Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2019/00200

 

И З ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаар магадлалтай,

И З ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Гт холбогдох, 

Зээлийн гэрээний үүрэгт 135.458.450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Б.Г нь И З ББСБ ХХК-тай 2017 оны 10 сарын 24-ний өдөр 2017/36 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 110.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээл авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, ХД-101 байр, 2 тоот хаягт байршилтай, 79.68 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 49 дүгээр байр, 12 тоот байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж, зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй. Зээлийн гэрээний дагуу 110.000.000 төгрөгийг Б.Гт шилжүүлсэн бөгөөд түүний хүсэлтээр 2 сарын хүү буюу 8.800.000 төгрөгийг урьдчилж авсан. Бид анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 135.458.450 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 109.879.435 төгрөг, хүүд 2017 оны 11 сарын 24-ний өдөр хүртэл хугацааны үлдэгдэл 144.657 төгрөг, 2018 оны 01 сарын 23-ны өдөр хүртэл 4.339.726 төгрөг, 2018 оны 02 сарын 09-ний өдөр хүртэл 1.907.352 төгрөг, 2018 оны 02 сарын 09-өөс 2018 оны 7 сарын 05-ны өдөр хүртэл хугацааны хүү нийт 23.556.029 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2.022.986 төгрөг, нийт 135.458.450 төгрөгийг гаргуулж, төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаас 1 хоногийн өмнө буюу 5 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Б.Гт өгсөн. Уг мэдэгдлийн дагуу үндсэн зээлд 109.879.435 төгрөг, зээлийн хүү 15.175.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 745.790 төгрөг, нийт 125.401.320 төгрөгийн төлбөртэй гэж тооцоо гаргаж өгсөн. Тэгэхээр нэхэмжлэлд дурдсанаар хэрхэн 142 сая болсон нь тодорхойгүй байна. И З ББСБ ХХК-ийн зүгээс Б.Гтай 110 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэтэл бодитоор Б.Гын Хаан банкны дансанд гэрээ байгуулсан өдөр 100.900.000 төгрөг орсон байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, үйл ажиллагааны тухай хуулийн 21.4 дүгээр зүйлд зааснаар зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгогдсонд тооцно гэж заасан байдаг. Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн нэгт зааснаар зээл гэж тодорхой төлөх хугацаа хүүтэй, эргэн төлөх мөнгөн хөрөнгийг ойлгоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 20 дугаар зүйлд заасаар банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгохыг зээл гэнэ. Б.Г нь 2018 оны 02 сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт 4.484.400 төгрөг төлсөн ба үүний 4.363.835,61 төгрөг нь тухайн сарын зээлийн хүүд татагдаад, үлдсэн 120.560 төгрөг нь үндсэн зээлд суутгагдсан байдаг. Ингээд үндсэн зээлийн төлбөрт 100.779.436 төгрөг үлдсэн бөгөөд үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зааснаар зээлийн хүү гэж зээлдэгчийн ашигласан гэрээнд заасан хугацааны төлбөрийг ойлгоно. Тэгэхээр 100.900.000 төгрөг авсан бөгөөд зээлдэгч Б.Г нь өөрийн үйл ажиллагаандаа энэ мөнгийг зарцууүлсан. Бодитоор олгосон 100.900.000 төгрөгт ногдох хүүг төлөх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэлд 100.779.436 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэлд 2018 оны 5 сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны 10.820.500 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 797.585 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451,1, 452 дугаар зүйлийн 452,1, 452,2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Гаас гэрээний үүргийн гүйцэтгэлд 120.197.320 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И З ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15.261.130 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны гэрээний зүйл болох Б.Гын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр хд-101 дүгээр байр, 2 тоот хаяг байршилтай, 79,65 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Б.Дашдуламын өмчлөлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 19 дүгээр хороолол, 41 дүгээр байр, 12 тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдаж олсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 941.265 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамжид 758.936 төгрөг гаргуулан нэхэмжлэгч И З ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/01669 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Гаас нийт 123.630.798 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч И З ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.827.652 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 3 дахь заалтын 758.936 гэснийг 776.103 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 233.270 төгрөгийг, хариуцагчийн 146.200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Отгонбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх төлөөгүй зээлийн үлдэгдэл 122.649.600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 981.196 төгрөг, нийт 123.630.798 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалын хавсралтаар Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1 дүгээр хавсралтаар мөнгөн хадгаламж, зээлийн хүү болон үнэт цаасны өгөөж, хямдруулалтын хувь хэмжээг бодох ерөнхий аргачлалаар хүүг бодохыг зохицуулсан. И З ББСБ-аас Б.Ганбарт олгосон 100.900.000 төгрөгийн зээлийн хүүг тооцож үзвэл гэрээний дагуу төлөх ёстой хүү 100.900.000 төгрөгийн зээлийн хүү 24.016.964 төгрөг болж байна. Анх зээл олгосон 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүртэл 196 хоног болсон байх тул уг хугацаанд ногдох зээлийн хүү 26.007.320 төгрөг бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 4.363.835 төгрөгийг хасахад 21.643.845 төгрөг төлөхөөр байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 100.779.436 төгрөг, зээлийн хүү 21.643.485 төгрөг, нийт 122.422.921 төгрөг болж байна. Мөн магадлалд хариуцагч 981.196 төгрөгийг нэхэмжлэгчид нэмэгдүүлсэн хүүд төлөх үндэслэлтэй гэжээ. А-236 дугаар тушаалын хавсралтаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журмын 1.3.9-д нэмэгдүүлсэн хүү гэж гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуульд заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцон хүүгийн хувь хэмжээг ойлгоно, 2.3-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс тооцно, 2.4-т зээлийн хүүгийн төлбөрт нэмэгдүүлсэн хүү бодохгүй гэж тус тус заасан. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон байх тул нэмэгдүүлсэн хүү тооцох хугацаа нь 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хүртэл 15 хоног байх тул уг хугацаанд ногдох нэмэгдүүлсэн хүүг төлнө. Нэмэгдүүлсэн хүү 397.585 төгрөг болж байна. Магадлалд хариуцагчаас гаргуулахаар заасан хүүгийн төлбөрөөс 226.671 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс 583.611 төгрөг, нийт 810.282 төгрөгийг зөвшөөрөхгүй. Иймд магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            “И З ББСБ” ХХК нь Б.Гт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 135.458.450 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрчээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 120.197.320 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх, 123.630.798 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

            Хариуцагчийн өмгөөлөгчийн магадлалд өөрчлөлт оруулж, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг буруу тооцсон алдааг залруулж, нэхэмжлэлийн хангасан хэмжээнээс 810.282 төгрөг хасч өгөхийг хүссэн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

            Хоёр шатны шүүх “И З ББСБ” ХХК болон Б.Г, Б.Дашдулам нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 451 дүгээр зүйлийн 451.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийжээ.

            Гэрээ хүчин төгөлдөр учир гэрээний талууд үүргээ гүйцэтгэхийг харилцан шаардах эрхтэй.

      Гэрээнд 110.000.000 төгрөг зээлэхээр тохиролцсон боловч зээлдүүлэгч 100.900.000 төгрөг шилжүүлсэн тул энэ хэмжээгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ шүүх  хууль зөрчөөгүй байна.

            Хариуцагч, үндсэн зээл, зээлийн хүүд 4.484.400 төгрөг төлж, гэрээнд заасан бусад үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул  нэхэмжлэгч нь зээл, гэрээний хугацаан дахь зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд зааснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

           Зээлдэгч гэрээний хугацаа дуусгавар болоход үндсэн зээл 100.900.000 төгрөг, зээлийн хүүд 24.216.000 төгрөг /100.900.000 төгрөг х 4 хувь х 6 сар/, нийт 125.116.000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. Тэрээр 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үндсэн зээлд 120.564 төгрөг, хүүд 4.363.835 төгрөг тус тус төлсөн байх тул үлдэх 120.631.600 төгрөг, хугацаа хэтрүүлсэн 15 хоногт 2.018.000 төгрөгийн хүү төлөхөөр байна.

            Давж заалдах шатны шүүх үндсэн зээл, зээлийн хүүгийн хэмжээг гэрээний нөхцөл болон хуульд нийцүүлэн дүгнэсэн боловч нэмэгдүүлсэн хүүг буруу тооцжээ.  

           Тус шүүх үндсэн зээл, зээлийн хүүгийн нийлбэр 122.649.600 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүг 0.8 хувиар тооцож 981.196 төгрөг гаргуулсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, зээлийн гэрээний хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/236 дугаар тушаалаар батлагдсан “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ын 4-т заасантай нийцээгүй байна.

Нэмэгдүүлсэн хүү нь гэрээнд заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг эгүүлэн төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хувиас хэтрэхгүй хувь хэмжээгээр үндсэн хүүг нэмэгдүүлж тооцсон хүүгийн хувь хэмжээ байдаг ба үндсэн дүнд  зээлийн хүү орохгүй юм. Өөрөөр хэлбэл нэмэгдүүлсэн хүү нь үндсэн зээлийг  төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд тооцох хариуцлага бөгөөд хүүгээс хүү тооцдоггүй байна.

Гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусмагц үндсэн зээлд 100.779.436 төгрөг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй 15 хоног /2018.05.08-ны өдрөөр тооцсон/ хэтрүүлсэн байх тул нэмэгдүүлсэн хүүд 403.117 төгрөг гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэв. /100.779.436 төгрөг х 0.04 хувь х 0.2 хувь=806.235  төгрөг : 30 хоног х 15 хоног= 403.117 төгрөг/

Дээрх үндэслэлээр хариуцагчаас үндсэн зээл 100.779.436 төгрөг, хүү 21.870.165 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 403.117 төгрөг, нийт 123.052.718 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ талаар магадлалд өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 2027 дугаар магадлалын 1 дэх заалтад “123.630.798” гэснийг “123.052.718” гэж, “11.827.652” гэснийг “12.405.732” гэж, “776.103” гэснийг “773.214” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 24.000 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ