Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 184/ШШ2021/01200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021             05             24                                             184/ШШ2021/01200     

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Орбит тоотод оршин суух, Б овогт Ч-н Я /рд://-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Орбит  тоотод оршин суух, Х овогт Б-н А /рд://-д холбогдох,

 

Тогны мөнгөний зөрүү 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.Я, хариуцагч Б.А, түүний өмгөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Я би 2020 оны 9 дүгээр сарын 15-нд Б.Ад цайны газраа сарын 800,000 тохирсон. Б.Агаас 2 сарын төлбөр болох 1,600,000 төгрөгийг бэлнээр авсан. Тухайн мөнгөөр цайныхаа газрыг засаж тохижуулж, 2020 оны 10 дугаар сарын 07-ноос эхэлж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс хойш 12 сарын 07-ноос 2 сарын төлбөрийн хугацаа дууссан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас сарын төлбөрийг буулгаж 700,000 мянга болгож 1 жилийн гэрээ хийсэн мөн 1 cap гаруй үнэгүй ажиллуулсан. Гэтэл 1 жилийн гэрээ хийсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 24-нд гарсан. Гарахдаа гэрлийн мөнгөний  зөрүүг төлнө гээд гарсан. Энэ цайны газар нь 2020 оны 10 сард ашиглалтанд орсон урд жил байгаагүй учир тогны мөнгө бүтэн төлөгдөнө. Удалгүй тогны мөнгөө төлөөрэй гэсэн чинь чадахгүй шүүхээрээ олж аваарай гэсэн. 2020 оны 10 дугаар сарын 07-ноос, 11 дүгээр сарын 07-ны хоорондох тогны 1 сарын төлбөр, мөн манай халуун усыг түрээсэлж байсан. Нийлээд 700,000 төгрөгийг цувуулж өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ноос, 2021 оны 01 дүгээр сарын 24-нийг хүртэл ажилласан цахилгааны мөнгө болох 985,000 төгрөг, эвлэрлийн 30,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 38,950 төгрөг 7 хоног ажлаа алдаж эвлэрэх гэж явсны гэрээ хийж шүүхээр явсан төлбөр 446,050 төгрөг болох нийт төлбөр болох 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Би Б.Атай 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийж манай обьектийг тэрээр нэг жилийн хугацаагаар түрээслэсэн.  Жил болоогүй байхад гэрээгээ зөрчиж 5 сар болоод гарсан. Гарахдаа тоолуурын заалтын маань хүртэл зургийн дарж аваад гарсан. Би тогны төлбөрөө төлчихнө гээд гарсан. 2020 оны 10 дугаар сараас хойш нийт 5 сарын хугацаанд тогны мөнгө гарсан. Тогны мөнгө гарсан тул Б.А төлөх нь зөв юм. Өөрөө тогны төлбөрөө төлнө гэж хэлж байсан боловч одоо төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна. Өөрөө жоохон буруу ойлгоод яваад байх шиг байна. Энэ мөнгө угаасаа надад ч биш улсад төлөгдөх ёстой цахилгааны хэрэглээний мөнгө байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын дундуур цайны газраа ажлуулахаа болилоо гээд гарсан. Тогны мөнгөө өгчих гэсэн боловч цагдаа шүүхээрээ яв гэсэн. Би эвлэрүүлэх дээр хүртэл хандаж боломж олгосон боловч төлөөгүй. Надтай эвлэрээгүй тул шүүхэд хандсан. 985,000 төгрөг тогны төлбөр, цонх хагалсан мөнгө болох 60,000 төгрөг, цоожны гол 40,000 төгрөг, плита 50,000 төгрөг, 6 паар хагалсан тул 60,000 төгрөг, таазны эмульс хууларсан байсны 100,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлахаар орсны 30,000 төгрөг, эвлэрэх гээд явсны зардал буюу би орлогоо алдсан тул 150,000 төгрөгийг олох ёстой байсан гэдэг утгаар нэхэмжилж байна. Нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Тогны мөнгө 985,000 төгрөг гаргасан гэдгийг Анхаа өөрөө нотолно. Ийм төлбөр гарсан гэдгийг мэдэж байгаа. Тоолуурын заалтын зургийг хүртэл дараад авсан. Дотороо тус тусдаа тоолууртай тэр заалтаа хараад бодсон байгаа. Манай обьектод цайны газар, хүнсний дэлгүүр, халуун ус гээд нийтдээ 3 газар үйл ажиллагаа явуулдаг. Манайх тэндээ өөрсдөө амьдарч хэрэглэсэн цахилгаанаа ч төлж явдаг. УБ ЦТС-аас тавьж өгсөн 380 кв-ын нэг тоолуураас хэрэглээгээ авдаг. Тэндээс бичилт хийснийг би доторх тоолуулаараа тооцоод хуваадаг. Надад одоо яг эдний цайны газар ийм тоолуураар ингэж бодсон гээд үзүүлэх юм байхгүй байгаа ч энэ Анхтуяа өөрөө зургийг нь аваад зөвшөөрч, төлнө гэж байсан. Бас цайны газрын цонхыг тогоочтойгоо муудалцаж байгаад хагалчихсан. Цайны газрын түлхүүрийн хөл хорионд байхдаа надад өгөхгүй байснаас болоод паар нь хөлдөж манай нөхөр 6 ш паарыг нь авч янзалсан. Цоожны гол эвдэлсэн, янзлаад сайхан засвар хийсэн өрөө хүлээлгэж өгсөн байхад гал тогооны хананы пилтаг унагаасан, таазны шохой хуурч унасан тул үүнийг засварлахад гарах зардлыг хариуцан төлөх ёстой. Иймд 1,500,000 төгрөгөө гаргуулна гэв.

 

 Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 07-оос 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 50 хоног ажилласан. Энэ хугацааны цахилгааны төлбөр гэх 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. Яагаад гэвэл нэхэмжлэгч Ягийн Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, Орбит 61-76 тоот тоолуурын заалтаар нийт объектоор 2020 оны 9 дүгээр сард 650,000 төгрөг, 10 дугаар сард 900,000 төгрөгийг тус тус төлсөн байдаг. Тухайн үед уг объектод цахилгааны хэрэглээ өндөртэй 7-8 объектод үйл ажиллагаа зэрэг явагдаж байсан. Тухайлбал 1 дэлгүүр, үсчин, халуун ус, эмийн сан, гүний худаг, цайны газар, орон сууц, нийтийн байр болно. Үүнээс халаалт цахилгаан бүгдийг тооцоход зөвхөн цайны газар ийм өндөр төлбөр нэхэх зүй ёсны бус гэж үзэж байна. Дээр нь надаас цахилгааны төлбөрт 700,000 төгрөгийг бэлэн авсан. Харин ч надад хохиролтой байгааг нь шалгаж өгнө үү.

Нэгдсэн тоолуурын заалтаар надаас төлбөр нэхэж байгааг зөвшөөрөхгүй байна. 2020 оны  12 дугаар сарын 20-ны өдрөөс цайны газрыг ажиллуулж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр  гарсан. Энэ хугацаанд ковидын улмаас хөл хорио тогтоож цайны газар ажиллаагүй. Гэхдээ би сарын цахилгааны хэрэглээний төлбөрт 700,000 төгрөгийг өмнө нь өгчихсөн. Одоо 300,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байгаа. Мөн цонхыг шиллэх юм уу засварлахад гарах зардлыг төлж өгнө. Харин тэр цоожны гол, паар, ханын пилтаны мөнгийг төлөхгүй, учир нь уг эд зүйлсийг би эвдээгүй. Өөрсдөө эвдсэн. Эдний хийсэн засвар нь муу учраас хана, тааз нь ховхорч унасан байсан. Өвөл ажиллахгүй байх үедээ Я эгчид түлхүүрээ үлдээсэн байсан. Паарны халаалт нэгдсэн халаалтаар халдаг учир энэ надад хамаагүй. Манай өрөөний тоолуурыг заалтыг Я эгч өөрөө хараад явдаг. Надад тэмдэглэж авсан зүйл бас байхгүй. Нэгдсэн тоолуураас үсчин, цайны газар, халуун ус, худаг гээд бусад хүмүүс зөндөө хэрэглэсэн байгаа. Үүнийг ганцхан цайны газрын хэрэглэсэн цахилгаан гэж нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Харин эвлэрүүлэн зуучлалд өгөхөд төлсөн 30,000 төгрөгийг төлнө, цонх хагалсан гээд нэхсэн 60,000 төгрөгийг төлнө гэв.  

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Цахилгааны төлбөр 985,000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй. Гаргаж өгсөн баримтаас нь харахад орлого гэж харагдаад байдаг. Тухайн түрээслэж байсан обьект дээр 3 газар давхар үйл ажиллагаа явуулдаг байсан. Цайны газар, эмийн сан, дэлгүүр гурвын нэгдсэн тоолуур ийм өр төлбөртэй гарч байгаа тул дангаар хариуцагч төлөх нь үндэслэлгүй юм. Яахав 300,000 төгрөгийг өр төлбөртөө буюу цахилгааны төлбөрт төлж болно. Засварын мөнгө гэж нэхээд байгаа нь огт үндэслэлгүй. Тухайн объектыг ийм байдлаар авлаа, өглөө гэсэн хүлээлцсэн баримт огт байхгүй. Ердийн элэгдэл хорогдол гэж үзэх эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрүүлэн зуучлахаар орсны 30,000 төгрөгийг төлж болно. Ингээд нийт 330,000 төгрөгийг бол төлөхийг хүлээн зөвшөөрч болно гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Я нь хариуцагч Б.Ад холбогдуулан тогны мөнгөний зөрүү 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ягийн нэхэмжлэлд хавсаргасан “Түрээсийн гэрээ”-г талууд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ба уг гэрээгээр талууд Сонгинохайрхан дүүргийн 35-р хороо, Орбитын 61-76 тоот хаягт байрлах байрыг Цайны газрын зориулалтаар 1 жилийн хугацаатай, сарын түрээсийн төлбөр 700,000 төгрөг төлөхөөр, мөн халаалтын болон цахилгааны төлбөр, бохир, хогны мөнгө буюу ашиглалтын зардлыг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргахгүй, хүлээн зөвшөөрсөн тайлбарыг хэн аль нь гаргадаг. Мөн уг гэрээг бичгээр байгуулагдах хугацаанаас өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн талууд харилцан тохиролцож Б.А нь нэхэмжлэгчийн дээрх хаягт бүртгэлтэй уг обьектод цайны газар болон халуун усны зориулалттай байрыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан талаар хэн аль нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна. Талууд дээрх  бичгийн гэрээг хугацаанаас нь өмнө буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, түрээслэгчид хүлээлгэн өгсөн байна. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “... 1 жилийн гэрээ хийсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 24нд гарсан...” гэх тайлбар, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 700,000 төгрөгийг өгөөд гарсан...” гэх тайлбараар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “... гэрээний дагуу 2020 оны 11 сараас 2021 оны 2 сарыг дуусталх хугацааны цахилгаан ашигласны төлбөрт 985,000 төгрөг, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандан Б.Агаас төлбөр гаргуулахаар өргөдөл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000  төгрөг, түрээсийн байрыг ашиглах явцад учруулсан хохирол төлбөр буюу цонх хагалсан тул завсарлахад 60,000 төгрөг, паар хагалсан тул түүнийг засварлахад 80,000 төгрөг, ханын пельта хагалсан зардалд 50,000 төгрөг, хаалганы цоож эвдэрсэн засварлахад гарах зардалд 40,000 төгрөг, таазын имульс, замаскийг засварлахад гарах зардалд 100,000 төгрөг, хариуцагчаар төлбөр төлүүлэхээр шүүхэд хандан нааш цааш явж ажлаа хийгээгүйгээс учирсан хохиролд 155,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулна...” гэж тайлбарлан хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд “...нэгдсэн тоолуураар цахилгааны хэрэглээ өндөртэй дэлгүүр, цайны газар, үсчин, худаг, халуун усны газрууд ажиллаж цахилгаан хэрэглэдэг. Тус тусдаа цахилгааны төлбөрийг тооцож гаргах ёстой байтал ганцхан цайны газраас гаргуулахаар нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Харин цахилгааны мөнгөнд би 300,000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг, өөрийн буруугаас болж хагалсан цонхыг шиллэхэд гарах зардалд 60,000 төгрөгийг нэхэмжилж байгааг төлөхөд татгалзах зүйлгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч цахилгаан хэрэглэсний төлбөрт 985,00 төгрөг нэхэмжилж байгаа боловч боловч хэргийн 4, 20-р талд авагдсан УБЦТС ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх төвөөс гаргаж өгсөн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайланд “...СХД-ийн 2-р хороо, Орбитын 61Т-76 А тоот хаягт байршилтай Үйлчилгээний төв, Ч Я, хэрэглэгчийн код 2046667, хамрагдах хугацаа 2020 оны 10 дугаар сарын 01-2021 оны 05 дугаар сарын 24, 2020.10.31-2020.12.30 эцсийн үлдэгдэл 2,119,191.90 төгрөг, 2021.01.29-2021.04.30 эцсийн үлдэгдэл 4,593,378:26 төгрөг...” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзвэл уг төлбөрийн баримтаар хариуцагч Б.А тухайн заагдсан хугацаанд цайны газар түрээслэн ажиллуулж байхдаа хэдий хэмжээний цахилгаан тог хэрэглэсэн, түүний төлбөрт хэдэн төгрөг гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Учир нь уг 204667 хэрэглэгчийн код бүхий тоолуураар нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний зориулалттай обьектийн бүтэн хэрэглээг тооцдог, уг обьектод үсчин, цайны газар, халуун ус, хүнсний дэлгүүр ажилладаг гэсэн тайлбарыг талууд өөрсдөө гаргадаг. Иймд тус бүр хэдий хэмжээний цахилгаан хэрэглэсэн болох, үүнээс цайны газар ажилуулах хугацаанд цахилгааны төлбөр хэдэн төгрөг гарсан болохыг энэ баримтаар ялган тогтоох боломжгүй байна. Нэхэмжлэгч өөрөө Б.А 985,000 төгрөгийн цахилгаан эрчим хүч хэрэглэсэн гэж тодорхойлдог боловч энэ нь баримтаар тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч “...хэрэглээг тус тусдаа тавьсан тоолуурын заалтаар тооцож хуваадаг...” гэх тайлбарыг гаргадаг боловч үүнийгээ нотолсон баримтыг шүүхэд гарган ирүүлээгүй, энэ талаар шүүхээс тодруулахад “...надад тийм нарийн тооцоо хийсэн баримт, бичилт хийсэн дэвтэр энэ тэр байхгүй, хараад л цахилгааны төлбөр чинь ийм болсон байна гэж хэлдэг...”  гэж тайлбарлаж байна.

 

Мөн нэхэмжлэгч түрээсийн байрыг ашиглах явцадаа Б.А цонх хагалсан тул завсарлахад 60,000 төгрөг, паар хагалсан тул түүнийг засварлахад 80,000 төгрөг, ханын пельта хагалсан зардалд 50,000 төгрөг, хаалганы цоож эвдэрсэн засварлахад гарах зардалд 40,000 төгрөг, таазын имульс, замаскийг засварлахад гарах зардалд 100,000 төгрөг, хариуцагчаар төлбөр төлүүлэхээр шүүхэд хандан нааш цааш явж ажилаа хийгээгүйгээс учирсан хохиролд 155,000 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн буруутай үйлдлээр учирсан хохирол төлбөр болох нь тогтоогдохгүй байна. Учир нь гэрээний дагуу цайны газрын байрыг түрээслэх явцад хөлслөн авсан эд хөрөнгийг муутгасан, гэмтээсэн буюу муутгах, гэмтээх бодит нөхцөл бий болсон гэх байдал тогтоогдохгүй, дээрх байдал нь хариуцагч Б.Агийн буруутай үйлдлээс болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч нь цахилгаан хэрэглэсний зардалд 985,000 төгрөгийг хариуцагч Б.Агаар төлүүлэхээр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл гаргасан ба өргөдөл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөгийг урьдчилан төлсөн болох нь тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 3 дугаар 19-ний өдрийн “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай” тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх-ийн 6-р хуудас/

 

Хариуцагчаас хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэх үед нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас цахилгаан хэрэглэсний төлбөрт 300,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг, цонх хагалсны төлбөрт 60,000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд нэхэмжлэгчийн шаардлага нотлогдохгүй байгаа боловч хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

 

Гэтэл нэхэмжлэгч Ч.Я нь “...хууль мэддэггүй, ямар нотлох баримтыг гаргаж өгөхийг мэдэхгүй,  ...шүүх хэргийг шударгаар шийдвэрлэх ёстой..., ...надад шууд нотлох баримт байхгүй ч цахилгааны мөнгийг хариуцагч төлөх ёстой...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй ба нотлох баримт цуглуулах талаах ямар нэгэн хүсэлт гаргаагүй, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгсөн, мөн хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалж, эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч авах Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх нь нээлттэй байсан болно.  

 

Иймд нэхэмжлэгч Ч.Я-гийн Б.Агаас төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас 390,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,110,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Б.Агаас 390,000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Яд олгож, үлдэх 1,110,000 /нэг сая, нэг зуун арван мянган төгрөг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 12,350 төгрөгийг хариуцагч Б.Агаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Яд олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ч.НЯМСҮРЭН