Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2024/00060

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 шийдвэртэй,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 224/МА2024/00004 дүгээр магадлалтай,

Г.Г-ын нэхэмжлэлтэй,

Л.О , ХЦ дугаар ангид холбогдох,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А-ийн гаргасан хяналтын гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Н  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А

Хариуцагчийн өмгөөлөгч Т.У

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Л.О  болон ХЦ дугаар ангид тус тус холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын ** тоот, 36 м.кв хэмжээтэй, орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч Хариуцагч ХЦ дугаар анги нь Г.Г-од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

2. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхиөдоөйн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын ** тоот, 36 м.кв хэмжээтэй, орон сууц Ү-***  дугаартай, гэрчилгээний 000**** дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ХЦ дугаар анги болон Л.О  нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХЦ дугаар ангиас 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан ХЦ дугаар ангийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айл, *** тоот хаягт байрлах, 36 м.кв талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ХЦ дугаар анги болон Л.О  нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-од олгож, хариуцагч ХЦ дугаар ангийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж олгож шийдвэрлэжээ.

3. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 224/МА2024/00004 дүгээр магадлалаар: Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А , түүний өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.18-ны өдрийн 224/МА2024/00004 дугаар магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй тул мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.

4.1. Г.Г- орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй. Шүүх шийдвэртээ “...хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Г-ын бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөхийг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 2014.03.11-ний өдрөөс эхлэн тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.” гэж дүгнэсэн. Гэтэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заавал өмчлөх эрх олж авснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөр шаардлага гаргах эрх үүсэхээр зохицуулаагүй байна.

4.2. Г.Г- нь маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрхийг 2014 онд олж авсан ч анхны өмчлөгч Ж.Шараагаас 1999 онд орон сууцыг худалдан авснаар эзэмшигч болсон. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч нь гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж тооцогддог тул нэхэмжлэгч өмчлөгч, эзэмшигчийн аль нь байснаас үл хамааран өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах, шаардлага гаргах эрхтэй байсан. Гэтэл Г.Г- орон сууцыг ХЦ дугаар анги эзэмшиж байгааг мэдсэн атлаа 24 жилийн хугацаанд зөвшөөрч эзэмшүүлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх тухайн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг буюу шаардах эрх үүссэн хугацааг тодорхойлсон нь Иргэний хуулийн 91, 76 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар Г.Г- нь 2020 оноос эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, харин 1999 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэсэн баримтгүй байхад Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан шаардах эрх үүсэх тухай зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэж мөн хуулийн 91 дүгээр зүйлд заасан эзэмшигч гэх этгээд шаардлага гаргах эрхгүй байсан мэт ойлголтыг үүсгэж Иргэний хуулийн эзэмшигчийн эрх болон эзэмшилтэй холбоотой зохицуулалтуудыг буруу хэрэглэсэн.

4.3. Түүнчлэн, талууд анх орон сууцны эзэмшил шилжсэн үйлдэл болох Хилийн цэргийн ангид Г.Г- орон сууцыг өрөндөө өгсөн, орон сууцны төлбөрт 1999 оны ханшаар 1,000,000 төгрөг авсан талаар маргахгүй байхад Хилийн цэргийн анги болон нэхэмжлэгч нарын хооронд гэрээ байгуулсан эсэх, хуулийн дагуу эзэмшиж байсан эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй. Шүүх талуудын маргаагүй үйл баримтын талаар үндэслэлгүй зөрүүтэй дүгнэлт хийх ёсгүй. Нэхэмжлэгч өмчлөх эрхийн гэрчилгээгээ үндэслээд өөрийн орон сууц гэж маргаад байгаа боловч анх хариуцагчаас мөнгө авсан үйлдлээ үгүйсгэдэггүй. Анхны эзэмшил шилжсэн үйлдлийн талаар хариуцагч болон гэрч нар удаа дараа мэдүүлж өмнөх шүүхийн шийдвэрүүдэд Г.Г- өөрөө Хилийн цэргийн ангид худалдсан талаар мэдүүлсэн байхад тухайн үйл баримт тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Архивын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.8-д зааснаар баримт бичгүүд 10 жил хадгалагдаад устсан тул 1999 онд Г.Г-д Хилийн цэргийн ангиас орон сууцны төлбөр төлсөн баримт, орон сууцыг хүлээж авсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байна. Иймд Г.Г-ын өмнө нь шүүхэд гаргаж байсан тайлбар, гэрчийн мэдүүлэг баримт нотлох зорилгоор Увс аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 283 дугаар шийдвэр, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 229 дугаар шийдвэрүүдийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 124/ШШ2023/0002 дугаар шүүхийн шийдвэрээр Г.Г- нь 1999 онд орон сууцыг Хилийн цэргийн ангид худалдаж төлбөрийг авч орон сууцны эзэмших эрхийг шилжүүлсэн ч маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй буюу тухайн үед Ж.Шараагаас өмчлөх эрхийг шилжүүлэн аваагүй байсан тул зөвхөн эзэмших эрхийн шилжүүлсэн нь тогтоогддог. Ж.Шараагаас Г.Г- нь орон сууц худалдан авсан байсан ч төлбөрийг бүрэн төлөөгүй тул өмчлөх эрхээ шилжүүлэн авч чадаагүй 2014 онд дөнгөж өмчлөх эрхийг авсан. Үүнээс үзвэл хариуцагч тал маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг хуулийн дагуу олж авч чадаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болсон байхад анхан болон давж заалдах шатны шүүх тухайн үйл баримтуудыг бүрэн гүйцэд дүгнээгүй хариуцагчийг хохироосон. Анхны өмчлөгч Ж.Шараагаас шилжүүлэн авсны дараа орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байхад хоёр шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэлгүй гэж үзэж байгаа үндэслэлээ тайлбарлаагүй.

4.4. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасныг үндэслэл болгосон. Гэтэл тухайн шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь эзэмшил өөрөө хууль бус байхыг шаарддаг. Гэтэл ХЦ дугаар анги орон сууцыг эзэмших эрхийг хууль бусаар авсан талаар нотлох баримтгүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх эзэмшсэн үйлдлийг хууль бус гэж үзсэн нь үндэслэлгүй. Хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалд ямар хуулийн аль заалтыг зөрчсөн тул 24 жилийн хугацаанд илээр шударгаар эзэмшсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байгаагаа тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, Г.Г-, ХЦ дугаар ангийн хооронд орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн өгсөн үйлдэл, орон сууцны төлбөр авсан үйлдлүүдийг буюу тус хэлцлийг хууль бус гэж хүчин төгөлдөр бус болгосон баримт байхгүй, 24 жилийн хугацаанд эзэмшсэн үйлдэл яагаад хууль бус болсон нь тогтоогдоогүй байхад Иргэний хуулийн 106 дугаар зүйлд заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байхад тус зохицуулалтыг үндэслэн зарим хэсгийг хангасан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Гэтэл хоёр шатны шүүх өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн Иргэний хуулийн 11 дүгээр бүлэгт заасан эзэмших эрхтэй холбоотой хуулийн зохицуулалтуудыг хэрэглээгүй. Мөн Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг үндэслэлгүй гэж үзээд байгаагаа тодорхой тайлбарлаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т зааснаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.01.18-ны өдрийн 224/МА2024/00004 дугаар магадлал, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.12.08-ны өдрийн 546 дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00308 дугаар тогтоолоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

8. Нэхэмжлэгч Г.Г- хариуцагч Л.О , ХЦ дугаар ангид тус тус холбогдуулан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын ** тоотод байрлах, 36 м.кв орон сууцыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 21,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...Ж.Ш-гээс 1999 онд дээрх орон сууцыг  800,000 төгрөгөөр худалдан авсан. 2008 оны 03 дугаар сард цус харвасны улмаас эмчилгээ хийлгэх шаардлагатай болж 2009 онд Улаанбаатар хот руу шилжин ажиллахаар явахдаа тус ангийн жижүүр Д.Д орон сууцны түлхүүрийг өгч “... эргэж ирээд орон сууцандаа орно” гэж хэлсэн. ХЦ дугаар ангид орон сууцыг өгөөгүй. Харин тус анги орон сууцыг албан хаагчид түрээсэлж тодорхой хэмжээний хөлс төлнө гэж бодсон. Иймээс 2014.01.01-2023.05.01-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөрийг зах зээлийн хамгийн бага ханшаар тооцож түрээсийн төлбөр 21,800,000 төгрөг гаргуулна ...” гэж тайлбарласан.

Хариуцагч Л.О нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ, “... Миний бие ХЦ дугаар ангийн захирагчийн орлогч, сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны даргаар ажилладаг. Уг орон сууц нь тус ангийн албаны орон сууц тул Г.Г-ын нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан.

Хариуцагч ХЦ дугаар анги нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... Г.Г- нь тус ангид захирагчийн орлогч, ар талын хангалтын даргаар ажиллаж байхдаа цэргийн хүнсэнд мал өгнө гээд ангиас бэлэн мөнгө авсан, ... 3 тэмээ авсан боловч 2 тэмээ алга болж 1 тэмээ өгсөн ... улмаар жилийн эцсийн тооллогоор Г.Г- өртэй гарч, 2  тэмээний төлбөр 600,000 төгрөгт 3-12 айлын *** тоот орон сууцыг өгч, цэргийн анги зөрүү 300,000 төгрөгийг Г.Г-д өгч дээрх орон сууцыг нийт 900,000 төгрөгөөр худалдан авсан ... ХЦ дугаар анги 1999 оноос хойш тус орон сууцыг өөрийн хөрөнгөд бүртгэж албаны зориулалтаар ашиглаж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... сөрөг нэхэмжлэлийн хувьд Г.Г- нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Ш-гээс өөрийн нэр дээр шилжүүлэн аваагүйгээс өмчлөх эрхийг шилжүүлэн өгөх боломжгүй байсан. ... харин одоо өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн авсан байх тул тус ангитай байгуулсан гэрээний дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй ...” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч Г.Г- сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...хариуцагч нь талуудын хооронд байгуулсан гэрээ, 2 тэмээний оронд орон сууцыг авсан тухай акт, тэмдэглэл зэрэг баримтыг гаргаж ирүүлээгүй... бүртгэл хүчинтэй талаарх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.06-ны өдрийн 124/ШШ/2023/0002 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, хариуцагч орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх үйл баримтыг иргэний хэргийн шүүхэд дахин нотлохгүй... шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ...” гэж маргасан байна.

 9. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...Г.Г-д Улаангом сумын 5-р баг 3-12 айлын *** тоотод байршилтай 36 м.кв орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2014.03.11-ний өдөр олгосон бүртгэл хүчин төгөлдөр болох нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.06-ны өдрийн 2 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.03.14-ний өдрийн 159 дүгээр магадлалаар тогтоогдсон, .... Г.Г- нь уг орон сууцны хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэгч нь хариуцагч нарын бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө шаардах эрхтэй ... нэхэмжлэгч 2014.03.11-ний өдөр гэрчилгээ авсанаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. ... Г.Г- нь 1999 онд иргэн Ж.Ш-гээс түүний өмчлөлд шилжээгүй (Ж.Ш-д 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр байрыг хувьчилснаар өмчлөх эрх үүссэн) орон сууцыг худалдан авсан, улмаар Г.Г-д хуульд зааснаар өмчлөх эрх үүсээгүй байхад орон сууцыг ХЦ дугаар ангид төлбөртөө шилжүүлсэн, зохигчийн хооронд гэрээ байгуулагдаагүй, хариуцагчийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон шийдвэргүй ... ” гэж дүгнэсэн ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг зөв гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүх орон сууцны өмчлөх эрхийн маргааныг шийдвэрлэхдээ тус орон сууцны бүртгэлийн асуудлыг шийдвэрлэсэн Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.06-ны өдрийн 2 дугаар шийдвэрийг үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэнийг үнэн зөв гэж үзэх боловч орон сууцны өмчлөх эрхийн талаар хариуцагч маргаж байгаа тохиолдолд эрх зүйн дүгнэлт хийх учиртай. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл буруу хийгдсэн тул бүртгэлийг хууль бус гэж тооцуулах, бүртгэл болон түүний үндсэн дээр олгогдсон гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэнэ. Харин өмчлөх эрхийн маргаан иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүхэд хамаарч байгааг хоёр шатны шүүх анхаараагүй, Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн **** дугаар анги орон сууцны өмчлөлийг яагаад маргаж байгаа, түүний үндэслэл, нэхэмжлэгч нь орон сууцыг өрөндөө өгсөн, 1,000,000 төгрөг авсан гэх үйл баримтын талаар зохигч мэтгэлцэж чадаагүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх боломжгүй байна.

11. Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014.05.09-ний өдрийн 229 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Хил хамгаалах Ерөнхий газрын Хилийн **** дугаар ангид холбогдуулан гаргасан Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 3-12 айлын *** тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (1хх-51-55)

12. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.06-ны өдрийн 124/ШШ2023/0002 дугаар шийдвэрт “… Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014.05.09-ний өдрийн 229 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн **** дугаар ангид холбогдох Г.Г-ын орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014.06.24-ний өдрийн 76 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014.09.23-ны өдрийн 489 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн” гэж дүгнэжээ. Гэвч эдгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол тус тус  хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэх боломжгүй байв.

13. Хариуцагч ХЦ дугаар анги худалдах-худалдан авах гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах шаардлагын үндэслэлээ, нэхэмжлэгч Г.Г- орон сууцыг 1999 онд хоёр тэмээний төлбөрт тооцон өгсөн гэх үйл баримттай холбон тайлбарлаж байгаа боловч тухайн үед орон сууц хувьчлагдаагүй байсан бөгөөд хариуцагч байгууллагын хөрөнгөд бүртгэлтэй, эзэмшил, ашиглалтад нь одоо хүртэл байгаа орон сууцыг хэрхэн хувьчилж, улмаар эзэмшиж байгаагүй Ж.Ш-д хэрхэн өмчлөх эрх шилжсэн талаар хариуцагч нь тусдаа нэхэмжлэл гаргах эрхтэй, энэ маргаанд хэлэлцэхгүй болно. Тухайн орон сууцыг эзэмшиж байсан эсэх нь тодорхой бус, тухайн орон сууцны хаягаар бүртгэгдэж байгаагүй хүнд орон сууцыг хэрхэн хувьчилсан нь ойлгомжгүй байна.

14. Мөн Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014.05.09-ний өдрийн 229 дүгээр шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан тайлбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан тогтоогдсон үйл баримтад хамаарахгүй боловч тэдгээрийг бичмэл нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжтойг хоёр шатны шүүх анхаараагүйгээс гадна гэрчүүдийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан дүгнээгүй байгааг дурдах нь зүйтэй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээжээ.

15. Иймд маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 224/МА2024/00004 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч ХЦ дугаар ангийн 2024.02.13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

           ШҮҮГЧИД                                                        Н.БАТЗОРИГ

                                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                      Д.ЦОЛМОН

                     Х.ЭРДЭНЭСУВД