Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 182/2023/01784/И |
Дугаар | 001/ХТ2024/00059 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 001/ХТ2024/00059
Ч-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00083 дугаар магадлалтай,
Ч-гийн нэхэмжлэлтэй
“Т” ХК-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-н хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э, хариуцагчийн өмгөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч-гээс хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Т” ХК-аас урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,720,90 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Чгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Чгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274,869 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00083 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Т” ХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чд олгосугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул төлсөн 274,869 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагч “Т” ХК-аас 274,869 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй шийдвэрлэсэн тул хууль хэрэглээний зөрүүг арилгах шаардлагатай, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнд:
4.1. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгуулах талаар.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-т “...Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны хянавал хэсэгт “... Ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 300,000 төгрөгөөр тогтоосон тогтоол хуулийн хүчин төгөлдөр тул одоо нэхэмжилж буй шаардлагад хамаарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэхэд энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна” хэмээн дүгнэсэн байтал давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 6 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч Ч нь 2018.02.23-ны өдрөөс 2023.05.01-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор нэхэмжлэхдээ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор шинэчлэн тогтоосон улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нэхэмжилснийг буруутгах боломжгүй. Тодруулбал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018.10.02-ны өдрийн 1304 дугаартай тогтоолоор нэхэмжлэгч Чгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Т” ХК-аас гаргуулж шийдвэрлэхдээ урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ болох 300,000 төгрөгөөр тооцсон байна.”, 6.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320,000 төгрөг, 2020 оноос 2022 оныг дуустал 420,000 төгрөг, 2023 онд 550,000 төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон байх тул нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх учиртай.” хэмээн дүгнэж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй...” гэж заасныг зөрчиж Улсын дээд шүүхийн 2018.10.02-ны өдрийн 001/ХТ2018/01304 дугаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр байсаар байтал Чгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч “Т” ХК-аас гаргуулж шийдвэрлэхдээ урьд авч байсан дундаж цалин хөлсний хэмжээ болох 300,000 төгрөгийг өөрчилж дахин шинээр тогтоон шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна.
Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дахь хэсэгт “...Ажилтан ажлаас чөлөөлөгдөж, ажилгүй болох, шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх, шүүх уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь ажил олгогчийн хууль бус шийдвэр гаргаснаас үүсэх эрх зүйн үр дагавар мөн тул ажилтны ажлаас халагдсанаас хойш ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаанд хамаарах тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор олгох үүрэгтэй боловч нэхэмжлэгч 1958.08.20-ны өдөр төрсөн бөгөөд 2018.08.20-ны өдөр 60 нас хүрсэн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна...”, 17 дахь хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хууль /1990 он/-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-р зүйлд Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”, 40.1.3. ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж зохицуулжээ...”, 22 дахь хэсэгт “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.13 дахь заалтад зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байх тул нэхэмжлэгч Ж Чимэдцэрэнгийн 2018.02.21-ний өдрөөс 2023.05.01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 23,383,720.90 төгрөгийг хариуцагч “Т” ХК-аас гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна...” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэрийг гаргасан.
Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5 дахь хэсэгт “...Хариуцагч “Т” ХК нь ажилтныг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны дундаж цалин, хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжлэгч Ч шаардах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт нийцсэн...”, 5.1 дэх хэсэгт “...Харин тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.3-т заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь дээрх хуулийн зохицуулалт нь ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх нь ажил олгогчид олгосон эрх юм. Энэ тохиолдолд ажил олгогчоос тушаал гаргаж шийдвэрлэсэн байхыг шаардана...”, 5.2 дахь хэсэгт “...Хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Чг ажилд нь эгүүлэн авсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр зэрэг баримт авагдаагүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу шаардаж буй нэхэмжлэгчийн эрхийг тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон 60 нас хүрсэн гэж тооцож хязгаарлах хуулийн үндэслэлгүй...” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа ба давж заалдах шатны шүүх болон анхан шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь хэсэгт зааснаар ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн байгаа ба Ч нь 60 нас хүртэлх цалинг “Т” ХК-аас гаргуулан авсан бөгөөд нэгэнт тэтгэврийн насанд хүрч гүйцэтгэх захирлын албан ажлыг гүйцэтгэж чадахгүй болсон хүнийг ажилд эргүүлэн томилоогүй байна гэх үндэслэлээр 65 нас хүртэлх 5 жилийн хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлгүй гэж үзэж байна.
Үүнээс гадна Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1. “...Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 76.1.8. “...компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох” гэж заасан байна.
“Т” ХК-ийн дүрмийн 7.2-д Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг зааж өгсөн ба 7.2.2.ж дэх хэсэгт “...компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох эрхтэй” гэж заасны дагуу Чг ажилд нь эгүүлэн томилох үүрэг нь “Т” ХК биш, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудал юм.
Ч нь өөрөө 2018.04.25-ны өдрөөс хойш тасралтгүй “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай ямар нэгэн санал, хүсэлт, мэдэгдэл ирүүлж байгаагүй. Түүнчлэн Ч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд сүүлийн 5 жилийн хугацаанд тогтмол оролцож, түүний нэхэмжлэлийн шаардлага болох 2018-2023 оны хоорондох цалин хөлс гаргуулах хугацаанд ажиллаж байсан гүйцэтгэх захирлын ажлын үр дүнгийн шагнал олгох тухай асуудлыг шийдвэрлэх ТУЗ-ийн хуралдаанд тогтмол оролцож, дэмжсэн санал өгч байсан талаарх баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Энэ нь 2018-2023 онд ажиллаж байсан гүйцэтгэх захирлын эрх хэмжээг Ч нь өөрөө хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл юм.
Мөн Ч нь 2018 оноос хойш нэхэмжлэл гаргах хүртэл буюу бүтэн 5 жилийн хугацаанд гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн томилуулахаар ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргадаггүй байсан.
Харин Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.04.24-ний өдрийн 00984 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.07.24-ний өдрийн 1358 дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.01.26-ны өдрийн 001/ХТ2021/00079 дугаартай тогтоолоор Ч нь “Т” ХК-д их хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдон Чгээс 259,251,673 төгрөгийг гаргуулж “Т” ХК-д олгуулахаар шийдвэрлэсэн мөчөөс хойш, Ч нь “Т” ХК-д төлбөр төлөх асуудал үүссэнээс хойш Ч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах энэхүү нэхэмжлэлийг гаргасан нь нэхэмжлэгч Ч гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн томилогдон ажиллах сонирхолгүй бөгөөд зөвхөн компанид төлөх төлбөрөөсөө хасуулан тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь тодорхой харагдаж байна.
4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан талаар.
Нэхэмжлэгч Ч нь хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн /2021 оны/ 158 дугаар зүйлийн 158.1, 158.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох маргаан нь шүүх шууд харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, эсхүл дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах хуульд заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг нэхэмжлэгч зөрчсөн байна.
Нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх дээрх журмыг хэрэгжүүлсний дараа шүүхэд хандах эрхтэй байсан. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021.07.02-ны өдөр батлагдсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар 2022.01.01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн. Нэхэмжлэгчийн зүгээс 2022.01.01-ны өдрөөс 2023.05.01-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа тул тухайн цаг хугацаанд хэрэгжиж байсан хууль тогтоомжийн дагуу маргаанаа зайлшгүй шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх ёстой байсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.3-т Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал” гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйл 117.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана.” гэж заасан байдаг.
Гэтэл нэхэмжлэгч шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчиж, шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.03.14-ний өдрийн 001/ШХТ2024/00309 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч Ч хариуцагч “Т” ХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,721 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ: “...Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010.10.06-ны өдрийн 1488 тоот шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011.02.10-ны өдрийн 96 тоот тогтоолоор “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон. ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар уг шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагаа явуулж байгаа, 2018.02.21-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн журмаар гаргуулж авсан боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр биелэгдээгүй байна.
Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2018 онд 300,000 төгрөгөөр, 2019 онд 320,000 төгрөгөөр, 2020-2022 онд 420,000 төгрөгөөр, 2023 онд 550,000 төгрөгөөр тус тус тооцож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 23,383,720.90 төгрөгийг нэхэмжилж байна...” гэж тодорхойлсон,
Хариуцагч тайлбартаа: “...Чг ажилд нь эгүүлэн томилох үүрэг нь “Т” ХК биш, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн эрх хэмжээнд хамаарах асуудал юм. ...Ч нь өөрөө 2018.04.25-ны өдрөөс хойш тасралтгүй “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр одоо хүртэл ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа гүйцэтгэх захирлын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай ямар нэгэн санал, хүсэлт, мэдэгдэл ирүүлж байгаагүй. ...Ч нь 1958.08.20-ны өдөр төрсөн 65 настай бөгөөд 2018 оноос хойш 5 жилийн хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулахаар шүүхэд хандаж байгаагүй бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: ...нэхэмжлэгч нь 2018.08.20-ны өдөр 60 нас хүрсэн, ...Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар 60 нас хүрч, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн байх тул 2018.02.21-ний өдрөөс 2023.05.01-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүхээс: “...ажилтан 60 нас хүрсэн бол түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эсэх нь ажил олгогчид олгосон эрх, энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т заасан үндэслэлээр ажил олгогчоос тушаал гаргаж шийдвэрлэсэн байхыг шаардана, ...хэрэгт ажил олгогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу ажилтныг ажилд нь эгүүлэн авсан, мөн хуулийн дээрх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр зэрэг баримтгүй байна. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу шаардаж буй нэхэмжлэгчийн эрхийг тэтгэвэр тогтоолгох үндэслэл болсон 60 нас хүрснээр хязгаарлах хуулийн үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
9. Ийнхүү хоёр шатны шүүх өөр өөр дүгнэлт хийж, хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
10. Хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогджээ.
10.1. Нэхэмжлэгч Ч 1996 оноос “Т” ХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2010.05.13-ны өдрийн ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас халагдсан, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010.10.06-ны өдрийн 1488 дугаартай шийдвэр, Улсын дээд шүүхийн 2011.02.10-ны өдрийн 96 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Чг “Т” ХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,333,333 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.
10.2. Шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр Ч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.02.21-ний өдрийн 182/ШШ2018/00327 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.04.18-ны өдрийн 947 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2018.10.02-ны өдрийн 1304 дүгээр тогтоолоор 2011.02.10-ны өдрөөс 2018.02.21-ний өдрийг хүртэлх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28,575,744 төгрөгийг хариуцагч “Т” ХК-аас гаргуулж, Чд олгосон.
10.3. Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр биелэгдээгүй үндэслэлээр 2018.02.21-ний өдрөөс 2023.05.01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,383,720.90 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
10.4. Тэрээр 1958.08.20-ны өдөр төрсөн, “Т” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаа болох нь “Т” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2018.04.25-ны өдрийн 03 дугаар тогтоол, талуудын тайлбар, иргэний үнэмлэхний хуулбар, бусад баримтаар тус тус тогтоогджээ.
10.5. Ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шийдвэр биелэгдээгүй олон жил буюу 13 жил өнгөрчээ.
Хэдийгээр ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь томилох үүрэгтэй боловч нэхэмжлэгч Ч нь 2018 оны 04 дүгээр сараас өнөөдрийг хүртэл “Т” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, жил бүр ТУЗ-ийн хуралд оролцож байгаа атлаа шүүхийн шийдвэрийг биелүүлэх, урьд ажиллаж байсан гүйцэтгэх захирлын ажил үүргээ гүйцэтгэх талаар өөрөөс шалтгаалах арга хэмжээ авах, ажил олгогчид ямар нэг шаардлага гаргаж байсан болох нь баримтаар тогтоогдоогүй байна.
11. Нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа, үйл баримт зэрэгт үндэслэн хоёр шатны шүүх тухайн үед үйлчилж байсан буюу 1999 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь зөв байна.
12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг өндөр настны тэтгэвэр тогтоолгох хуульд заасан 60 нас хүрсэн нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болно гэж дүгнэсэн нь зөв боловч ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгосон өмнөх шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгчийг 60 нас хүртэлх хугацааны олговрыг тооцолгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа ажил олгогчоос ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилох үүргээ биелүүлээгүй, ...ажилтан 60 нас хүрсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэслэл болно гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, хэдийгээр ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан боловч хуульд зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл тогтоогдсон тохиолдолд ажил олгогч ажилтныг заавал ажилд нь эгүүлэн томилох үүрэг хүлээхгүй.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ...-ыг олгоно, 40 дүгээр зүйлийн 40.1.3-т ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно гэж тус тус зохицуулсан байна.
Хуулийн дээрх заалтаас үзвэл ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн нь ажил олгогчийн ажилтантай байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болж байх тул нэгэнт 60 нас хүрсэн ажилтныг ажилд эгүүлэн томилох эсэх нь ажил олгогчийн эрхэд хамаарна.
Ажил олгогч нь шүүхийн шийдвэр гарсан үндэслэлээр 60 нас хүрсэн ажилтныг заавал ажилд томилох үүрэг хүлээхгүй, харин ажилтныг 60 нас хүртэл нь урьд эрхэлж байсан ажилд нь томилж, ажлаар хангах үүргээ биелүүлээгүй тул энэ хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг өмнөх шүүхийн шийдвэр гарсан 2018.02.21-ний өдрөөс нэхэмжлэгчийн 60 нас хүрсэн 2018.08.20-ны өдрийг хүртэлх 6 сарын хугацаагаар тооцож, /300,000х6сар/ 1,800,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
14. Шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон ажилтныг 60 нас хүрсэн байсан ч заавал ажилд томилж, дараа нь чөлөөлөх хэлбэрийн шаардлага тавигдсан байх ёстой гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.
15. Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан нь шүүхээр хянан шийдвэрлэх маргаанд хамаарч байгаа тул нэхэмжлэлийн шаардлага урьдчилан шийдвэрлэх журам зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв.
16. Дээр дурдснаар, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 210/МА2024/00083 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2023/03061 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч “Т” ХК-аас 1,800,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 21,583,720.90 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...41.1.5” гэсний дараа “7 дугаар зүйлийн 7.1” гэж нэмж, “...56.1” гэснийг “...56.2” гэж, “...олгосугай.” гэснийг “...олгож, хариуцагч “Т” ХК-аас 43,750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболдын гомдлын заримыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Т” ХК-аас 2024.02.15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД