Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/01694

 

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2018/01694

Улаанбаатар хот

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, Өндөргэгээн Занабазарын гудамж, 15 тоотод байрлах “Боса Импекс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Буянт ухаа 2 хороолол, 1015-5 тоотод оршин суух Аргаль овогт Мөнхөөгийн Мөнхбаярт холбогдох,

Бараа бүтээгдэхүүний төлбөр болон хугацаандаа төлөөгүй алданги нийт 12 884 878 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, гэрч Б.Цагаанлянхуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Нямдорж нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК-ийн захирал Б.Ангараг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн М.Мөнхбаяр нь тус компанитай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 03.04-67 тоот гэрээт борлуулагчийн гэрээг, 03-04/68 тоот барьцааны гэрээний тус тус байгуулан компаний бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар харилцан тохиролцсон.  Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс иргэн М.Мөнхбаярын нэр дээр бүртгэлтэй Төв аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах өвөлжөө, хадлангийн зориулалт бүхий 0,7 га газрыг барьцаанд тавьж, барьцааны гэрээ байгуулсан. Иргэн М.Мөнхбаяр нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, компаниас авсан барааны үнийг  тохирсон хугацаандаа компанид тушаалгүй хувьдаа завшсан тул 2017 оны 3 сарын 20-ны байдлаар компанид 8  589 919,23 төгрөгийг төлбөрийг өртэй байна. М.Мөнхбаярыг уг төлбөрийг төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч худал хэлж, төлбөр төлөхөөс зайлсхийж байна. Иргэн М.Мөнхбаяртай байгуулсан барьцааны гэрээний 8 дугаар зүйлд “Барьцаалуулагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас байгууллагад хохирол учруулсан бол барьцааны зүйлийг үл маргах журмаар тус байгууллагад шилжүүлэхээр” заасан. Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч үндсэн  төлбөр болох 8 586 919,23  төгрөг, гэрээт борлуулагчийн гэрээний 4.3 дугаар заалтын дагуу алданги 4 294 959,615 төгрөг, нийт 12 884 878,845 төгрөгийг иргэн М.Мөнхбаяраас гаргуулах, мөн барьцааны зүйл болох Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгарт байрлах өвөлжөө, хадлангийг зориулалт бүхий 0,7 га газраар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Боса Импекс ХХК нь М.Мөнхбаяртай жижиглэнгийн борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан бараа өгсөн, хариуцагч нь уг барааг борлуулан төлбөрийг хийх үүрэгтэй байсан боловч үүргээ биелүүлээгүй. Иймд барааны үнэ 8 589 919 төгрөгийг төлөөгүй тул бид удаа дараа шаардсан боловч алга болсон. Бид хаягаар нь шүүхэд хандсан боловч хаягтаа байхгүй гээд 2 жилийн хугацаанд эрэн сурвалжилсан, хаягийг нь олж тогтоосон. Тэгээд шүүхэд хандаж байгаа юм, барааны үнийг төлөөгүй тул гэрээнд зааснаар алданги нэхэмжилж байгаа, алдангийг үндсэн төлбөрийн 50 хувиар тооцсон болно. Ингээд нийт 12 884 878 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн барьцааны зүйлээр үүргийг хангаж өгнө үү. М.Мөнхбаяр нь 2 удаа бараа хүлээн авсан, тооцоо нийлсэн акт нь бүгд хэрэгт байгаа. Жижиглэнгийн борлуулагч бол манай байнгын ажлын байр биш юм, харин борлуулалтын менежер нь байнгын ажлын байр байдаг. Бид анх гэрээ байгуулахдаа энэ тухай хэлж танилцуулаад тухайн иргэн өөрөө зөвшөөрсөн тохиолдолд барьцааны гэрээ байгуулж, барьцааны зүйлийн үнийн дүнгийн хэмжээнд нь бараа бүтээгдэхүүн олгодог, уг бараа бүтээгдэхүүнийг борлуулж өгч байгаа учраас бид бас урамшуулал, цалин хөлс олгодог. Бүхий л борлуулалт хийдэг компаниуд энэ жишгээр явдаг, энэ олон хүнийг байнгын ажлын байр гээд ажиллуулвал бид эдийн засгийн хувьд боломжгүй юм. Бараа авсан нь үнэн, борлуулсан боловч үнийг нь төлөөгүй нь үнэн. Тиймээс бид борлуулсан барааны үнийг шаардсан, гэтэл төлөхгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Уг нь хариуцагч өөрөө бол төлнө гэж байсан юм гэв.  

 

Хариуцагч М.Мөнхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Мөнхөө овогтой Мөнхбаяр “Боса импекс” ХХК-д борлуулагчаар ажилласан. Ажилласан хугацаанд өөрийн хариуцлагагүй байдал болоод цуг ажилладаг хүндээ итгэж энэ мөнгөний оронд орсон. Миний бие бараа материалаа цаг хугацаа бүрт нь тоолоогүй бага багаар явсаар одоо 8 589 919,23 төгрөгийн өрөнд орсон. Барьцаа болох газрын гэрчилгээ тус компанид барьцаа болгож ажилд орсон. Та бүхэн миний саналыг хүндэлж 2018 оны 6 дугаар сарын 20-ны  дотор тухайн газраа зарж компаниа хохиролгүй болгоно.

Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8 519 919 төгрөг, алданги 4 294 959 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглодог бөгөөд Боса Импекс ХХК нь хууль бусаар надтай Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК нь борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Худалдааны төлөөлөгч нартай зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэтэл энэ нь байнгын ажлын байран дээр хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэснийг зөрчсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д байнгын ажлын байрыг тодорхойлсон байгаа. Гэтэл байнгын ажлын байранд жижиглэнгийн борлуулагчийн гэрээ гээд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь М.Мөнхбаяр нь ажилд орно гэж ажилд авна гэсэн зарын дагуу очсон байдаг. Мөн сонгон шалгаруулалтад орж, худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Нийгмийн даатгалыг төлдөг, ажлын цагийг нь бүртгэдэг байсан учраас байнгын ажлын байр гэж үзэж байна. Тооцоо гарсан гэж байгааг маргахгүй, гэхдээ байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир төлбөрийг төлөх үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд удаа дараа худал мэдүүлэг өгч байна, тайлбар нь гэрчийн мэдүүлэг болон баримтуудтай нь зөрж байх тул үнэн зөвийг шалгуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах саналтай байна. Мөн жижиглэнгийн борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-т зааснаар хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус юм. Хүчин төгөлдөр бус гэрээний улмаас шаардах эрх үүсэхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                                  

                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК нь хариуцагч М.Мөнхбаярт холбогдуулан бараа бүтээгдэхүүний төлбөр болон хугацаандаа төлөөгүй алданги нийт 12 884 878 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч М.Мөнхбаяртай жижиглэнгийн борлуулагчийн гэрээ байгуулан бараа нийлүүлсэн боловч борлуулсан барааны төлбөрийг төлөөгүй тул барааны үнэ 8 589 919 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул алданги 4 294 959 төгрөг, нийт 12 884 878 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК нь байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй учир төлбөрийг төлөхгүй, мөн жижиглэнгийн борлуулагчийн гэрээ болон барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул шаардах эрх үүсэхгүй гэж маргасан.

 

Нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК нь хариуцагч М.Мөнхбаяртай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №03.04-67 тоот Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ байгуулж, нийлүүлэгч “Боса Импекс” ХХК-ийн импортлосон бараа бүтээгдэхүүнийг борлуулагч М.Мөнхбаярт шилжүүлэх, борлуулагч бүтээгдэхүүнийг хүлээн авч, төлбөр төлөх, борлуулагчаар ажиллах бүс, хамрах хүрээ, харилцагчийг тогтооход үүсэх харилцааг зохицуулахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 9-11–р хуудас/

Мөн зохигч талууд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №03-04-68 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, зээлдүүлэгч зээлдэгч нарын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №03-04-67 тоот Жижиглэнгийн борлуулагчийн гэрээгээр нийлүүлэгдэх бараанд 10 000 000 төгрөгийн үнэ бүхий Өвөлжөө хадлангийн газар барьцаалсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан барьцааны гэрээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 7-8–р хуудас/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээг байгуулсан талаараа маргаагүй боловч, нэхэмжлэгчийг байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн, хариуцагч М.Мөнхбаяр нь ажилд орохоор ирж, худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон болох нь нийгмийн даатгалын дэвтрийн бичилт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалин олгосон дансны хуулга болон жижиглэнгийн борлуулагч нарын цалин, урамшуулал бодох журмаар нотлогдож байна гэж тайлбарласан. /хэргийн 12, 41-43-р хуудас/

Нэхэмжлэгч нь жижиглэнгийн борлуулагч буюу худалдааны төлөөлөгч нь байнгын ажлын байр биш, гэрээний дагуу ажил гүйцэтгэдэг, гүйцэтгэсэн ажилд нь цалин, урамшуулал олгодог бөгөөд энэ нь жижиглэнгийн борлуулагчийн гэрээ, орон тоо батлах тухай тушаалаар тус тус тогтоогдоно гэж мэтгэлцсэн. /хэргийн 83-86-р хуудас/

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан “байнгын ажлын байр гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” тооцохоор заасан байна.

Хариуцагчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт “Боса Импекс ХХК худалдааны төлөөлөгч 2016 оны 01 сарын 11 өдөр Б/22” гэж тэмдэглэгдсэн боловч уг 2016 оны 01 дүгээр сарын 11-ний Б/22 гэсэн тушаал нэхэмжлэгчийн 2015-2016 оны тушаалын бүртгэлд авагдаагүй, харин Б/22 гэсэн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Боса Импекс” ХХК-ийн захирлын “Бараа материал олгох тухай” тушаалд “М.Мөнхбаяртай 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №03.04-67 тоот дугаартай жижиглэнгийн борлуулагчийн гэрээний дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн бараа материал олгосугай” гэсэн болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд “Боса Импекс” ХХК-ийн 2015-2016 оны А/01, А/02 тоот “Албан тушаал, орон тоо батлах тухай” тушаалын хавсралтын 10-д борлуулалтын менежер 6 гэсэн орон тоо батлагдсан, харин худалдааны төлөөлөгч буюу жижиглэнгийн борлуулагчийн орон тоо батлагдаагүй, байнгын ажлын байр гэж үзэх боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.11-д “үндсэн ажилтнаар орж байгаа ажилтантай хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, сунгах эсэх асуудлыг тухай бүрд нь шийднэ”, 2.4-д “ажилд авах тушаалыг гүйцэтгэх захирал гаргана” гэсэн байх бөгөөд хариуцагчтай жижиглэнгийн борлуулагчийн гэрээ байгуулжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн “Боса Импекс” ХХК-ийн 2015 оны А/01, 2016 оны А/02 тоот “Албан тушаал, орон тоо батлах тухай” тушаал, Хөдөлмөрийн дотоод журмыг нэг балаар бичигдсэн, хуурамч нотлох баримт гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтын эх хувийг нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагч нь хуурамч нотлох баримт гэж маргасан тул түүний хадгалагдаж байсан 2015-2016 оны архивын баримтыг үзлэг хийхэд шинжлэн судалсан тул хууль бус аргаар уг баримтыг бүрдүүлсэн гэж нотлох баримтаас хасах, мөн шалгуулах хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            Мөн нийгмийн даатгалыг шимтгэлийг төлж байсан нь байнгын ажлын байр болохыг нотлоно гэсэн боловч Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2.1-д “өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн” нийгмийн даатгалд албан журмаар даатгуулдаг болно.

            Иймд жижиглэнгийн борлуулагч буюу худалдааны төлөөлөгч гэдэг нь байнгын ажлын байр болох нь баримтаар тогтоогдоогүй учир зохигч талууд хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ байгуулагдсан, уг гэрээний дагуу хариуцагч нь бараа хүлээн авч, бараа борлуулсан цалин хөлс урамшуулал авч байсан болох нь тогтоогдож байх тул гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

Уг гэрээний дагуу хариуцагч бараа хүлээн авсан талаар маргаагүй, 8 589 919 төгрөгний барааны үнийг төлөөгүй талаар хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэгч авсан бараа бүтээгдэхүүний үнийг, гэрээнд зааснаар алданги шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь байнгын ажлын байранд өөр төрлийн гэрээ байгуулахгүй гэсэн хууль зөрчсөн тул талуудын хооронд байгуулсан жижиглэнгийн борлуулагчийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж хуулийн хориглох хэм, хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна, 56.1.4-д заасан “үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл” гэж хэлцэл хийгчид уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаас байгаагүй, эрх зүйн бус үндэслэл буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл хамаардаг.

Гэтэл талуудын хооронд байгуулагдсан Жижиглэнгийн борлуулагчийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 262 дугаар зүйлд зааснаар байгуулсан нь хууль зөрчсөн гэсэн боловч гэрээнд холбогдох хуулийн заалтыг баримтлан гэсэн байх бөгөөд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний төрөл болох хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн, хариуцагчийн хүсэл зориг нь байнгын ажлын байранд ажилд ажилд орох л байсан гэсэн боловч гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан бараа хүлээн авсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв. /хэргийн 13, 14-15, 34-36-р хуудас/

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй учир талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №03.04-67 тоот Жижиглэнгийн борлуулагчийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

Харин хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар борлуулахаар авсан барааны үнийг төлөх нь шударга ёсны зарчимд нийцэх юм.

Хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн татварын падаанаар хариуцагч нь бараа хүлээн авсан болох нь тогтоогдож байх бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “...М.Мөнхбаяр нь 2016 оны 1 сарын 11-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал харилцан нийлүүлсэн бараа, үйлчилгээний тооцоог нягтлан үзэж 8 589 919 төгрөг 23 мөнгөний үлдэгдэлтэй болохыг баталсан” гэх тооцоо нийлсэн акт, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй лавлагаа болон гүйлгээгээр 8 589 919 төгрөгний борлуулсан барааны үнийг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй болно.

Мөн талуудын хооронд байгуулагдсан Жижиглэнгийн борлуулагчийн гэрээний 4.3-д “борлуулагч сар бүрийн 01-30-ний хооронд төлбөр хийх ба сар бүрийн сүүлийн өдөр тухайн сард нийлүүлсэн нийт барааны үнийн дүнгийн 95 хувьиас доошгүй хэмжээний төлбөрийг барагдуулсан байна. Борлуулагч нь сар бүрийн 30-ний дотор төлвөл зохих төлбөрийг барагдуулаагүй нөхцөлд төлөөгүй үнийн дүнгийн алданги хоног тутамд 0.2 хувиар бодож төлнө” гэж зааснаар үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй бол алданги тооцохоор харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан тул барааны төлбөр 8 589 919 төгрөг, алданги 4 294 959 төгрөг /8 589 919:2=4 294 959/, нийт 12 884 878 төгрөгийг хариуцагч М.Мөнхбаяраас гаргуулж нэхэмжлэгч “Боса Импекс” ХХК-нд олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангах шаардлагыг гаргасан бөгөөд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №03-04-68 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан №03-04-67 тоот Жижиглэнгийн борлуулагчийн гэрээгээр нийлүүлэгдэх бараанд 10 000 000 төгрөгийн үнэ бүхий Өвөлжөө хадлангийн газар барьцаалжээ.

Хэрэгт авагдсан Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр М.Мөнхбаярд Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А297 тоот шийдвэрийг үндэслэн 181601591 дугаар бүхий 0.07 га м.кв газрыг 20 жилийн хугацаатай Бухын өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байна. /хэргийн 6-р хуудас/

Мөн барьцааны гэрээний 14-д “үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан нөхцөлд Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, Жижиглэнгийн борлуулагчийн гэрээний 3.8-д “5 000 000 төгрөгтэй тэнцэх хөдлөх буюу үл хөдлөх хөрөнгийг нийлүүлэгч талд барьцаанд тавьж эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй” гэж тус тус заасан боловч барьцаа хөрөнгийг улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, барьцааны зүйл болох газар нь хариуцагчийн өмчлөлд бус өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр олгосон байна.

Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын  бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар үнийг заана”, 156 дугаар зүйлийн 156.3-д “энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барьцааны гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй талаараа хэн аль нь маргаагүй болно.

Иймд нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 206 дугаар зүйлийн 206.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч М.Мөнхбаяраас 12 884 878 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Боса Импекс" ХХК-нд олгож, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 221 108 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 70 200 төгрөгийг нөхөн төлүүлж улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 221 108 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Д.ХУЛАН