Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 28

 

Б.Ганчимэгийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00391 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам 62 дугаар байрны 8 тоотод оршин суух Бэхтөр овгийн Батнямын Ганчимэгийн /РД: ДЕ87042801/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багт оршин суух Баянбуурал овгийн Дарийн Дандарбаатарт /РД: ДЕ85032818/ холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэр болон мал эд хөрөнгө гаргуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа, нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Батнямын Ганчимэг нь 1987 оны 4 дүгээр сарын 28-нд Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын хүн эмнэлэгт төрсөн. Тус сум ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, улмаар 2005 онд Их засаг олон улсын их сургуульд нягтлан хянан шалганы ангид суралцаж байх үед танилцан 2006 онд Дарийн Дандарбаатартай гэр бүл болж, хамтын амьдралаа эхэлсэн. Бид хоёрыг нэг гэрт орохоос өмнө гуйгаагүй байхад 2007 оны 8 дугаар сарын 01-нд гэр бүл болсныг дур мэдэн батлуулж хүмүүстэй хуйвалдан жилийн өмнө гэрлэлтийн 500.000 төгрөгийг авч өөрсдийн ахуйн хэрэгцээнд хэрэглэсэн байсан. Гэр бүл болсны дараа энэ мөнгөө хөөцөлдөн аваад гэр орноо нүүлгээд сургуульдаа явах гэсэн боловч малаа малла, амьдралаа бод тэр мөнгийг чинь авсан юу яасан мөнгө, гэр оронд чинь зарцуулсан 10 ишиг авсан гээд өгөөгүй. Ингээд би сургуульдаа явж чадалгүй хаясан. Улмаар 2009 оны 10 дугаар сарын 12-нд охин Д.Гоомарал нь энэ гэр бүрд мэндэлсэн. Охиноо гарахаас өмнө хонинд явж байгаад мориноос унаж дотуур цус алдсан. Эмчид үзүүлье гэхэд дандаа та нар өвчин хэлдэг миний ах дүүсийг хамруулан дайрч доромжилж байсан. Эмч нар энд төрж болохгүй, хотод төр гэхэд явуулаагүй худлаа хэлж явах гэж байна гээд аав, ээж хоёртой хэрэлдэж сумын их эмч Болдбаатар өөрийн биеэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмэгтэйчүүдийн тасагт хүлээлгэн өгч, эмч нарын зөвлөгөөний хурлаар ярилцан хот явах шийдвэр гаргаж 36А маягтыг өгч асран хамгаалах хүнтэй яваарай гэж хэлж байсан боловч нөхөр болох Д.Дандарбаатар нь үл тоосон байдлаар хандаж яваагүй болох нь үнэн. 2016 онд амьдралын шаардлагаар Улаанбаатар хотод ажил хийх зорилгоор охин Д.Гоомарал нь сургуульд суух болж явсан. Нөхөр Д.Дандарбаатарыг цуг явж ажил хийж амьдралаа дээшлүүлэх тал дээр олон удаа гуйсан боловч ирээгүй. Миний бие охиноо бодож 2 удаа Дэлгэрт ирж нөхөртэйгөө учраа олж амьдрах хүсэлтэй байсан. Д.Дандарбаатар мессежээр чи битгий миний амьдралд гай болоод бай, миний найз охин чамаас илүү, маш их ухаантай за юу гэж бичсэн. Тийм бол хоёулаа салъя гэхэд тэгье, өөх ч биш булчирхай ч биш ингэж явж байхаар салъя, чи өргөдлөө бичээд өгчих гэсэн учраас энэхүү өргөдлийг бичих шалтгаан гарсан. Охин бид 2 тусалж дэмждэг хүнтэй болсон. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж гэрлэлтийг цуцлуулж, охиноо насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож, бидний дундын эд хөрөнгө болох гэр, малыг охины нэр дээр шилжүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие эд хөрөнгө болох мал, гэр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Д.Дандарбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.Дандарбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ хүн өөрөө эхэлж зан гаргасан. Би охин Д.Гоомаралыг хойт эцгийн гар харуулмааргүй байна. Иймд би гэр бүл цуцлах хүсэлгүй байна. Энэ хүн надаас мал нэхэмжилж байна. 2015 оны 9 дүгээр сарын 6-нд 35 ямаа, 7 хонь нийт 42 толгой мал тууж хүлээлгэн өгсөн. Б.Ганчимэг нь намайг гүтгэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэхтөр овгийн Батнямын Ганчимэг, Баянбуурал овгийн Дарийн Дандарбаатар нарын /2007 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд бүртгүүлсэн 0040-рт бүртгэлтэй/ гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Гоомаралыг эх Батнямын Ганчимэгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Д.Гоомаралыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нар /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.Дандарбаатараар тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Ганчимэгт даалгаж, Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Д.Дандарбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хариуцагч Д.Дандарбаатарыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгаж, нэхэмжлэгч Б.Ганчимэг нь гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч Д.Дандарбаатар хашаанаас оногдох хувь гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Энхчимэгт даалгаж,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.550 төгрөгөөс 247.132 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 42.418 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Д.Дандарбаатараас гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг, 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.068.000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 30.182 төгрөг, нийт 170.582 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Ганчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Дандарбаатар болон түүний өмгөөлөгч М.Энхзаяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00391 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Миний үйлчлүүлэгч Д.Дандарбаатар нь 2007 оны 8 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эхнэр Б.Ганчимэгтэй албан ёсоор гэрлэлтээ батлуулж улмаар 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охин Д.Гоомарал нь төрсөн. Д.Дандарбаатар нийт 8 жил хамт амьдарч байхдаа эхнэр Б.Ганчимэгтэй маргалдаж, муудалцаж байгаагүй. Би эхнэрээсээ салахгүй, охин Д.Гоомаралынхаа ирээдүйг бодож байна. Охин Д.Гоомаралаа хойт эцгийн гар харуулмааргүй байна гэдэг. Иймд гэр бүл цуцалсан шүүхийн шийдвэрийг дахин магадалж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хариуцагч Д.Дандарбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр болон мал эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Гэрлэгчид албан ёсны гэр бүл болоод 10 гаруй жилийн хугацаанд хамтран амьдарч 2009 онд охин Д.Гоомаралыг төрүүлж, өсгөн бойжуулсан ба хамтран амьдрах хугацаанд тэдгээр нь бие биенийгээ хардах, доромжлох зэргээр байнгын таарамжгүй харилцаатай байсан нь зохигчдын тайлбараар нотлогджээ.

Гэрлэгчдэд  эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа явуулсан, мөн шүүхээс эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч  талууд идэвхи санаачлагагүй хандсанаас уг  ажиллагаа амжилтгүй болсон нь тогтоогджээ.

Гэрлэгчдийн таарамжгүй, эвлэрэх боломжгүй байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах шалтгаан болсон гэж анхан шатны шүүх үзэж, тэдний дээрх таарамжгүй байдал нь хүүхдийн хүмүүжил, ёс суртахууны байдалд муугаар нөлөөлөхөөр байгааг харгалзан тэдний гэрлэлтийг цуцалсан нь буруу биш байна.

Нэхэмжлэгч Б.Ганчимэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрийн эд хөрөнгө болон мал гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00391 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д.Дандарбаатар, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН