Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/01971

 

 

 

 

 

 

 

 

2021            08              25                                184/ШШ2021/01971

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн  танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:А.Х, Б. Б нарын  нэхэмжлэлтэй

Хариуцагч:Э.Н-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 162,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.А, хариуцагчийн төлөөлөгч Ц.Э, гэрч Ш.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч А.Х,Б.Б нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тэдний төлөөлөгч Ч.А тайлбарлахдаа:Хариуцагч Э.Н 2012 оны 10 сарын 10-ны өдрөөс 2013 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл 30,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, барьцаагүйгээр зээлж авсан байдаг. Зээлдүүлэгч нар нь дээрх мөнгийг 2020 оны 10  сарын 10-ны өдөр 3 дугаар хорооллын Өргөө кино театрын дэргэдэх Төрийн банкны өөрсдийн хадгаламж болох ,  тоот хоёр данс тус бүрээс 15,000,000 төгрөгийг бэлнээр авч зээлдэгч Э.Нд  өгсөн байдаг.Энэ үйл явдлыг нотлох дансны хуулгыг хэрэгт хавсаргасан. Зээлдэгч  нь  2013 оны 01  сарын 12-ны өдөр зээлийн 3 сарын хүү гэж 2,700,000 төгрөгийг бэлнээр төлсөн байна.

 Ингээд цаашид зээлийн гэрээг 2013 оны 04  сарын 10-ны өдрийг хүртэл 3 сараар,  

 05  сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар,

 06  сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар,

 08  сарын 10-ны өдрийн хүртэл 2 сараар,

            09 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 1 сараар гэх мэт  сунгах хүсэлтүүдийг зээлдэгч талаас гаргаж, зээлдүүлэгч тал хүлээн зөвшөөрч тухай бүр хүүг тооцон авч сунгаж байсан байдаг.

            Ингээд 2014 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл зээлдэгч нь нийт 16 сарын хүүг бэлнээр, 2014 оны 02  сарын 10-ны өдрөөс 05 сарын 10-ны өдрийг хүртэлх 3 сарын хүүг дансаар авсан байдаг. Энэ талаарх зээлдүүлэгч Б.Бгийн Хаан банкны дансны гүйлгээний баримтыг хэрэгт хавсаргасан байгаа.Зээлдэгч Э.Н нь 2012 оны 10  сарын 10-ны өдрөөс 2014 оны 05  сарын 10-ны өдрийг хүртэл нийт 19 сарын хүүгийн төлөлтөд сар бүрийн хүү болох 900,000 төгрөгийг төлж  нийт 17,100,000 төгрөгийг хүү төлсөн байна.

          Хариуцагч нь үндсэн зээлийг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 50,000,000 төгрөг  болгож өгөх хүсэлт гаргасныг зээлдүүлэг тал зөвшөөрч 2014 оны 05  сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөг нэмж зээлсэн бөгөөд энэ зээлийг  Иргэний хуульд заасны дагуу зээлийн гэрээг бичгээр үйлдсэн. Гэрээний дагуу зээлсэн 20,000,000 төгрөгийг“Голомт банк” ХХК-ийн салбараас   хадгаламж болох  тоот данснаас 18,000,000 төгрөгийг  авч, 2,000,000 төгрөгийг бэлнээр  нийт 20,000,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн байна.Зээлийн гэрээнд заасан 50,000,000 төгрөгийн 3 хувийн хүү болох 1,500,000 төгрөгийг 2014 оны 05  сарын 10-ны өдрөөс 2014 оны 12  сарын 10-ны өдрийг хүртэл сар бүр 7 сарын зээлийн хүү нийт 10,500,000 төгрөгийг  хариуцагч нь дансаар төлж барагдуулсан байна. Энэ талаар нэхэмжлэгч  Б.Бгийн  дансны гүйлгээний баримтыг ирүүлсэн.    

           Зээлдэгч тал 2015 оны 01  сараас эхлэн  гэрээнд заасан үүргээ зөрчсөн  тул 2015 оны 03 сараас эхлэн  хариуцагчаас  зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцааж төлөхийг шаардаж эхэлсэн ба төлбөрөө барагдуулаагүй байна. Э.Н нь  зээлсэн мөнгөө, хүүгийн хамт 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс 2020 оны 12  сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж  бичиж өгсөн байдаг.

           Э.Н нь 2016 оны 12  сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2019 оны 06 сарын 17-нд 1,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн болно. Нэхэмжлэгч А.Х  өвчний  улмаас  эмчлүүлэх шаардлага гарсан учир  гэрчээр оролцож буй Ш.Хавиволдагаар  дамжуулж зээлсэн мөнгө төлөхийг  хэлүүлсэн.

2015 оны 01 сараас 2020 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэл нийт 72 сарын хүү болох 108,000,000 төгрөгөөс дээрх 21,000,000 төгрөгийг  хүү төлсөнд тооцож суутгавал хүүгийн үлдэгдэл төлбөр нь 87,000,000 төгрөг болж байгаа юм.

            Иймд хариуцагч  Э.Нээс зээлийн гэрээний 2, 3 дугаар зүйлд заасны дагуу  үндсэн зээл 50,000,000 төгрөг,зээлийн хүүгийн үлдэгдэл 87,000,000 төгрөг,гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тооцож буй алданги болох 25,000,000 төгрөг нийт 162,000,000 төгрөгийг  гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй, хэтэрхий өндөр тооцоо гаргасан байна.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээ байгуулсан, хүү тооцсон  87,000,000 төгрөг гэж  ярьж байна.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 6,500,000 төгрөгийг төлөх тооцоог гаргасан.

 Э.Н нь нэхэмжлэгч А.Х, Б.Б нараас 2012 оны 10  сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн.Нэхэмжлэгч нар дээрх зээлийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлсэн гэж ярьдаг. Гэтэл бодит байдал дээр 30,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй авсан зээлийн гэрээ  байхгүй. Нэхэмжлэгч нар зээлийн гэрээг бичгээр байгуулж, хүү тохироогүй байж хүү авна гэж шаардаад байгаа нь Иргэний хуулийн холбогдох заалтыг зөрчиж байгаа юм.Э.Нийн зүгээс нэхэмжлэлд дурдсан  30,000,000 төгрөгөөс 17,100,000 төгрөгийг төлсөн нь үнэн.

 Мөн нэхэмжлэгч нарын тооцоонд ороогүй байгаа төлбөр байгаа. Энэ нь 2013 оны 10  сарын 18-ны өдөр Э.Н нь нэхэмжлэгч нарт 900,000 төгрөгийг өгсөн бөгөөд энэ талаарх баримт байдаг.Тэгэхээр хариуцагч нь нэхэмжлэгч нараас зээлсэн 30,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг  төлсөн учир 12,000,000 төгрөг үлдсэн байна.

2014 оны 05 сарын 13-нд талууд зээлийн гэрээ байгуулсан ба зээлийн гэрээний дүн нь  50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй  хугацаагүйгээр зээлж авлаа гэж зээлийн гэрээ байгуулсан. Бодит байдал дээр нэхэмжлэгч тал хариуцагчид 50,000,000 төгрөг өгөөгүй, 20,000,000 төгрөг л өгсөн юм.

Хариуцагч тал 20,000,000 төгрөг авсан дээр маргахгүй, энэ үнийн дүнгийн хүүг ч төлөх дээрээ маргахгүй байгаа. Ийнхүү 2 дахь зээлийн гэрээ байгуулагдсанаас хойш 10,500,000 төгрөгийг нэхэмжлэгч нар  авсан гэжээ. Энэ тооцооноос гадна 2016 оны 12  сарын 28-нд  20,000,000 төгрөг, 2019 оны 06  сарын 17-нд  1,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид шилжүүлсэн байдаг.Тэгэхээр 31,500,000 төгрөгийг сүүлийн 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан цаг үеэс хойш Э.Н нь А.Х, Б.Б нарт өгсөн байгаа юм.

Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2015 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн тул 2015 оны 03  сараас эхлэн зээлээ төл гэж шаардсан гэж тайлбар гаргасан. Тэгэхээр хугацаагүй байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 03 сараас буюу зээлдүүлэгч тал зээлийн үүргээ шаардаж эхэлсэн цаг үеэс эхлэн цуцлагдсан гэж үзэж байна. Хариуцагч нь шударга ёсны үүднээс энэхүү гэрээний үргэлжлэх хугацааг 2014 оны 05  сараас, 2015 оны 03  сар хүртэл 10 сарын хугацаанд үргэлжилсэн гэж үзэн, зээлийн гэрээгээр бодитоор шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс сарын 3 хувийн хүү тооцож төлөхийг   хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч нь дээрх тооцооллын дагуу нэхэмжлэгчид 26,000,000 төгрөг төлөх ёстой боловч 31,500,000 төгрөг буюу нэмж 5,500,000 төгрөг төлсөн байгаа юм. Нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд зээлийн гэрээний хүү тооцсон байдаг. Хариуцагч талаас 2015 оны 05  сараас хойш хүү тооцох эрхгүй юм. Учир нь зохигчид хоорондоо 2012 оны10 сарын 10-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээг амаар байгуулсан. Энэхүү зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир нэхэмжлэгч нар   хуулийн дагуу хүү тооцох  үндэслэлгүй юм. Зээлдэгч Э.Н 2012 оны зээлийн гэрээний төлбөрт 18,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл нь 12,000,000 төгрөг  төлөх болж байна.

Зохигчид 2014 оны 05 сарын 13-ны өдөр 50,000,000 төгрөгийн зээлийг хугацаагүйгээр, сарын 3 хувийг хүүтэйгээр бичгээр байгуулсан боловч зээлдүүлэгч А.Х, Б.Б нар нь зээлдэгч Э.Нд 20,000,000 төгрөгийг л бодитоор шилжүүлж өгсөн.  2014 онд байгуулагдсан зээлийн гэрээний эргэн төлөлтөд 26,000,000 төгрөг төлөх ёстой байсан боловч 31,500,000 төгрөг төлж, 5,500,000 төгрөг илүү төлсөн байна. Хариуцагч тал энэхүү илүү төлсөн 5,500,000 төгрөгийг 2012 оны зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 12,000,000 төгрөгөөс хасаж суутгаж буй учир  өнөөдрийн байдлаар хариуцагч нь  6,500,000 төгрөг төлнө гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн хэлэлцээд 

                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Х, Б.Б нар нь хариуцагч Э.Нд  холбогдуулан үндсэн зээл 50,000.000 төгрөг, зээлийн хүү 87,000 000 төгрөг, алданги 25,000.000 төгрөг гэрээний үүрэгт  нийт 162,000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нь  2012 оны 10 сарын 10-нд  30,0 сая  төгрөгийг амаар тохирч  3 сарын  хугацаатай зээлсэн ба  18,000.000  төгрөгийг төлсөн, одоо 12,000 000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, 2014 оны 05 сарын 13-нд 50,0 сая төгрөг зээлсэн тухай хугацаагүй гэрээ байгуулсан боловч  20,000.000  төгрөг бэлэн зээлсэн, үүнээс хүү болон үндсэн зээлд 31,500,000 төгрөг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас  6,500 000  төгрөг  төлнө  гэж  маргажээ.    

 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор: “Бэлэн мөнгөний  зээлийн гэрээ”  гэх  нэртэй 2014 оны 5 сарын  13 нд хугацаагүй  байгуулсан гэрээ,гэрээний ар талд /2016.12.28 нд 20.000.000 төгрөг хүлээлгэн өгөв / гэх хариуцагчийн гарын үсэгтэй гар бичмэл, Э.Нийн гарын үсэгтэй  зээлсэн 50,0 сая төгрөгөө  хүүгийн  хамт  төлж барагдуулна  гэж  2019.05.26 нд    гараар бичсэн  баримт, 

 Нэхэмжлэгч нь  хариуцагчийн  өмчлөлд мөнгө  шилжүүлсэн тухай 2012 оны  банкны  дансны  хуулга  зэргийг   нотлох баримтаар ирүүлсэн ба гэрээний  үүргээ  зохих  ёсоор  биелүүлээгүй  тул  гэрээнд заасны  дагуу  хүү,  алданги нэхэмжилсэн гэжээ.         

           Талуудын  хооронд  Иргэний   хуулийн  281 дүгээр зүйлийн  281.1, 282  дугаар  зүйлийн 282.1-д заасан  зээлийн гэрээний  харилцаа үүссэн  ба   нэхэмжлэгч  шаардах эрхтэй  байна.

            Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд зохигчдын   тайлбарлаж байгаа  байдлаас үзэж   нэхэмжлэлийн  шаардлагаас   зарим  хэсгийг хангаж заримыг  хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх  үндэслэлтэй гэж  дүгнэлээ.         

Зохигчид нь 2012 оны 10 сарын 10-нд  амаар хэлэлцэн  тохиролцож 30,000.000 төгрөгийг 3 сарын  хугацаатай  3 хувийн хүүтэй   зээлсэн,   мөн  2014 оны 05 сарын 13-нд 50,0 сая төгрөгийн  зээлийн гэрээг бичгээр хийж  хугацаагүй  байгуулсан боловч  20,000.000  төгрөг  бэлэн  авсан болох  нь хэрэгт ирүүлсэн гэрээ,  талуудын  өөрсдийн тайлбараар тогтоогдож  байгаа ба энэ  талаар  тус тус маргаагүй  байна.  / хх 10-17  дугаар  тал /

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д“...зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ  шаардлагыг хангаагүй  бол  хүү авах эрхээ алдана “ гэж заажээ.

Зохигчид нь  2012 онд 30,0 сая төгрөг зээлж, хүү тогтоосон боловч бичгээр байгуулаагүй байх тул хүү авах эрхээ  дээрх хуульд зааснаар  алдсан гэж үзэхээр байна.

Хариуцагч нь 2012.10.10 аас 2014.05.14 хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтөд  18,000,000 төгрөг төлсөн  болох нь  талуудын  тайлбараар болон  мөн нэхэмжлэгч  Б.Бгийн  дансны хуулга зэрэг баримтаар  тогтоогдож  байх тул зээлийн  үлдэгдэл 12,000,000  төгрөгийг  төлөх үндэслэлтэй  байна. / хх- ийн 2, 15  дугаар  тал  /

 Харин талуудын хооронд   2014 оны 05 сарын 13-нд  50,000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, хугацаагүй байгуулсан  зээлийн гэрээг  бичгээр нөхөж  хийсэн  боловч бодитоор   20,000,000  төгрөг  зээлсэн  талаар  харилцан тайлбарлаж  маргаагүй  байна.

Зохигчдын  хооронд байгуулсан зээлийн гэрээний  3 -т “ зээл өгөгч нь ..  хэдийд ч  буцаан шаардах эрхтэй,..шаардсанаас хойш ... 1  сарын  дотор  зээлсэн мөнгийг , ноогдох хүүгийн хамт   бүрэн  гүйцэт эргүүлэн төлөх  үүрэг  хүлээнэ,  хугацаа хэтэрсэн  тохиолдолд  үндсэн  мөнгөний ... 0,3 хувийн алданги ... төлөх үүрэг хүлээнэ”   гэж  тохиролцсон   байна. /хх-ийн 10 дугаар  тал /

              Нэхэмжлэгч  нь  “... хариуцагч  гэрээний  дагуу  төлбөрийг  бүрэн төлөөгүй тул   үндсэн зээл  50,0 сая төгрөг,  2015 оны  01  сараас  2020 оны 12 сарын  10 хүртэл  нийт  72 сарын  хүү болох  108,000.000 төгрөг  төлөхөөс  21,000.000  төгрөг төлсөн  үүнийг  суутган  тооцвол  хүүний  үлдэгдэл 87,000,000 төгрөг,гүйцэтгээгүй  үүргийн  үнийн  дүнгийн   50 хувиас хэтрүүлэхгүйгээр 25,000 000 төгрөгийн алданги тооцож нийт 162,000 000  төгрөгийг  гаргуулах  үндэслэлтэй  гэж, энэ байдлыг нотолхоор  гэрч  Ш.Хавиволда  оролцсон  ба  түүний  “нэхэмжлэгч зээлсэн мөнгө төлөхийг надаар дамжуулж хэлүүлсэн. Би  нэхэмжлэгч, хариуцагч  нарыг сайн мэднэ , эд нарын хооронд  хэдэн төгрөг зээлж  өгсөн авсан талаар хараагүй  учраас  сайн  мэдэхгүй байна.  “гэх мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй байна.

          Хариуцагч нь:  “ ...  эхлээд  амаар тохирч   30,0 сая төгрөг авсан,  дараа нь 2014 онд    50,0 сая төгрөг  зээлсэн мэт  бичгээр гэрээ хийсэн боловч бодитоор 20,0  сая төгрөг  зээлж  гэрээний дагуу  үндсэн төлбөр  21,000,000 төгрөг, хүү 10 500.000   төгрөг нийт 31,500,000 төгрөг төлж  зохих ёсоор  үүргээ биелүүлсэн их хэмжээний хүү,алданги төлөх үндэслэлгүй.

      Үндсэн  зээлэнд сар бүр   900,000  төгрөг  төлснийг   хүү гэж өөрсдөө бичсэн   ба  нэг талын  гарын үсэг  байхгүй. Одоо  үлдэгдэл   6,500 000  төгрөг  төлөх үндэслэлтэй   гэж  тус тус маргаж  байна.  /хх-ийн 45,46 дугаар тал /

           Зохигчид нь Иргэний хуулийн   43 дугаар зүйлийн  43.2.1-д зааснаар  2014.5.13 нд хийсэн  зээлийн гэрээг  бичгээр  байгуулж  гарын үсэг зурж баталгаажуулсан  байх  ба  гэрээний  хүчин төгөлдөр  эсэх  талаар   талууд  маргаагүй  байна.

           Талууд  бодитоор  амаар тохирч  2012 онд 30,0 төгрөгийг, 2014 онд  бичгийн гэрээ  байгуулж  20,0 сая төгрөгийг тус тус хоёр  удаагийн үйлдлээр зээлж нийт 50,0 сая  төгрөгийг өгч  авалцсан ба  нэхэмжлэгч нь  2014 онд  нөхөж хийсэн гэрээгээр  зээлдэгчийн өмнөх гэрээний хүлээх үүргийн хэмжээг тогтоохын тулд үргэлжлүүлэн гэрээ  хийжээ  гэж  дүгнэв.

 Өөрөөр хэлбэл:Хариуцагч  нь  нөхөж  хийсэн   гэрээний дагуу  2014 оны 05 сараас  2014 оны 11 сар хүртэл 7 сарын  хугацааны  зээлийн хүү 10 500 000  төгрөг, 2016 оны 12 сарын 28-нд үндсэн зээл  20,0 сая төгрөг,  2019 оны  06 сарын  17-нд 1,0 сая  төгрөг нийт  31,500 000 төгрөгийн  төлбөр төлж  гэрээний  үүргийг зохих  ёсоор  биелүүлж  байсан гэж  үзэх үндэстэй байна. 

Талуудын байгуулсан  гэрээний ар талд  Э.Н   /20,0  сая төгрөг/  мөнгө хүлээлгэн өгөв гэсэн  гарын үсэгтэй  гар бичмэл,  нэхэмжлэгч  Б.Бгийн  Хаан банкны  дансны  дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэлд  хүснэгтээр  жагсааж  бичсэн  тайлбар зэрэг баримтаар дээрх байдал  тогтоогдож  байна.  / хх 3- 17 дугаар  тал/     

    Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1-д “зээлийн гэрээнд хугацаа  тогтоогоогүй  бол зээлдүүлэгчийн шаардсанаар 1 сарын  дотор буцааж  төлөхөөр “  хуулиар зохицуулсан байна.

   Зохигчид нь  бичгээр хийсэн гэрээнд хугацаа тохироогүй боловч нэхэмжлэгчээс үүрэг  гүйцэтгэх  хугацаа  болсныг нэхэмжлэгч 2015 оны  3 сарын  15-нд сануулснаас хойш  хариуцагч үүргээ  хуульд заасан нэг сарын хугацаанд биш  1 жилийн дараа  буюу 2016 оны  12 сар,  2019 оны  6 сард  тус тус  биелүүлж   байсан  болох нь  талуудын тайлбараар тогтоогдож  байна.

               Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2-д“ Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй  буюу ... үүрэг гүйцэтгүүлэгч...  хэдийд ч шаардах эрхтэй  үүрэг гүйцэтгэгч нэн даруй  гүйцэтгэх үүрэгтэй”  гэж зааснаар  хариуцагчийг төлбөл зохих 20,000 000  төгрөгийн  төлөх  хугацааг  хэтрүүлсэн   байна.

         Нэхэмжлэгч нь  хариуцагчийг үүргээ  биелүүлээгүй  гэж үзэж  2020.12.31 нд  шүүхэд нэхэмжлэл гаргахдаа  2015 оны  1 сараас  2020 оны  12 сарын 10-ний өдрөөр буюу  72 сарын  хүү,алданги  тооцсон  нь  зээлдэгчийн эрхийг дордуулсан, гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцэхгүй гэж үзлээ.

             Иргэний хуулийн 13 дугаар  зүйлийн 13.1-д “Иргэний  эрх зүйн  харилцаанд оролцогч   хууль  буюу  гэрээнд заасан  эрх үүргээ   үнэнч   шударгаар  хэрэгжүүлнэ” гэж,  мөн хуулийн  13.3-д “ эрх үүргээ  хэрэгжүүлэхдээ ...  хууль  ёсны  давуу   байдлаа   хууль  бусаар  ашигласан  үйл ажиллагаа  явуулж   болохгүй  бөгөөд  хэрэв  зөрчвөл  хууль  тогтоомжид заасан   хариуцлага  хүлээнэ”  гэж  тус  тус зааснаар  иргэн  хуулийн этгээд  аль аль нь   хуулийн  өмнө   тэгш  эрх  эдлэх   шударга  ёсны  зарчимд   нийцэх  ёстой гэж үзлээ.

            Иймд Иргэний хуулийн  9 дүгээр зүйлийн  9.4.8-д зааснаар иргэний эрх ашиг  сонирхол   хуулиар  хамгаалагдах  тул их хэмжээний хүү, алданги  шаардах эрхгүй юм.

            Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн  232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан  шүүх түүнийг багасгаж болно гэж зааснаар шүүхээс  багасгаж  шийдвэрлэв.

             Харин Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д“ үүргийг хугацаанд нь  шударгаар биелүүлэх үүрэгтэй, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282 дугаар зүйлийн 282.2-д -д “ ... зээл нь хүүтэй буюу хүүгүй   байж болно” ,”хүүгийн хэмжээ  зээлдэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг  сонирхолд хохиролтой бол шүүх ...  багасгаж болно “ гэж   тус тус   зааснаар Зээлдүүлэгч нь гэрээний үүргийн   үлдэх   хэсгийг биелүүлэхийг шаардах эрхтэй, зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.

           Иймд  хариуцагчаас  зээлийн гэрээний  үндсэн төлбөр  11,000,000 төгрөг, зээл  шаардаж эхэлсэн  үе буюу 2015 оны  3 сараас зээлийн гэрээнд заасан 3  сарын хугацааны  хүү 4,500,00  төгрөг нийт 15,500,000  төгрөгөөс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр тооцож 18,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 143,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй  гэж  үзлээ.     

         Зохигчид  нь Иргэний хуулийн  79 дүгээр зүйлийн  79.1-д зааснаар  гэрээний үүрэгтэй холбоотой  асуудлаар  үүрэг хүлээсэн  этгээд хүү, төлөх  баталгаа гаргах  зэргээр  шаардлагыг  хүлээн  зөвшөөрсөн  тухай үйл  явдал  болж  байсан  талаар тайлбарлаж байгаа  ба  холбогдох баримтууд  хэрэгт авагдсан  байх тул  хөөн хэлэлцэх  хугацааны  талаар  дүгнэлт  хийх  шаардлагагүй  гэж  үзлээ.             

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118,  дугаар зүйлд  заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1,282 дугаар зүйлийн  282.2, 208 дугаар зүйлийн 208.2-д заасныг баримтлан Э.Нээс зээлийн гэрээний үүрэгт 18,500,000 төгрөг гаргуулж, А.Х, Б.Б нарт олгож нэхэмжлэлийн шаардлагаас  143,500.000 төгрөгийн  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 968,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж  хариуцагчаас  250,450   төгрөг  гаргуулж   нэхэмжлэгчид  олгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

 

  

 

                                                                                                                                            

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ