Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 29

 

Ш.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй

 Иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00393 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр багт оршин суух Ончуул овгийн Шаравжамцын Түмэндэмбэрэлийн /РД: ДМ77050700/ нэхэмжлэлтэй,

Говь-Алтай аймгийн Цогт сумд оршин суух Еншөөбү овгийн Эрдэнэбатын Бумандэлгэрт /РД: ДЮ89022461/ холбогдох

Нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон зардал 175.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 350.000 төгрөг, нийт 5.525.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Түмэндэмбэрэл, түүний өмгөөлөгч М.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

Нэхэмжлэгч Ш.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цогт сумын харьяат Шаравжамц овогтой Түмэндэмбэрэл намайг 2015 оноос хойш Цогт сумын халамжийн мэргэжилтэн Э.Бумандэлгэр нь Цогт сумын ард түмний дунд удаа дараа үргэлжилсэн үйлдлээр одоог хүртэл нэр төр гутааж, тайван амгалан амьдрах боломжгүй нөхцөл байдалд оруулж байна. Үүнд: 1. Намайг Засаг даргын Тамгын газрын дунд нэр хоч зүүлгэж Санта Түмэн хэмээн нэрлэж, айлын гэр бүл үймүүлж салгадаг, энд тэнд хэрэлдсэн хосуудыг намайг салгадаг, янз бүрийн мессеж бичдэг, янз бүрийн дугаараас буюу мобикомын дугаараар нь асуусан чинь Түмэнгийн нэр дээр гарч ирлээ гэх мэтээр удаа дараалан нэр төрд халдаж байна. 2. Мөн таньж мэдэх эрэгтэй хүмүүсийг надтай холбож, миний 3 настай жаахан охиныг энэ тэрний хүүхэд гэж доромжилсон байдаг. Энэ хүний үндэслэлгүй ярианаас болж гэр бүл дотор тааламжгүй байдал ч үүсэж байсан. Мөн гадуур гараад найз нөхөдтэй уулзахад надад эвгүй байдал их гарч байсан. Чи яагаад хүмүүс хэрэлдүүлээд байдаг юм гэж хэлэхэд надад маш эвгүй байсан. Э.Бумандэлгэрийн намайг доромжилсон үг ярианаас болж сумын ард түмний дунд нэр хүнд унагаж байгаад гомдолтой байна. Э.Бумандэлгэр бид 2 үл ойлголцсон байдлаас болж миний талаар сөрөг мэдээлэл тарааснаас болоод Э.Бумандэлгэрийг зохих газруудад шалгаж өгнө үү? гэж өргөдөл өгсөн. Мөн өөрийнх нь энэ байдлаас болж авилгатай тэмцэх газар ажлыг нь шалгаж өгнө үү? гэсэн өргөдөл гаргаж байсан. Миний энэ талаар мэдээллийг анх хэлсэн хүн нь Т.Энхмаа, Ц.Мөнхзул, Б.Мөнхтуяа нараас би сонсож мэдсэн. Энэ нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэж тараасан тул энэ нөхцөл байдал гэр бүл болон тус сумын ард түмний дунд миний талаарх ойлголтод сөргөөр нөлөөлж байгаа тул Э.Бумандэлгэрээс нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь хариуцагч Э.Бумандэлгэрээс миний нэр хүндийг гутаан доромжилсны сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Үүнд сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эхний удаа ирж очсоны зардал 40.000 төгрөг, 2 дахь удаа ирсэн түлшний мөнгө 60*2.250=135.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал төлбөр 350.000 төгрөг нийт төлбөр болох 5.525.000 төгрөгийн мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Бумандэлгэр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.Бумандэлгэр би 1989 онд Есөнбулаг сумд төрсөн. Би 2013 оноос одоог хүртэл Цогт сумын хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би 2018 оны 6 дугаар сарын 6-нд иргэн Ш.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлийн дагуу дуудагдаж ирсэн. Уг нэхэмжлэлд дурдагдсанаар энэ хүний нэр төрд халдаж гутаан доромжилсон үйлдэл гаргаж байгаагүй, ямар нэгэн нэр хоч өгч байсан удаа байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би уг иргэн Ш.Түмэндэмбэрэлтэй ямар нэгэн харилцаа холбоогүй, садан төрөл, найз нөхдийн хамааралгүй болно. Харин энэ хүн нь удаа дараа манай байгууллагад өргөдөл өгч би цагдаа, авилгалтай тэмцэх байгууллагаар хүртэл шалгагдаж байсан. Өөрийнх нь энэ бүх үйлдэл амжилтгүй болж, миний буруу тогтоогдохгүй байгаа тул одоо нэр төрд халдсан хэмээн өргөдөл гаргаж байна гэж би ойлгож байна. Иймд энэ хүний нэр төрд халдаагүй, гутаан доромжилсон зүйлгүй учир нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх:  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Түмэндэмбэрэлийн нэхэмжлэлтэй, Э.Бумандэлгэрт холбогдох нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон зардал 175.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 350.000 төгрөг нийт 5.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,7.1.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  173.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны
шүүхэд гаргах эрхтэйг дурдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ш.Түмэндэмбэрэл, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00393  дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Ш.Түмэндэмбэрэлийг хариуцагч Э.Бумандэлгэр нь удаа дараа хэл амаар доромжилж, нэр төр, алдар хүндийг нь гутаах зорилгоор илт худал мэдээлэл тарааж, энэ нөхцөл байдал нь түүний гэр бүл, өөрийнх нь нэр хүндэд сөргөөр нөлөөлж цаашид сумын төвд амьдрах нөхцөл байдалгүй болгож байна. Гэтэл анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Ц.Мөнхзулын өгсөн мэдүүлгийг зөрүүтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомгүй байх тул анхан шатны иргэний хэргийн шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00393 дугаартай шийдвэрийг дахин магадлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүх  маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ш.Түмэндэмбэрэл нь хариуцагч Э.Бумандэлгэрт холбогдуулан нэр төр сэргээлгэж, сэтгэл санаанд учирсан хохиролд 5.000.000 төгрөг, нааш, цааш явж, шүүхэд ирж очсон зардалд 175.000 төгрөг, өмгөөлөгч авч өмгөөлүүлсний хөлс 350.000 төгрөг нийт 5.525.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...энэ хүний нэр төрд халдаж, гутаан доромжилсон үйлдэл гаргаж байгаагүй, ямар нэгэн нэр, хоч өгч байгаагүй...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Иргэний нэр, нэр хүнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ, 21.9 дэх хэсэгт энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу арилгана гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд зааж буй “...надад нэр хоч зүүж,  гэр бүл үймүүлж, энд тэнд хэрэлдсэн хосуудыг  салгадаг, янз бүрийн мессеж бичдэг...” гэх зэргээр нэр хүндийг маань унагаадаг гэсэн нь хариуцагч нь түүнийг ямар байдлаар гутаан доромжилсон, нэр хүнд нь ямар байдлаар гутаагдсан, мэдээллийн ямар хэрэгслээр ямар цар хүрээгээр тархаж, цацагдсан нь хангалттай нотлогдсон гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Маргааны гол зүйл болох нэхэмжлэгчийн өөрт учирсан гэх эдийн бус гэм хорыг арилгах үндэслэл нь нэр төр, алдар хүндийг нь гутаасан мэдээ тарсан байх, мөн уг тарсан мэдээ бодитоор нийцэж байгааг нотолж чадаагүй байх тохиолдолд эдийн бус гэм хорыг хариуцаж арилгахаар хуулиар зохицуулжээ.

Иймд Ш.Түмэндэмбэрэлийн нэр төр сэргээлгэж, сэтгэл санааны хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133/ШШ2018/00393 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ш .БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                     Ч.ЭНХТӨР

                                                                                     Т.ЖАРГАЛСАЙХАН