Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2001

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/1694 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Б И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.М-т холбогдох

 

Бараа бүтээгдэхүүний төлбөр болон хугацаандаа төлөөгүй алданги нийт 12 884 878 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М- нь тус компанитай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 03.04-67 тоот гэрээт борлуулагчийн гэрээг, 03-04/68 тоот барьцааны гэрээний тус тус байгуулан компаний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс М.М-ын нэр дээр бүртгэлтэй Төв аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах өвөлжөө, хадлангийн зориулалт бүхий 0,7 га газрыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. М.М- нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, компаниас авсан барааны үнийг тохирсон хугацаанд компанид тушаалгүй хувьдаа завшсан тул 2017 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар компанид 8 589 919 төгрөгийг төлбөрийн өртэй байна. М.М-ыг уг төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч худал хэлж, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. М.М-тай байгуулсан барьцааны гэрээний 8 дугаар зүйлд “Барьцаалуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол барьцааны зүйлийг үл маргах журмаар тус байгууллагад шилжүүлэхээр” заасан. М.М- нь 2 удаа бараа хүлээн авсан, тооцоо нийлсэн акт нь бүгд хэрэгт байгаа. Жижиглэнгийн борлуулагч бол манай байнгын ажлын байр биш юм, харин борлуулалтын менежер нь байнгын ажлын байр. Бид анх гэрээ байгуулахдаа энэ тухай хэлж танилцуулаад тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд барьцааны гэрээ байгуулж, барьцааны зүйлийн үнийн дүнгийн хэмжээнд нь бараа бүтээгдэхүүн олгодог, уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж өгч байгаа учраас бид бас урамшуулал, цалин хөлс олгодог. Бүхий л борлуулалт хийдэг компаниуд энэ жишгээр явдаг, энэ олон хүнийг байнгын ажлын байр гээд ажиллуулвал бид эдийн засгийн хувьд боломжгүй юм. Бараа авсан нь үнэн, борлуулсан боловч үнийг нь төлөөгүй нь үнэн. Тиймээс бид борлуулсан барааны үнийг шаардсан, гэтэл төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг нь хариуцагч өөрөө бол төлнө гэж байсан. Иймд үндсэн төлбөр болох 8 586 919.23 төгрөг, гэрээт борлуулагчийн гэрээний 4.3 дугаар заалтын дагуу алданги 4 294 959 төгрөг, нийт 12 884 878 төгрөгийг М.М-аас гаргуулах, мөн барьцааны зүйл болох Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгарт байрлах өвөлжөө, хадлангийг зориулалт бүхий 0,7 га газраар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч М.М- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Б И” ХХК-д борлуулагчаар ажилласан. Ажилласан хугацаанд өөрийн хариуцлагагүй байдал болоод цуг ажилладаг хүндээ итгэж энэ мөнгөний оронд орсон. Миний бие бараа материалаа цаг хугацаа бүрт нь тоолоогүй бага багаар явсаар одоо 8 589 919,23 төгрөгийн өрөнд орсон. Барьцаа болох газрын гэрчилгээ тус компанид барьцаа болгож ажилд орсон. Та бүхэн миний саналыг хүндэлж 2018 оны 06 дугаар сарын 20-ны дотор тухайн газраа зарж компаниа хохиролгүй болгоно. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 519 919 төгрөг, алданги 4 294 959 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог бөгөөд “Б И” ХХК нь хууль бусаар надтай Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Б И” ХХК нь борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Худалдааны төлөөлөгч нартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэтэл энэ нь байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснийг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байрыг тодорхойлсон. Гэтэл байнгын ажлын байранд жижиглэнгийн борлуулагчийн гэрээ гээд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь М.М- нь ажилд авна гэсэн зарын дагуу очсон. Мөн сонгон шалгаруулалтад орж, худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Нийгмийн даатгалыг төлдөг, ажлын цагийг нь бүртгэдэг байсан учраас байнгын ажлын байр гэж үзэж байна. Тооцоо гарсан гэж байгааг маргахгүй, гэхдээ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир төлбөрийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд удаа дараа худал мэдүүлэг өгч байна, тайлбар нь гэрчийн мэдүүлэг болон баримтуудтай нь зөрж байх тул үнэн зөвийг шалгуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах саналтай байна. Мөн жижиглэнгийн борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус юм. Хүчин төгөлдөр бус гэрээний улмаас шаардах эрх үүсэхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч М.М-аас 12 884 878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б И” ХХК-д олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 221 108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/01694 тоот шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй.

1. Хариуцагч 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан ажлын байрны тодорхойлолт гаргуулах, ажилласан хугацааны ирцийн тайлан, бүртгэл гаргуулах хүсэлтийг шүүх 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/Ш32018/04833 тоот захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбараар М.М-т ажлын байрны тодорхойлолт гаргаж байгаагүй, ирц бүртгэж байгаагүй тул дээрх баримтууд нэхэмжлэгчид байхгүй талаар мэдэгдсэн. Гэвч 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Цагаанлянхуагийн мэдүүлэгт М.М-ыг ажилд авахад ажлын байрны тодорхойлолт боловсруулж байсан, мөн ирцийг өдөр бүр бүртгэж, ирцийн тайлан гаргаж өгдөг байсан талаар дурьдсан. Өөрөөр хэлбэл, гэрчийн мэдүүлгээр нэхэмжлэгчийн тайлбар худал болох, нэхэмжлэгчид М.М-ын ажлын байрны тодорхойлолт, ирцийн тайлан, бүртгэл байсан болох нь тогтоогдсон. Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх зөрүүтэй мэдээллийг шалгах, нягтлах, нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.6-д заасан эрхүүдийг хангаж өмнөх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулж өгөхийг хүссэн боловч шүүх хуралдаан нэгэнт эхэлсэн гэсэн шалтгаанаар хүсэлтийг хүлээн аваагүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасны дагуу шүүх хуралдааны явцад гэрч болон нэхэмжлэгчийн нотлох баримтын талаар тайлбар зөрсөн, нотлох баримтанд үндэслэл бүхий эргэлзээ үүсч шүүгчийн захирамжийн биелэлтийг хангагдаагүй нөхцөл байдал олгосон эрх хэмжээний дагуу нотлох баримтыг тал бүрээс нь судлах, нотлох баримтыг шаардан авах эрхээ хэрэгжүүлээгүй.

2. Нэхэмжлэгчээс ирүүлсэн нотлох баримт болох 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн дотоод журмын 15 дугаар зүйлийн 15.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр харилцаж буй ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй” гэж заасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргаж буй зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасан заавал нийгмийн даатгал төлөх эрх зүйн харилцаа биш болохыг шүүх үнэлээгүй, тал бүрээс нь судлаагүй болно.

Хариуцагч М.М-т “Б И” ХХК-иас сар бүр нийгмийн даатгалын суутгалыг үндсэн цалин болон нэмэгдэл цалин хөлснөөс суутгал тооцон авч байсан болох нь М.М-ын нийгмийн даатгалын лавлагаа, дэвтрийн нотариатаар батлуулсан хуулбар зэргээр нотлогддог.

3. “Б И” ХХК-иас ирүүлсэн нотлох баримт болох “Жижиглэнгийн борлуулагч нарын цалин урамшууллыг бодох журам”-ын 2 дугаар зүйлд заасан үндсэн цалин,  урамшуулалт цалин, шатахууны нэмэгдэл зэрэг зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох үндсэн цалингийн хэлбэрийг агуулж буй эсэхийг шүүх тал бүрээс нь бодитой үнэлээгүй.

Нхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа үндсэн цалин хөлсийг ажилтны цагийг бүртгэсний үндсэн дээр олгогддог цалин гэж тайлбарласан. Мөн гэрч Б.Цагаанлянхуа нь ирцийн тайланг сард хоёр удаа гаргаж түүнд үндэслэн үндсэн цалинг боддог. Харин урамшуулалт цалин нь борлуулагчид бараа бүтээгдэхүүнээ борлуулсны дараа хийснээрээ авдаг цалин хөлс болохыг мэдүүлсэн байдаг.

Дээрхээс үэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно.”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй болно.

Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

1. Нийгмийн даатгалын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад маргааны гол үндэслэл болсон зээлээр худалдах, худалдан авах гэрээ буюу Иргэний хуулийн 262 дугаар зүйл нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулах харилцаа мөн эсэхийг дүгнэж үзээгүй. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, албан журмаар даатгуулах харилцаа нь ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэг харилцааны аль нь ч биш гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, зээлээр худалдах, худалдан авах гэрээг буруу тайлбарлан хэрэглэсэн.

2. Шүүхээс хариуцагч М.М- ажиллаж байсан эрх зүйн харилцааг тодорхойлохдоо байнгын ажлын байрны үндсэн шинжүүдийг тодорхойлоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” хэлнэ гэж эаасан байна. Өөрөөр хэлбэл, байнгын ажлын байр гэдэгт ажил олгогчийн заасан ажлын байранд ажиллах (Худалдааны төлөөлөгч буюу жижиглэнгийн борлуулалтын ажилтнууд нь ажил олгогчийн заасан бүсэд борлуулалт хийдэг, дээрх бүсээс өөр бүсэд борлуулалт хийхийг хориглодог байна.) тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр (Борлуулалтын ажилтнуудыг хангадаг хувцас хэрэглэл бусад зүйлс) ажил олгогч, түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч буй (Жижиглэнгийн борлуулагч нарын цалин урамшууллыг бодох журмаар цалин хөлсийг сард 2 удаа, үндсэн цалин 300 000 төгрөг, шатахууны нэмэгдэл зэргийг олгож байсан байна.) ажлын өдөр, ээлжийн давтамжтай (М.М- нь өдөр бүр ажиллаж, ирцээ бүртгүүлж, түүнээс цагаар тооцон цалин хөлс авч байсан байна.) ажил үүргийн хэлнэ гэжээ.

Гэтэл М.М- нь ажлын байрны тодорхойлолттой, тодорхой ажил үүргийг хүлээж, нэхэмжлэгчийн заасан ажлын байранд, тогтоосон дүрэм журмыг сахин биелүүлэх үүрэг хүлээж байсан ажилтан байсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно.”, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцлийн хэлбэрийг агуулж буй эсэхийг шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны  журмыг ноцтой зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлуүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Нэхэмжлэгч “Б И” ХХК нь хариуцагч М.М-т холбогдуулан бараа бүтээгдэхүүний төлбөр болон хугацаандаа төлөөгүй алданги нийт 12 884 878 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас зарим хэсэг болох 8 589 919 төгрөг төлөхийг хариуцагч зөвшөөрч, үлдэх хэсэг алдангийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 03.04-67 тоот Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч “Б И” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч М.М- нь гэрээгээр тохиролцсон бүсийн хүрээнд түгээлт хийж, барааны үнийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нэхэмжлэгч нь түгээсэн барааны хэмжээнээс хамаарч тодорхой хувиар тооцон хөлс төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 9-11 дүгээр тал/ Түүнчлэн, талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 03.04-68 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, гэрээгээр зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд Жижиглэнгийн борлуулагчийн гэрээгээр нийлүүлэгдэх бараанд 10 000 000 төгрөгийн үнэ бүхий Өвөлжөө хадлангийн газар барьцаалсан талаар талууд маргаагүй байна. /хэргийн 7-8 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг алданги 4 294 959 төгрөгийг төлөхөөс татгалзаж буй үндэслэлээ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир жижиглэнгийн борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарлажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Жижиглэнгийн борлуулагчийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч “Б И” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч М.М- хариуцан борлуулж, барааны үнийг буцаан төлөхтэй холбоотой харилцаа үүссэн байх ба үүнээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 400 дугаар зүйлд заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгчийн бараа бүтээгдэхүүнийг хариуцагч гэрээнд заасан газруудад түгээж, борлуулсан бүтээгдэхүүнийн үнийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгч зохих хөлс авахаар тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч бараа бүтээгдэхүүнийг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авч үнийг төлөхөөр тохиролцоогүй байна.

 

Шүүх талуудын хоорондын эрх зүйн харилцааны төрлийг тодорхойлоогүй байх боловч гэрээний талуудын чөлөөт байдлыг зохицуулсан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж агуулгыг өөрсдөө тодорхойлох талуудын эрх зөрчигдөөгүй байна. Улмаар Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх зааснаар гэрээний талууд хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэх, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиодолд алданги төлөхөөр тохиролцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан Жижиглэнгийн борлуулагчийн гэрээний 4.3-т “Борлуулагч нь сар бүрийн 30-ны дотор төлвөл зохих төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд төлөөгүй үнийн дүнгийн алданги хоног тутамд 0.2 хувиар бодож төлнө” гэж заасан байх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг гүйцэтгэсэн үүргийн тавин хувиар шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчээс ажлын байрны тодорхойлолт, ажилласан хугацааны ирцийн тайлан, бүртгэлийг гаргуулах хүсэлтийг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлж байгаа тохиолдолд шүүх уг хүсэлтийг хангах эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх зохигчийн маргаж байгаа маргааны зүйлд шууд хамааралтай, ач холбогдолтой гэж үзвэл шүүхийн журмаар нотлох баримтыг гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэдэг журамтай.

 

Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаж байх боловч зохигчдын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь талуудын хоорондын өр төлбөр тооцооны асуудалд тухайлан ач холбогдолгүй. Хариуцагч Жижиглэнгийн борлуулагчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн үүрэг нь нэхэмжлэгч байгууллагын байнгын ажлын байранд хамаарах үүрэг болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ тэрээр бараа хүлээн авч, зохих газруудад хүргэлт хийсэн хэмжээнээс хамаарч хөлс, урамшуулал авч байсан үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсоныг хариуцагч үгүйсгэсэн баримтыг гаргаагүй байна. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч хөлсний зарим хэсгийг урьдчилан өгч, нийгмийн даатгалын шилмтгэл төлж байсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг хөдөлмөрийн гэрээнд тооцох үндэслэл болохгүй бөгөөд гэрчийн мэдүүлгээр тэдгээрийн хоорондох гэрээний харилцааны төрлийг тогтоохгүй юм.

 

Мөн гэрээний дагуу хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 8 589 919 төгрөгийн бараа хүлээн авч, үнийг төлөөгүй болох нь түүний тайлбар, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, түүний үлдэгдлийн талаар тохиролцсон талуудын тооцоо нийлсэн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2018/1694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбатын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 221 108 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                            ШҮҮГЧИД                              Д.ЦОГТСАЙХАН   

                   

                                                                                           С.ЭНХТӨР