Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 0005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М, Б.З, Б.У,

С.Д, С.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                             Ц.М

Шүүгдэгч                                                          Б.М, Б.У, С.Д, С.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар            М.Г, С.Б, Т.Э, 

Нарийн бичгийн дарга                    Б.Одончимэг нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолтой Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  И овогт Б-н М,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт Б-н З,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт С-н Д,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б-н У,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж овогт С-н Д.

 

Шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, Д.Д, Б З нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Б-н 46 боодол өвсийг машин механизм ашиглан хулгайлан 276,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Б.М-ыг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б овогт Б-н У, Ж овогт С-н Д, Ж овогт С-н Д, Ж овогт Б-н З нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж,

Шүүгдэгч И овгийн Б-н М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга / төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногоор тооцож 1 сар 03 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 03 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ы цагдан хоригдсон 340 хоногийг эдлэх ялд  нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 2 жил 1 сар 03 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, С.У, С.Д, Д.Д, Б.З нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Энэ хэрэгт С.Д, Б.У, С.Д нар цагдан хоригдоогүй, Б.З 137 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн 24-92 ОРХ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж Б.Уд буцаан олгож,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.M эсэргүүцэлдээ:

 

... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байх тул дараахь үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх шүүгдэгч С.Д, Б.У, С.Д, З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарын цагаатгаж шийдвэрлэхдээ дан ганц шүүгдэгч нарын “... хулгайн өвс гэж мэдээгүй, ... бусдаас өвс худалдаж авч байна гэж бодсон, ... өвсийг ачих гэж машинаараа тусалсан гэх” мэдүүлгийг хоорондоо ноцтой зөрүүгүй байна гэж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэлээ болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

            Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй тул яллагдагч нарын худал мэдүүлгийг гэмт хэргийн нотолгоо болгох нь эргэлзээтэй гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч нарын дан ганц хулгайн өвс гэж мэдээгүй, худалдаж авч байна гэж бодсон гэх мэдүүлгүүдийг туйлын үнэн мэт үнэлж, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судлалгүйгээр гэм буруугийн хэлбэр, сэдэлт санаа зорилгыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар хашааны хаалгаар орж өвсийг авах боломжтой хашаа давуулан авч байсныг нотолсон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтасны 8-12-хуудас/

 

            Гэрч Б.М-ы “... би М ахаас яасан юм бэ гэж асуухад ... намайг хэрэг даачихаач гээд байгаа. Надад архи хүртэл авч ирж өгсөн гэж ярьсан гэх мэдүүлэг”/хх-66-р хуудас/

 

            Гэрч Т.Б-ын “... хашааны гадаа байх машин дээр хашаа давуулаад шидэж байсан өвсийг зөөж байгаад машины гэрэл тусахад тэр 2 эмэгтэй машиндаа ороод суучихсан. ... Ч хашаа руу очоод нэг хүн хашаа руу зугтаачихлаа гэж хэлсэн гэх мэдүүлэг”/хх-79-80-р хуудас/

           

            Гэрч М.М-н “... орой нь 2 эмэгтэй, 1 эрэгтэй эм барьчихсан орж ирээд ... 1 эмэгтэй нь цагдаад машинаа хураалгачихлаа гэж хэлж байсан. З гэдэг эрэгтэй нь ... ахаа цагдаад баригдсан, та аргалаад өгөөч би өөрөө тэнсэнтэй болохоор болохгүй байна гэж ярьж байсан гэх мэдүүлэг” /хх-90-р хуудас/

           

            Гэрч М.Б-н “... М-ыг өвсний хэрэг даачихаач гэхэд М би хүний хэрэг дааж чадахгүй гэж яриад байсан ” гэх мэдүүлэг /хх-192-193-р хуудас/

           

            Гэрч Д.Б-ын “би У-ын хашаанд 30 боодол өвс буулгасан, гадаа байгаа чиний өвстэй нийлээд 60 гаран боодол өвс байгаа, тэрнийг өөрийнхөө өвс гээд хэлчих гээд байхаар нь би миний 60 боодол өвс байгаа гэж худлаа хэлсэн гэх мэдүүлэг”, ... Б энэ өвс хулгайлж байсан эмэгтэй байна гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-71-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна.

           

Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим

нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш болно.

... Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлгийг туйлын үнэн гэж үнэлсэн атлаа шүүгдэгч нарын удаа дараагийн тогтворгүй, харилцан зөрүүтэй мэдүүлгүүдийг үгүйсгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүргийг хүлээхгүй” тул яллагдагч нарын худал мэдүүлгийг гэмт хэргийн нотолгоо болгох нь эргэлзээтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч Б.М-ыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн атлаа 24-92 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн /Б.У-ын/ тээврийн хэрэгсэл тул шүүгдэгчээс үнийг гаргуулахгүй байх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн байвал уг тээврийн хэрэгслийг үнэлж, үнийн дүнг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан.

            Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.

 

Иймд Б.М, Б.З, Б.У, С.Д, С.Д нарт холбогдох Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдолдоо:

 

2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр миний хуурай дүү гар утсанд маань 10.000 төгрөгийн нэгж хийж өгсөн. Би бичиг үсэг мэдэхгүй учраас идэвхжүүлж чадаагүй. Өдөр З залгаад намайг дуудсан. Дуурга дэлгүүрийн гадна үл таних хүнд нэгжийг зарж зараад Г гэдэг хүнтэй гурвуулаа гудамжинд архи уугаад сууж байхад З-н утас дуугараад өвс зарах айл байна уу? гэхээр нь танайх зөндөө өвстэй байж ийм өвсөөр яах гэж байгаа юм бэ гэхэд танай ар талын энгэрийн айл өвсөө зарж байгаа юу гэсэн. Чи яаж мэдсэн юм бэ гэхэд морьтой явж байгаад харсан гэсэн. Тэгэхээр нь би их хэмжээгээр бол Маятигаар, бага бол портероор хүргэж өгч байгаа гэсэн. З ямар үнэтэй юм бэ гэхэд авч байгаа хүнтэй нь тохироод хүргэж өгч байгаа юм гэнэ лээ. Тэдний жолооч Ү гэдэг залуу надад хэлсэн. З архи ууж байхдаа танай ар талын энгэрийн хашааны айлаас өвс хулгай хийхэд боломжийн захын хашаа юм байна лээ гэхэд би Хөвсгөлийн Р Л, Улаан-Уулын бөө улс байгаа гэхэд тэр бөө ямар хамаатай юм бэ гэсэн Д ах городод байгаа явъя гээд Дэнжээс город руу явсан. Д-той уулзаад нэг шил архи бид 3 хувааж уусан. Тэгээд Д, З-д 5000 төгрөг өгсөн. 1 шил архи аваад таксины буудлаас такси аваад 10 цагаан байрны дэлгүүрийн гадаа буусан. Таксинд хамт явж байсан залуу 3 татчихаад такситайгаа яваад өгсөн. Бид 3 архиа уучихаад У-нд орсон. У-нд Д-н У-ын охин дээл оёдог эгчтэйгээ дөрвүүлээ байсан.

Бид гурав гэрт ороход З нөгөө ганц юм аа гаргаад ир гэсэн. Тэгэхэд У, Д хоёр үнэтэй архиар дайллаа шүү гээд инээлдээд байсан. Цайны аягаар З архи тойруулж ууцгаасан. Тухайн үед би хулгай хийх хүсэлгүй архи уух сонирхолтой байсан. Нэг харсан чинь З, Д хоёр заамдалцаад авсан байсан. Тэгэхэд би боль гээд салгахад Д намайг зодсон. Газарт унагаагаад нүүрэн дээр дэвссэн. Нэг шүд хугарч, нэг шүд эмтэрсэн. З салгаад намайг аваад гарах гэхэд наад муу чинь хүний архи өдөржингөө уучихаад худлаа согтож байгаа юм гэж хэлсэн. У, Д хоёр та яачихаад байгаа юм бэ гээд цаад өрөө рүү авч орсон. З намайг авч гарч цусыг маань цасаар угаагаад У-ын асаалттай машинаар гэрт хүргэж өгөөд гэрт оролгүй буцсан. Гэрт ороход Б, М хоёр, хоёр хүүхдийнхээ хамт унтаж байсан.

Би гэрийнхээ баруун орон дээр гараад унтсан. Өглөө М босоод миний нүүрний цусыг цэвэрлэсэн. Маргааш нь үдээс хойш З залгаад танай хойд талын энгэрийн ярьж байсан айлаас өвс хулгай хийж байгаад хажуу айлынх нь хүнд баригдчихлаа. Уулзмаар байна Д ахад зодуулсан бие чинь гайгүй юу, юу хэрэгтэй байна гэхэд нь би өвчин намдаах эм хэрэгтэй байна, хэзээ ирэх юм бэ гэсэн. Орой харанхуй болохоор очно гэсэн. Орой З, Д, У нар архи, тамхи, өвчин намдаах эм аваад гэрт ирсэн. З би тэнсэнтэй болохоор дааж болохгүй байна. У цагдаад машинаа хураалгачихсан та даагаад өгөөч гэсэн.

Би авчирсан өвчин намдаах эмийг уугаад архинаас нь уусан. Гэрт Б, М хоёр хүүхдийн хамт байсан. гэрт байсан хүмүүс энэ гурвын яриаг бүгд сонссон. Та энэ хэргийг даачих хүн бүр хүн бүр 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг гэж худлаа ярьж хулгай хийхэд хамт байсан мэтээр холбоотой болгосон. Тухайн үед Б байцаагч, Ш өмгөөлөгч хоёр З-с 4.000.000 төгрөг дансандаа хийлгэж аваад надад гаргаж өгнө гээд З Ш-ын дансны дугаар утасны дугаарыг бичиж авсан. Тэгээд байж байтал Б байцаагч хэрэг наймаалцаж болохгүй болчихлоо Б үнэн зөвөөр мэдүүлэг өгчихөөд явсан гэдгийг З залгаж хэлсэн. Би тэгж мэдсэн. Тэгээд удалгүй намайг цагдаа дээр дуудаж мэдүүлэг авсан.

 

Б-г цагдаа М бос гээд гар дээрээс нь өргөөд босохгүй болохоор нь өшиглөөд хавиргыг гэмтээсэн гэдгийг Б өөрөө мэдэж байгаа. Цагдаа гээд хүн зодох ёстой юм уу гээд хэрүүл хийхэд нь би нэгэнт баригдсан юм чинь битгий хэрүүл хий гэсэн чинь намайг цагдаагийн бууны нохой минь гээд янз бүрээр хараагаад байсан. Би эрүүлжүүлэх байрны дотор эд зүйл хурааж авдаг өрөөнд баруун гараараа шанаа руу нь нэг удаа цохисон. Нүүрэнд ямар ч гэмтэл байхгүй. Надад цохиулаад унахад хавирга хугарах боломжгүй юм. Хэрвээ би хавиргын хугалсан бол эмчилгээний зардал нэхэх байсан.

Цагдаа М мэдүүлэгтээ: Эрүүлжүүлэх байрны гадаа нэг цохиход шат руу унасан гэж худлаа мэдүүлэг өгсөн. Шат руу унасан камерын бичлэг байгаа гэдэг боловч тийм бичлэг байхгүй. Б шат руу унаагүй юм. Хоёр цагдаа намайг Алтай төвөөс авч гарахдаа цэнэглэж байсан гар утсаа авъя гэхэд зүүн гарыг минь мушгиад хоёр давхрын шатнаас бууж явахдаа шуудайтай хогон дээр унахад босооч гээд гарыг минь мушгасан чигээрээ машинд суулгасан. Тэрнээс хойш зүүн гарны тохойг хөдөлгөхөөр шажигнаж дуугарна, шөнө янгинаж өвдөнө. Эмчид үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл авсан байна гэсэн. Гар мушгиснаас болж хавдсан. Гарын хавдраас болж эрүүлжүүлэхийн цагдаа хүлээж аваагүй. Хоёр цагдаа намайг гэрийн харалдаа гудамжинд буулгахдаа эр хүн шиг байгаарай гэж хэлээд буулгачихаад явсан. Нүүр рүү нь ганц цохисоны төлөө хүн зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан мэтээр ял сонсгож цагдан хорьсон.

Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч М шүүгч нараас татгалзсан. Татгалзлыг хүлээж аваагүй учраас би шүүх хуралдаанд оролцоогүй. Намайг оролцоогүй болохоор нөгөө дөрвийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байсан. Өвс хулгай хийгээд баригдсан хүмүүс гадуур яваад ямар ч гэмгүй хүн цагдан хоригдож байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Надад мөнгө өгсөн гэдэг. Хэн хэзээ хаана өгсөн, би З, У, Д нараас нэг ч төгрөг аваагүй. Надад байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Би хамт явсан гэдгийг юугаар нотлоод байгааг ойлгохгүй юм. Монгол улсын хууль өнгөтэй мөнгөтэй ах дүүсийн худлаа гүтгэсэн мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргаж, миний амьдралын нэг жилийг цагдаагийн үүд сахиулж, нэг жилийг цагдан хорих байранд байлгалаа.

Би өмнө нь амьдралдаа алдаа гаргаж хорих ял эдэлж байсан. Тэгэхээр хулгай хийсэн байдаг юм уу. Хорих ял эдэлж байхдаа ходоодноосоо тайруулж байсан. Гар байнга өвдөнө. Хэргийг хурдан шийдүүлэх гэж өлсгөлөн зарлаад толгой  эргэсний улмаас буцалсан халуун усандаа түлэгдсэн. Өвчин намдаах эмнээс өөр эмчилгээгүй цагдан хорих байранд бие сэтгэл, эд эрхтэнээрээ хохирч байна. Шударга үнэн гэж байдаг бол надад холбогдуулсан 2 хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү?. Хэрэгсэхгүй болгож болохгүй гэвэл хэргийг мөрдөн байцаалтанд буцааж явсан замын камерын бичлэг, хамт архи уусан гэрч, У-ын гэрт байсан гэрч, өвсний эзэн Б-тэй уулзахад хамт байсан долоон хүнийг гэрчээр асуулгаж хэргийн үнэн зөвөөр олж шийдүүлмээр байна.

Би 2018 оны 10 дугаар сарын 12-нд цагдаагийн машин эрүүлжүүлэх байранд уулзсан. Тэрнээс хойш огт тааралдаагүй. 2018 оны 11 дүгээр сарын 12-нд ямар хэрэг үйлдсэнээ ойлгохгүй байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/340 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

... шүүгдэгч Б.М-д 2 жил 1 сар 03 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

... Анхан шатны шүүхийн шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хууль ёсны хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг хэлэлцэхэд ач холбогдолтой, хангалттай гэж үзэв.

 

Эдгээр хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэрэгт авагдсан дүрс бичлэгийн хуурцаг, үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Б-ий эзэмшлийн 46 боодол өвсийг зөвшөөрөлгүй нууцаар авч Б.У-ын өмчлөлийн 24-92 ОРХ улсын дугаартай бага оврын ачааны автомашинаар ачиж Б.У-ын хашаанд буулгаж 276.000 төгрөгийн хохирол учруулсан байна. Ингэхдээ шүүгдэгч Б.М нь 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хамт архи ууж байсан Б.З-гийн эгч үл таних С.Д-д “хямд өвс олох” шаардлага байгааг ашиглан надад 5000 төгрөгөөр зарах өвс байгаа гэж Б.З-гоор хэлүүлж утсандаа 10.000 төгрөгөөр нэгж хийлгүүлж, 40.000 төгрөг урьдчилгаа гэж аваад улмаар Б.З нь ах С.Д-г өвс ачилцаж өг гэж С.Д нь өөрийн бэр Б.У-ыг машинаараа өвс ачиж тус бол гэж гуйснаар тавуулаа Б.У-ын машинаар Б.М-ы зааж өгсөн хашаанд очиж түүний зааснаар хашаан дээгүүр нь давж орж өвс гаргаад ачаад Б.У-ын хашаанд буулгасан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэснийг  зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн зүйлчлэл болон гэм бурууд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй.

... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасны дагуу шүүгдэгч Б.М, Б.З, С.Д, Б.У, С.Д нартай хамт явсан гэдгийг нотлох үүрэгтэй.

Тодруулбал Б.М, Б.З-той өдөржин архи уусан. Б.У-ынд архи ууж байхдаа С.Д-д зодуулсан. Б.З салгаад гэрт хүргэж өгсөн. Маргааш нь өвс хулгай хийсэн гэдгийг Б.З, Б.У С.Д нараас мэдсэн. Б.З миний утсанд байсан нэгжээр архи авч уусан. Миний нэгжийг орой буцааж хийсэн. С.Д-с мөнгө аваагүй гэдгийг тэрээр гэрч, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэгтээ тодорхой тууштай зөрүүгүй мэдүүлж ирсэн.

Харин С.Д хямд өвс авах гээд нэгж, 40.000 төгрөгийг У-нд гудамжинд, З-р дамжуулан М-д өгсөн тухай олон янзаар мэдүүлсэн нь хавтаст хэрэгт байдаг. Эдгээр мэдүүлгийн алийг нь үнэн зөв нотлох баримт гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Бусад шүүгдэгч нар нь Б.М-ыг өвстэй хашаанаас өвс гаргаж шидсэн гэдэг боловч Б.М-ы гутал болон гарын хээ илрээгүй. Энэ байдлыг Б.М тайлбарлахдаа би хамт яваагүй, оролцоогүй учраас гарын хээ гутлын мөр илрэхгүй гэдэг. Б.З, С.Д, Б.У, С.Д нар өвс авахаасаа өмнө шатахуун авсан гэдэг.

Б.М хамт яваагүй гэж маргаж байгаа юм чинь шатахуун түгээх газар, зам дагуух дэлгүүр, цагдаагийн газрын камерын бичлэгийг хуулбарлан авч 24-92 ОРХ улсын дугаартай бага оврын ачааны автомашинд хэдэн хүн суусан байна, Б.М машины кабин дотор сууж байна уу, хэдэн цагийн үед хаанаас хаашаа чиглэлтэй хэдэн удаа зорчиж байна, өвс ачсан байна уу, ачаагүй байна уу, өвсийг хэдэн эгнээ ачсан зэргийг шалгаж тогтоох ажиллагаа огт хийгээгүй. Уг ажиллагааг хийснээр хэн хэн ямар үүрэг оролцоотой уг хэрэгт оролцсон, оролцоогүй гэдгийг тогтоох нь чухал.

2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл гэм буруугийн хэлбэр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шинжийг тогтоосон гэж заасны дагуу Б.М, 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хаана хэнтэй байсан гэдгийг тогтоох шаардлагатай.

Иймд хэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, хэрэгт ач холбогдол бүхий дээрх байдлыг шалган тогтоолгохоор Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны  өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.У-ын өмгөөлөгч М.Г тайлбартаа:

... Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нарт холбогдох хэрэгт Орхон аймгийн прокурорын газар яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар шүүх бүрэлдэхүүн хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж, нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлж дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч Б.У, Б.З, С.Д, С.Д нарыг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байна.

Нөгөөтэйгээр шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 1 дүгээр бүлгийн 1.3 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, мөн Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж тус тус заасны дагуу шүүгдэгч С.Д-гийн үйлдэл нь гэмт хэрэг болох нь тогтоогдохгүй тул түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй байна. Шүүгдэгч С.Д, Б.У, С.Д, Б.З нарыг гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэр, гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно гэж заасныг прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйл Гэмт хэргийн гүйцэтгэгч, 3.3 дугаар зүйл гэмт хэргийн зохион байгуулагч, 3.4 дүгээр зүйл гэмт хэргийн хатгагч, 3.5 дугаар зүйл гэмт хэргийн хамжигч гэж тус тус Эрүүгийн хуульд заасан хууль зүйн үндэслэлд шүүгдэгч нарын үйлдэл, оролцож буй үүргээр нь дүгнэх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад уг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, мөн мөрдөн шалгах ажиллагааг бүхий л байдлаар явуулж, бүх ажиллагааг хийсэн боловч гэм буруу тогтоогдоогүй болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэл бүхий байна.

 

Прокурорын газраас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь хэргийн бодит үнэнг тодруулаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд Хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан бол гэж заасан байдаг. Харин шүүгдэгч С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь Г.Б-н өвсийг хулгайлах бус Б.М-аас худалдан авч байгаа гэж ойлгож үйл явдал болдог тухайн цаг үед уулзацгаасан байдаг.

С.Д нь Б.М-тай ярилцаж хэлэлцсэний эцэст Б.М-ы утасны дугаар руу 10.000 төгрөгний нэгж шилжүүлж, 40.000 төгрөгийг урьдчилгаанд өгч, урьдчилгаанд нийт 50.000 төгрөг төлж үлдэгдэл өвсний төлбөрийг хөдөөнөөс авч ирсэн малын махаа зараад төлөхөөр болж тэр өдрийн шөнө дөө худалдан авч буй өвсийг очиж авсан хууль зүйн факт тогтоогддог.

Хэрэв өвсийг хулгайлах гэж байсан бол Б.М С.Д нарын хооронд өвс худалдах, худалдан авах хэлцэл хийгдэхгүй, ба С.Д, Б.М нарын хооронд  үйл ойлголцол болж зодоон болохгүй байсан.

Дээрх үйл явдал нь Б.М-аас яллагдагчаас дахин мэдүүлэг авсан мэдүүлгээр тогтоогдож байгаа болно. /хх-163 талд/

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 340 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.М, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Э нарын давж заалдах гомдлыг үндэслэн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх Б.М, С.Д, Б.У, Д.Д, Б.З нарт холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнөөс гадна шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Учир нь: Хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч  Б.М нь “...улсын яллагч Ц.М-с татгалзаж байна...” гэсэн хүсэлтийг гаргасан /4 дүгээр хх 137/ байх бөгөөд шүүгч түүний хүсэлтийг хангахаас татгалзаж 707 дугаартай захирамж гаргажээ.

Мөн шүүгдэгч нь “... шүүх бүрэлдэхүүнээс бүгдээс татгалзаж байна. Өөр аймгийн шүүхээр хэргээ шийдүүлэх хүсэлтэй байна...” гэсэн хүсэлт гаргасан /4 дүгээр хх 139/ байна.

Хэргийн оролцогч шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлтэй эсэхийг мөн хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлэхээр хуульчилсан байхад түүний хүсэлтийг шийдвэрлэлгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэжээ.

Түүнчлэн Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны шөнө Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад прокурор уг гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн гэж техникийн шинжтэй алдаа бүхий яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулж прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулсны дараа хэргийг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд прокурор Ц.М давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “ ... хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү ... ” гэсэн тайлбар гаргасан болно.

 

Түүнчлэн анхан шатны шүүх С.Д, Б.У, Д.Д, Б. З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт болох харилцан зөрүүтэй байхад зөвхөн шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэж, бусад гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой заагаагүй байна.

 

Энэ нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэлд хамаарах тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан ”... С.Д, Б.У, Д.Д, Б. З нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хүлээн авч, харин “...хэргийг дахин шалгаж өгнө үү...” гэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 340 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.З, Б.У, С.Д, Д.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурьдсан ”... С.Д, Б.У, Д.Д, Б. Золбоо нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй...” гэх хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                           С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                   М.ХҮРЭЛБААТАР

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 З.ХОСБАЯР