Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 2020/ДШМ/1024

 

Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Д.Очмандах, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Амарзаяа,

шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч Б.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/669 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Р.Очирсүрэнгийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 44 дугаартай эсэргүүцлээр Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт холбогдох эрүүгийн 1908057930726 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Н.М-, 2000 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 6, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй,

            2. Б.Х-, 1999 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            3. Х.Ж-, 1999 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            4. А.Б-, 2002 оны 2 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

            Н.М- нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд Х.Ж-, А.Б-, Б.Х- нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Д.Билгүүндалай, Д.Баасансүрэн нарт хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,

            Б.Х- нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд Х.Ж-, А.Б-, Н.М- нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, А.Б-тай бүлэглэн Д.Баасансүрэнг, мөн А.Б-, Х.Ж- нартай бүлэглэн Д.Билгүүндалайд тус тус хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэмт хэрэгт,

            Х.Ж- нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд А.Б-, Б.Х-, Н.М- нарын хамт нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж, А.Б-тай бүлэглэн Д.Билгүүндалайд хүч хэрэглэн зодож, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн,

            мөн тус зочид буудлын 1 давхрын коридорт Д.Билгүүндалайгийн нүүрэн хэсэгт гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нуруу, цох, духны баруун дээд хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг А.Б-тай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт,

            А.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудлын 1 давхрын коридорт Д.Билгүүндалайгийн нүүр, толгой хэсэгт гараараа 2-3 удаа цохиж, хөлөөрөө нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд “баруун, зүүн нүдний дотор булан хэсгийн цус хуралт, хамрын нуруу, цох, духны баруун дээд хэсгийн зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Х.Ж-тай бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Н.М-, Б.Х- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Х.Ж-, А.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                             

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт тус бүр холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Х.Ж-, А.Б- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ж-ыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Н.М-, Б.Х- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Ж-, А.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Р.Очирсүрэн тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолд дурдсан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, зочид буудал нь олон нийтэд, иргэдэд үйлчилгээ үзүүлэх үйлчилгээний байгууллага бөгөөд Н.М- нар нь уг зочид буудалд үйлчлүүлж байсан хохирогч Д.Билгүүндалай, Д.Баасансүрэн нарын эрх чөлөө, эрүүл мэндэд хохирол учруулахаар үгээр болон үйлдлээрээ нэгдэн, бие биенээ дэмжиж оролцож байгаа байдал “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд энэ нь зочид буудлын хяналтын камерын бичлэгт хадгалагдан үлдсэн дүрс бичлэгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь тодорхой шалтгаангүйгээр, үл ялих зүйлээр шалтаглан үүсдэг бөгөөд Н.М-н “Цус болгосон гутлыг угааж өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, хязгаарлагдмал орон зай болох зочид буудлын зочин хүлээн авах хэсэгт үйлдэгдсэн байгаагаараа олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Дээрх гэмт хэргийг Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нар үйлдлээрээ нэгдэн нийгмийн хэв журмыг зөрчихдөө бүлэглэн үйлдсэн бөгөөд хүч хэрэглэх үйлдэлд өдөөн турхирч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин, бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийгөө хохирогч нараас хүч чадлын хувьд давуу болохоо үгээр болон үйлдлээрээ харуулж, сэтгэхүйн дарамт үүсгэн айлган сүрдүүлсэн болох нь хохирогч Д.Баасансүрэн Д.Билгүүндалай, гэрч Э.Хулан нарын мэдүүлэг, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна.” гэв.

            Шүүгдэгч Х.Ж-ын өмгөөлөгч Б.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарыг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Уулзвар-21” нэртэй зочид буудалд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Х.Ж-, А.Б- нарыг бусдад хүч хэрэглэх явцдаа Д.Билгүүндалайгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “...шүүгдэгч Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарыг “олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримт эргэлзээтэй бөгөөд хангалтгүй байна. Шүүгдэгч нарын гэмт санааны агуулга, чиглэл нь анхнаасаа танхайрах сэдэлт, зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч, шүүгдэгч нарын тус тусын согтолтын зэрэг ямар байсан эсэхэд ялгамж гарган тодорхойлсон баримтгүйгээс гадна, согтуурсан этгээдүүд буудлын өрөөнд харилцан муудалцсан, зохисгүй үг хэллэгээр ярилцсан гэх боловч тухайн үедээ харилцан эвлэрсэн, харин тус буудлын өрөөнд хүч хэрэглэсэн үйлдлүүд хийгдээгүй байх тул олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх бодит боломжгүй. Тухайн маргаан, зодоон болсон гэх зочид буудлын үйл ажиллагааг эрхлэн хариуцах хувь болон хуулийн этгээд хэн болох нь тодорхойгүй буюу хохирогч, түүний төлөөлөгч тогтоогдоогүй, бусад шалган тогтоовол зохих ажиллагаа хийгдээгүй байх тул аж ахуйн нэгж байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж таамаглах боломжгүй. ...” гэж дүгнэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, байгууллага аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагааг тасалдуулж, хүчээр түрэмгийлэх, эд хогшлыг нь эвдэх, айлган сүрдүүлэх хэлбэрээр илрэх бөгөөд үүнээс хальж, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан бол хүний амь бие, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэргийн аль тохирох зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм.

Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэх, эсхүл хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг онцлогтой.

Гэмт хэрэг үйлдэгдсэн газар, тухайн цаг хугацаанд хохирогч, шүүгдэгч нар архидан согтуурсан байхдаа хэн хэнийгээ үл хүндэтгэн ялихгүй зүйлээр шалтаглан хоорондоо удаан хугацаанд маргалдсан, ингэхдээ шүүгдэгч нар хүний тоо давуу байдлаар маргаанд оролцож, хохирогч нарт дээрэнгүй байдлаар хандаж, улмаар нэгнээ өмөөрч зодоон үүсгэсэн идэвхи оролцооны талаар хохирогч Д.Билгүүндалай /хх 14-15/, Д.Баасансүрэн /хх 20/, гэрч Б.Бямбатуяа /хх 39-40/ нарын мэдүүлэг болон “Уулзвар-21” нэртэй зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 52-62/ зэрэгт тусгагдсан байхад шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжгүй хэмээн дүгнэсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/669 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Н.М-, Б.Х-, Х.Ж-, А.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН