Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01107

 

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2021/01107

 

 

Ч.Я-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/01200 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Я-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А-д холбогдох,

 

Тогны мөнгөний зөрүү 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Я-, түүний өмгөөлөгч В.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ч.Я- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Б.А-д 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр цайны газраа сарын 800 000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Б.А-гаас 2 сарын төлбөр болох 1 600 000 төгрөгийг авсан. Тухайн мөнгөөр цайныхаа газрыг засаж тохижуулж, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс үйл ажиллагаа явуулсан. Үүнээс хойш 12 дугаар сарын 07-ны өдөр 2 сарын төлбөрийн хугацаа дууссан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас сарын төлбөрийг буулгаж 700 000 төгрөг болгож 1 жилийн гэрээ хийсэн мөн 1 cap гаруй үнэгүй ажиллуулсан. Гэтэл 1 жилийн гэрээ хийсэн боловч 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Гарахдаа тогны зөрүүг төлнө гээд гарсан. Энэ цайны газар нь 2020 оны 10 дугаар сард ашиглалтад орсон урд жил байгаагүй учир тогны мөнгө бүтэн төлөгдөнө. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд тогны 1 сарын төлбөр, мөн манай халуун усыг түрээсэлж байсан. Нийлээд 700 000 төгрөгийг цувуулж өгсөн. 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ажилласан цахилгааны мөнгө болох 985 000 төгрөг, эвлэрлийн 30 000 төгрөг, цонх хагалсан мөнгө болох 60 000 төгрөг, цоожны гол 40 000 төгрөг, плита 50 000 төгрөг, 6 паар хагалсан тул 60 000 төгрөг, таазны эмульс хууларсан байсны 100 000 төгрөг, эвлэрэх гээд явсны зардал буюу орлогоо алдсан тул 150 000 төгрөгийг олох ёстой байсан тул нийт 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 50 хоног ажилласан. Энэ хугацааны цахилгааны төлбөр гэх 1 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй. Яагаад гэвэл Сонгинохайрхан дүүрэг, 35 дугаар хороо, Орбит 61-76 тоотод байрлах Ч.Я-гийн өмчлөлийн объектын тоолуурын заалтаар 2020 оны 9 дүгээр сард 650 000 төгрөг, 10 дугаар сард 900 000 төгрөгийг тус тус төлсөн. Тухайн үед уг объектод цахилгааны хэрэглээ өндөртэй 7-8 объектод үйл ажиллагаа зэрэг явагдаж байсан. Тухайлбал 1 дэлгүүр, үсчин, халуун ус, эмийн сан, гүний худаг, цайны газар, орон сууц, нийтийн орон сууц болно. Үүнээс халаалт цахилгаан бүгдийг тооцоход зөвхөн цайны газар ийм өндөр төлбөр нэхэх нь үндэслэлгүй. Цахилгааны төлбөр 700 000 төгрөгийг төлсөн, 300 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс цайны газрыг ажиллуулж байгаад 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Энэ хугацаанд ковид-19 цар тахалын улмаас хөл хорио тогтоож цайны газар ажиллаагүй. Мөн цонхыг шиллэх, засварлахад гарах зардлыг төлж өгнө. Харин цоожны гол, паар, ханын пилтаны төлбөрийг төлөхгүй. Учир нь уг эд зүйлсийг эвдээгүй. Эдний хийсэн засвар нь муу учраас хана, тааз нь ховхорч унасан байсан. Өвөл ажиллахгүй байх үедээ Х.Янжинхорлоод түлхүүрээ үлдээсэн. Паарны халаалт нэгдсэн халаалтаар халдаг учир хамаагүй. Х.Янжинхорлоо манай өрөөний тоолуурыг заалтыг хараад явдаг. Надад тэмдэглэж авсан зүйл бас байхгүй. Эвлэрүүлэн зуучлалд өгөхөд төлсөн 30 000 төгрөгийг төлнө, цонх хагалсан гээд нэхсэн 60 000 төгрөгийг төлнө гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А-гаас 390 000 /гурван зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д олгож, үлдэх 1 110 000 /нэг сая, нэг зуун арван мянган төгрөг/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 12 350 төгрөгийг хариуцагч Б.А-гаас гаргуулан нэхэмжлэгч Ч.Я-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.Я- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 1 500 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч 390 000 төгрөгийг хэмжээнд хангаж үлдэх 1 110 000 төгрөгийг хангаагүй. Энэхүү шүүх хуралдаанд эрх зүйн туслалцаа авч чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах талаар хэн ч тайлбар мэдээлэл өгөөгүй. Эрхээ хамгаалах талаар ямар ч ойлголтгүй байсан тул хуульд заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэж, өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох эрхээ хангуулах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхэд хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Я- нь хариуцагч Б.А-д холбогдуулан түрээсийн гэрээний ашиглалтын зардал болон хохиролд 1 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Ч.Я-гийн нэхэмжлэлтэй Б.А-д холбогдох иргэний хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр явуулахаар тогтоосон шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШЗ2021/05146 дугаартай захирамж гарах үед Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Я-д шаардлагаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг шүүгч явуулаагүй байснаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй байжээ. /хх-ийн 16/

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг нэхэмжлэгч Ч.Я-д 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр тайлбарлаж өгсөн, хэргийг мөн өдөр танилцуулснаас хойш 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэснээс үзэхэд иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулинд заасан эрх зүйн туслалцаа авч, өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эсвэл өөрийгөө өмгөөлөх, нотлох баримтаа гаргаж өгөх, нөгөө талын тайлбартай танилцах, эсрэг баримт гаргах зэргээр мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2021/01200 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Н.БАТЗОРИГ