Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 181/2019/03237/И |
Дугаар | 001/ХТ2024/00051 |
Огноо | 2024-03-19 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2024/00051
С.М-ын нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дүгээр шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00027 дугаар магадлалтай,
С.М-ын нэхэмжлэлтэй,
НШШГ-т холбогдох,
Орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019.09.01-ний өдрийн 4/19679 тоот албан бичиг, банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж хасалт хийх тухай 2019.08.29-ний өдрийн 19280783/185 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолын дагуу “Х” ХХК дахь хадгаламжийн ************ тоот данснаас 2019.10.01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож цуцлахыг даалгаж НШШГ-аас 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, С.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.М- хариуцагч НШШГ-т холбогдуулан орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019.09.01-ний өдрийн 4/19679 тоот албан бичиг, банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж хасалт хийх тухай 2019.08.29-ний өдрийн 19280783/185 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолын дагуу “Х” ХХК дахь хадгаламжийн *****************тоот данснаас 2019.10.01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзжээ.
2. Гуравдагч этгээд “Ж” ХХК нь хариуцагч НШШГ т холбогдуулан тус компанид холбогдох 2019.06.05-ны өдрийн 2019/ШЗЗ/51 тоот албадан гүйцэтгэх захирамж, 42 тоот гүйцэтгэх хуудас, 2019/ШЗЗ/52 тоот албадан гүйцэтгэх захирамж, 43 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон цуцлахыг даалгаж төлбөрт төлсөн 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах бие даасан шаардлага гаргасан шаардлага гаргасан байна.
3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дүгээр шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М-ийн хариуцагч НШШГ-т холбогдох орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019.09.01-ний 4/19679 дүгээр албан бичиг болон банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 2019.08.29-ний 19280783/185 тоот тогтоолыг тус тус хүчингүй болгох, уг тогтоолоор “Х” ХХК дахь хадгаламжийн ************** дугаартай данснаас 2019.10.01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч НШШГ-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ/52 дугаартай “Шийтгэлийн хуудсыг баталгаажуулах тухай” захирамжуудын дагуу явуулсан зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг даалгаж, 2020.03.05-ны өдрийн 32,510,000 төгрөгийг биелүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгож, 32,510,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан гуравдагч этгээд “Ж” ХХК-д олгож, 3,240,000 төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид С.М-ээс төлсөн 153,150 төгрөг (70,200 + 82,950), гуравдагч этгээдээс төлсөн 336,700 төгрөг (70,200 + 266,500)-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч НШШГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 390,700 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд “Ж” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00027 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГ-т холбогдох зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон цуцлахыг хариуцагчид даалгах, 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3 дахь заалтад “... үлдээж, хариуцагч НШШГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 390,700 төгрөгийг гаргуулан гуравдагч этгээд “Ж” ХХК-д олгосугай” гэснийг “үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.
5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.12.25-ны өдрийн 210/МА2024/00027 дугаар магадлалыг эс зөвшөөрч байна. … Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар НШШГ-т холбогдох зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгон цуцлахыг хариуцагчид даалгах, 35,750,000 төгрөг буцаан гаргуулах тухай гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэж үзэж байна.
5.2. “Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.М тус шүүхэд 2019.11.01-ний өдөр дээрх зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 3536 дугаартай албан бичгээр шүүгчийн захирамжийг НШШГ-т хүргүүлсэн. Түүнчлэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д “Гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан бол ахлах шийдвэр гүйцэтгэгч дараах үндэслэлээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана” гэж мөн хуулийн 142.1-д “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн ... 29.1.1-д заасан үндэслэлээр дуусгавар болгоно” гэж тус тус заажээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ гэж зааснаас үзэхэд шүүхээс дээрх зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болон дээрх гүтгэх зөрчил нь зөрчилд тооцогдохгүй болсон байхад хариуцагч байгууллагын зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, нэгэнт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж 2019.11.29-ний өдөр гарсан. Гүтгэх зөрчил нь 2020.01.10-ны өдрөөс Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болсон байх тул зөрчлийн шийтгэврийг гүйцэтгэхгүй, дуусгавар болгох үндэслэлтэй байсан.
Давж заалдах шатны шүүх ... Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцох тухай шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гарсан тохиолдолд ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаана. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчлийг 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсонтой холбоотойгоор хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар дуусгавар болгох ёстой байсан гэж шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. … Иймд гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж зөрүүтэй шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн. Харин давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хуулийн заалттай нийцээгүй үндэслэлгүй.
5.3. “Ж” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018.05.23-ны өдрийн 0008645 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгууль, 2018.06.06-ны өдрийн 0008645 дугаартай шийтгэлийн хуудсаар 20,000,000 төгрөгийн торгууль ногдуулж, 2019.06.05-ны өдрийн 2019/ШЗЗ/51, 2019/ШЗЗ/52 тоот албадан гүйцэтгэх захирамж, 42, 43 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу НШШГ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан.
“Ж” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.М- 2019.11.01-ний өдөр дээрх зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдөр 181/Ш32019/13430 дугаар “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамж гарч, мөн өдрийн 3536 дугаартай албан бичгээр шүүгчийн захирамжийг НШШГ-т хүргүүлсэн байна. Гэтэл тус газар шүүгчийн захирамжийг үл биелүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг албадан гүйцэтгэж компанийн данснаас 2020.03.05-ны өдөр 32,510,000 төгрөгийг татан авч төлбөр авагчид шилжүүлсэн хууль бус ажиллагаа явуулсан.
5.4. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа гүйцэтгэх баримт бичгийн үндэслэл болсон Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу “Гүтгэх” зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох байтал давж заалдах шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичиг, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн НШШГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн.
Монгол улсын Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд “Улсын Их Хурал бол төрийн дээд эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их хуралд хадгална” гэж заасан. Улсын Их Хурал нь бусад байгууллага, албан тушаалтан гэсэн заалтад хамрагдана гэж үзэж байна.
5.5. Давж заалдах шатны шүүх гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцэх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэж заасан. Энэ заалтыг ямар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоход нийцнэ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, баримтлах ёсгүй хууль баримталсан гэж үзэж байна.
Анхан шатны шүүх, хариуцагчийн хууль бус ажиллагаатай холбогдуулан төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн зүгээс НШШГ, ШЕГ-т тус тус хандсан байх тул гуравдагч этгээдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг зөвшөөрөөгүй бол хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах эрхтэй гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т зааснаар давж заалдах шатны шүүхийн 2023.12.25-ны өдрийн 210/МА2024/00027 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
6. Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.07-ны өдрийн 001/ШХТ2024/00296 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
7. Гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор хэргийг хянаад шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
8. Нэхэмжлэгч С.М хариуцагч НШШГ-т холбогдуулан орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх тухай 2019.09.01-ний өдрийн 4/19679 тоот албан бичиг, банкин дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжилж хасалт хийх тухай 2019.08.29-ний өдрийн 19280783/185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, уг тогтоолын дагуу “Хас банк” ХХК дахь хадгаламжийн данснаас 2019.10.01-ний өдөр хасалт хийсэн 4,250,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
9. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ж” ХХК нь хариуцагч НШШГ-т холбогдуулан гаргасан гомдлын шаардлага, үндэслэлээ “... Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэлтэй. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, гэтэл хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж “Ж” ХХК-ийн данснаас 2019.09.12-ны өдөр 570,000 төгрөг, 2019.10.01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020.03.05-ны өдөр 32,510,000 төгрөг нийт 35,750,000 төгрөгийг торгуулийн төлбөр гэж төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн, Иймээс гүйцэтгэсэн шийдвэрийг цуцлахыг даалгаж төлбөрт шилжүүлсэн 35,750,000 төгрөгийг гаргуулна…” гэж тайлбарласан,
10. Хариуцагч НШШГ гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг эс зөвшөөрч, “...Төлбөр төлөгч “Ж” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч С.М-ын данснаас 2019.10.01-ний өдөр 4,250,000 төгрөг, “Ж” ХХК-ийн данснаас 2019.09.12-ны өдөр 570,000 төгрөг, 2019.10.01-ний өдөр 2,670,000 төгрөг, нийт 7,490,000 төгрөг дансны хасалтаар, “Ж” ХХК-ийн захирал С.М өөрийн хүсэлтээр 2020.03.05-ны өдөр 32,510,000 төгрөгийг НШШГ-ын дансанд шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгох үндэслэл бий болсон боловч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. ... 35,750,000 төгрөгийг төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн, төлбөрийг төлбөр төлөгчид буцаан олгох боломжгүй” гэж татгалзсан байна.
11. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “… “Ж” ХХК-ийн хүсэлтээр шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар НШШГ-ын явуулж буй зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, мөн Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой. Гэтэл ажиллагаа явуулж “Ж ” ХХК-ийн данснаас 2019.09.12-ны өдөр 570,000 төгрөг, 2019.10.01-ний өдөр 2,670,000 төгрөг, 2020.03.05-ны өдөр 32,510,000 төгрөг нийт 35,750,000 төгрөгийг торгуулийн төлбөр гэж төлбөр авагчийн дансанд шилжүүлсэн тул НШШГ-аас 32,510,000 төгрөгийг буцаан гаргуулж “Ж” ХХК-д олгох үндэслэлтэй…” гэсэн дүгнэлт хийсэн.
12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, … Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчлийг 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсонтой холбоотойгоор хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох ёстой байсан гэх шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. … Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д заасны дагуу гүйцэтгэх баримт бичиг, эсхүл түүний үндэслэл болсон шийдвэрийг хүчингүй болсонд тооцсон шүүх, бусад байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд орсон өөрчлөлтийг үндэслэн хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй.…” гэж үзжээ.
13. Анхан болон давж заалдах шатны шүүх Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (2020.01.10) хуулийг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 142 дугаар зүйлийн 142.1 дэх хэсэгт заасныг зөрүүтэй хэрэглэж, ялгаатай шийдэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
14. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.05-ны өдрийн 2019/ШЗ/51, 2019/ШЗ/52 дугаартай захирамжуудаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрх бүхий албан тушаалтны “Ж” ХХК-ийг 40,000,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг баталгаажуулсан, хариуцагч байгууллага 2019.06.17-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, уг ажиллагааны явцад төлбөр төлөгчийн болон компанийн үүсгэн байгуулагч С.М-ын данснаас нийт 7,490,000 төгрөгийг, төлбөр төлөгч 2020.03.05-ны өдөр 32,510,000 төгрөгийг НШШГ-ын дансанд шилжүүлсэн, төлбөр авагч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн дансанд 35,750,000 төгрөгийг шилжүүлсэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.29-ний өдрийн 181/ШЗ2019/13430 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан гүтгэх зөрчил нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон үйл баримт тогтоогджээ.
15. Зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчлийг 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсоны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлсөн 35,750,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй эсэх болон шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байхад төлбөр төлүүлэх ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн эсэх талаар маргасан.
Хяналтын шатны шүүхээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж тэдгээрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.
16. Анхан болон давж заалдах шатны шүүх төлбөр төлөгч “Ж” ХХК нь төлбөр авагчид олгогдсон хөрөнгийг хариуцагч байгууллагаас буцаан гаргуулах шаардлагын эрх зүйн үндэслэл тодорхой бус байгааг анхаараагүй, хэрэгт байгаа баримтын хүрээнд энэ талаар залруулах боломжгүй байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйл буюу гүтгэх зөрчлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсоны улмаас төлбөр авагч үндэслэлгүй хөрөнгөжсөн, эсхүл хариуцагч байгууллага хууль зөрчсөн ажиллагаа явуулсны улмаас төлбөр төлөгчид гэм хорын хохирол учирсан эсэхийг тодруулах шаардлагатай байжээ.
17. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан “гүтгэх” зөрчлийг Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсонтой холбоотой хууль зүйн дүгнэлт хийгээгүйгээс гадна талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч НШШГ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.06.05-ны өдрийн 2019/ШЗ/51, 2019/ШЗ/52 дугаартай захирамжуудыг биелүүлэх явцад Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020.01.10-ны өдрийн хуулиар “гүтгэх” зөрчлийг хүчингүй болгосонтой холбоотой бусад хууль, хэм хэмжээ тогтоосон акт, журам хэрхэн өөрчлөгдсөн талаарх нөхцөл байдлыг тодруулах нь гүйцэтгэж буй шийдвэрт дурдагдсан зөрчлийн шийдвэр биелэгдэх явцад зөрчлийн төрлөөс хассан явдал нь хууль хэрэглээнд хэрхэн нөлөөлөх талаар хууль зүйн дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2023/03001 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/00027 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Ж” ХХК-ийн 2024.01.29-ний өдөр төлсөн 320,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРМАА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
П.ЗОЛЗАЯА
Х.ЭРДЭНЭСУВД