Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1021

 

Б.А-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.А-д холбогдох эрүүгийн 1709016351533 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.А-, 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            Б.А- нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан “1, 2, 3, 14, 15, 17 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил” СБД-ХААА/ОНБ17-011 дугаар бүхий тендерт оролцогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96.232.469 төгрөгийн өртэй “Сүхбаатар тохижилт” ХХК-д тендерт оролцоход нь давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна” гэх худал мэдээлэл бүхий 1-1306 дугаартай албан бичгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байранд үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                       

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-ийг нийтийн албан тушаалтан, албан хаагч бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хоёр мянга найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Б.А- нь гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл санаатайгаар хийгээгүй бөгөөд хэнийг ч хохироогоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор илрэхээр хуульчилсан. Хэргийн материалаас үзэхэд, уг санаа зорилго тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл Б.А-д тухайн гэмт хэргийн субъектив талын шинж буюу гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго байхгүй юм. Тухайн үед Б.А-д “Сүхбаатар тохижилт” ХХК тендерт орж байгаа талаар мэдээлэл байгаагүй бөгөөд албан бичигт тэр талаараа огт дурдаагүй байдаг. Ийм учраас тэрхүү албан бичгээр тус аж ахуйн нэгжид давуу байдал бий болгох эсэх талаар урьдчилан таамаглах боломжгүй юм. Тэр тусмаа Б.А- нь албан тушаалын хувьд тухайн асуудлаар өмнө нь албан бичиг гаргаж байгаагүй, учир холбогдлыг нарийн ойлгоогүй бөгөөд хэлтэс, тасгийн дарга нарыг ээлжийн амралттай байх үед орлон ажиллаж байжээ. Б.А-ийн гарган өгсөн албан бичиг нь тендер шалгаруулалтын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй, ач холбогдолгүй бөгөөд ямар нэгэн хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироогоогүй, гэм хор учруулаагүй байна. Харин аж ахуйн нэгжээс төлбөр төлөх хуваарийг нь авсны үр дүнд 96 сая төгрөгийн шимтгэл нийгмийн даатгалын санд төвлөрүүлсэн. Иймээс Б.А- гэмт хэрэг үйлдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд нэмж тайлбарлах зүйлгүй гэв.

            Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”-ийн 14.1.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлөөгүй;” гэж заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96 сая төгрөгийн өртэй компани тендерт шалгарах боломжгүй байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.А- нь тухайн компанийг тендерт оролцох гэж байгааг мэдсэн ба улмаар өр төлбөргүй гэсэн бичиг хийж өгсөн болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан. Уг гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирол хор уршиг учирсан байхыг шаарддаггүй болно. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.  

          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:

- гэрч Ц.Баттүвшингийн “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт үйлчилгээний чиглэлээр буюу 2017 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас “Хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх тухай” тендерийг зарласан. Тухайн тендерт манай компани орж ялсан. Харин ялагдсан “Улаанбаатар шинэчлэх” ХХК-иас гомдол гаргасны дагуу тус тендерийн дүнг хүчингүй болгож, дахин тендер зарлахаар болсон. Учир нь манай байгууллага тухайн тендерт оролцохдоо Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс “өргүй” гэсэн бичиг бүчүүлж аваад, материалдаа бүрдүүлээд өгчихсөн. Энэ бичгийг авахдаа манайх Нийгмийн даатгалын хэлтэс рүү “Нийгмийн даатгалын шимтгэлийг энэ ондоо багтаагаад дуусгана” гэсэн албан бичгийг, төлөх графикийн дагуу гарган хамт хүргүүлсэн. ... “Манай байгууллага нь үйл ажиллагаа явуулж байж өөрсдийн өрийг барагдуулна, ингэж тендерт орохын тулд танай байгууллагаас өргүй гэсэн бичиг хийж өгөөч” гэж хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэнд, нийгмийн даатгалаас өргүй гэсэн албан бичгийг хийж өгсөн. ... уг тендерт орохын тулд өргүй гэсэн бичиг авах хүсэлтийг тавьсан. ...” /хх 7, 33/,

- гэрч Ч.Эрдэнэчимэгийн “...Нийгмийн даатгалын улсын бүртгэлийн сангийн мэдээлэлд өр төлбөргүй болгож өөрчлөлт оруулах боломж байхгүй. “Сүхбаатар тохижилт” ХХК нь өнөөдрийг хүртэл манай өртэй гэсэн мэдээлэл хэвээрээ байгаа. Уг албан бичиг нь зөвхөн тухайн компани өрөө төлж барагдуулах график гаргасан учир тус болох үүднээс хийж өгсөн болохоос мэдээллийн санд өөрчлөлт оруулсан зүйл огт байхгүй. ...” /хх 39-40/,

- гэрч Э.Мөнхтогтохын “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тухайн тендерийг дахин зарласан. “Сүхбаатар тохижилт”, “Улаанбаатар шинэчлэл” компаниуд тендерээ ирүүлсэн. “Сүхбаатар тохижилт” ХХК-ийг шалгаруулсан. “Улаанбаатар шинэчлэл” нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Сангийн яаманд гомдол гаргаад тухайн шийдвэрийг хүчингүй болгоод дахин тендер зарлах шийдвэр гаргасан. Тэр үед “Сүхбаатар тохижилт” ХХК-ийг дахин шалгаруулсан. ... Хэрэв өртэй гэсэн тодорхойлолт ирсэн бол тендерт шалгарахгүй байсан. ...” /хх 50-51/,

- гэрч Б.Солонгын “... “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хүсэлтийн дагуу албан тоотыг бэлдэж тухайн үед Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг төлөөлж Б.А- даргаар гарын үсэг зуруулсан. ...” /хх 121-123/,

- гэрч Б.Бат-Эрдэнийн “...би 2017 оны 7 дугаар сарын 9-ний өдрөөс 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан. Тиймээс Б.А- нь албан бичиг явуулах эрхтэй байсан. ...” /хх 124-127/,

- шүүгдэгч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “Сүхбаатар тохижилт” ХХК-иас “Нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 96.232.469 төгрөгийг 2017 оны эцэс гэхэд графикийн дагуу төлж барагдуулна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй гэсэн албан бичиг гарган өгч, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг хүргүүлсний дагуу би хүлээж авсан. Тухайн үед манай хэлтсийн болон бусад тасгийн дарга нар бүгд ээлжийн амралтаа авчихсан, би орлон ажиллаж байсан. Би тэрхүү албан бичгийг бичиг хэргийн ажилтан Солонгод “тухайн тодорхойлолтыг нь гарган өгөх” гэж цохсон. Түүний дагуу бичиг хэргийн ажилтан Солонго нь тус 1-1306 дугаартай албан бичгийг бэлтгэж орж ирснийг би аваад хянаад, гарын үсгээ зурж, хэлтсийн тэмдгийг дарж баталгаажуулсан. Тухайн үед “Сүхбаатар тохижилт” ХХК-иас манай байгууллагад “тендерт орох гэж байгаа өр төлбөргүй гэсэн бичиг гаргаж өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Хүсэлтийг үзээд “Сүхбаатар тохижилт” ХХК нь манайд 96.232.469 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан ч өргүй гээд бичээд өгчихсөн. ...” /хх 8, 93-97/ гэсэн мэдүүлгүүд,

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 1/1306 дугаартай “... “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. ...” /хх 9, 23/ гэсэн албан бичиг,

- “Сүхбаатар тохижилт” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргасан “...96.232.469,9 төгрөгийн өрөө 2017 оны эцэс гэхэд төлж барагдуулахаар график гарган ажиллаж байна. Манай компани 20 гаруй жил танай хэлтэстэй хамтран ажиллаж байгаа тул бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү.” /хх 10, 25/ гэсэн хүсэлт, тус ХХК-ийн өөрийн гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийн график /хх 11/,  

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн Б/66 дугаартай “Б.А-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх 12, 22/,

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 1/195 дугаартай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан “... “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 96.232.469 төгрөгийн өртэй тухай мэдээлэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна...” /хх 34/ гэсэн албан бичиг,

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/81 дугаартай “Б.А-ийг ажилд томилох тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх 35, 36-38/,

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1/1115 дугаартай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан “Тус хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн дарга Б.А- нь 2017 оны 7 дугаар сард хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн нь үнэн болохыг тодорхойлов.” /хх 80/ гэсэн албан бичиг,  

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1/024 дугаартай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандаж гаргасан “Базаррагчаагийн А- /ИГ85092315/ нь тус хэлтсийн Санхүү бүртгэлийн тасгийн даргаар ажилладаг нь үнэн болно.” /хх 98/ гэсэн албан бичиг зэргийг харьцуулан шинжлэн судлахад, Б.А- нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан “1, 2, 3, 14, 15, 17 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил” СБД-ХААА/ОНБ17-011 дугаар бүхий тендерт оролцогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96.232.469 төгрөгийн өртэй “Сүхбаатар тохижилт” ХХК-д тендерт оролцоход нь давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна” гэх худал мэдээлэл бүхий 1-1306 дугаартай албан бичгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байранд үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба эдгээрийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.

Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар давж заалдсан гомдолдоо “...тухайн үед “Сүхбаатар тохижилт” ХХК нь тендерт орж байгаа талаарх мэдээлэл байгаагүй. “Өр төлбөргүй” гэсэн албан бичгээр тус аж ахуй нэгжид давуу байдал бий болгох эсэх талаар урьдчилан таамаглах боломжгүй. Албан тушаалын хувьд тухайн асуудлаар өмнө нь албан бичиг гаргаж байгаагүй, учир холбогдлыг нь нарийн сайн ойлгоогүй. Уг албан бичиг нь тендер шалгаруулалтын үнэлгээний шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй, ач холбогдолгүй бөгөөд ямар нэгэн хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироогоогүй...” хэмээн дурддаг.

Нийтийн албан тушаалтан /албан хаагч/ гэдэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдийг ойлгодог.

Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Б/81 дугаартай “Б.А-ийг ажилд томилох тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх 35, 36-38/, тус хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 1/1115 дугаартай “...Санхүү бүртгэлийн тасгийн дарга Б.А- нь 2017 оны 7 дугаар сард хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн нь үнэн болохыг тодорхойлов.” /хх 80/ гэсэн албан бичиг болон гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд, Б.А- нь 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн тус байгууллагын Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргын албан тушаалд томилогдон ажилласан ба 2017 оны 7 дугаар сард хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.

Тэрээр нийтийн албан тушаалтан болохынхоо хувьд өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх үүргийг хуулиар хүлээсэн ба худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн нь албан тушаалын байдалтай шууд холбоотой юм.

Шүүгдэгч Б.А- нь худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэх болсон шалтгаанаа “...“Сүхбаатар тохижилт” ХХК нь манай байгууллагатай 20 гаруй жилийн хугацаанд хамтран ажилласан. Энэ хугацаанд ямар нэгэн асуудалгүй, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлчихдөг байсан тул итгэсэн...” хэмээн тайлбардаг боловч тухайн байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг нэгэнт хуулиар хүлээсэн бөгөөд тус нийгмийн даатгалын хэлтэстэй харилцаа холбоотой оршдог байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...бусдад давуу байдал бий болгох зорилгоор ... худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон...” гэдэгт нийтийн албан тушаалтан бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох ашиг сонирхлын үүднээс түүнд “нэр хүнд өсөх, дутагдлаа нуун хаах” боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн үйл явцыг авч үзэх ба уг үйлдлээрээ гэмт хэргийн санаа зорилго тодорхойлогдоно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлд тендерт оролцогч этгээдэд тавигдах нийтлэг шалгуур нөхцлийг тогтоон хуульчилсан бөгөөд энэ зүйлийн 14.1.2-т зааснаар хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө төлсөн байхыг шаарддаг байна.

Харин Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1.4-т “Нийгмийн даатгалын шимтгэл” гэдэгт нийгмийн даатгалд даатгуулах зорилгоор даатгуулагч болон ажил олгогчоос хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын санд төлөх урьдчилсан төлбөрийг ойлгохоор тодорхойлжээ.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг зайлшгүй учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч Монгол Улсын Сангийн яамнаас “Улаанбаатар шинэчлэл” ХХК-иас тендер хууль бусаар явагдсан талаар гомдол гаргасныг хянан үзэж тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин зохион байгуулсан явдал нь улсад дам хохирол, хор уршиг учирч байгааг илтгэнэ.

Иймээс шүүгдэгч Б.А-ийн “...“Сүхбаатар тохижилт” ХХК-ийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96.232.469 төгрөгийн өртэй болохыг мэдсээр байж өр төлбөргүй талаарх худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдсэн...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тул гэм буруугийн талаар маргасан түүний болон өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ийг нийтийн албан тушаалтан, албан хаагч бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор үндсэн болон нэмэгдэл ялын хэмжээг сонгон оногдуулжээ.

Харин ингэхдээ шүүгдэгч Б.А-ийн нийтийн албанд сонгогдох эрхийг хассан, энэ талаараа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тодорхой үндэслэлийг тусгаагүй нь алдаа болсон байна.

            Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн албанд томилогдох, эсхүл сонгогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж тухайн гэмт хэрэгт оногдуулах нэмэгдэл ялын төрөл, хэмжээг тогтоосон.

            Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар төрийн улс төрийн албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогдож, уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.А- нийтийн албанд томилогдсон төрийн захиргааны албан тушаалтан байхдаа энэхүү гэмт хэргийг үйлдсэн тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн зүйл, хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ШЦТ/496 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 6 дахь заалтуудын “...нийтийн албанд сонгогдох эрхийг...” гэснийг “...нийтийн албанд томилогдох эрхийг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                  ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН