Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 180

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга M.Оргилтунгалаг, иргэдийн төлөөлөгч Ж.Наранзориг, улсын яллагч П.Даваасүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаа, шүүгдэгч Э.Баярбямба, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:      

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дамь овогт Энхбаярын Баярбямбад холбогдох эрүүгийн 2015 2501 1099 дүгээр хэргийг 2017 оны 2 дугаар сарын 15ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Хасу мигаватт” ХХК-д засварчин, гагнуурчин ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 10 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Баянхайрханы 6 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дамь овогт Энхбаярын Баярбямба. /РД: АР90080113/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баярбямба нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15-ын 4 дүгээр байрны гадна маргалдах явцдаа талийгаач Ц.Нэргүйбаатарын зүүн шанаан тус газар баруун гараараа нэг цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.                                                            

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Баярбямба шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би ийм хэрэг болно гэж бодоогүй. Ар гэрээс нь уучлал гуйж байна. Би их гэмшиж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр талийгаач маань ажилдаа зүгээр явсан. Орой 20 цаг 15 минутын үед манай охин аавтайгаа ярихад талийгаач “...багажаа хураагаад арай тарах болоогүй байна, гар утас унтрах гээд байна” гэж хэлсэн. Тэгээд талийгаач 21 цагийн үед миний гар утас унтарчихлаа гээд хүний утаснаас ярьсан. Тэрнээс хойш талийгаач яриагүй. Ажлын газрын хүмүүс рүү нь залгахад утсаа авсан боловч ярихгүй байхаар нь Найдан ахын эхнэр рүү залгаад юу болсон талаар асуухад “...нэг хүн нь нас барсан юм шиг байна, гэхдээ хэн гэдгийг нь мэдэхгүй байна” гэж хэлсэн. Өглөө нь босоод талийгаач болон ажлын газрын хүмүүс рүү нь залгахад гар утаснууд нь холбогдохгүй байсан. 17 цаг өнгөрч байхад Найдан ах, Бааска хоёр орж ирэхээр нь “...юу болсон, яагаад манай хүнийг яриулахгүй байгаа юм, манай хүн зүгээр биз дээ” гэж асуухад дуугүй суугаад байсан. Тэгтэл Бааска намайг хувцсаа өмсчих гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс рүү дагуулаад очиход цагдаа “...та сэтгэлээ бариарай, танай хүн нас барчихсан юм шиг байна” гэж хэлсэн. Талийгаачийг нас барснаас хойш 3 хоногийн дараа оршуулсан. Шүүгдэгчийн талаас бэлнээр 1.400.000 төгрөг, мөн хашаа таван ханатай гэртэй газар өгсөн. Би бие муутай учир ажил хийдэггүй, бага насны хүүхэдтэй, тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж 700.000 төгрөгөөр дэлгүүрээс өр, зээл тавьж амьдарч байна. Нийт 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Гомдол саналгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаагийн өгсөн: “...Талийгаач нөхрийг маань Цэрмаагийн Нэргүйбаатар гэдэг. Нийт 3.200.000 төгрөгний зардал гарсан. 2.500.000 төгрөгийг оршуулгын зардалд зарцуулсан. Зардлын баримт нь байгаа.” гэх мэдүүлэг /1хх-ийн 17-18, 149/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Батмөнхийн өгсөн: “...бид хэд нэг шил 0,5-н литрийн Улаанбаатар гэдэг нэртэй архи уусан. Тэгээд бид хэд бүгд гарцгаасан. Баярбямба өдөр алсан хонины нэхий, өлөн 2-г аваад замдаа унааны мөнгө хийнэ гээд авсан чинь талийгаач наадхаа үлдээчих гэж байсан. Тэгээд би Намнантай хамт гараад юм яриад явж байтал 8 дугаар хорооны тэнд явж байхад ард Ганболд, Нэргүй, Найдаа, Баярбямба нар чанга, чанга яриад байсан. Тэгэхээр нь эргээд хартал Нэргүй ах Баярбямба 2 хоорондоо маргалдаад Баярбямба миний авгай хүүхэд яацын гээд дайраад хоорондоо барьцалдаад авангуут нь салгасан чинь Баярбямба Нэргүй ахыг өшиглөсөн чинь хөлийг нь бариад авсан. Тэгээд Цэрэннадмид ах салгаад явсан байх. Би Нэргүй ахыг та настай хүн байж наадхантайгаа битгий маргалд гэж хэлээд Намнангаас тамхи авах гээд эргээд хартал Намнан Баярбямбыг бариад ав гэсэн. Эргээд хартал Баярбямба гүйж ирээд Нэргүй ахыг баруун гараараа цохисон байх, би сайн хараагүй гартаа юм барьсан эсэхийг мэдэхгүй байна. Нэг удаа л цохисон. Нэргүй ах доошоо хараад унасан, би очоод Нэргүй ахыг босоорой гэсэн чинь нэг л сонин амьсгалахгүй гулжигнаад байсан. Намнан толгой доор нь юм дэрлүүлж хэвтүүлээд цээжийг нь илээд Баасанжав ах хиймэл амьсгаа хийсэн. Баярбямба ирээд хиймэл амьсгаа хийгээчээ гээд талийгаачийн хүзүүгээр тэвэрч аваад хиймэл амьсгаа хий гээд байсан. Бид хэд Баярбямбыг холдуулаад Намнан 103 дуудсан байх, тэгээд ирэхгүй болохоор нь 103 луу дахиад залгаад дуудаж байтал Баярбямба баруун талын гудамж руу ороод явсан. Явахдаа би өнгөрсөн, би авгай хүүхэд дээрээ очино гээд явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Намнандоржийн өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн үед ажил тараад цуг ажилладаг бригадын залуучууд Баасанжав, Цэрэннадмид, Ганболд, Батмөнх, Баярбямба, Нэргүйбаатар нарын хамтаар ажлын газрын гадаа 0,75-н литрийн Улаанбаатар архи, 0,5 литрийн Улаанбаатар архи хувааж ууцгаасан. Ингээд харихаар УС-15-ын байрны урдуур засмал зам руу орохоор явж байтал миний ард Баярбямба, талийгаач Нэргүйбаатар нар хоорондоо маргаад байсан. Тэгэж байгаад миний урд гараад алхаж явахдаа хэрэлдээд явсан. Тэгсэн хэн нь билээ голоор нь ороод салгах гэсэн чинь Баярбямба талийгаач Нэргүйбаатарын нүүрэн тус газар нэг удаа аль гараараа билээ, нэг удаа цохьсон. Нэргүйбаатар зөрүүлээд баруун гараараа Баярбямбын толгой тус газарт нэг удаа цохьсон. Манай нөгөө хэд салгасан гэсэн чинь талийгаач Нэргүйбаатар Баярбямбын хүзүүгээр баруун гараараа тэврээд авсан. Батмөнх, Ганболд хоёрын аль нь билээ тэр хоёрыг салгаад Нэргүйбаатараас зүгээр үү гээд асуусан. Хариу хэлээгүй. Тэгээд Цэрэннадмидын утсаар би түргэн тусламж дуудсан. Түргэн тусламж иртэл Батмөнхийн цүнхийг талийгаач Нэргүйбаатарын хүзүүнд дэр болгож хийсэн. Амьсгалахгүй болохоор нь би зүрхэнд нь иллэг хийсэн. Түргэн тусламж ирээд Нэргүйбаатарын биед үзлэг хийгээд хүүхэн хараа яасан байна гэлээ дээ нэг зүйл хэлээд цагдаа нарыг дуудсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 24/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Баасанжавын өгсөн: “...Батмөнх, Ганболд, Цэрэннадмид, Намнандорж, Баярбямба, Баасандавга, талийгаач би 8-лаа үлдээд Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгээд манаач Баасандавга хашаандаа үлдээд бид хэд 21 цаг 30 минутанд ажлаасаа гарсан УС-15-н байрны урд замаар автобусны буудал руу явж байсан, тэгсэн Баярбямба талийгаач 2 хоорондоо маргалдаж эхэлсэн, юунаас болсоныг сайн мэдэхгүй байна, тэгээд 4 дүгээр байрны урд явж байхад талийгаач өдөр гаргасан хонины нэхий өлөн 2-г эхлээд ажлаас гарахад талийгаач тушаана гээд аваад явж байсан, тэгсэн маргаан болох үед Баярбямба нэхий өлөн 2-г барьсан байсан, тэрнээс болж муудалцсан байх, наад нэхий өлөнгөөрөө авгай хүүхдээ тэжээгээрэй гэж талийгаач хэлсэн санагдаж байна. Тэгээд Баярбямба талийгаач руу дайраад хоорондоо маргаж явж байгаад Баярбямба талийгаачийг цохисон байх пүд гээд дуугарсан, эргээд хартал талийгаач газар унаад Цэрэннадмид, Намнандорж нар түшээд авч байсан буцаад очоод Баярбямба түлхэж холдуулаад талийгаач дээр очиход доошоо хараад хэвтэж байсан, босоорой гээд дээш харуулахад огт хөдлөхгүй байсан, бид хэд гар хөл хүзүүнээс босоорой гээд сэгсэрсэн. Ганболдыг дэлгүүрээс ус аваад ир гээд ус нүүрэн дээр нь асгахад огт хөдлөхгүй байсан, хиймэл амьсгал хийхэд амьсгалахгүй өөдөөс үлээгээд байхаар нь зүрхэн дээр нь массаж хийсэн. Зүрх болон гарын бугуйн судсан дээр дарж үзэхэд юу ч мэдэгдэхгүй байсан. Баярбямба Нэргүй ахаа та тоглоод байгаа юмуу наад хүн чинь үхлээ гээд хажуугаас талийгаачийг сэгсрээд байсан тэгээд 103 дуудсан 15 минут орчмын дараа 103 ирсэн байх эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26/,

 

            Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганболдын өгсөн: “...Ингээд бид нар 22 цагийн үед байхаа гараад Намнан, Батмөнх 2 түрүүлээд алхаад явж байсан ба би араас нь гараад явсан. Миний араас Нэргүйбаатар, Баасанжав, Найдаа, Баярбямба 4 явж байсан. Тэгээд явж байхад Нэргүйбаатар, Баярбямбад хандаад эхнэр, хүүхдийнх нь талаар нэг юм хэлсэн чинь Баярбямба бүр их уурлаад зодолдох гээд байхаар нь бид нар Нэргүйбаатар Баярбямба 2-ыг салгаад байж байхад Нэргүйбаатар Баярбямба руу эхнэр хүүхдийнх нь талаар хорон үг хэлээд байсан. Тэгсэн чинь Баярбямба миний хажуугаар тойрч ирээд Нэргүйбаатар ахыг нэг удаа цохих шиг болсон. Учир нь пид гээд дуу гарсан юм. Тэгтэл манай хэд Баярбямбыг татаад авсан ба би талийгаачийн баруун гарнаас нь хойшоо татаж байхад Баярбямба Нэргүйбаатар ахын гэдэс рүү нь өшиглөх шиг болсон. Би сайн харж чадаагүй. Тэгээд л  салгаад би талийгаач Нэргүйбаатар ахтай хамт алхаж байтал Нэргүйбаатар ах 3 алхаад шууд газар доошоо хараад унаад өгсөн. Тэгээд дахиж ямар нэг хөдөлгөөн хийгээгүй ба Баасанжав, Найдаа 2 талийгаачийг эргүүлж дээшээ харуулаад ус авчирч нүүр, цээжин дээр нь асгаад Найдаа, Баасанжав 2 цээжийг нь илээд массаж хийгээд байсан. Тэгтэл Баярбямба би эхнэр, хүүхэд дээрээ очлоо гэж хэлээд яваад өгөхөөр нь би араас нь очсон чинь хашаа даваад алга болсон. Тэгээд бид нар дуудаад үзүүлсэн чинь талийгаачийг нас барсан байна гээд эмч нар цагдаа дуудсан...“ гэх мэдүүлэг /1хх-ийн 27-29/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Цэрэннадмидийн өгсөн: “...Нэргүйбаатар, Баасанжав, Батмөнх, Баярбямба, Намнандорж, Ганболд бид нар УС-15-н тэнд автобусны буудал орохоор 22 цаг өнгөрөөд явж байхад Нэргүйбаатар, Баярбямба 2 ажлаас авсан хонины нэхий, өлөн гэдэс булаацалдаж маргалдсан. Тэгээд явж байхад гэнэт тэр хоёр барилцаж аваад зууралдахад нь Ганболд бид хоёр салгасан. Тэгэхэд Баярбямба намайг түлхэж унагаад би босоод ирэхэд Нэргүйбаатар газар дээш хараад уначихсан байсан. Тэгээд юу болсон гээд асуухад Батмөнх, Баасанжав, Намнандорж, Ганболд нар Баярбямба Нэргүйбаатарын нүүрлүү гараараа 1 удаа цохисон чинь газар дээшээ хараад уначихлаа гэсэн, тэгээд Нэргүйбаатар хөдлөхгүй дээш хараад хэвтээд байсан. Бүгдээрээ түргэн дууд гээд байхаар нь би гар утас гаргаж ирээд өөрийн 88185999 дугаараас түргэн лүү залгаж Намнандоржоор яриулсан. Тэгээд түргэн 20 минут орчимын дараа ирж үзээд зүрх нь зогсчихсон байна гэсэн. Тэгээд удалгүй цагдаа ирсэн... Баярбямба дээгүүрээ богино ханцуйтай цайвардуу өнгийн цамц, хар хөх өнгийн өмдтэй, Нэргүйбаатар саарал өнгийн подволк, саарал өнгийн нимгэн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, пүүзтэй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 33 дугаар хуудас/,

 

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 42 тоот:

1. Магадлуулагч Э. Баярбямба нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчинтэй байгаагүй. Тэр үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдаж чадаж байсан,

2. Магадлуулагч Э. Баярбямба нь одоо сэтгэцийн өвчингүй байна. Өөрийнхөө үйлдсэн хэргийг хариуцаж чадна,

3. Албадан эмчилгээ шаардлагагүй,

4. Магадлуулагч Э.Баярбямба нь болсон байдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 163-164/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 7 дугаар сарын 24-ний  өдрийн 1237 дугаар шүүх эмнэлгийн шинжээчийн задлан шинжилгээ хийсэн:

            1.2.3 Талийгаачийн биед гэмтэл тогтоогдсонгүй,

            4. Талийгаач нь зүрхний булчингийн голомтлог сорвижил өвчтэй байжээ. Уг өвчин үхэлд нөлөөлөөгүй,

            5. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ,

            6. Талийгаач нь этилийн спиртний хурц хордлогын улмаас нас баржээ,

            7. Талийгаачийн цус нь АВО системээр С/1/ бүлгийн харьяалалтай байжээ гэх дүгнэлт /1хх-ийн 50-52/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 938 дугаар:

            1. Шинжээч эмч О.Болроогийн 1237 тоот дүгнэлттэй санал нэг байна.

           2. Цусан дахь дунд зэргийн согтолт нас барах шалтгаан болж болно.

           3. Талийгаач нь этилийн спиртийн хурц хордлогын улмаас нас барсан байна. Толгойн тус газар цохисон үйлдэл нь талийгаачийн нас барсан шалтгаантай холбоогүй байна гэх дүгнэлт /1хх-ийн 108-109/,

     

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1353 дугаар:

            1. Шүүх эмнэлгийн цогцос шинжилсэн акт 1237 тоот дүгнэлт, хавтаст хэргийн материалаар гаргасан 938 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

             2. Талийгаач Ц.Нэргүйбаатар нь амьсгалын замд ходоодны агууламж орж амьсгал бүтэж нас баржээ гэх дүгнэлт /1хх-ийн 141-143/,

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1442 дугаар:

1.3. Шинжээч эмч Болороогийн гаргасан 1237 тоот дүгнэлт, хэргийн материалаар дүгнэлт гаргасан шинжээчдийн комиссын 938, 1353 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтэл зүрхний рефлексийн зогсолтоор нас барсан байх боломжтой байна. Рефлексийн бүс гэдэг нь их хэмжээний мэдрэлийн хүлээн авагчийн бөөгнөрөл бөгөөд төвөнх, гүрээний синус, наран сүлжээ, гадна бэлэг эрхтэнд рефлексийн бүс байдаг. Рефлексийн бүсэд цохиход тэнэгч мэдрэлийн хүчтэй цочролын улмаас цусны даралт унаж, зүрхний хэм алдагдан зүрх рефлексээр зогсдог,

2. Цохилтоос болж талийгаачийн ходоодны агууламж цагаан мөгөөрсөн хоолойд орохгүй харин хохирогчид сэхээн амьдруулах арга хэмжээ оролдлогын үед нас барсаны дараа орсон байх боломжтой” гэх дүгнэлт /1хх-ийн 193-195/,        

 

  •              Шинжилгээний  Үндэсний  хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын

 

16-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжээчийн хэргийн материалаар хийсэн 1561 дугаар:

1. Талийгаач Ц.Нэргүйбаатарын биед хүзүүний хэсгийн рефлексийн бүсийн гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрхи гэмтлийг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд авсан байх боломжтой,

3. Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас баржээ,

4. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй,

5. Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ,

6. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

7.8.Нэг удаагийн цохилтоос болж талийгаачийн ходоодны агууламж цагаан мөгөөрсөн хоолойд орохгүй, харин хохирогчид сэхээн амьдруулах арга хэмжээ авах оролдлогын үед нас барсаны дараа орсон байх боломжтой,

9. Рефлексийн бүсэд цохиход тэнэгч мэдрэлийн хүчтэй цочролын улмаас цусны даралт унаж, зүрхний хэм алдагдан зүрх чичирхийлж рефлексээр зогсдог.

10. Цусны эргэлт буюу зүрх гэнэт зогсоход түргэн үхлийн шинж тэмдэг болох тархи уушигны хаван, цусны эргэлтийн хямрал, гялтангийн цэгчилсэн цус харвалт бүхий өөрчлөлт илэрнэ.

11.12. Рефлексийн бүс гэдэг нь их хэмжээний мэдрэлийн хүлээн авагчийн бөөгнөрөл бөгөөд төвөнх, гүрээний синус /хүзүүний урд хажуу хэсэг/, наран сүлжээ /аюулхай/, гадна бэлэг эрхтэнд рефлексийн бүсүүд байдаг,

13. Шинжээч эмч Болороогийн 1237 дугаартай дүгнэлт, тус хүрээлэнгийн шинжээч эмч Б.Ганзориг, Т.Номинцэцэг, Ө.Сарангэрэл нарын гаргасан 938 дугаартай дүгнэлт, мөн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, Н.Туяа, Г.Энхбаатар, М.Золжаргал нарын гаргасан 1353 дугаартай дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Шинжээч эмч М.Энхбаяр, С.Чулуунсүх, Б.Ариунзул, Ц.Оюун-Эрдэнэ, М.Энхтайван нарын гаргасан 1442 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дүгнэлт /1хх-ийн 203-206 дугаар хуудас/,

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-12/, хохирлын баримтууд /1хх-ийн 87-102/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1442 дугаар дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Ариунзул, М.Энхбаяр нарыг байцаасан тэмдэглэл /1хх-ийн 196-197, 207-209/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1561 дугаар дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.Ундармаа, А.Амгаланбол, Б.Энхжин нарыг байцаасан тэмдэглэл /1хх-ийн 210-213/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 1353 дугаар дүгнэлт гаргасан шинжээч эмч Ц.Ганболдыг байцаасан тэмдэглэл /1хх-ийн 144/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 224/, шүүгдэгч Э.Баярбямбын нийгмийн даатгалын дэвтэр, 189 дугаартай ажлын үнэмлэх /1хх-ийн 171/, Баярын бичиг /1хх-ийн 227-229,232/, Гагнуурчны мэргэшлийн гэрчилгээ /1хх-ийн 170/, шүүгдэгч Э.Баярбямбын зан байдлыг тодорхойлсон гэрч Э.Энхзаяа, Ч.Энхбаяр, Д.Алтангэрэл, Э.Мөнхнаран, Э.Ариунбаяр нарын мэдүүлэг /1хх-ийн 42-47, 151-153/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Баярбямбыг 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15-ын 4 дүгээр байрны гадна маргалдах явцдаа талийгаач Ц.Нэргүйбаатарын зүүн шанаан тус газар баруун гараараа нэг цохиж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Э.Баярбямба нь хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Мөрдөн байцаалтанд гэрч С.Батмөнхийн өгсөн: “...Баярбямба өдөр алсан хонины нэхий, өлөн 2-г аваад замдаа унааны мөнгө хийнэ гээд авсан чинь талийгаач наадхаа үлдээчих гэж байсан. Тэгээд би Намнантай хамт гараад юм яриад явж байтал 8 дугаар хорооны тэнд явж байхад ард Ганболд, Нэргүй, Найдаа, Баярбямба нар чанга, чанга яриад байсан....Эргээд хартал Баярбямба гүйж ирээд Нэргүй ахыг баруун гараараа цохисон байх, би сайн хараагүй гартаа юм барьсан эсэхийг мэдэхгүй байна. Нэг удаа л цохисон. Нэргүй ах доошоо хараад унасан, би очоод Нэргүй ахыг босоорой гэсэн чинь нэг л сонин амьсгалахгүй гулжигнаад байсан. ...Явахдаа би өнгөрсөн, би авгай хүүхэд дээрээ очино гээд явсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 21-23/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ө.Намнандоржийн өгсөн: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн үед ажил тараад цуг ажилладаг бригадын залуучууд Баасанжав, Цэрэннадмид, Ганболд, Батмөнх, Баярбямба, Нэргүйбаатар нарын хамтаар ажлын газрын гадаа 0,75-н литрийн Улаанбаатар архи, 0,5 литрийн Улаанбаатар архи хувааж ууцгаасан... Тэгсэн хэн нь билээ голоор нь ороод салгах гэсэн чинь Баярбямба талийгаач Нэргүйбаатарын нүүрэн тус газар нэг удаа аль гараараа билээ, нэг удаа цохьсон.” гэх мэдүүлэг /1хх-ийн 24/,

Мөрдөн байцаалтанд гэрч Т.Баасанжавын өгсөн: “...Батмөнх, Ганболд, Цэрэннадмид, Намнандорж, Баярбямба, Баасандавга, талийгаач би 8-лаа үлдээд Улаанбаатар нэртэй 0,5 литрийн архи хувааж уусан... Тэгээд Баярбямба талийгаач руу дайраад хоорондоо маргаж явж байгаад Баярбямба талийгаачийг цохисон байх пүд гээд дуугарсан, эргээд хартал талийгаач газар унаад Цэрэннадмид, Намнандорж нар түшээд авч байсан буцаад очоод Баярбямба түлхэж холдуулаад талийгаач дээр очиход доошоо хараад хэвтэж байсан, босоорой гээд дээш харуулахад огт хөдлөхгүй байсан, бид хэд гар хөл хүзүүнээс босоорой гээд сэгсэрсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-26/,

            Мөрдөн байцаалтанд гэрч Н.Ганболдын өгсөн: “...Тэгсэн чинь Баярбямба миний хажуугаар тойрч ирээд Нэргүйбаатар ахыг нэг удаа цохих шиг болсон. Учир нь пид гээд дуу гарсан юм. Тэгтэл манай хэд Баярбямбыг татаад авсан ба би талийгаачийн баруун гарнаас нь хойшоо татаж байхад Баярбямба Нэргүйбаатар ахын гэдэс рүү нь өшиглөх шиг болсон.“ гэх мэдүүлэг /1хх-ийн 27-29/,

Мөрдөн байцаалтанд гэрч Ц.Цэрэннадмидийн өгсөн: “...Тэгээд явж байхад гэнэт тэр хоёр барилцаж аваад зууралдахад нь Ганболд бид хоёр салгасан. Тэгэхэд Баярбямба намайг түлхэж унагаад би босоод ирэхэд Нэргүйбаатар газар дээш хараад уначихсан байсан. Тэгээд юу болсон гээд асуухад Батмөнх, Баасанжав, Намнандорж, Ганболд нар Баярбямба Нэргүйбаатарын нүүрлүү гараараа 1 удаа цохисон чинь газар дээшээ хараад уначихлаа гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 33 дугаар хуудас/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1442, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1561 дүгээр дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Баярбямбыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Э.Баярбямбад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

            Шүүгдэгч Э.Баярбямба урьд 111 /нэг зуун арван нэг/ хоног цагдан хоригдсон, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаа хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч хавтаст хэрэгт гэм хорын хохирлын 1.098.070 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн /1хх-ийн 87-98/, шүүгдэгч Э.Баярбямба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид бэлнээр 1.400.000 төгрөг, 3.000.000 төгрөгөнд тооцон газар, 800.000 төгрөгөнд тооцон 5 ханатай гэр тус тус шилжүүлэн өгсөн болохыг дурьдах нь зүйтэй. /2хх-ийн 57-59/,

 

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Дамь овогт Энхбаярын Баярбямбыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Э.Баярбямбад 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар  Э.Баярбямбад  оногдуулсан  10 /арав/  жил  6 /зургаа/  сарын хугацаагаар

хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

           

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Баярбямбын урьд цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Баярбямбад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Н.ОДОНТУУЛ

 

                                     ШҮҮГЧИД                              Т.ШИНЭБАЯР

 

                                                                                         Б.АРИУНХИШИГ