Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Отгонжаргал |
Хэргийн индекс | 156/2020/00276/И |
Дугаар | 156/ШШ2021/00346 |
Огноо | 2021-08-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 156/ШШ2021/00346
2021 оны 08 сарын 24
156/ШШ2021/00346.
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
156/2020/00276/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймаг, Өмнөдэлгэр сум, 6 дугаар баг, Булганы 7-12 тоотод оршин суух, Олхонод овогт Намсрайжавын Мөнхзул /РД:СР71051217/-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цэцэрлэгт холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхзул нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус байгууллагад 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс галчаар анх ажилд орж нийт 21 жил тасралтгүй ажилласан. Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай, тушаалаар галчийн албан тушаал татан буугдсан үндэслэлээр ажлаас халсан. ... Би ажиллаж байх хугацаандаа ажлын байрандаа зөрчил гаргаж байгаагүй. 2018 онд боловсролын үйлчилгээний шилдэг ажилтан болж байлаа. Иймд Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн хоёр тушаалыг хүчингүй болгож, галчийн ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 6 595 134 төгрөг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оноос Өмнөдэлгэр сумын цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байна. 2019 оны 10 сараас манай сум нэгдсэн халаалттай уурын зуухтай болж бүх байгууллага аж ахуй нэгж төвлөрсөн халаалтанд холбогдсон тул цэцэрлэгийн нам даралтын уурын зуух ажиллахгүй болж галч нарын орон тоо 2020 оны 01 дүгээр сараас хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай 6 галчид 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр албан тоотоор мэдэгдсэн юм. ...Халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдсон тул манаачийн орон тоо нэмэх, мэргэжлийн сантехникч ажиллуулах шаардлагатай болж, ажлаас чөлөөлөгдсөн П.Эрдэнэбилэг, Б.Баатарзоригт, Д.Ган-Эрдэнэ нарыг манаачаар, О.Наранхүүг сантехникчээр томилсон. Манай цэцэрлэгт одоо 5 манаач ажиллуулах боломжгүй тул дээрх шийдвэрийг гаргаж, Н.Мөнхзулыг ажлаас чөлөөлсөн. ...Иймээс хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Н.Мөнхзулын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Н.Мөнхзул, хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.Мөнхзул нь ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин 6 595 134 төгрөгийг гаргуулахаас 3 095 134 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цэцэрлэг нь Н.Мөнхзулд ажилгүй байсан хугацааны цалин 3 500 000 төгрөг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 9 сарын хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Мөнхзул нь хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Н.Мөнхзул нь ажилд эгүүлэн тогтоолгох болон ажилгүй байсан хугацааны цалин 6 595 134 төгрөг нэхэмжилснээс, 3 095 134 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цэцэрлэг нь Н.Мөнхзулд ажилгүй байсан хугацааны цалин 3 500 000 төгрөг, мөн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 9 сарын хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг зөвшөөрч талууд тохирсон нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46 017 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Н.Мөнхзулын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Цэцэрлэгт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 75 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92 034 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 46 017 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ