Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 2027

 

2018.09.17                                                МАГАДЛАЛ

 

“И з ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2018/01669 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Г-т холбогдох

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 135 458 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г- нь “И з ББСБ” ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 2017/36 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 110 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 12 тоот байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Цаашид ч уг зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөхгүй нь тодорхой байгаа. Иймд зээлдэгч Б.Г-аас үндсэн зээлд 109 879 435,61 төгрөг, зээлийн хүү 27 286 356,90 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 457 271,38 төгрөг, нийт 142 623 064,09 төгрөгийг түүний барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, багасган, үндсэн зээлийн үлдэгдэлд 109 879 435 төгрөг, зээлийн хүүд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацааны үлдэгдэл 144 657 төгрөг, 2018 оны 01 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4 339 726 төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 1 907 352 төгрөг,  2018 оны 02 дугаар сарын 09-нөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацааны зээлийн хүү нийт 23 556 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 022 986 төгрөг, нийт 135 458 450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагч төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Зээлийн гэрээний дагуу 110 000 000 төгрөгийг Б.Г-т шилжүүлсэн бөгөөд түүний хүсэлтээр 2 сарын хүү буюу 8 800 000 төгрөгийг урьдчилж авсан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан 142 623 064 төгрөг нь хэднээс хэднийг хүртэл тасалбар болгон тооцсон болох нь тодорхойгүй байна. нэхэмжлэл гаргахаас нэг хоногийн өмнө буюу 05 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Б.Г-т өгсөн. Уг мэдэгдлийн дагуу үндсэн зээлд 109 879 435 төгрөг, зээлийн хүү 15 175 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 745 790 төгрөг, нийт 125 401 320 төгрөгийн төлбөртэй байна гэж тооцоо гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлд дурдсанаар хэрхэн 142 сая болсон нь тодорхойгүй байна. “И з ББСБ” ХХК-ийн зүгээс Б.Г-тай 110 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл бодитоор Б.Г-ын Хаан банкны дансанд гэрээ байгуулсан өдөр 100 900 000 төгрөг орсон байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгогдсонд тооцно гэж заасан байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн нэгт зааснаар зээл гэж тодорхой төлөх хугацаа хүүтэй, эргэн төлөх мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлд заасаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгохыг зээл гэнэ. Тэгэхээр бодитоор 100 900 000 төгрөгийг зээлээд Б.Г-т олгосон байдаг. Б.Г- нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт 4 484 400 төгрөг төлсөн байдаг ба үүний 4 363 835,61 төгрөг нь тухайн сарын зээлийн хүүд татагдаад, үлдсэн 120 560 төгрөг нь үндсэн зээлд суутгагдсан байдаг. Ингээд үндсэн зээлийн төлбөрт 100 779 436 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүү гэж зээлдэгчийн ашигласан гэрээнд заасан хугацааны төлбөрийг ойлгоно. Тэгэхээр 100 900 000 төгрөг авсан бөгөөд зээлдэгч Б.Г- нь өөрийн үйл ажиллагаандаа энэ мөнгийг зарцууүлсан.  Бодитоор олгосон 100 900 000 төгрөгт ногдох хүүг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 100 779 436 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны 10 820 500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 797 585 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451,1, 452 дугаар зүйлийн 452,1, 452,2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас гэрээний үүргийн гүйцэтгэлд 120 197 320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 261 130 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г- нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Г-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хд-101 дүгээр байр, 2 тоот хаяг байршилтай, 79,65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Б.Д-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүрэг гүйцэтгэлийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төлсөн 941 265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-аас улсын тэмдэгтийн хураамжид 758 936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлээгүй, нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. “И з ББСБ” ХХК нь зээлдэгч Б.Г-тай 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг байгуулж, зээлдэгч Б.Г-ын “И з ББСБ” ХХК дахь зээлийн 410000127 тоот дансанд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 110 сая төгрөгийн гүйлгээ хийж зээл олгосон. Зээлдэгч Б.Г- нь 110 сая төгрөгийн зээлийг авсан, 110 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар зээлдүүлэгч байгууллага 2018 оны 04 дүгээр сарын 03, 14-ний өдрүүдэд гаргасан хүсэлтдээ 110 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа талаар хүсэлт гаргасан. “Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай” хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан. Гэвч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэн тухай зээлийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байтал нотлох баримтаар үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн.

Зээлдэгч нь 110 сая төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авахдаа зээлийн гэрээний хавсралтад заасны дагуу эхний эхний 5 сарын хугацаанд зээлийн хүүг, үлдэх 1 сард хүү, үндсэн зээлийн хамт төлөхөөр гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч өөрийн хүсэлтээр эхний 2 сарын хүү болох 8 800 000 төгрөгийг урьдчилан төлсөн, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4 484 400 төгрөгийн төлөлт хийгдсэнээс зээлийн хүүд 4 363 835,61 төгрөг, үндсэн зээл 120 564,39 төгрөгийг төлсөнөөр өөр төлбөр огт төлөөгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд нийт 26 183 013,70 төгрөгийн хүү төлөхөөс гэрээний хугацаанд нийт 13 284 400 төгрөгийн хүү төлж, 12 898 613 төгрөгийн хүү төлөгдөөгүй.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу зээлийн гэрээ дууссан өдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны хүү 8 790 354 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 11 хоногийн хүү 1 611 552 төгрөгийн хүү, нийт 10 401 906 төгрөгийн хэтэрсэн хугацааны хүү 2 020 381 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байна. Иймд хариуцагч нь үндсэн зээл 109 879 435,09 төгрөг, гэрээний хугацаанд төлөх хүүгийн үлдэгдэл 12 898 613 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10 401 906 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 080 381 төгрөг нийт 135 260 335 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс зээлийг буруу тооцоолсноос 15 063 015 төгрөгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул хариуцагчаас 135 260 335 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд 100 900 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4 484 400 төгрөг зээлдүүлэгчид төлсөн болох хэрэгт авагдсан “И з ББСБ” ХХК-ийн зээлийн хүү тооцсон хүснэгтээр нотлогдож байх бөгөөд энэ талаар талууд маргаангүй болно гэж зөв дүгнэсэн байдаг. Гэхдээ хэргийн 21 дүгээр хуудаст авагдсан зээлийн хүү тооцсон хүснэгтэд бичигдсэн зээлийн төлөлт болох 120 564,39 төгрөг нь үндсэн зээл болох 100 900 000 төгрөгөөс хасагдаж тооцохыг анхаарч үзээгүй байна. Хасч тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл 100 779 436 төгрөг болж байна. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан тайлбартаа үндсэн зээлийн үлдэгдэл 100 779 436 төгрөг, зээлийн хүүд 10 820 553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 397 585 төгрөг, нийт 111 997 574 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан. Хариуцагчийн зүгээс нэмэгдүүлсэн хүүд 397 585 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин нэмэгдүүлсэн хүүд 797 585 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөөгүй.

Хариуцагчийн зүгээс 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “И з ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хүү сарын 4 хувь, Монгол Улсын зах зээл дээр өндөр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхээс зээлийн хүүг 50 хувь хэмжээгээр бууруулж өгнө үү гэсэн боловч анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Хариуцагчийн зүгээс зээлийн хүүд 10 820 553 төгрөгийг төлөх боломжтой.

Хариуцагчийн зүгээс үндсэн зээлд 100 779 436 төгрөг, зээлийн хүүд 10 820 553 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 397 585 төгрөг, нийт 111 997 574 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрт тусгагдсан үнийн дүнгээс 8 199 746 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 01669 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн  боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-аас хариуцагч Б.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 109 879 435 төгрөг, хүү 23 556 029 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 022 986 төгрөг, нийт 135 458 450 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсэг болох 112 397 521 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Г- нь Б.Дашдуламын хамт нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-аас 110 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлэхээр 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ИЗ/ЗГ-36 тоот зээлийн гэрээ, уг гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлд өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206019756 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр /17042/ хд-101 байр, 2 тоот хаягт байршилтай 79,68 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Б.Дашдуламын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004884 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41-12  тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцуудаас хангуулахаар ИЗ/БГ-36 тоот барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хэргийн 8-10, 12-16 дугаар тал/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн талаар талууд маргаагүй.

 

Хэдийгээр зохигчдын хооронд 110 000 000 төгрөгийн зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч нэхэмжлэгч нь ХААН банк ХХК-ийн хариуцагчийн нэр дээрх 2022861899 тоот дансанд  2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 100 900 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул 100 900 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Мөн хариуцагч зээлийн гэрээний дагуу сард 4 036 000 төгрөгийн хүү, 6 сарын хугацаанд нийт 24 216 000 төгрөгийн хүү төлөх үүрэгтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Харин гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэрээний үүрэгт нийт 4 484 400 төгрөг төлснөөс нэхэмжлэгч зээлийн хүүд 4 363 835 төгрөг, үндсэн зээлээс 120 564 төгрөгийг тус тус тооцон хассан талаар талууд маргаагүй байна. /хэргийн 21 дүгээр тал/ Хариуцагч гэрээний дагуу үндсэн зээл 100 900 000 төгрөг, хүү 24 216 000 төгрөг нийт 125 116 000 төгрөгийн зээл төлөх үүрэгтэйгээс үндсэн зээл, хүүгийн төлбөрт төлсөн 4 484 400 төгрөгийг хасахад үлдэгдэл 120 631 600 төгрөгийн зээлийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3, 3.17-д зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс гүйцэтгээгүй зээлийн үлдэгдлээс үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон байх ба гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр дууссан байх ба хариуцагч уг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчих болсноор нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх, улмаар зээлийн төлбөрийг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөр тооцож, гэрээг цуцлах мэдэгдлийг мөн өдрийн мэдэгдлээр зээлдэгчид мэдэгдсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд энэ хүртэлх 15 хоногийн хугацаа хэтрүүлсний хүү 2 018 000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй талаар шүүх зөв дүгнэжээ. Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч гэрээ болон хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гэрээг цуцлаж, дуусгавар болгосон нь мэдэгдэл, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул цуцласнаас хойшхи хугацааны хүүг хариуцагчаас тооцон гаргуулах боломжгүй. Мөн нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон 110 000 000 төгрөгийн зээлийг хариуцагчид шилжүүлэх үүрэгтэйгээс 100 900 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь дансны хуулга, хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд дутуу шилжүүлсэн 9 100 000 төгрөгийг нэхэмжлэгч бүрэн шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг баримтаар нотлоогүй талаар шүүх зөв дүгнэжээ.

 

Харин нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй зээлийн хэмжээнд тооцолгүй хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангаж шийдвэрлэхээр дүгнэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн хугацаандаа төлөөгүй зээл, нэмэгдүүлсэн хүүг талууд гэрээндээ хуульд заасан хэмжээгээр тохиролцсон нь тодорхой байхад нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон үндэслэлээ нотлоогүй гэж хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр хангахдаа 379 585 төгрөг гэснийг 797 585 төгрөг гэж алдаа гаргажээ. Гэрээг тохиролцсон сарын хүүгийн 4 хувийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 0.8 хувь болж байгааг төлөөгүй нийт зээлийн үлдэгдэл 122 649 600 төгрөгт тооцоход хариуцагч 981 196 төгрөгийг нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүд төлөх үндэслэлтэй.

 

Иймээс зохигчдын гаргасан давж заалдах гомдлуудын зарим хэсэг болох хариуцагч үндсэн зээлд төлсөн мөнгийг хасч тооцоогүй, нэхэмжлэгч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг буруу тооцсон гэх хэсгүүдийг хангаж, анхан шатны шүүх үндсэн зээл 100 900 000 төгрөг, хүүд 18 499 735 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 797 585 төгрөг, нийт 120 197 320 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг дээрх үндэслэлээр үндсэн зээлийн үлдэгдэл 100 779 436 төгрөг, хүү 22 851 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 981 196 төгрөг, нийт 123 630 798 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлын үлдэх хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2018/01669 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-аас нийт 123 630 798 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “И з ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 827 652 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

3 дахь заалтын “758 936” гэснийг “776 103” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233 270 төгрөгийг, хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146 200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО   

 

                                                ШҮҮГЧИД                            Ч.ЦЭНД

                       

                                                                                             С.ЭНХТӨР