Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 1954

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01727 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ш.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М а а э ш х-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 сарын цалин болон алданги, нийт 4 368 005 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Ц-,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу М а а э ш х-гийн харьяа Батсүмбэр сум дахь Зөгийн аж ахуй эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажилд 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар томилогдсон. Гэтэл ажлаас халсан тушаал гаргаагүй байж одоог хүртэл цалин олгохгүй байна. Иймд хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 сарын цалин нийт 3 701 705 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан алданги 666 300 төгрөг, нийт 4 368 005 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Гэтэл хариуцагч тал нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбартаа намайг ажлаас халсан гэж 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаал, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дүгээр тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаалуудыг сая мэдлээ. Иймд уг тушаалууд хууль зүйн үндэслэлгүй, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын өмнө мэдэгдээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Төв аймгийн Батсүмбэр сум дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Тус хүрээлэнгийн харъяа салбар хүрээлэн, станцуудын захирлуудын ажлын тайланг 2017 оны 6 дугаар сард Батсүмбэр дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын эрхлэгч Ш.Ц-ын хийж гүйцэтгэсэн ажил тодорхойгүй шалтгаанаар хангалтгүй үнэлгээ авсан. Иймд цаашид салбар хүрээлэн, станцуудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор захирлын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар захирлын зөвлөл шийдвэрлэснийг ХААИС-ийн захиргаа дэмжиж сонгон шалгаруулах ажлын хэсгийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр томилсон. Сонгон шалгаруулалт зарлах болсон тухайгаа харьяа станц, салбар хүрээлэнгийн захирлуудад урьдчилан мэдэгдэж, төрийн байгууллагын удирдах ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу М а а э ш х-гийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сонгон шалгаруулалтын зарыг 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Зууны мэдээ сонинд нийтлүүлж, зарын дагуу шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг хүлээн авахад нийт 10 хүн материал ирүүлснээс Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний станцын эрхлэгчийн ажлын байранд 4 хүний материал ирүүлсэн. Харин сонгон шалгаруулалтад оролцох эрх нь байсан боловч тухайн үеийн Батсүмбэрийн Зөгийн аж ахуйн станцын эрхлэгч Ш.Ц- материал өгөөгүй. Сонгон шалгаруулалтад оролцсон хүмүүсийн материалтай ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн танилцаж үнэлгээ өгч дүнг М а а э ш х-гийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулж, ажлын хэсгийн дүгнэлт, захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн М а а э ш х-гийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 76 дугаар тушаалаар А.Б-ыг Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн станцын эрхлэгчийн үүрэгт ажилд томилж, Ш.Ц-ыг станцын эрхлэгчийн үүрэгт ажлаас нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр чөлөөлсөн. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул Ш.Ц-ын цалинг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс цалинг зогсоосон тул түүний нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөх боломжгүй. Уг тушаал өнөөдрийн байдлаар хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Үүнээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаалаар Ш.Ц-ыг 1 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллуулж 1 сарын хугацаатай тэнцэх хөлсийг олгосон. Хугацаа дууссанаар Ш.Ц- нь цаашид манай хүрээлэнд үргэлжлүүлэн ажиллаагүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш ямар нэгэн хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах харилцаа байхгүй бөгөөд дуусгавар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар эүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Ц-ын хариуцагч М а а э ш х-д холбогдуулан Төв аймгийн Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинг гаргуулах, мөн хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 сарын цалин болон алдангийн нийт 4 368 005 төгрөгийг гаргуулж, эдгээр хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаарзүйлийн 56.1. 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ш.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 838 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан Ш.Ц-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 01727 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэн зөв эргэлзээгүйгээр үнэлж дүгнэсэнгүй.

Миний ажлын байранд огт сонгон шалгаруулалтыг зарлаагүй. Намайг халсан талаар надад мэдэгдээгүй, тушаал гаргаагүй, тушаал гэж өгөөгүй тул миний бие ямар үндэслэлээр хэнд, хаана, хэзээ гомдол гаргах болж байна. Халсан талаар мэдэгдээгүй байх боломжгүй гэж шүүгчийн дүгнэсэн дүгнэлтийг хууль зөрчиж илтэд хариуцагч талд үйлчилсэн шийдвэрийг гаргасан. Мөн хариуцагч байгууллагыг 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж дүгнэсэн нь ямар ч нотлох баримтаар нотлогдохгүй байхад хийсвэр дүгнэлт хийсэн. Хариуцагч 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаал гаргаж намайг ажлаас чөлөөлсөн гэж байгаа нь 2018 оны 11 дүгээр сар болоогүй байхад ийм тушаал гаргасан нь өөрөө хууль бус хуурамч тушаалыг гаргаж шүүхэд нотлох баримтаар өгсөн нь хууль зөрчсөн байхад үүнд нь хуулийн дагуу үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Хариуцагч байгууллага нь удаа дараа үндэслэлгүйгээр намайг ажлаас халж, эрх ашиг сонирхолыг минь хөндөж байсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг нотлох баримтаар өгсөөр байхад уг нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

 

Хариуцагч М а а э ш х-д холбогдуулан 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2, 3, 4 сарын цалин болон алданги нийт 4 368 005 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Ш.Ц- гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Төв аймгийн Батсүмбэр дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч Ш.Ц- нь М а а э ш х-гийн харьяа  Төв аймгийн Батсүмбэр дэх Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчээр ажиллаж байгаад тус хүрээлэнгийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр эгүүлэн тогтоосон байх ба уг шийдвэрийн дагуу тус хүрээлэнгийн захирлын 2017 ны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 25 дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн авч ажиллуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч байгууллагын захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гардуулаагүй, уг тушаал гарсан гэдгийг мэдээгүй” гэж, хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад оролцоогүй тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн” гэж тус тус тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр О.Нямсүрэнг асуулгах хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан байна. Энэ нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй гэж үзнэ.

 

Мөн хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбар болон гэрчээр асуугдсан А.Б-ын мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь М а а э ш х-гийн харьяа Төв аймгийн Батсүмбэр дахь Зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн станцын эрхлэгчийн ажлыг хүлээлцсэн болон мөн уг албан үүргийг хэдийг хүртэлх хугацаанд гүйцэтгэж байсан эсэх, ажлын байр нь хаана байдаг зэрэг үйл баримтууд тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг  бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэжээ. Түүнчлэн, ажлаас чөлөөлсөн тушаалыг нэхэмжлэгчид хариуцагч хэдийд хүлээлгэн өгсөн эсэх нь нэхэмжлэгчийн шаардах эрх хэзээ үүссэн болохыг тогтооход ач холбогдолтой болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

 Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлах үүрэгтэй байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгчийн туслах Х.Хишигжаргал зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт эрх, үүрэг тайлбарлан, мөн хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. /хэргийн 14 дүгээр тал/

 

Дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2018/01727 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                       

                              ШҮҮГЧИД                                         Г.ДАВААДОРЖ

 

                                                                                        С.ЭНХТӨР