Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 393

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Ц.Үйтүмэн, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Т-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Э.Б-д холбогдох
Нэр төр сэргээлгэж,  сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон зардал 175.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 350.000 төгрөг нийт 5.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Т /онлайнаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, гэрч Ц.М /онлайнаар/, иргэдийн төлөөлөгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: намайг 2015 оноос хойш сумын халамжийн мэргэжилтэн Б нь сумын ард түмний дунд удаа дараа үргэлжилсэн үйлдлээр одоог хүртэл нэр төр гутааж, тайван амгалан амьдрах боломжгүй нөхцөл байдалд оруулж байна. Үүнд: 1. Намайг Засаг даргын Тамгын газрын дунд нэр хоч зүүлгэж Санта Т хэмээн нэрлэж, айлын гэр бүл үймүүлж салгадаг, энд тэнд хэрэлдсэн хосуудыг намайг салгадаг, янз бүрийн мессеж бичдэг, янз бүрийн дугаараас буюу мобикомын дугаараар нь асуусан чинь Т-н нэр дээр гарч ирлээ гэх мэтээр удаа дараалан нэр төрд халдаж байна. 2. Мөн таньж мэдэх эрэгтэй хүмүүсийг надтай холбож, миний 3 настай жаахан охиныг энэ тэрний хүүхэд гэж доромжилсон байдаг. Энэ хүний үндэслэлгүй ярианаас болж гэр бүл дотор тааламжгүй байдал ч үүсэж байсан. Мөн гадуур гараад найз нөхөдтэй уулзахад надад эвгүй байдал их гарч байсан. Чи яагаад хүмүүс хэрэлдүүлээд байдаг юм гэж хэлэхэд надад маш эвгүй байсан. Б-н намайг доромжилсон үг ярианаас болж сумын ард түмний дунд нэр хүнд унагаж байгаад гомдолтой байна. Э.Б бид 2 үл ойлголцсон байдлаас болж миний талаар сөрөг мэдээлэл тарааснаас болоод Э.Б-г зохих газруудад шалгаж өгнө үү? гэж өргөдөл өгсөн. Мөн өөрийнх нь энэ байдлаас болж авилгатай тэмцэх газар ажлыг нь шалгаж өгнө үү? гэсэн өргөдөл гаргаж байсан. Миний энэ талаар мэдээллийг анх хэлсэн хүн нь Т.Э, Ц.М, Б.М нараас би сонсож мэдсэн. Энэ нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэж тараасан тул энэ нөхцөл байдал гэр бүл болон тус сумын ард түмний дунд миний талаарх ойлголтод сөргөөр нөлөөлж байгаа тул Б-с нэр төрөө сэргээлгэх тухай нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие нь хариуцагч Э.Б-с миний нэр хүндийг гутаан доромжилсны сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байна. Үүнд сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, эхний удаа ирж очсоны зардал 40.000 төгрөг, 2 дахь удаа ирсэн түлшний мөнгө 60*2.250=135.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал төлбөр 350.000 төгрөг нийт төлбөр болох 5.525.000 төгрөгийн мөнгөн төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.
Харицагч Э.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э.Б би 2013 оноос одоог хүртэл сумын хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Би 2018 оны 06 сарын 06-нд иргэн Ш.Т-н дагуу дуудагдаж ирсэн. Уг нэхэмжлэлд дурдагдсанаар энэ хүний нэр төрд халдаж гутаан доромжилсон үйлдэл гаргаж байгаагүй, ямар нэгэн нэр хоч өгч байсан удаа байхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би уг иргэн Ш.Т-тэй ямар нэгэн харилцаа холбоогүй, садан төрөл, найз нөхдийн хамааралгүй болно. Харин энэ хүн нь удаа дараа манай байгууллагад өргөдөл өгөн би цагдаа, авилгалтай тэмцэх байгууллагаар хүртэл шалгагдаж байсан. Өөрийнх нь энэ бүх үйлдэл амжилтгүй болж, миний буруу тогтоогдохгүй байгаа тул одоо нэр төрд халдсан хэмээн өргөдөл гаргаж байна гэж би ойлгож байна. Иймд энэ хүний нэр төрд халдаагүй, гутаан доромжилсон зүйлгүй учир нэмэгдүүлсэн шаардлага болон үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Т-н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар учраас хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр Э.Б нь 2013 оноос одоог хүртэл сумын хөдөлмөр халамжийн мэргэжилтнээр ажилладаг. Э.Б-н тухайд Ш.Т-н нэхэмжлэлд дурдаад байгаа шиг нэр төрийг гутаан доромжилсон, нэр хоч өгсөн зүйл байхгүй.  Өөрийнхөө ажлыг хийгээд явж байгаа. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэсэн саналтай байна. Мөн энэ хүн удаа дараа албан байгууллагад болон Цагдаа, авилгалтай тэмцэх газар гэх мэт газруудад өргөдөл өгч өөрөө Э.Б гэдэг төрийн албан хаагчийн нэр төрийг доромжилж өргөдөл өгч шүүхэд нэр төр сэргээлгэнэ гээд эцсийн байдлаар явж байгаа юм. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөн үү? гэсэн саналтай байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ж.Б нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч Ш.Т нь Б-т янз бүрээр хэлэгдэж, доромжлогддог нь үнэн юм шиг байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Нэхэмжлэгч Ш.Т нь Э.Б-т холбогдуулан нэр төр сэргээлгэж,  сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон зардал 175.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 350.000 төгрөг нийт 5.525.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “...Э.Б бид 2 үл ойлголцсон байдлаас болж миний талаар сөрөг мэдээлэл тарааснаас болоод Э.Б-г зохих газруудад шалгаж өгнө үү? гэж өргөдөл өгсөн. Мөн өөрийнх нь энэ байдлаас болж авилгатай тэмцэх газар ажлыг нь шалгаж өгнө үү? гэсэн өргөдөл гаргаж байсан. Нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гаргасан...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан маргаж байна.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа “...энэ хүний нэр төрд халдаагүй, гутаан доромжилсон зүйлгүй...” гэж маргаж байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь “...Ш.Т-н нэр хүндийг ямар байдлаар гутаан доромжилсон, хүмүүсийн дунд энэ хүний нэр хүнд ямар байдлаар тарсан, хэвлэл мэдээлэл нийтийн хэрэгслээр ямар байдлаар цацагдаад нэр хүндийг гутаасан нь хавтаст хэрэгт авагдсан байдлаас тогтоогдохгүй, ямар үл ойлголцлоос болоод хувийн ийм харилцаа хэрүүл болоод байгаа, үүнийг нь Э.Б хэлсэн юм уу? үгүй юу? гэдэг нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна...” хэмээн мэтгэлцэж байна. 
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заажээ.
Өөрөөр хэлбэл эдийн бус гэм хорыг арилгах үндэслэл нь 1 дүгээрт бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан байх, 2 дугаарт уг тараасан мэдээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй байх гэсэн 2 үндсэн шалгуурыг хангасан тохиолдолд эдийн бус гэм хорыг хариуцан арилгана. 
Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Ш.Т-н нэр төрд халдсан ямар мэдээллийг, ямар цар хүрээг хамруулан тараасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс гэрчид хууль сануулан авсан гэрчийн мэдүүлэгт гэрч Ц.М нь “...Нөхрөөс нь салгах гэж оролдсоныг би сайн мэдэхгүй, Э.Б, Ш.Т-г янз бүрээр хэлдэг л байсан. Хүний хооронд хов зөөж байна, намайг салгасан гээд л юм яриад байсан. Ш.Т нөхрөөс минь салгах гээд байна, бид хоёрын хооронд яс хаяад байна гэж байсан. Би юунаас болж, ямар учраас тийм зүйл болсныг асуугаагүй. Нэр хоч өгч байсныг сайн мэдэхгүй. Лав л муугаар хэлдэг байсан. Өөр хажууд тэгж ярьж байсныг би сайн мэдэхгүй...” гэж мэдүүлж байсан бол шүүх хуралдаанд онлайнаар оролцсон мэдүүлэгтээ ”...Би тамгын газар Э.Б-тэй 2 жил гаруй ажилласан. Эхлээд Т, Б 2 найзууд байсан юм. Сүүлдээ юунаас болж муудалцсаныг мэдэхгүй муудалцаад Т авгай дандаа хүний хооронд хов хутгадаг ингэлээ тэглээ гээд хэлдэг байсан. Тамгын газрын ажилчдын хажууд зөндөө ярьдаг байсан. Гадуур яаж ярьдгийг мэдэхгүй. Надад ирж ярьдаг байсан. Бүгд тойроод сууж байхад тэрийг чинь санта Т гэдэг шүү дээ гэж хэлж байсан...” гэж мэдүүлж байна. 
Гэрчээр оролцож байгаа этгээд хэрэгт ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд байх шаардлагатай. Гэтэл дээрх мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй бөгөөд гэрч Ц.М-н урьд эрхэлж байсан ажлыг хариуцагч Э.Б нь одоо хавсран гүйцэтгэж байгаа болох нь гэрчийн “...Би Засаг даргын тамгын газарт Хөдөлмөрийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Э.Б  хүн амын халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан. Одоо энэ 2 албан тушаал нэг болсон. Э.Б ганцхан Т гэлтгүй бусад хүмүүсийг их хэл амаар доромжилдог байсан. Намайг ажлаас гарахад ажлаа мэддэггүй гэж ярьсан байсан. Бид за яахав сумаасаа нэгэнт гарсан юм чинь хэрүүл хийгээд яахав гээд өнгөрөөсөн. Ер нь хүнийг маш их муухайгаар хэлчихээд сүүлд нь санахгүй байна гэж хэлдэг. Түүнд нь их гомдолтой байна…” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Ц.М нь хариуцагч Э.Б-тэй хувийн таарамжгүй харилцаатай, ашиг сонирхлын зөрчилтэй болох нь түүний тайлбараар тогтоогдож байх тул гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна. 
Нэхэмжлэгч Ш.Т нь шүүх хуралдаанд Э.Б нь Э гэдэг багш руу янз бүрийн мессэж бичсэн, Хаан банкны теллэр У гэдэг хүнтэй холбоотойгоор мессэж бичсэн байсныг Э мессэжээ уншуулах гээд иртэл У наадхыг чинь Т бичиж байгаа юм. Тэр бол хэрүүл сонсоод байж байдаг хүн гээд хэлсэн. Тэгээд иймэрхүү байдлаар яриад явж байдаг юм гээд тараасан байсан. М гэдэг залууг очоод уулзахад чи айлын хөгшин авгайтай явалддаг. Чиний хүүхэд гарах гэж байгаа юм биш үү? гэж хэлсэн байсан.Миний нэр хүнд Э гэдэг багш хүүхний гэр бүлийн асуудал ч юм уу Ундармаа гэх хүүхний асуудлыг Б яагаад Т-н бичсэн мессэж гэж өөртөө итгэлтэй ярьсан юм. Тэрийг ойлгохгүй байна. Түүнийг тодруулахыг хүсэж байна гэж тайлбарлаж байх боловч хариуцагч Э.Б нь Ш.Т-тэй холбоотой ямар нэгэн мессеж бичсэн эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хариуцагч Э.Б нь нэхэмжлэгч Ш.Т-н нэр төрийг гутаан доромжилсон мэдээлэл тараасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. 
Иймд Ш.Т-н нэхэмжлэлтэй, Э.Б-т холбогдох нэр төр сэргээлгэж,  сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон зардал 175.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 350.000 төгрөг нийт 5.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Т-н нэхэмжлэлтэй, Э.Б-т холбогдох нэр төр сэргээлгэж,  сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, шүүхэд ирж очсон зардал 175.000 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 350.000 төгрөг нийт 5.525.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.


   ДАРГАЛАГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ
        ШҮҮГЧ                            Ж.ОТГОНХИШИГ            
        ШҮҮГЧ                            Ц.ҮЙТҮМЭН