй болж эхэлсэн бөгөөд манай компанийн зүгээс аль болох эвийн журмаар асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж, зохих ёсоор уучлалт гуйж, албан бичгээр хүртэл хариу өгсөн. Гэтэл захиалагч Э нь өөрийн ашиг сонирхлыг дээрд үзэж манай компаниас илүү мөнгө нэхэж, өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. Энэ сүрдүүлэг нь биеллээ олж 2023.08.10-ны өдрөөс эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө Э гэх фэйсбүүк хаягаас олон нийтэд түгээж эхэлсэн бөгөөд “Хүнд ийм юм хийж өгчхөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, Хүн чанар гэж алга аа” гэсэн нийтлэлийг 2023.08.19-ний өдөр мөн өөрийн фэйсбүүк хаягаас олон нийтэд хандан нийтэлж түүнийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан байдаг. Тус нийтлэлийг манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба ийм үр дүнг хүсэж удаа дараа янз бүрийн оролдлого хийсний үр дүнд дээрх 34 сөрөг сэтгэгдлийн дотор Maralgoo Goo гэсэн фэйсбүүк хаягнаас “ene tavilga hiilgesen gazar Сbilv ter gazar uu” гэсэн байгаа нь хариуцагчийн хувьд манай компани, миний ажил хэргийн нэр хүндэд халдаж чадсан болохыг нотолж байна. Хариуцагчийн нийтэлсэн мэдээллийн доор “энэ тавилга хийсэн газар С  мөн үү” гэсэн иргэний асуултад хариуцагч ямар нэгэн хариулт өгөхгүй байгаа нь өөрөө тухайн компани мөн гэдгийг хүлээн зөвшөөрч, компани болон нэхэмжлэгч миний ажил хэргийн хүндэд шууд халдаж байгаа үйлдэл болсон. Мөн манай компаниар 18 сая төгрөгийн тавилга хийлгэхээр захиалга өгсөн захиалагч Ц гэгч нь 2023.08.13-ны өдөр манай нөхрийн фэйсбүүк чатаар холбогдож Э-д хийж өгсөн тавилгын зургийг скрийн шот хийж ирүүлсэн ба “Сайн уу. Арай ийм юм хийгээд аваад ирэх юм биш биз дээ хө” гэж зурвас ирүүлсэн байдаг. Эдгээр үйл явдлуудаас дүгнэхэд манай компани гэдгийг Орхон аймгийн иргэд, захиалагчид шууд мэдсэн болох нь тодорхой байна. Миний найзууд болон захиалагчдаас надад хандаж “танай компанийн талаар бичээд байгаа юм биш үү” гэж хэлж мэдээлсээр байсан учир шүүхэд хандаж шийдвэрлүүлэх болсон. Бид хэдий захиалагчийн таалалд бүрэн нийцээгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байлаа ч Э ийн хувьд бидэнд хандаад асуудлаа шийдүүлэх, эсхүл шүүх, хуулийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ. Түүнээс биш зөвхөн өөрийнхөө эрх ашиг, үзэл бодлоо дээдэлж бусдын нэр төр, ажил хэргийн нэр хүнд, хуулиар хамгаалагдсан эрхийг хөндөж, олон нийтээр шүүлгэж, биднийг “захиалагчаасаа уучлалт гуйгаагүй, мөн бүтээгдэхүүнийхээ доголдлыг арилгаж өгөхгүй байна” гэх мэт худал ташаа ойлголтыг олон нийтэд түгээж бизнесийн үйл ажиллагаанд маань хохирол, хор уршиг учруулж байгаад гомдолтой байна. Э ийн хувьд өөрийн сонгосон аргаар хүсэл зоригоо илэрхийлж байгаа мэт боловч энэ нь бусдын эрхийг хөндсөн хууль бус буруу арга, үйлдэл юм. Монгол Улсад иргэд хоорондын аливаа маргаантай харилцаа нь гагцхүү хуулийн дагуу зохицуулагдаж, аливаа этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй нь хуулийн хэм хэмжээний дотор багтаж, захирагдаж байх учиртай. Иргэн, аж ахуй нэгжийн хэвийн үйл ажиллагаа, нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хуулиар хамгаалдаг. Монгол Улсад сүүлийн үед хэн дуртай нэгэн нь олон нийтийн цахим сүлжээнд бусдын нэр төрд халдаж, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг ямар ч хяналт тэнцвэргүйгээр нийтэлж байна. Үүнд тооцох хариуцлага сул байгаагаас үүдэн иргэд нэгэн рүүгээ үндэслэлгүйгээр дайрч давшилж, хувь хүний, аж ахуйн нэгжийн ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь харамсалтай бөгөөд анхаарал зайлшгүй хандуулах асуудал мөн болоод байна. Дургүй хүргээд байхаар нь ингэсэн юм, ажлыг нь хурдан хийлгэх гэж тэгсэн, өөртөө таатай байдлаар хийлгүүлэх давуу байдал олж авах зорилгоор бусдын нэр хүндэд халдаж болохгүй юм.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.21-ний өдрийн 207/МА2024/00001 дүгээр магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулж, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээлгэх хүсэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч этгээд болох Э нь хэдийгээр өөрийн сонгосон арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлсэн боловч бусдын эрхийг хөндөх үйлдэл хийж байгаа гэдгээ мэдэж, зориуд олон нийтийг мэдээсэй гэдгийг хүсэж удаа дараагийн үйлдлээр олон нийтийн цахим сүлжээнд өөрийн захиалж хийлгэсэн тавилгын зургийг нийтэлж байснаараа хэн нэгэн этгээд тухайн захиалгат тавилгыг хийж гүйцэтгэсэн компанийн нэрийг дурдаж бичээсэй, асууж бичээсэй гэж хүлээж байсан нь тодорхой харагддаг бөгөөд энэ нь биеллээ олж “С ” ХХК-ийн нэрийг үл таних нэг иргэн асууж сэтгэгдэл бичсэн байдаг. Гэтэл хариуцагч Э ийн зүгээс өөрийн нийтлэлийн үр дагаврыг мэдэж байсан учир тухайн асуултад “мөн, биш” гэх ямар нэгэн байдлаар хариу үзүүлээгүй нь “С ” ХХК мөн шүү гэж мэдүүлж байгаа хууль бус үйл баримт юм. Энэхүү үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс “хариуцагч нь өөрийн нийтэлсэн мэдээлэлдээ компанийн нэрийг цохон тэмдэглээгүй байгаа нь хариуцагчийг хууль зөрчиж бусдын нэр төрд халдсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, энэ төрлийн хууль бусаар бусдын эрхийг бүдүүлгээр зөрчих явдлыг таслан зогсоох ач холбогдолтой юм гэжээ.

5.Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.02.29-ний өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00271 тогтоолоор нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

6.Нэхэмжлэгч ”С” ХХК нь хариуцагч Э-д холбогдуулан компанийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “...Э нь 2023.06.27-ны өдөр тавилга хийлгэхээр тохиролцсон, ...захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, түүний зөвшөөрснөөр тавилга хийгдсэн, гал тогооны, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийсэн бөгөөд үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан. Гэтэл захиалагч нь манай компаниас илүү мөнгө нэхэж, өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. 2023.08.10-наас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө Э гэсэн фэйсбүүк хаягнаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд хийсэн 19-ний өдрийн нийтлэлийг  нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан,  ...энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлээс үзэхэд ажил хэргийн нэр хүндэд халдаж байна...” гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлажээ.

Хариуцагч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...өөрийн ашигладаг Э гэсэн фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ”С” ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ”С” ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фэйсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй тавилга хийж өгсөн, одоо учраа олсон...Уучлалт гуйх үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргасан.

7.Хариуцагч Э ийн фэйсбүүкт 2023.08.10 гэсэн огноо бүхий Зураг гэсэн цэс рүү ороход 8 гэрэл зураг нь гал тогооны тавилгын зураг, үүдний шкаф, гал тогооны тавилга угсарч байгаа зураг бүхий 8 зураг, текст дээр энэ бүр арай юу гэсэн нэртэй мөн өдрийн өрөөний шкаф, тавилга бүхий зурагтай текст буцаагдсан нэг тавилгаа бол өгөөгүй мөнгөнд авчихсан, өөрсдийн алдаагаа мэдээд гэсэн утгатай 7 зураг, үүдний шкафны 7 зурагт уул нь их гоё харагдах байдалд хууртаж болохгүй чадахгүй бол бусдын хайран цагийг бүү үр гэсэн гарчигтай пост, манай тавилга хийлгэсэн компаниар үйлчилгээ аваад сэтгэл ханамжаар хохироосон тавилгаа солиулсан айл зөндөө байдаг байна ш дээ. Нээрээ яагаад хэлдэггүй юм болоо бүгд хөдөлмөрлөж мөнгө олдог биздээ. Гэр дотор хэмжээ аваад хүссэн чулуун тавцан манайх л далийлгаж хараад байгаа байх гээд зураг орууллаа. Хэлээд өгөөрэй гал тогооны чулуун тавцангийн 1 зураг бүхий пост, захирал нь ирээд ядаж хийсэн тавилгаа үзээсэй. Манайд байгаад байхаар эдэлгээний гэмтэл надад атаархсандаа албаар үйлдэл ийм болголоо гэхүүдээ, манайх нээрээ энэ тавилгад нь хүрч чадахгүй хэцүү байна. Хоёр бага насны хөдөлгөөн ихтэй хүүхэдтэй, юм нь салаад унах вий дээ гэхээс айгаад байна. Энд тэнд тайлбар хийж чат бичиж баримт цуглуулж хандалт тоолж байхаар манайд ирээрэй. Манайд ирээд яагаад бухимдаад байгааг нүдээр хараад гэрч болох хүн байвал хүрээд ирээрэй. Нээлттэй шүү гэх пост, хийсэн тавилганынх нь 8 зурагтай пост, мөн түүнчлэн  2023.08.19-ний өдөр “Хүнд ийм юм хийж өгчхөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, хүн чанар гэж алга аа” гэж олон нийтэд хандан өөрийн фэйсбүүкд пост /мэдээлэл/ оруулсныг 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, уг мэдээллийг 6 удаа бусдад хуваалцсан ба 34 сөрөг сэтгэгдлийн дотор ... фэйсбүүк хаягнаас “ene tavilga hiilgesen gazar С bilv” гэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь өөрийн фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д тавилга хийлгэх захиалга өгсөн, хийсэн тавилга нь чанар муу байсан тул хурдан хугацаанд засвар, үйлчилгээ хийлгэх зорилгоор мэдээлэл тавьсан талаар маргаагүй байна.

8.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, түүний өмгөөлөгч Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангана.

9.Facebook /фэйсбүүк/ нь хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, санал сэтгэгдлээ хуваалцах эсвэл албан байгууллагууд бизнесээ танилцуулах, сурталчлах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болоод хамтын сонирхлоо бусадтайгаа хуваалцах, хэлэлцэхэд ашигладаг дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм. 

Энэхүү сошиал платформ нь фэйсбүүк хэрэглэгчийн илгээсэн аливаа мэдээллийг өргөн хүрээнд, богино хугацаанд, хил хязгааргүйгээр бусдад хүргэх олон давуу талтай, нөгөө талаасаа бизнес эрхлэгчдийн тухайд өөрийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, хэрэглэгчдийг өөртөө татах маркетингийн шинэ суваг болсон байх бөгөөд “Фэйсбүүк хуудас” нь тухайн хаяг эзэмшигч хүний хувийн зүйл мэт боловч энд оруулсан аливаа мэдээлэл нь олон нийтэд ил болдог.

10.Иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан.

11.Нэхэмжлэгчийн төлөөлөгч С “...тухайн захиалагчид алдаа гаргасан өдрөөс эхлээд албан тоотоор, чатаар гэх мэт бүх зүйлээр уучлалт гуйсан. Таны сонирхож байсан үнэтэй хавтангаар сольж өгье, алдаагаа засъя гэж гуйсан ч ажиллах боломжоор хангаагүй, элдэв янзаар дуудсан. Бид алдаагаа засаж өгнө гэж ухамсарласаар байхад “...биднийг алдаагаа ойлгохгүй байна. Захирал нь огт холбогдохгүй байна гэж нийтэд түгээсэн. ... 14 жилийн турш компаниа өнөөдрийн өндөрлөгт авчрах гэж маш их зүтгэсэн. Энэ мэдээллээс болж маш их алдагдал хүлээсэн. Манай компанид итгэж үйлчлүүлдэг 1000 гаруй хэрэглэгч байдаг. Миний хувьд нэр алдар маш чухал” гэсэн тайлбар гаргасан байх бөгөөд хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч талаас тухайн үедээ захиалагчид шаардлага хангахгүй доголдолтой бүтээгдэхүүн хийж өгсөн буруугаа хүлээн зөвшөөрч, доголдлыг арилгах, засах талаар зохих үйлдэл хийж байсан гэж дүгнэх боломжтой байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал буюу ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал нь захиалагч буюу хариуцагчийн тавьсан шаардлагын дагуу зарим тавилгыг буцаан авч зохих төлбөрийг өгсөн, улмаар үлдсэн тавилгын доголдлыг арилгахаар гэрээний талуудын хооронд тодорхой үйлдлүүд хийгдэж байсан байх тул Э ийн өөрийн фэйсбүүк хуудаст хэд хэдэн удаа /энэ тогтоолын 7-д заасан/ пост оруулсныг бодит байдалд нийцээгүй мэдээлэл буюу нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т нийцнэ. 

12.Анхан шатны шүүх “...хариуцагч Э-д нэхэмжлэгч ”С” ХХК нь доголдолтой тавилга нийлүүлсэн гэдэг боловч ажил гүйцэтгэх гэрээний доголдлоо арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй байсан буюу гэрээний доголдлын талаар олон нийтэд зайлшгүй нийтлэл хүргэх шаардлагатай, нийтийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй, ...талууд ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж, улмаар хохирлоо барагдуулах талаараа холбогдох хууль хяналтын байгууллагад мэдүүлэх эрх нь нээлттэй байсаар байтал таарамжгүй харилцаанаас үүдэн олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарааж байгаа нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийж, ”С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзлээ.

13.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...Хариуцагч Э ийн өөрийн фэйсбүүк хуудсанд бичсэн сэтгэгдэл, нийтэлсэн зурагнуудад нэхэмжлэгч компанийн болон захирал С-ийн нэрийг дурдаж нийтлээгүй байхад зөвхөн нэг хүний фэйсбүүк хаягнаас бичсэн коммент сэтгэгдлээр тавилга хийсэн компанийн нэр хүндэд халдсан, худал ташаа мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал тавилгыг тохирсон хугацаандаа чанарын шаардлага хангасан доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, чанарын доголдолтой байсан тавилгын зурагнууд тавьсан, нэхэмжлэгч доголдолтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдлаас дүгнэхэд хариуцагчийг нийтэлсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нягтлаагүй, мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзлаа нотлоогүй, мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан гэж үзэх боломжгүй, ...цахим хуудсанд байрлуулсан тавилгын зурагнууд нь бодит байдал дээр чанарын доголдолтой хийгдсэн тавилга мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч “С” ХХК, захирал С нарын талаар олон нийтэд худал ташаа мэдээлэгдэж, түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй” гэж дүгнэн, хариуцагчийн гомдлыг хангасан нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3-т нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “...анхан шатны шүүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн байхад шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч дангаар шийдвэрлэснээр бичиж алдаа гаргасныг анхааруулсан нь” зөв байна. 

14.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн няцаалт хийх үүргийг тодорхой тусгаагүй байна. Иймээс хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 207/МА2024/00001 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 142/ШШ2023/01417 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар тавилга захиалж хийлгэсэнтэй холбоотой нэхэмжлэгч ”С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасандаа хариуцагч Э нь өөрийн “Э” гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан ”С” ХХК-аас уучлалт гуйх, тавьсан пост бүртээ залруулга хийхийг хариуцагч Э-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                Н.БАТЗОРИГ

      П.ЗОЛЗАЯА

                                                                                         Д.ЦОЛМОН