Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 427

 

 

 

 

Э.Баярбямбад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор П.Даваасүрэн,

ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг  оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Э.Баярбямбад холбогдох 2015 2501 1099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дамь овогт Энхбаярын Баярбямба, 1990 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Хасу Мегаватт” ХХК-д засварчин, гагнуурчин ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уулын 27 дугаар гудамжны 18А тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 6 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:АР90080113/,

Э.Баярбямба нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15-ын 4 дүгээр байрны гадна Ц.Нэргүйбаатартай маргалдах явцдаа түүний зүүн шанаан тус газар баруун гараараа нэг удаа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Баярбямбын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дамь овогт Энхбаярын Баярбямбыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Э.Баярбямбад 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 10 /арав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Баярбямбын урьд цагдан хоригдсон 111 /нэг зуун арван нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Цэнгэлмаа нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон гэм хорын хохирлын бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч Н.Буянжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 180 дугаар тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй гэж үзэж шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Буянжаргал би давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Э.Баярбямбад холбогдох хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Ингэхдээ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр гэм буруу нь нотлогдож байна гэж дүгнэжээ. Гэрчүүдийн мэдүүлгийн тухайд Э.Баярбямба нь талийгаачийг цохисон үйл явдлыг нотлох бөгөөд шүүгдэгч өөрөө уг үйлдлээ хүлээн зөвшөөрдөг.

Шинжээчийн дүгнэлтээр талийгаачийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцлийг тогтоохыг оролдсон. Хэрэгт нийт 5 удаа шинжээч томилогдсоноос зөвхөн нэг нь буюу 2015 оны 7 дугаар сарын 24-ний 1237 дугаар шинжээчийн дүгнэлт цогцос шинжилж дүгнэлт гаргасан. Бусад 4 удаагийн дүгнэлтийг хэргийн материалаар гаргасан. Эхний 2 удаагийн дүгнэлтээр талийгаачийг спиртийн хордлогын улмаас, 3 дахь нь амьсгалын бүтэлт, сүүлийн 2 дүгнэлтээр эхний 3 дүгнэлтийг үгүйсгэж, талийгаачийг хүзүүний рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх нь рефлексээр зогссон гэж дүгнэжээ.

Анхан шатны шүүх сүүлийн 2 дүгнэлтийг үндэслэн Э.Баярбямбыг гэм буруутайд тооцсон. Шүүхийн тогтоолын үндэслэл болоод байгаа 1442, 1561 дүгээр дүгнэлтүүдээр хэргийн талаар ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг тогтоосон эсэх нь эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, үүнийг шүүхийн шатанд нөхөн хийх боломжгүй гэж үзэж байна. Үүнд:

1. 1хх-196 дугаар хуудсанд авагдсан 1442 дугаар шинжээчийн дүгнэлтэд зааснаар хүний биед рефлексийн бүс нь төвөнх, гүрээний судас /хүзүүний урд хажуу хэсэг/, наран сүлжээ /аюулхай/, гадна бэлэг эрхтэнд байрладаг байна. Рефлексийн бүсэд цохиход тэнэгч мэдрэлийн хүчтэй цочрол бий болж үхэлд хүргэдэг гэж тайлбарлажээ. Тэгвэл Э.Баярбямба нь талийгаачийг эдгээр рефлексийн бүсэд цохиогүй болох нь тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Харин баруун гараараа талийгаачийн зүүн шанаанд цохисон байна. Зүүн шанаанд цохилт өгөхөд дээр дурдсан биеийн бусад хэсэгт байрлах рефлексийн бүсэд нөлөөлөх боломжтой эсэх талаар шинжээч нар дүгнэлтдээ тусгасангүй, шинжээч томилсон тогтоолд ч мөн энэ талаар асуугаагүй байдаг.

Мөн хх-203 дугаар хуудсанд авагдсан 1561 дүгээр шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн биед дээрээс доош чиглэлтэйгээр эрхтэн бүрт шинжилгээ хийн эмнэл зүйн шинжүүдийг тусгахдаа тархи, уушиг, зүрх, элэг, бөөр, нойр булчирхай, дэлүү гэсэн дараалалтай явагдсан байна. Үүнд хүзүүний рефлексийн бүсийн талаар ямар нэгэн үг үсэг байхгүй бөгөөд хүзүүний рефлексийн бүсэд ямар зүйлийн үйлчлэлээс хэрхэн рефлексийн гэмтэл үүссэн талаар огт дурдаагүй. Шинжээчээр байцаасан тэмдэглэлээс үзэхэд талийгаачийг гэдэс, толгойн тус газар цохисон гэх гэрчүүдийн мэдүүлэгт тулгуурлан таамаглал дэвшүүлжээ. Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журамд зааснаар шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэстэй хийх ёстой байдаг. 1442, 1561 дүгнэлтүүдийг гаргасан шинжээч нар гэрчүүдийн тодорхойгүй мэдүүлэгт тулгуурласан нь шинжилгээний үндсэн зарчмыг зөрчсөн байна. Таамаглалд үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг шүүх үндэслэвэл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг зөрчинө.

2.Гэрч Намнандорж /1хх-24/ “Баярбямба талийгаачийн нүүрэн тус газар 1 цохисон, Нэргүйбаатар зөрүүлээд баруун гараараа Баярбямбын толгойн тус газар 1 цохисон. Салгах гэсэн чинь Нэргүйбаатар Баярбямбын хүзүүгээр баруун гараараа тэврээд авсан. Батмөнх, Ганболд хоёрын нэг нь тэр хоёрыг салгаад, Нэргүйбаатар зүүн гараараа газар тулаад унах шиг болсон", 1хх-27 дахь талд Н.Ганболд “...салгаад би талийгаач Нэргүйбаатар ахтай хамт алхаж байтал Нэргүйбаатар ах 3 алхаад шууд газар доошоо хараад унаад өгсөн” гэж тус тус мэдүүлжээ. Мөн 1хх-154-158 дугаар хуудаст гэрчүүдийг дахин байцаасан тэмдэглэлээс үзэхэд талийгаач нь газар унаснаас хойш 10 орчим минутын дараа амьсгал хураасан байна. Эндээс дүгнэхэд талийгаач нь шүүгдэгчид цохиулсны дараа эргүүлэн цохих, ноцолдох, салгах, дахин 3 алхах, унаад амьсгаа давчдан хэвтэх зэргээр нийтдээ 10 минутаас дээш хугацаанд амьд сэрүүн байжээ. 1хх-207 дугаар хуудаст Б.Ариунзулыг шинжээчээр байцаасан тэмдэглэл авагдсан. Түүний хэлснээр рефлексийн бүсэд цохилт авснаас хэдхэн секунд, минутын дараа ухаан алдаж нас бардаг тул талийгаач хэрэв рефлексийн бүсэд цохилт авсан бол ийм хугацаанд амьд байх боломжтой эсэх нь эргэлзээтэй юм. Энэ үйл баримт нь талийгаачийн үхлийн шалтгааны талаарх 1442, 1561 дүгнэлтийг үгүйсгэх бөгөөд шинжээч нараас энэ талаар тодруулах шаардлагатай.

3. 5 удаагийн шинжээчийн дүгнэлтэд тоочсон талийгаачийн бие дэх эмнэл зүйн шинжүүд нь хоорондоо агуулгын хувьд тохирч байна гэж үзэж байгаа. Гэтэл ижил төрлийн шинж тэмдэгүүд дээр өөр өөр дүгнэлт гаргаж байгаа тохиолдолд өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан хүсэлтийг хүлээн авч дахин шинжээч томилон цохилтын дараах хугацаа, үйлдэл хийх чадвар, шанаанд цохисон хүч рефлексийн бүсэд нөлөөлөх боломж зэргийг тодруулж байж хэргийг нэг мөр үндэслэлтэйгээр шийдвэрлэх нөхцөл бүрдэх байжээ.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг шалгах, үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр
сарын 180 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд,

Анхан шатны шүүх Э.Баярбямбыг хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн.

Уг хэргийн тухайд Э.Баярбямбын гэм буруутай эсэх нь Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд зааснаар тал бүрээс нь бүрэн бодитойгоор
тогтоодоогүй, эргэлззэтэй гэж үзэж байна. Учир нь уг хэргийн хохирогч
талийгаач Ц.Нэргүйбаатар нь Э.Баярбямбын үйлдлийн улмаас нас барсан гэдэг нь
эргэлзээтэй, талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1442, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1561 дугаартай дүгнэлтүүдийг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй болно. Уг дүгнэлтүүдээр талийгаач Ц.Нэргүйбаатарыг хүзүүний хэсгийн рефлексийн бүсийн гэмтлийн улмаас нас барсан гэж үзэж рефлексийн бүс гэдэг нь ... төвөнх, гүрээний синус /хүзүүний урд хэсэг/ наран сүлжээ буюу аюулхай, гадна бэлэг эрхтэнд рефлексийн бүсүүд байдаг гэж тайлбарлажээ. Гэтэл талийгаач нь рефлексийн бүсэд цохиулаагүй. Э.Баярбямба нь талийгаачийн зүүн шанаанд нэг удаа цохьсон талаар мэдүүлдэг. Иймд талийгаач нь рефлексийн бүсэд цохиулаагүй байхад түүнийг хүзүүний рефлексийн бүсийн гэмтлээр нас барсан гэж дүгнэсэн дээрх дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээтэй гарсан байна. Уг хэргийг анх гарсан даруйд тус шүүх эмнэлгийн шинжээч эмч Болороогийн 1237 тоот дүгнэлтээр “Талийгаач нь этилийн спиртийн хурц хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтийг үндэслэлтэй болохыг нь шинжээч эмч Б.Ганзориг, Т.Номинцэцэг, Ө.Сарангэрэл нарын 938 тоот дүгнэлтээр баталсан. Гэвч 5 хүний бүрэлдэхүүнтэй 1353 тоот дүгнэлтээр 1237, 938 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Харин талийгаач нь “Амьсгалын замд ходоодны агууламж орж амьсгал бүтэж нас барсан” гэж дүгнэсэн. Ийнхүү 3 удаагийн дүгнэлт гаргахдаа рефлексийн бүсийн гэмтлийн улмаас нас барсан талаар огт дурдаагүй байхад хэрэг болсноос хойш 1 жил 4 сарын дараа хэргийн материалаар дүгнэлт гаргахдаа өмнөх шинжээч нарын дүгнэлтийг эрс үгүйсгэж дүгнэлт гаргасан нь 1561, 1442 тоот дүгнэлтүүдийг хууль зүйн үндэслэлгүй, эргэлзээтэй гэж үзэхээр байна.

Ийнхүү шүүх эмнэлгийн 5 удаагийн дүгнэлтээр 3 өөр дүгнэлт гарсан байхад шүүх “...нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна” гэж үзэж Э.Баярбямбыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1353, 1237, 938 тоот дүгнэлтүүд талийгаачийг цохилтоос болж нас бараагүй талаар гарсан байтал уг дүгнэлтүүдийг шүүх ямар учраас үнэлээгүй талаар, мөн Шүүхийн шинжилгээний 1561, 1442 тоот дүгнэлтүүдийг ямар учраас үндэслэлтэй гэж үзсэн талаар дүгнэлт хийгээгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Э.Баярбямбын үйлдлийн улмаас талийгаач Ц.Нэргүйбаатар нас барсан болох нь эргэлзээтэй, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байгаа тул уг хэрэгт Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэг болоход байсан гэрч нарыг байцаахад аль гараар цохисон тал дээр зөрүү гардагаас бүгд амь хохирогчийн нүүрэн тус газарт цохисон гэж мэдүүлдэг. Хэрэгт эхний шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэх шалтгааныг сүүлд дүгнэлт гаргасан 2 шинжээч эмчээс байцаалт авахад архины агууламж бүхий зүйл хоолойд бөглөрсөн бөглөрөлт биш рефлексийн бүсийн гэмтэл гэж тайлбарласан. Сүүлийн 2 шинжээчийн дүгнэлтэд орсон эмч нараас тус тусад нь байцаалт авахад давхацсан утгатай тайлбар өгдөг. Тухайлбал Ариунзул эмчийн дүгнэлтэд “толгойн тус газарт рефлексийн гурван том бүсийн хоёр дугаар бүсэд хамаарах бие махбодийн үйл ажиллагаа алдагдуулах бүс болох нүд, чамархай орчим дагз хамрын уг, доод эрүүний хэсэг байдаг. Эдгээрт цохилтын хүч үйлчлэхэд рефлексийн гэмтэл үүсч болно. Задлан шинжилгээгээр түргэн үхлийн шинжүүдээс өөр ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй байж болно. Тийм учраас үхлийн шалтгааныг тогтоох гол оношийн шалгуур нь болсон хэргийн товч буюу үхэл яг яаж, хэрхэн хэр хугацаанд явагдсан бэ гэхэд анхаарлыг хандуулна. Рефлексийн бүсийн гэмтлийн үед цохилт авсаны дараа хохирогч хэдэн секунд, минутын дараа амьсгалаа түгжих, гэнэт цайж амнаас хөөс сахрах, ухаан алдаж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас бардаг, эсхүл ганц нэг үг хэлээд ухаан алдаж болно. Энэ үхлийн процесс хэдхэн секунд минутад үргэлжилнэ. Эдгээр нь рефлексийн үхлийг оношлох шалгуур болдог” гэсэн байдаг. Харин 5 дахь дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Б.Ундармаагийн тайлбарт “рефлексийн бүсийн гэмтлийн хувьд задлан шинжилгээгээр илрэх өвөрмөц шинж байдаггүй, ил эд эсийн шинжилгээнд архины хордлогын үед илэрдэг шинжүүдтэй төстэй шинж илэрдэг. Иймээс архины хордлого байх магадлалтай гэж үзээд уг дүгнэлтийг гаргасан байна. Хэргийн материалаар гаргасан 1353 дугаартай дүгнэлт нь “амьсгал бүтэлт буюу амьсгалын замд ходоодны агууламж орж нас барсан” гэж дүгнэлт гаргасан байгаа. 1353 дүгнэлтээс харахад том бронхийн хөндийд гадны биет бүхий бөглөсөн агууламжтай гэж эд эсийн шинжилгээний хариу бичигдсэн байна. Шинжээч эмч нар дээрх бичлэгийг үндэслэн амьсгал бүтэлтээр нас барсан гэж дүгнэсэн байх боломжтой байна. Амьсгал бүтэлтийн үед хоолны агууламж том бронхоос гадна бронхиол цулцангийн хөндийд орсон байх нь эд эсийн шинжилгээгээр илэрдэг бөгөөд бидний хувьд хоолны агууламж бронхиол цулцангийн хөндийд илрээгүй байгааг үндэслэн уг хоолны агууламж нь нас барсаны дараа сэхээн амьдруулах арга хэмжээний явцад том бронхийн хөндий руу орсон байх боломжтой гэж дүгнэсэн” гэж мэдүүлэг өгсөн. Хэрэгт 5 удаа шинжээчийн дүгнэлт гаргаснаас өмнөх дүгнэлтүүдийг үгүйсгэж дүгнэлт гараагүй. Эдгээр шинжээч эмч нар хуульд заасан үүргийн дагуу дүгнэлт гаргасан учраас хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Рефлексийн бүсийн байршлын талаар тайлбартаа хэлсэн. Шинжээч эмч нар хавтаст хэрэгт авагдсан материалд дүгнэлт хийсэн. Гэрч нар талийгаачийн нүүрэн тус газар цохисон гэж мэдүүлдэг. Мөн хавтаст хэрэгт авагдсан баримтууд, гэрч нарын мэдүүлгүүдээр талийгаач газарт унаснаас хойшх үйлдэл болон хугацааг харахад рефлексийн бүсэд авсан гэмтлээс болж нас барсан байх боломжтой байна гэж дүгнэлтээ тодруулж тайлбар өгсөн. Эдгээрийг үндэслэж Э.Баярбямбын цохисон үйлдлээс болж талийгаач нас барсан гэж үзэж, Э.Баярбямбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “ …шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна…” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Э.Баярбямба нь 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УС-15-ын 4 дүгээр байрны гадна Ц.Нэргүйбаатартай маргалдах явцдаа түүний зүүн шанаан тус газар баруун гараараа нэг удаа цохиж хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд ялтан Э.Баярбямба, гэрч С.Батмөнх, Ө.Намнандорж, Т.Баасанжав, Н.Ганболд, Ц.Цэрэннадмид нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээч эмч Б.Ариунзул, Б.Ундармаа, А.Амгаланболд нарыг байцаасан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар давтан шинжилгээ хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1442, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1561 дүгээр шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан Э.Баярбямбын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн  аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.

Ялтан Э.Баярбямбыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч Н.Буянжаргалын: “…Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн, шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтыг шалгах, үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү…”,  

Ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан: “…Э.Баярбямбын үйлдлийн улмаас талийгаач Ц.Нэргүйбаатар нас барсан болох нь эргэлзээтэй, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч нарын дүгнэлтүүдийг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байгаа тул уг хэрэгт Эрүүл мэндийн яамны харъяа Эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинжээчээр томилж дахин дүгнэлт гаргуулах шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлуудын дагуу хэргийн нөхцөл байдлыг хянаж үзвэл:

Мөрдөн байцаалтад ялтан Э.Баярбямбын: Би Нэргүйбаатарын зүүн шанаа тус газар нь баруун гараараа нэг удаа цохисон чинь хойшоо гэдийсэн. Энэ үед хамт явсан хүмүүс дундуур орж ирж салгаад намайг хойш нь татаад авсан. …Намайг харахад талийгаач газар дээш хараад унасан байдалтай харагдсан…” /1хх-77/,

мөрдөн байцаалтад гэрч С.Батмөнхийн: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн орчим ... Нэргүй ах Баярбямба 2 хоорондоо маргалдаад Баярбямба “миний авгай хүүхэд яасан юм” гээд дайраад хоорондоо барьцалдаад авангуут нь салгасан чинь Баярбямба Нэргүй ахыг өшиглөсөн чинь хөлийг нь бариад авсан. Тэгээд Цэрэннадмид ах салгаад явсан байх. Би Нэргүй ахыг “та настай хүн байж наадахтайгаа битгий маргалд” гэж хэлээд Намнангаас тамхи авах гээд эргээд хартал Намнан Баярбямбыг бариад ав гэсэн. Эргээд хартал Баярбямба гүйж ирээд Нэргүй ахыг баруун гараараа цохисон байх, би сайн хараагүй гартаа юм барьсан эсэхийг мэдэхгүй байна. Нэг удаа л цохисон. Нэргүй ах доошоо хараад унасан, би очоод Нэргүй ахыг босоорой гэсэн чинь нэг л сонин амьсгалахгүй гулжигнаад байсан. Намнан толгой доор нь юм дэрлүүлж хэвтүүлээд цээжийг нь илээд Баасанжав ах хиймэл амьсгаа хийсэн. Баярбямба ирээд хиймэл амьсгаа хийгээчээ гээд талийгаачийн хүзүүгээр тэвэрч аваад хиймэл амьсгаа хий гээд байсан...” /1хх-22-23/,

гэрч С.Батмөнхийн дахин өгсөн: “...Баярбямба талийгаач дээр хүрч ирээд эрүүн тус газар нь нэг удаа гараараа цохиход талийгаач газар доошоо хараад унасан. ... Талийгаач ямар нэгэн юм яриагүй, амьсгалж байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. ... идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийгээгүй ээ...” /1хх-157/,

мөрдөн байцаалтад гэрч Ө.Намнандоржийн: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 20 цагийн үед ... Баярбямба, талийгаач Нэргүйбаатар нар хоорондоо маргаад,          …миний урд гараад алхаж явахдаа хэрэлдээд явсан. Тэгсэн хэн нь билээ голоор нь ороод салгах гэсэн чинь Баярбямба талийгаач Нэргүйбаатарын нүүрэн тус газар нэг удаа аль гараараа билээ, нэг удаа цохьсон. Нэргүйбаатар зөрүүлээд баруун гараараа Баярбямбын толгой тус газарт нэг удаа цохьсон. Манай нөгөө хэд салгасан чинь талийгаач Нэргүйбаатар Баярбямбын хүзүүгээр баруун гараараа тэврээд авсан. Батмөнх, Ганболд хоёрын аль нь билээ тэр хоёрыг салгаад Нэргүйбаатараас “зүгээр үү” гээд асуухад хариу хэлээгүй. ... Түргэн тусламж ирээд Нэргүйбаатарын биед үзлэг хийгээд хүүхэн хараа яасан байна гэлээ дээ нэг зүйл хэлээд цагдаа нарыг дуудсан...” /1хх-24/,

гэрч Ө.Намнандоржийн дахин өгсөн: “...Талийгаач газар унасны дараа би очиж шууны судсыг нь чагнаж үзэхэд сул цохилж байх шиг байсан. ... Талийгаач яриагүй, үйлдэл хөдөлгөөн хийгээгүй, нэг гүнзгий амьсгаа аваад тэрнээс хойш өнгөрсөн. Гэдсэн дээр нь дарахад горх, горх гэх хэхэрч байгаа юм шиг дуу гарсан. Намайг шууны судсан дээр нь дарж судасны цохилт үзэхэд талийгаач гүнзгий амьсгаа авах хүртэл багацаагаар 2-3 минут болсон...” /1хх-158/,

мөрдөн байцаалтад гэрч Т.Баасанжавын: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 20 цагийн үед ... УС-15-ын байрны урд замаар автобусны буудал руу явж байсан. Тэгсэн Баярбямба талийгаач 2 хоорондоо маргалдаж эхэлсэн ... маргаан болох үед Баярбямба нэхий, өлөн хоёрыг барьсан байсан, тэрнээс болж муудалцсан байх “наад нэхий өлөнгөөрөө авгай хүүхдээ тэжээгээрэй” гэж талийгаач хэлсэн санагдаж байна. Тэгээд Баярбямба талийгаач руу дайраад хоорондоо маргаж явж байгаад Баярбямба талийгаачийг цохисон байх пүд гээд дуугарсан, эргээд хартал талийгаач газар унаад Цэрэннадмид, Намнандорж нар түшээд авч байсан. Би буцаж очоод Баярбямбыг түлхэж холдуулаад талийгаач дээр очиход доошоо хараад хэвтэж байсан, босоорой гээд дээш харуулахад огт хөдлөхгүй, бид хэд гар хөл хүзүүнээс босоорой гээд сэгсэрсэн. Ганболдыг дэлгүүрээс ус аваад ир гээд ус нүүрэн дээр нь асгахад огт хөдлөхгүй байсан, хиймэл амьсгал хийхэд амьсгалахгүй өөдөөс үлээгээд байхаар нь зүрхэн дээр нь массаж хийсэн. Зүрх болон гарын бугуйн судсан дээр дарж үзэхэд юу ч мэдэгдэхгүй байсан. Баярбямба Нэргүй ахаа та тоглоод байгаа юмуу наад хүн чинь үхлээ гээд хажуугаас талийгаачийг сэгсрээд байсан тэгээд 103 дуудсан 15 минут орчмын дараа 103 ирсэн байх эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн...” /1хх-25-26/,

гэрч Т.Баасанжавын дахин өгсөн: “...талийгаачийг Баярбямба цохисны дараа хажуу тийшээ эргээд Батмөнхийг түшээд газар зөөлөн унасны дараа Батмөнх дээш нь эргүүлээд өвөр дээрээ аваад суусан ... “Нэргүй ах уначихлаа хурдан хүрээд ирээч” гэхээр нь очиход талийгаач дээш харсан, ухаангүй байсан. Дуу чимээ, хөдөлгөөн хийгээгүй, би тухайн үед талийгаачийг ухаан алдаад унасан гэж бодсон. ... хиймэл амьсгаа хийхэд өөдөөс буцаж хий гарсан. Миний бодсоноор хүний амьсгал биш, миний өөрийн үлээсэн хий буцаж гараад байсан. Энэ байдал 5-6 минут болсон...” /1хх-154/,

мөрдөн байцаалтад гэрч Н.Ганболдын “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 22 цагийн үед байхаа ... Нэргүйбаатар, Баярбямбад хандаад эхнэр, хүүхдийнх нь талаар нэг юм хэлсэн чинь Баярбямба бүр их уурлаад зодолдох гээд байхаар нь бид нар Нэргүйбаатар Баярбямба хоёрыг салгаад байж байхад Нэргүйбаатар Баярбямба руу эхнэр хүүхдийнх нь талаар хорон үг хэлээд байсан. Тэгсэн чинь Баярбямба миний хажуугаар тойрч ирээд Нэргүйбаатар ахыг нэг удаа цохих шиг болсон. Учир нь пид гээд дуу гарсан юм. Тэгтэл манай хэд Баярбямбыг татаад авсан ба би талийгаачийн баруун гарнаас нь хойшоо татаж байхад Баярбямба Нэргүйбаатар ахын гэдэс рүү нь өшиглөх шиг болсон. Би сайн харж чадаагүй. Тэгээд л салгаад би талийгаач Нэргүйбаатар ахтай хамт алхаж байтал Нэргүйбаатар ах 3 алхаад шууд газар доошоо хараад унаад өгсөн. Тэгээд дахиж ямар нэг хөдөлгөөн хийгээгүй ба Баасанжав, Найдаа 2 талийгаачийг эргүүлж дээшээ харуулаад ус авчирч нүүр, цээжин дээр нь асгаад Найдаа, Баасанжав 2 цээжийг нь илээд массаж хийгээд байсан. Тэгтэл Баярбямба би эхнэр, хүүхэд дээрээ очлоо гэж хэлээд яваад өгөхөөр нь би араас нь очсон чинь хашаа даваад алга болсон. Тэгээд бид нар түргэн дуудаад үзүүлсэн чинь талийгаачийг нас барсан байна гээд эмч нар цагдаа дуудсан...” /1хх-28-29/,

гэрч Т.Баасанжавын дахин өгсөн: “...Талийгаач ярьж чадахгүй байсан. Амьсгаа нь боогдоод давчдаад амьсгаадаад байсан. ... Талийгаач ойролцоогоор 10 минут орчим юм ярьж чадахгүй, амьсгаа нь давчдаад амьсгаадаад байсан. Өөр ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийгээгүй...” /1хх-155/,

мөрдөн байцаалтад гэрч Ч.Мөнхбатын: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 22 цаг 33 минутын үед ... нэг эрэгтэй дээш хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан эрэгтэйгийн гэдэс, хэвлий хэсэгт 1-2 удаа өшиглөөд байхад нь 2 залуу салгасан. ... бэлтгэлийн гэмээр өмдтэй залуу газар хэвтэж байсан залуугаас баруун тийш гүйгээд зугтаачихсан...” /1хх-30/,

мөрдөн байцаалтад гэрч Ц.Цэрэннадмидын: “...2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр ... 22 цаг өнгөрөөд явж байхад Нэргүйбаатар, Баярбямба 2 ажлаас авсан хонины нэхий, өлөн гэдэс булаацалдаж маргалдсан. Тэгээд явж байхад гэнэт тэр хоёр барилцаж аваад зууралдахад нь Ганболд бид хоёр салгасан. Тэгэхэд Баярбямба намайг түлхэж унагаад би босоод ирэхэд Нэргүйбаатар газар дээш хараад уначихсан байсан. Тэгээд юу болсон гээд асуухад Батмөнх, Баасанжав, Намнандорж, Ганболд нар “Баярбямба Нэргүйбаатарын нүүр лүү гараараа 1 удаа цохисон чинь газар дээшээ хараад уначихлаа” гэсэн. Тэгээд Нэргүйбаатар хөдлөхгүй дээш хараад хэвтээд байсан. Бүгдээрээ түргэн дууд гээд байхаар нь би гар утас гаргаж ирээд өөрийн 88185999 дугаараас түргэн лүү залгаж Намнандоржоор яриулсан. Тэгээд түргэн 20 минут орчимын дараа ирж үзээд зүрх нь зогсчихсон байна гэсэн. Удалгүй цагдаа ирсэн...” /1хх-33/,

гэрч Ц.Цэрэннадмидийн дахин өгсөн: “...талийгаачид Баасанжав хиймэл амьсгал хийсний дараа харахад хорх, хорх гэж дуугараад л амьсгал хураасан. Хиймэл амьсгал хийх, хорх, хорх гэж дуу гаргаад амьсгал хураах хүртэл 10 минут орчим болсон. ... Баярбямба талийгаачийн эрүү орчим газар нь нэг удаа гараараа цохисон...” /1хх-156/ гэсэн мэдүүлгүүд, шинжээч эмч Б.Ариунзул /1хх-208-209/, Б.Ундармаа /1хх-210-211/, А.Амгаланболд /1хх-212/ нарын өгсөн мэдүүлгүүд болон

“1. Шинжээч эмч Болороогийн гаргасан 1237 тоот дүгнэлт, хэргийн материалаар дүгнэлт гаргасан шинжээчдийн комиссын 938, 1353 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна. Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтэл-зүрхний рефлексийн зогсолтоор нас барсан байх боломжтой байна. Рефлексийн бүс гэдэг нь их хэмжээний мэдрэлийн хүлээн авагчийн бөөгнөрөл бөгөөд төвөнх, гүрээний синус /хүзүүний урд хажуу хэсэг/ наран сүлжээ /аюулхай/, гадна бэлэг эрхтэнд рефлексийн бүс байдаг. Рефлексийн бүсэд цохиход тэнэгч мэдрэлийн хүчтэй цочролын улмаас цусны даралт унаж, зүрхний хэм алдагдан зүрх рефлексээр зогсдог.

 2.Цохилтоос болж талийгаачийн ходоодны агууламж цагаан мөгөөрсөн хоолойд орохгүй. Харин хохирогчид сэхээн амьдруулах арга хэмжээ авах оролдлогын үед нас барсаны дараа орсон байх боломжтой...” /1хх-193-195/ гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1442 дугаар шинжээчийн дүгнэлт,

 “1.Талийгаач Ц.Нэргүйбаатарын биед хүзүүний хэсгийн рефлексийн бүсийн гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлийг хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд авсан байх боломжтой. 3.Талийгаач дээрх гэмтлийн улмаас нас баржээ. 4.Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож нас баржээ. 6.Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 7.8.Нэг удаагийн цохилтоос болж талийгаачийн ходоодны агууламж цагаан мөгөөрсөн хоолойд орохгүй, харин хохирогчид сэхээн амьдруулах арга хэмжээ мөгөөрсөн хоолойд орохгүй, харин хохирогчид сэхээн амьдруулах арга хэмжээ авах оролдлогын үед нас барсаны дараа орсон байх боломжтой. 9.Рефлексийн бүсэд цохиход тэнэгч мэдрэлийн хүчтэй цочролын улмаас цусны даралт унаж, зүрхний хэм алдагдан зүрх чичирхийлэлж рефлексээр зогсдог. 10.Цусны эргэлт буюу зүрх гэнэт зогсоход түргэн үхлийн шинж тэмдэг болох тархи уушигны хаван, цусны эргэлтийн хямрал, гялтангийн цэгчилсэн цус харвалт бүхий өөрчлөлт илэрнэ. 11.12.Рефлексийн бүс гэдэг нь их хэмжээний мэдрэлийн хүлээн авагчийн бөөгнөрөл бөгөөд төвөнх, гүрээний синус /хүзүүний урд, хажуу хэсэг/, наран сүлжээ /аюулхай/, гадна бэлэг эрхтэнд рефлексийн бүсүүд байдаг” гэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1561 дүгээр шинжээчийн дүгнэлт /1хх-203-206/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-3-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-7-8/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-11-12/ зэрэг баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон, ялтан Э.Баярбямбыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх болон няцаах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр нарын давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр тухайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хуулийн үндэслэлгүй байна.

Шинжээч эмч Б.Ариунзулын : “...рефлексийн гэнэт үхлийг оношлоход маш бэрх, задлан шинжилгээгээр илэрч байгаа өөрчлөлтүүдийг нягт нямбай судлан үзэж үхэлд хүргэсэн байж болзошгүй өөрчлөлтийг хэргийн товч буюу анагаах ухаанд клиник шинж тэмдэг гэж хэлдэг. Болсон хэргийн нөхцөл байдалтай уялдуулан дүгнэн шинжлэх ёстой. Болсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд гэрч нар талийгаачийн толгойн тус газар болон гэдэс рүү цохилтын хүч авсан байдал харагддаг. Гэдэс хэсэгт аюулхайд наран сүлжээ гэх рефлексийн бүс байдаг. Толгойн тус газарт рефлексийн гурван том бүсийн хоёр дугаар бүсэд хамаарах бие махбодийн үйл ажиллагаа алдагдуулах бүс болох нүд, чамархай орчим дагз хамрын уг, доод эрүүний хэсэг байдаг. Эдгээрт цохилтын хүч үйлчлэхэд рефлексийн гэмтэл үүсч болно. Задлан шинжилгээгээр түргэн үхлийн шинжүүдээс өөр ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй байж болно. Тийм учраас үхлийн шалтгааныг тогтоох гол оношийн шалгуур нь болсон хэргийн товч буюу үхэл яг яаж, хэрхэн хэр хугацаанд явагдсан бэ гэдэгт анхаарлыг хандуулна. Рефлексийн бүсийн гэмтлийн үед цохилт авсны дараа хохирогч хэдэн секунд, минутын дараа амьсгалаа түгжих, гэнэт цайж амнаас хөөс сахрах, ухаан алдаж эмнэлгийн тусламж авч чадалгүй нас бардаг, эсхүл ганц нэг үг хэлээд ухаан алдаж болно. Энэ үхлийн процесс хэдхэн секунд минутад үргэлжилнэ. Эдгээр нь рефлексийн үхлийг оношлох шалгуур болдог. Шинжээч эмч нар дүгнэлт гаргах үед хэрэв болсон хэргийн талаар тодорхой мэдээлэл байхгүй тохиолдолд онош дүгнэлт гаргахад бэрхшээлтэй болгож, задлан шинжилгээний үед илэрсэн барьж авч болох үхэлд хүргэсэн байж болзошгүй гэж үзсэн өөрчлөлтүүдээр таамагласан дүгнэлт гаргасан байдаг. ... талийгаачийн үхлийн шалтгааныг рефлексийн гэнэт үхэл гэж үзсэн учраас архины хордлого, амьсгалын замд бөглөрөлтөд амьсгал бүтэлт гэсэн дүгнэлтүүд үгүйсгэгдэж байгаа юм. Тухайн шинжээч нар тухайн хүнд илэрсэн эмгэг өөрчлөлтүүдийн аль нэгэнд нь илүү ач холбогдол өгсөн байгаа нь дээрх шалтгаантай. Нэг удаагийн үйлчлэл рефлексийн бүсийн гэмтэл үхэл үүсгэх боломжтой. Харин хүчний хувьд хүн тус бүр мэдрэл цочрох босго нь өөр байдаг учир харилцан адилгүй...” /1хх-208-209/,

шинжээч эмч Б.Ундармаагийн: “...задлан шинжилгээний 1237, хэргийн материалаар хийсэн 938 дугаартай дүгнэлтүүдээр архины хордлогын улмаас нас барсан гэсэн байсан. Энэ дүгнэлтүүдийн хувьд задлан шинжилгээгээр илэрсэн шинж болон эд эсийн шинжилгээний өөрчлөлтүүдийг үндэслэн уг дүгнэлтүүдийг гаргасан. Энэ тохиолдолд талийгаачийн нас барсан тухай мэдээлэл хомс мөн хэргийн материалтай танилцах боломж байгаагүй тул дээрх дүгнэлтийг гаргажээ. Рефлексийн бүсийн гэмтлийн хувьд задлан шинжилгээгээр илрэх өвөрмөц шинж байдаггүй. Эд эсийн шинжилгээнд архины хордлогын үед илэрдэг шинжүүдтэй төстэй шинж илэрдэг. Иймээс архины хордлого байх магадлалтай гэж үзээд уг дүгнэлтийг гаргасан байна. Хэргийн материалаар гаргасан 1353 дугаартай дүгнэлт нь “амьсгал бүтэлт буюу амьсгалын замд ходоодны агууламж орж нас барсан” гэж дүгнэлт гаргасан байгаа. 1353 дүгнэлтээс харахад том бронхийн хөндийд гадны биет бүхий бөглөсөн агууламжтай гэж эд эсийн шинжилгээний хариу бичигдсэн байна. Шинжээч эмч нар дээрх бичлэгийг үндэслэн амьсгал бүтэлтээр нас барсан гэж дүгнэсэн байх боломжтой байна. Амьсгал бүтэлтийн үед хоолны агууламж том бронхоос гадна бронхиол цулцангийн хөндийд орсон байх нь эд эсийн шинжилгээгээр илэрдэг бөгөөд бидний хувьд хоолны агууламж бронхиол цулцангийн хөндийд илрээгүй байгааг үндэслэн уг хоолны агууламж нь нас барсаны дараа сэхээн амьдруулах арга хэмжээний явцад том бронхийн хөндий руу орсон байх боломжтой гэж дүгнэсэн...” /1хх-210-211/,

шинжээч эмч А.Амгаланболдын: “...дүгнэлтүүдтэй санал нийлэхгүй байгаа нь шинжээч эмч нар нь хавтаст хэргийн материалтай танилцаж хэргийн нөхцөл байдлыг судлан шинжилж талийгаачийн цогцост гарч байгаа эд эрхтэнүүдийн өөрчлөлтүүдийг уялдуулан нас барсан шалтгааныг тогтоосон. Архины хордлого, амьсгал бүтэж нас барах рефлексийн бүсийн гэмтлийн үеийн нас баралт бүгд түргэн үхлийн шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ ялгах тодорхой шинж тэмдэг байгаа рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх зогссон гэж үзсэн гол шалтгаан бол хэргийн нөхцөл байдал юм...” /1хх-212/ гэсэн үндэслэл бүхий мэдүүлгүүдээр “Талийгаач нь этилийн спиртийн хурц хордлогын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан” гэсэн шүүх эмнэлгийн шинжээч эмч О.Болороогийн 1237 тоот, уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн шинжээч эмч Б.Ганзориг, Т.Номинцэцэг, ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл нарын 938 тоот дүгнэлтүүд, дээрх 1237, 938 тоот дүгнэлтүүдийг үндэслэлгүй гэж үзэж, “талийгаач нь амьсгалын замд ходоодны агууламж орж амьсгал бүтэж нас барсан” гэж дүгнэсэн ахлах зэргийн шинжээч эмч Ц.Ганболд, Ж.Ганцэнгэл, шинжээч эмч Н.Туяа, Г.Энхбаатар, М.Золжаргал нарын 1353 /1хх-141-143/ тоот дүгнэлтүүд тус тус үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Шинжилгээний асуудал эрхэлсэн чиглэлийн ахлах мэргэжилтэн, шинжээч эмч Д.Чулуунбаатар, тэргүүлэх зэргийн шинжээч эмч Б.Ундармаа,  ахлах зэргийн шинжээч эмч Т.Амартүвшин, А.Амгаланболд, шинжээч эмч Б.Долгормаа, Б.Энхжин, Г.Ханхүү нарын гаргасан 1561 /1хх-203-206/, шинжээч, хүний их эмч М.Энхбаяр, С.Чулуунсүх, Б.Ариунзул, Ц.Оюун-Эрдэнэ, М.Энхтайван нарын гаргасан 1442 тоот дүгнэлт /1хх-193-195/-үүдийг таамаглалд үндэслэгдсэн гэх үндэслэлгүй ба хэргийн нөхцөл байдалд нийцсэн, тэдгээр дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд анхан шатны шүүх үнэлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд ялтан Э.Баярбямбын өмгөөлөгч Н.Буянжаргал, С.Батдэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Харин анхан шатны шүүх ялтан Э.Баярбямбын цагдан хоригдсон 120 хоногийг 111 хоног гэж 9 хоногоор дутуу тооцсон тул зөвтгөх нь зүйтэй байна.