Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/01727

 

 

 

 

 

 

 

 

 

      2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2018/01727

                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

             Хариуцагч: МААЭШХ-д холбогдох

 

            Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинг гаргуулах, мөн хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3,4 сарын цалин болон алдангийн нийт 4 368 005 төгрөгийг гаргуулж, эдгээр хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Ц, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Э.С, гэрч С.Б, А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авав.

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 1 сарын 06-ны өдрийн 75 дугаар шүүхийн шийдвэрийн дагуу МААЭШХ-ийн харьяа Б.с-ын эрхлэгчийн ажилдаа МААЭШХ-ийн захирал Т.Б-ийн 2017 оны 4 сарын 03-ны тушаалаар томилогдсон. Гэтэл ЗААЭШҮС-ын ажлаас халсан тушаал гаргаагүй байж одоог хүртэл цалин олгохгүй байгаагийн учрыг хэд хэдэн удаа асуухад Би мэдэж байгаа одоо ингэсгээд орноо нягтланд хэлсэн байгаа гэх мэтээр аргалаад өнгөрсөн. Иймд хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3,4 сарын цалин нийт 3 701 705 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн143 дугаар зүйлийн 1-д заасан алданги 666 300 төгрөг, нийт 4 368 005 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч тал  нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбартаа намайг ажлаас халсан гэж 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 52-р тушаал, 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 71-р тушаал, 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 93-р тушаалуудыг нотлох баримтаар ирүүлсэнтэй танилцаж, өөрийгөө ажлаас халагдснаа сая мэдлээ. Иймд уг тушаалууд хууль зүйн үндэслэлгүй Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сарын өмнө мэдэгдээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй тул Төв аймгийн Б.с-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийж өгнө үү гэв.

 

Хариуцагч МААЭШХгийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь  Ш.Цыг МААЭШХ-гийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар хүрээлэнгийн харъяа Б.с-ын эрхлэгчийн ажилд томилогдон ажилласан. Тус хүрээлэнгийн харъяа салбар хүрээлэн, станцуудын захирлуудын ажлын тайланг 2017 оны 6-р сард МААЭШХгийн захирлын зөвлөлөөр хэлэлцэхэд Говийн бүсийн бэлчээрийн мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Г.О тайлангаа ирүүлээгүй, Дорнод бүсийн сургалт эрдэм шинжилгээний үйлдвэрлэлийн хүрээлэнгийн захирал М.М ажлын хариуцлага алдсан. Б.с-ын эрхлэгч Ш.Ц-ын хийж гүйцэтгэсэн ажил тодорхойгүй зэрэг шалтгаанаар хангалтгүй үнэлгээ авсан. Иймд цаашид салбар хүрээлэн, станцуудын менежментийг сайжруулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор захирлын орон тоонд ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар захирлын зөвлөл шийдвэрлэснийг ХААИС-ийн захиргаа дэмжиж сонгон шалгаруулах ажлын хэсгийг 2017 оны 8-р сарын 03-нд дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсон болно. Тухайлбал, ажлын хэсгийн ахлагч МААЭШХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Доктор (Рh.D) Б.Н, гишүүдээр МААЭШХ-ийн дэд захирал Доктор (Рh.D) Б.Б, Аж ахуй эрхэлсэн менежер Д.Г, МАА-н салбарын эрхлэгч Доктор (Рh.D) Г.С, БТС-ийн салбарын эрхлэгч Доктор (Рh.D) Ц.Д, ХААИС-иас төлөөлж Ма аж ахуй биотехнологийн сургуулийн захирал Доктор (Ph.D) О.Б, Агробиологийн сургуулийн захирал Доктор (Рh.D) О.Н нарыг тус тус томилсон. Сонгон шалгаруулалт зарлах болсон тухайгаа харъяа станц, салбар хүрээлэнгийн захирлуудад урьдчилан мэдэгдэж, төрийн байгууллагын удирдах ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалт явуулах журмын дагуу МААЭШХгийн захирлын 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэн үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Сонгон шалгаруулалтын зарыг 2017 оны 7-р сарын 26-ны өдрийн зууны мэдээ сонинд нийтлүүлж зарын дагуу шалгаруулалтанд оролцох хүмүүсийн материалыг хүлээн авахад нийт 10 хүн материал ирүүлснээс Батсүмбэр дэх зөгийн аж ахуйн эрдэм шинжилгээний станцын эрхлэгчийн ажлын байранд 4 хүний материал ирүүлсэн байв. Харин сонгон шалгаруулалтанд оролцох эрх нь байсан боловч тухайн үеийн Батсүмбэрийн Зөгийн аж ахуйн станцын эрхлэгч Ш.Ц нь материал өгөөгүй. Сонгон шалгаруулалтанд оролцсон хүмүүсийн материалтай ажлын хэсгийн гишүүд нэг бүрчлэн танилцаж үнэлгээ өгч дүнг МААЭШХгийн захирлын зөвлөлийн хуралд танилцуулсан. Иймд сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн дүгнэлт, захирлын зөвлөлийн шийдвэрийг үндэслэн МААЭШХгийн захирлын 2017 оны 9 сарын 1-ний өдрийн 76 дугаар тушаалаар А.Быг Б.с-ын эрхлэгчийн үүрэгт ажилд томилж Ш.Цыг станцын эрхлэгчийн үүрэгт ажлаас нь 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр чөлөөлсөн. Үүнээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 93 дугаар тушаалаар Ш.Цыг 1 сарын хугацаатай гэрээт ажилтнаар ажиллуулж 1 сарын хугацаатай тэнцэх хөлсийг олгосон болно. Нэг сарын хугацаа дууссанаар Ш.Ц нь цаашид манай хүрээлэнд үргэлжлүүлэн ажилаагүй бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш хөдөлмөрийн болоод хөлсөөр ажиллах харилцаа байхгүй бөгөөд дуусгавар болсон. Иймд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн тушаал гарсан тул Ш.Цын цалинг 2017 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс цалинг зогсоосон тул Ш.Цын нэхэмжлэлийг бүхэлд зөвшөөрөх боломжгүй гэв.

 

Шүүх гэрч С.Б, А.Б нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,                         

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Ц хариуцагч МААЭШХд холбогдуулан Б.с-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинг гаргуулах, мөн хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3,4 сарын цалин болон алдангийн нийт 4 368 005 төгрөгийг гаргуулж, эдгээр хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.Ц нь МААЭШХгийн харьяа  Б.с-ын эрхлэгчээр ажиллаж байгаад тус хүрээлэнгийн захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдснийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 сарын 06-ны өдрийн 75 дугаар шийдвэрээр эгүүлэн тогтоосныг тус хүрээлэнгийн захирлын 2017 ны 4 сарын 3-ны өдрийн 25 дугаар тушаалаар ажилд нь авч ажиллуулсан байна.

 

Харин хариуцагч МААЭШХүрээлэн нь 2017 оны 7 сард тус хүрээлэнгийн харъяа орон нутгийн салбар хүрээлэнгүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр удирдуулж, менежментийг сайжруулах үндсэн дээр салбар хүрээлэнгийн захирал, эрхлэгч нарыг дахин сонгон шалгаруулахаар ...тус ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон гэрч С.Б, А.Б нарын мэдүүлэг, ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Дээрх сонгон шалгаруулалттай холбогдуулан тус хүрээлэнгийн захирлын 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар... Ш.Ц нарыг 2017 оны 7 сарын 16-ны өдрөөс эхлэн захирал, эрхлэгч нарын үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлж, мөн өдрөөс тус албан тушаалд түр үүрэг гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргаж, улмаар 2017 оны 9 сарын 01-ний өдрийн 71 дугаар тушаалаар ...Батсүмбэр дэх зөгийн аж ахуйн станцын эрхлэгч Ш.Ц нар нь салбар хүрээлэнгийн захирал, эрхлэгч нарын сонгон шалагруулалтанд оролцоогүй үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаалыг гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Ш.Ц нь дээрх тушаалыг зөвшөөрөхгүй үндэслэлээ “уг тушаалууд гарсныг шүүхэд гаргаж өгснөөр мэдсэн, сонгон шалгаруулалт болсон эсэхийг надад хэлээгүй, мэдээгүй, хуульд заасан нэг сарын хугацааны өмнө надад мэдэгдээгүй тул үндэслэлгүй” гэж тайлбарлаж маргасан байна.

МААЭШХгийн Нээлттэй ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж, эрх хэмжээнийхээ хүрээнд ажилтан авч ажиллуулсан үндэслэлийн талаар шүүх дүгнэх боломжгүйн дээр нэхэмжлэгч нь энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагыг 2017 оны 4 сарын 03-ны өдөр ажилд авсан тушаал гарсан хэдий ч ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, сандал ширээ болон албан тасалгаагаар хангаагүй хэдий ч өөрөө өрөө тасалгаа олж суусан, ажлын цагаа бүртгүүлэн эрхлэгчийн ажлаа хийж байсан, түүнчлэн цалин хөлс авч байсан гэж тайлбарлаж, нотлох баримтаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон цалингийн лавлагааг ирүүлснээс дүгнэхэд өөрийн авч байгаа цалингийн хэмжээ багассаныг болон эрхэлж байсан ажил албан тушаалыг өөр хүн хүлээн авсныг, түүнчлэн 2017 оны 10 сар, 12 сарын цалингууд олгогдоогүй зэргийг мэдээгүй байх боломжгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь дээрх хугацааны цалин болон ажлаа зохих журмын дагуу хүлгээн авах болон гүйцэтгүүлэхгүй байгаатай холбоотой асуудлаар байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон холбогдох байгууллагад хандсан, энэ талаар ямар нэгэн гомдол гаргаж байсан талаараа нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэгч Ш.Цт хариуцагч байгууллага нь 2017 оны 7 сарын 16-ны өдрийн 52 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасан “...хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлсэн байна.

 

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч Ш.Ц ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн 2017 оны 9 сарын 01-ний өдрийн тушаалыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2018 оны 3 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд мэдээгүй, танилцуулаагүй гэсэн нь үндэслэлгүй байх ба энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасан хугацааг хэтрүүлсэн байна.  

Иймд нэхэмжлэгч Ш.Цын нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 141 дүгээр зүйлийн 141.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Цын хариуцагч МААЭШХд холбогдуулан Б.с-ын эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй хугацааны цалинг гаргуулах, мөн хугацаандаа олгогдоогүй 2017 оны 12 сар, 2018 оны 1,2,3,4 сарын цалин болон алдангийн нийт 4 368 005 төгрөгийг гаргуулж, эдгээр хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгч Ш.Цын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84 838 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот  данснаас гаргуулан Ш.Цт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                                                                                          

 

      ДАРГАЛАГЧ                    Б.МӨНХЖАРГАЛ