Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 226/МА2020/00010

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 6 сарын 03 өдөр          Дугаар 226/МА2020/00010                              Хэрлэн сум

 

  М-ын нэхэмжлэлтэй,

Ө цэцэрлэгт

холбогдох иргэний хэргийн талаар

 

 

226/2020/00010/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Б.Сүхгомбо, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Долгоржав,    

Нэхэмжлэгч М-, түүний өмгөөлөгч Б.Жавхлан,

Хариуцагч Ө цэцэрлэгийн эрхлэгч Г, түүний өмгөөлөгч Д.Оюунцэцэг нарыг оролцуулан

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 360 дугаар шийдвэртэй М-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө цэцэрлэгт холбогдох “ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэгийн давж заалдах гомдлоор 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие тус байгууллагад 1999 оны 12 дугаар сарын 01-ний өдөр галчаар ажилд орж, нийт 21 жил тасралтгүй ажилласан. Гэвч Ө цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 тушаалаар “бүтэц, орон тоо өөрчлөгдөж, галчийн албан тушаалыг цомхтгосон” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх чөлөөг минь зөрчсөн гэж үзэж байна. Би тухайн байгууллагад галчаар ажилладаг байсан боловч давхар жижүүрийн ажил үүргийг гүйцэтгэдэг байсан. Орон тооны цомхтголоор галчийн орон тоо хасагдсан боловч жижүүрийн орон тоо хасагдаагүй. Тухайн байгууллагад ажиллаж байсан 6 галчийн 5-ыг нь жижүүр, цахилгаанчин, сантехникчийн ажилд томилж үлдээсэн. Миний хувьд тухайн байгууллагад хамгийн удаан жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа бөгөөд ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл ажилд ороод удаагүй, 2019 онд сахилгын шийтгэл авч байсан, ямар ч мэргэжлийн үнэмлэх, зэрэггүй хүмүүсийг жижүүр, цахилгаанчин, сантехникчийн ажилд томилон авч үлдсэнд гомдолтой байна. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажлаас халагдсаны тэтгэмж олгох тухай заалтыг тусгаагүй бөгөөд надад ажлаас халагдсаны тэтгэмжийг одоо болтол өгөөгүй. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр дахин Б/01 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаал гаргаж үндэслэл хэсэгт нь “3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох тухай хуулийн заалт нэмсэн байсан. Өөрөөр хэлбэл намайг ажлаас чөлөөлсөн Ө эрхлэгчийн 1 дугаартай 2 өөр тушаал гарсан. Энэ хоёр тушаалын он, сар, өдөр, заалтууд нь өөр боловч хоёулаа хуулийн хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул би аль тушаалыг нь үндэслэж холбогдох байгууллагад хандахаа мэдэхгүй байна. Ажилтныг ажлаас чөлөөлөх бол өөрт нь сарын өмнө мэдэгдэх ёстой, гэтэл надад сарын өмнө хэлээгүй. Иймд цэцэрлэгийн орон тоонд цомхтгол хийгдэж дээд байгууллагын шийдвэр гарч миний ажлын байрыг цомхтгосон эсэхийг тогтоож өгнө үү. Мөн Ө эрхлэгчийн Б/01 дугаартай хоёр тушаалыг хүчингүй болгуулж, ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Ө цэцэрлэгийн эрхлэгч Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би 2009 оноос Ө цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа бөгөөд манай цэцэрлэг нам даралтын уурын зуухтай, 8 гэрийн галлагааг өглөө хийдэг байсан. М-ыг анх 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдөр галчийн албан тушаалд томилсон байсан. Мөн түүний эхнэр У цэцэрлэгт туслах багшаар ажилладаг.

            Галч нарыг жил бүр халаалтын улиралд буюу 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажиллуулдаг, зуны улиралд ажиллуулдаггүй, зарим нь өөрийн хүсэлтээр жижүүр, манаачаар ажилладаг байсан. 2019 оны 10 дугаар сараас манай сум нэгдсэн халаалттай уурын зуухтай болж бүх байгууллага, аж ахуй нэгж төвлөрсөн халаалтад холбогдсон тул цэцэрлэгийн нам даралтын зуух ажиллахгүй болж, галчийн орон тоо 2020 оны 01 дүгээр сараас хасагдсан. Ийнхүү галчийн орон тоо хасагдсан тул хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон тухай 6 галчид 45 хоногийн өмнө буюу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэж мэдэгдлийг би өөрийн биеэр гардуулж өгсөн. Мөн сумын Засаг даргад ажлаас халагдаж байгаа галч нарыг сумын нэгдсэн уурын зууханд авч ажиллуулах талаар албан бичгээр хүсэлт тавьсан. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс бүх галч нар сумын зууханд ажиллаж үзсэн. Гэхдээ манай байгууллагаас цалин өгч байсан. Төсвийн шууд захирагчийн хувьд би Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-т заасан бүрэн эрхийн хүрээнд батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан 2019 онд 35 орон тоотой, 2020 онд 36 орон тоотой байхаар орон тоог тогтоосон. Нийт ажилчдын орон тоо өссөн харагдаж байгаа хэдий ч үйлчлэх, гэрээт ажилтны орон тоо огт нэмэгдээгүй, харин гүйцэтгэх ажилтны орон тоо нэмэгдсэн. Иймээс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  тушаал гаргаж бүх галч нарын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж ажлаас чөлөөлсөн. Эхний тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 буюу тэтгэмжийн заалтыг орхигдуулсан тул тушаалаа засаж дахин тушаал гаргасан.  

            Халаалтын нэгдсэн сүлжээнд холбогдсоноор манаачийн орон тоог нэмэх, мэргэжлийн сантехникч ажиллуулах шаардлагатай болж галчаас чөлөөлөгдсөн Э, Б, нарыг манаачаар, Н-г сантехникчээр томилж ажиллуулсан. Н нь Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг төгссөн мужаан мэргэжилтэй, 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Хэнтий аймгийн Политехникийн коллежид сантехникчээр эчнээгээр суралцаж байгаа, урьд нь өөр аж ахуй нэгжид сантехникчээр ажиллаж байсан туршлагатай, манай байгууллагад 2016 оноос хойш галчаар ажилласан. Б 2016 оноос, Г  2014 оноос, У 2019 оны 8 дугаар сараас эхлэн одоог хүртэл, Э 16 гаруй жил тус цэцэрлэгт ажилласан.

М- нь хэдийгээр улирлын чанартай галчийн ажлыг 2000 оноос хойш олон жил хийсэн хэдий ч ажилд хойрго, идэвхгүй ханддаг, ажилдаа алдаа дутагдал гаргадаг, сантехникийн үнэмлэхтэй гэж байгаа ч мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгсөөгүй, хэд хоногийн курст хамрагдах байдлаар үнэмлэхтэй болсон, сантехникчээр ажиллаж байгаагүй. Ажлаас халагдсаны тэтгэмжийн хувьд 1 Covid-19 гарсантай холбогдуулаад цалингаас бусад зардлууд тавигдахгүй байгаа, тэтгэмж нь цалингийн сангаас гарддаггүй, өөр зардлаас гардаг учраас хойшлоод байна. Иймээс М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж үзэж байна гэжээ.

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр: Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ө сумын цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн  Б/01 дугаартай, М-ыг ажлаас чөлөөлөх тухай хоёр тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан галч (манаач)-ийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан Ө цэцэрлэгээс 1773163 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар М-ын эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлж, бичилт хийхийг Ө цэцэрлэгт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14582 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгож, хариуцагчаас 14582 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар тус тус заан шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунцэцэг давж заалдах гомдолдоо: М- нь 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “ажлаас үндэслэлгүй халагдсан тухай” гомдлоо гаргасныг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 443 дугаартай захирамжаар “нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу” гэсэн үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэгч нь 40 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 17-ны дахин нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасныг зөрчиж гомдол гаргасан байхад шүүх хүлээн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэсэн, шийдвэрийн үндэслэх хэсэгт анх гаргасан нэхэмжлэлийн талаар 30 хоногийн дотор гомдлоо гаргасан гэж дүгнэн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан асуудалд огт дүгнэлт өгөөгүй.

            Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Гэтэл нэхэмжлэлд бичсэн шаардлага нь “...жижүүр, цахилгаанчин, сантехникийн аль нэг ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжлэх” гэсэн байх бөгөөд ямар ажилд томилуулахыг хүсч байгаагаа тодорхой бичээгүй, ажилгүй байсан ямар хугацаанд хэдэн төгрөгийн цалин хөлс нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаагүй, галч, манаачийн ажилд тогтоолгох шаардлага гаргаагүй байхад шүүгч “ажлаас халах тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилж байна гэж ойлголоо зөв үү, ...галчаар ажиллаж байхдаа манаач, өөр ямар ажил хийдэг байсан бэ, ...6 галчаас ажилгүй хүн та л байна уу” гэсэн хөтөлсөн асуулт тавьж, үүнийхээ дагуу ажлаас чөлөөлсөн Б/02 тоот тушаалыг хүчингүй болгож, галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, нэхэмжлэлд бичсэн шаардлагын хүрээнд шийдвэрлээгүй гэж үзэж байна.

            М- нь галчийн албан тушаалд ажилласан байсан нь 2000 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. Харин галчийн орон тоо шаардлагагүй болж 6 галчийн орон тоо хасагдсан нь галч нарыг чөлөөлсөн тушаалууд, 4 манаачийг шинээр ажилд томилсон тушаалууд, Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “2019 онд төвлөрсөн уурын зуух баригдаж ашиглалтад орсон, төсвийн байгууллагын галч нарыг 11, 12 сард ээлжээр ажиллуулсан” гэсэн албан бичиг, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.3-т “төсвийн шууд захирагч нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаар багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох бүрэн эрхтэй” гэж заасныг баримтлан гаргасан Ө цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Б/01 тоот “цалин шинэчлэн тогтоох тухай” тушаал /галч гэсэн орон тоо тусгагдаагүй хасагдсан, манаач 4, сантехникч 1, нийт 33 орон тоотой байхаар тогтоосон/, аймгийн Боловсрол соёл урлагийн газраас ирүүлсэн тус цэцэрлэгийн 2019, 2020 оны ажилчдын орон тоог баталсан хуваарь /гэрээт ажилтан 4, үйлчлэх ажилтан 12, үүнд галч гэж тухайлан тусгаагүй/ зэрэг баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх “...галчийн орон тоо хасагдсан тухай шийдвэр байхгүй, орон тоо хассан, цөөрүүлсэн, татан буугдсан үндэслэл харагдсангүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн “манаачаар 4, сантехникчээр 1 хүнийг ажиллуулах тушаал гаргасан, М-ыг ажилд нь эгүүлэн томилоогүй нь Үндсэн хуулийн 14.2-т заасныг зөрчиж, хөдөлмөрлөх эрхэд халдсан” гэх мэтээр М-аас бусад хүмүүсийг шинээр ажилд томилсон тушаалтай холбогдуулж дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй юм. 2020 оны батлагдсан орон тоо болох 4 манаачийн орон тоонд шинээр ажилтан томилохдоо ямар шаардлага хангасан хүнийг сонгож авах нь Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11.1.2-т “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх” гэж заасан эрхлэгчийн бүрэн эрхийн асуудал юм. М- тус цэцэрлэгт хамгийн олон жил ажилласан хэдий ч байгууллагадаа эрхэлж байгаа ажлаараа амжилт, үр бүтээл гаргаж шагнуулж байгаагүй, зөвхөн спорт, урлагийн тэмцээнээс л өргөмжлөл, шагнал авч байсан нь нэхэмжлэгчээс бүрдүүлж өгсөн шагналын баримтууд, гэрч У-н “20 жил ажилласан ...байгууллагын аварга болоогүй ...тэргүүний ажилтныг хамт олон дотроо ярьж байгаад тодорхойлдог” гэсэн мэдүүлэг зэргээс харагддаг.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан байхад шүүх “...37.1.1-д зааснаар харилцан тохиролцож гэрээг дуусгавар болгосон үйл баримт нотлогдсонгүй” гэж буруу ташаа ойлгож дүгнэсэн, мөн М- нь галчийн албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулсан, галчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад “галчаар тогтмол ажиллаагүй, галлагаа зогссон үед жижүүрээр ажилласан нь гэрч Баатарзоригийн мэдүүлэг, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна” гэсэн нь нотлох баримтыг буруу үнэлж, илт үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Хэрэгт М-ыг манаачаар томилсон тушаал, манаачаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээ огт байхгүй, хариуцагч, гэрч нар зуны цагт ээлжийн амралтаа авдаг, зарим үед манаачаар түр ажилладаг талаар тайлбарласныг гуйвуулж ийнхүү манаач, галчаар хавсран ажиллаж байсан дүгнэн галч, манаачийн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2, 69.1-д заасан “хууль бусаар халсан гэж үзвэл зөвхөн урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох” заалттай нийцэхгүй байна.

            Цэцэрлэгчийн эрхлэгч Г- нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 6 галчийг өрөөндөө дуудаж уулзан “ажлаас чөлөөлөх тухай” мэдэгдлийг өөрөө гардуулж өгсөн, уг мэдэгдэлд галчийн орон тоо татан буугдах болсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар мэдэгдэж байгаа тухай дурдсан зэргээс үзэхэд хөдөлмөрийн гэрээ цуцлах болсныг галч нар бүгд мэдсэн, хуулийн дагуу мэдэгдэл хүлээн авсан гэж үзэхээр байна. Гэтэл шүүх 30 хоногийн өмнө мэдэгдэж, дараагийн ажлаа хайх талаар тайлбарлаж, гарын үсэг зуруулаагүй хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуульд дараагийн ажлын байраа хайх талаар тайлбарлана гэсэн заалт байхгүй, харин 30 хоног, 45 хоногийн өмнө мэдэгдэх тухай заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг зөрчиж тэтгэмж олгоогүй гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч “Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг нэмж оруулсан тушаал гаргасан, вирус өвчний улмаас зөвхөн цалин олгогдож байгаа, тэтгэмж нь цалингийн сангаас гардаггүй, өөр зардлаас гардаг тул өгөөгүй” гэж тайлбарладаг ч шүүхээс үүнийг анхаарч үзээгүй, мөн тэтгэмж гарт нь олгох эсэх, хэзээ олгох нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй.

            Ө цэцрэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 тоот тушаалд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтад нийцсэн, цэцэрлэгийн зүгээс 5 манаач ажиллуулах боломжгүй, галчийн орон тоо одоо байхгүй. Шүүх хариуцагчийн зүгээс бүрдүүлж өгсөн нотлох баримтуудыг үнэлж үзэлгүй, зөвхөн нэг талыг барьж, хариуцагчийг нотлох үүргээ биелүүлээгүй гэх мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж, зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, гаргасан баримтыг нь үндэслэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч М- нь Ө цэцэрлэгт холбогдуулан “ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргажээ.

            Ө цэцэрлэгийн эрхлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар М-ыг уурын зуухны галчийн үүрэгт ажлаас чөлөөлжээ /хх-ийн 7 хуудас/.

            Анхан шатны шүүх “М-ыг  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй гэж дүгнэсэн атлаа 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн гомдлын хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.

            Шүүхээс М-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хэзээ гардуулсан нь тодорхойгүй байх тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч гомдлоо хуулийн хугацаанд гаргасан эсэхийг дүгнэх боломжгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Улсын тэмдэгтийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ШШ2020/00360 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.5-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

.

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ДЭНСМАА

                                     ШҮҮГЧИД                                           Б.СҮХГОМБО

                                                                                                    Я.АЛТАННАВЧ

 

 

.