Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 496

 

2020          05          25                                   2020/ШЦТ/496     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Гэрч Ц.Баттүвшин,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, Д.Мөнх-Очир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1709016351533 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 1985 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Санхүүгийн бүртгэлийн тасгийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, бэлхийн 53 гудамж 483 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Зүүн хүрээ хотхоны 204 дүгээр байр, 2 дугаар орцны 90 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан “1, 2, 3, 14, 15, 17 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил” СБД-ХААА/ОНБ17-011 дугаар бүхий тендерт оролцогч, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96,232,469 төгрөгийн өртэй “Сүхбаатар тохижилт” ХХК-нд тендерт оролцоход нь давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Сүхбаатар тохижилт ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна” гэх худал мэдээлэл бүхий 1-1306 дугаартай албан бичгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байранд үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт олгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Гэрч Ц.Баттүвшин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Манай компани нь Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын газарт үйлчилгээний хөлс төлдөг. Тухайн үед манай компаний 96.000.000 төгрөгийн өр хуримтлагдсан байсан учир Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан. Үүнд манай компани өрөө төлж дуусгах тухай график гаргаж өргүй гэх тодорхойлолт гаргуулахыг хүссэн. Сүхбаатар дүүргийн тохижилт үйлчилгээний газар тендерт сонгон шалгаруулалт хийх тухай ярьдаг боловч өдий хүртэл ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгдээгүй байна...” гэв.

 

Эрүүгийн 1709016351533 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар 2016 оны 11 сараас хойш ажиллаж байна. 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар тохижилт ХХК-иас “нийгмийн даатгалын шимтгэлийн өр болох 96.232.469 төгрөгийг 2017 оны эцэс гэхэд графикийн дагуу төлж барагдуулна. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй гэсэн албан бичиг гаргаж өгч, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлнэ үү” гэсэн албан бичгийг ирүүлсний дагуу би хүлээж авсан. Тухайн үед манай хэлтсийн болон бусад тасгийн дарга нар бүгд ээлжийн амралтаа авчихсан, би орлон ажиллаж байсан. Би тэрхүү албан бичгийг бичиг хэргийн ажилтан Солонгод “тухайн тодорхойлолтыг нь гарган өгөх” гэж цохсон. Түүний дагуу бичиг хэргийн ажилтан Солонго нь тус 1-1306 дугаартай албан бичгийг бэлтгэж орж ирснийг би аваад хянаад, гарын үсгээ зурж, хэлтсийн тэмдгийг дарж баталгаажуулсан. Тухайн үед “Сүхбаатар тохижилт” ХХК-иас манай байгууллагад “тендерт орох гэж байгаа өр төлбөргүй гэсэн бичиг гаргаж өгөөч” гэсэн хүсэлт ирсэн. Хүсэлтийг үзээд “Сүхбаатар тохижилт” ХХК нь манайд 96.232.469 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй байсан ч өргүй гээд бичээд өгчихсөн. Би гэмт хэрэг үйлдээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 93-97 дугаар хуудас/,

 

Гэрч М.Түвдэндорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний бие “Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн захиралаар 2006 оноос хойш ажиллаж байна. Тус компани маань байгуулагдсанаас хойш хот тохижуулалт буюу хог тээвэрлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас 2017 оны 05 сарын 30-ны өдөр хог хаягдал тээвэрлэлтийн үйл ажиллагаа үзүүлэх 3 багц тендер зарласан. Манай байгууллага тус 3 удаагийн тендерт оролцож, тус бүрт нь ялагдал хүлээсэн. Ялагдал хүлээсэн шалтгаанаа шалгуулахаар “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар болон бусад төрийн байгууллагуудад хандсан. Тухайн байгууллагуудаас Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас тус зарласан тендер шалгаруулах үйл ажиллагаа нь хууль зөрчсөн байна” гэх хариунууд гарсан. Үүний дагуу зохих Сангийн яаманд нь хандахад өмнө нь зарлагдаж, шалгарсан тендерүүдийн үйл ажиллагааг хүчингүй болгож дахин цахимаар тендерүүдийг явуулах үүрэг өгсөний дагуу дахин 2017 оны 10 сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас 2 багц тендер зарласны дагуу манай байгууллага оролцож материалаа өгсөн. Хариу нь өнөөдөр буюу 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гарна. Гэхдээ энэ тендерын үйл ажиллагаа нь дахин хууль зөрчиж үүрэг өгсөний дагуу цахимаар явагдаагүй, цаасан хэлбэрээр явагдаж байгаа юм. Сүхбаатар тохижилт ХХК нь тус тендерт өртэй гэдгээрээ оролцсон гэсэн. Харин Сангийн яамнаас миний гаргасан гомдлуудаас Сүхбаатар тохижилт ХХК-ийн хуурамчаар үйлдсэн гэх баримт бичгийг шалгуулахаар танай цагдаагийн хэлтэст ирүүлсэн байна. Үүнийг би 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн. Иймд тус Сүхбаатар тохижилт ХХК-ны Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас зарласан СБД-ХААА/ОНБ17-011 дугаартай тендерт оролцохдоо материал дундаа бүрдүүлэн өгсөн Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэсээс авсан “Нийгмийн даатгалын шимтгэлийн үүссэн өргүй” гэсэн бичгийг хуурамчаар үйлдсэн гэж үзэж байгаа учраас үүнийг шалган өгч, шийдвэрлэнэ үү. Миний хувьд энэ Сүхбаатар тохижилт ХХК-ийг цаашид өртэй учраас тендерүүдэд оролцох эрхгүй гэж үзэж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Баттүвшин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт тохижилт үйлчилгээний чиглэлээр буюу 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас “Хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил” тухай тендерийг зарласан. Тухайн тендерт манай компани орж ялсан. Харин ялагдсан “Улаанбаатар шинэчлэх” ХХК-иас гомдол гаргасаны дагуу тус тендерийг дүнг хүчингүй болгож, дахин тендер зарлахаар болсон. Учир нь манай байгууллага тухайн тендерт оролцохдоо Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс “өргүй” гэсэн бичиг бичүүлж аваад, материалдаа бүрдүүлээд өгчихсөн. Энэ бичгийг авахдаа манайх Нийгмийн даатгалын хэлтэс рүү “нийгмийн даатгалын шимтгэлийг энэ ондоо багтаагаад дуусгана” гэсэн албан бичгийг, төлөх графикийн дагуу гарган хамт хүргүүлсэн...манай байгууллага нь үйл ажиллагаа явуулж байж өөрсдийн өрийг барагдуулна, ингэж тендерт орохын  тулд танай байгууллагаас өргүй гэсэн бичиг хийж өгөөч гэж хүсэлт тавьсаны дагуу эрүүл мэнд, нийгмийн даатгалаас өргүй гэсэн албан бичгийг хийж өгсөн. ...уг тендерт орохын тулд өргүй гэсэн бичиг авах хүсэлтийг тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7, 33 дугаар хуудас/,

 

Гэрч Ч.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Нийгмийн даатгалын улсын бүртгэлийн сангийн мэдээлэлд өр төлбөргүй болгож өөрчлөлт оруулах боломж байхгүй. “Сүхбаатар тохижилт” ХХК нь өнөөдрийг хүртэл манайд өртэй гэсэн мэдээлэл хэвээрээ байгаа. Уг албан бичиг нь нь зөвхөн тухайн компани өрөө төлж барагдуулах график гаргасан учир тус болох үүднээс хийж өгсөн албан бичиг болохоос биш мэдээллийн санд өөрчлөлт оруулсан зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Гэрч Э.Мөнхтогтох мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр тухайн тендерийг дахин зарласан. “Сүхбаатар тохижилт”, “Улаанбаатар шинэчлэл” компаниуд тендерээ ирүүлсэн. “Сүхбаатар тохижилт” ХХК-ийг шалгаруулсан. “Улаанбаатар шинэчлэл” нь тухайн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй. Сангийн яаманд гомдол гаргаад тухайн шийдвэрийг хүчингүй болгоод дахин тендер зарлах шийдвэр гаргасан. Тэр үед “Сүхбаатар тохижилт” ХХК-ийг дахин шалгаруулсан...Хэрэв өртэй гэсэн тодорхойлолт ирсэн бол тендерт шалгарахгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Солонго мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сүхбаатар тохижилт” ХХК-ийн хүсэлтийн дагуу албан тоотыг бэлдэж тухай үед Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг төлөөлж Б.А даргаар гарын үсэг зуруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Бат-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ээлжийн амралт авсан. Тиймээс Б.А нь албан бичиг явуулах эрхтэй байсан...” гэсэн мэдүүлэг 124-127 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/1306 дугаартай албан бичигт “...Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна...” гэжээ /хх-ийн 9, 23 дугаар хуудас/,

 

“Сүхбаатар тохижилт” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргасан хүсэлт /хх-ийн 10, 25 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/66 дугаартай “Б.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх-ийн 12, 22 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 03 сарын 06-ны №1/195 дугаартай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан албан бичиг “...Сүхбаатар Тохижолт ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 96,232,469.00 төгрөгийн өртэй тухай мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна...” гэжээ, /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/81 дугаартай “Б.Аийг ажилд томилох тухай” тушаал, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 35, 36-38 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 3/1652 дугаартай “Сүхбаатар тохижилт ХХК-д “мэдэгдэл хүргэх тухай” албан бичиг /хх-ийн 52, 57-58 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газран 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 3/1704 дугаартай А/144 дүгээр захирамжаар байгуулагдсан үнэлгээний хороонд “санал хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Сүхбаатар дүүгийн засаг даргын тамгын газрын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 3/2015 дугаартай “Улаанбаатар шинэчлэл” ХХК-нд “мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 6.1/4912 дугаартай Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт “Гомдол хянан үзсэн тухай” албан бичиг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Монгол Улсын Сангийн яамны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 6.1/6937 дугаартай Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт “Гомдол хянан үзсэн тухай” албан бичиг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1115 дугаартай албан тоотод “...Тус хэлтсийн Санхүү бүртгэлийн хэлтсийн даргыг ээлжийн амралттай байх хугацаанд даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн нь үнэн болохыг тодорхойлов...” гэжээ /хх-ийн 80 дугаар хуудас/,

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/024 дугаартай албан тоотод “...Базаррагчаагийн Алтангэрэл нь тус хэлтэсийн Санхүү бүртгэлийн тасгийн даргаар ажилладаг нь үнэн болно...” гэжээ /хх-ийн 98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 99, 107 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 112 дугаар хуудас/ Б.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 103-105, 113-114 дүгээр хуудас/,  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар ажиллаж, давхар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд Нийгмийн Даатгалын хэлтэсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа “Сүхбаатар тохижолт ХХК”-ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан “1, 2, 3, 14, 15, 17 дугаар хороодын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдал тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх ажил” СБД-ХААА/ОНБ17-011 дугаар бүхий тендер”-т оролцох ашиг сонирхлын үүднээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96,232,469 төгрөгийн өртэй “Сүхбаатар тохижилт” ХХК-нд тендерт оролцоход нь давуу байдал бий болгох зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “ “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна” гэх худал мэдээлэл бүхий 1-1306 дугаартай албан бичгийг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байранд үйлдэж, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газарт хандаж Ц.Баттүвшинд олгосон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогджээ. Үүнд:

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1/1306 дугаартай албан бичиг,

 

- “Сүхбаатар тохижилт” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргасан хүсэлт,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 03 сарын 06-ны №1/195 дугаартай Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хандаж гаргасан албан бичиг,

 

- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/81 дугаартай тушаал /Б.Аийг Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргаар томилсон тухай/,

 

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1115 дугаартай албан тоот /Б.А нь тус хэлтсийн Санхүү бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон тухай/,

 

- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэсийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/024 дугаартай албан тоот / Б.А нь тус хэлтэсийн Санхүү бүртгэлийн тасгийн даргаар ажилладаг болохыг тодорхойлсон тухай/,

 

-Гэрч Ц.Баттүвшин, Ч.Эрдэнэчимэг, Э.Мөнхтогтох, Б.Солонго Б.Бат-Эрдэнэ нарын мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудаар хэрэг болсон цаг хугацаанд шүүгдэгч Б.А нь Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, судалгааны тасгийн даргын ажил эрхэлдэг ба давхар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа харъяа бүртгэлтэй аж ахуй нэгж болох “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшингийн “тендерт орох гэж байгаа өр төлбөргүй гэсэн бичиг гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийн дагуу тухайн компанийг нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 96,232,469 төгрөгийн өртэй байхад 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “ “Сүхбаатар тохижилт” ХХК нь тус хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өргүй тухай мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна” гэж худал ташаа мэдээлэл бүхий албан бичгийг үйлдэж тус компанийн захирал Ц.Баттүвшинд олгосон болох нь тогтоогджээ.

 

Б.А нь эрхэлж буй ажил, албан тушаалын хувьд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нэр бүхий албан тушаалтанд хамаарч байх тул түүнийг нийтийн албан тушаалтан /албан хаагч/ гэж үзэх үндэслэлтэй.

 

Ийнхүү нийтийн албан тушаалтан Б.А нь “Сүхбаатар тохижилт” ХХК-ийн захирал Ц.Баттүвшингийн хүсэлтээр тендерт оролцоход нь шууд бусаар дэмжлэг үзүүлж бодит бус мэдээллийн агуулгатай баримт үйлдэж олгон тухайн компанид ирээдүйд бий болох эдийн ашигтай давуу байдал үүсэх нөхцлийг бүрдүүлсэн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж шүүх дүгнэлээ.

 

 Шүүх шүүгдэгч Б.Аийг нийтийн албан тушаалтан, албан хаагч бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг, яллах дүгнэлтийн хэмжээнд ялласан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх ба өмгөөлөгч Б.Батбаяраас “...Алтангэрэл тухайн компанид давуу байдал болгосон зүйл байхгүй, улсын бүртгэлд худал мэдээлэл оруулаагүй, гэм буруутай байдал эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү...” гэж, өмгөөлөгч Д.Мөнх-Очироос “...Хавтаст хэргээс Түвдэндоржоос мэдүүлэг авахдаа хууль сануулаагүй, хууль зөрчсөн, хуурамч бичиг баримтын улмаас хор уршиг учраагүй байна. Алтангэрэл хэлтсийн даргын үүргийг орлон гүйцэтгэж байсан бол хариуцлага хүлээх боломжгүй тул цагаатгаж өгнө үү...” гэсэн саналуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасанчилан П.Алтангэрэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцох ба энэ үйлдлийн улмаас зайлшгүй хохирол учирсан байхыг шаардахгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т заасан “...бусдад давуу байдал бий болгох зорилгоор...” гэж нийтийн албан тушаалтан, албан хаагч бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон нөхцөлийг бүрдүүлж өгсөнөөр хэргийн зүйлчлэл хангагдах бөгөөд харин тийнхүү бусдад эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон үр дүн биелэгдсэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хэд хэдэн шинжийг тусгасан байх ба тэдгээрээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон гэмт үйлдэл хийснээр төгссөн байна.   

 

Б.А нь хэрэг болох цаг хугацаанд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн Даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/1115 дугаартай албан тоот гэрч Б.Бат-Эрдэнэ, гэрч Б.Солонго нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож ийнхүү ажил, үүргийг гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээллийн агуулгатай баримтыг үйлдэж олгожээ.

 

Хэрэгт авагдсан гэрч М.Түвдэндоржийн мэдүүлгийг хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх боломжгүй бөгөөд түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Аийг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар түүнд нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, нийтийн албан тушаалтны хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх зан байдал дутагдалтай гэж дүгнэхээр байна. 

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Аг нийтийн албан тушаалтан, албан хаагч бусдад давуу байдал бий болгох зорилгоор худал мэдээлэл бүхий баримт бичиг үйлдэж бусдад олгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Аийг нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 2.800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтийн албанд сонгогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН