| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0009/Э |
| Дугаар | 0013 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 0013
Б.Ү-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.О
Шүүгдэгч Б.Ү
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ү-д холбогдох, эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Н овогт Б-ын Ү
Б.Ү нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах сэтгэцэд нөлөөт ургамлыг 2019 оны 8 дугаар сард Булган аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрээс худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, 9 дүгээр сарын 9-ний өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Н овгийн Б-ын Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү-ыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ү нь тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Б.Ү нь тэнссэн хугацаанд шүүхээс хязгаарласан хязгаарлалтыг зөрчих, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтаар хураагдсан Орхон аймгийн цагдаагийн газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 11,2229 грамм өвс мэт зүйл, хуйлж ороосон 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, шүдэнз 1 ширхэг, ороосон тунгалган цаас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.О эсэргүүцэлдээ:
“ ... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ү-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэр, сэдэлт хандлага зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзаж үзээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигт дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийн зорилго, хууль ёсны зарчимд нийцээгүй байна.
Учир нь шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухйалан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно. Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор...” тус тус заасан байхад хохирол учраагүй, хор уршиг арилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил нь Монгол Улсын үндэсний эрх ашиг, тэр дундаа залуу үе, нийгмийн ухамсар, хүн амын эрүүл, аюулгүй байдалд хор хохирол үр дагавар нь үүсэж байдаг тул тухайн төрлийн гэмт хэргийн хохирол, хор уршиг, үр дагаврыг нийтлэг эрх ашигт аюул учруулж болох нөхцөл байдлаар үнэлж дүгнэх учиртай. Харин материаллаг, эсхүл өртгөөр үнэлэгдэх хэлбэрээр хохирол, хор уршгийг тодорхойлох нь хууль зүйн хувьд алдаатай болно.
Мансууруулах бодисын нийгэмд учруулж буй хор хохирлыг шүүх эрх мэдлийн байгууллагаас ял, хариуцлагыг адил тэнцүү, нэг мөр сонгож хэрэглэснээр төрийн бодлогын агуулга тодорхойлогдоно.
Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд өөр өөрөөр тайлбарлаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэх хадгалах, худалдах төрлийн гэмт хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд үл нийцнэ.
Иймд Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.O дүгнэлтдээ: “...эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын прокуророос Б.Ү-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх Б.Ү-ыг дээрх зүйл, хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Б.О эсэргүүцэл бичсэн байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Ү-д холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Б.Ү-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хангалттай тогтоогдоогүй байхад “... шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан ... ” гэж дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай зохицуулалтыг хэрэглэх үндэслэлд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал хамаарахаар хуульчилсан
.
“Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал” гэсэн ойлголтонд тухайн хүний зан төлөв, ёс суртахууны байдал хамаарах бөгөөд Б.Ү-ын зан төлөв, ёс суртахуун болон өмнө нь энэ төрлийн бодис хэрэглэж байсан эсэх талаар гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа огт хийгдээгүй, 2015 онд төгссөн сургуулийн анги удирдсан багшийн тодорхойлолт нь цаг хугацааны хувьд түүний хувийн байдлыг тогтооход ач холбогдолгүй гэж үзнэ.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ү нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүүгийн хамт амьдардаг” гэсэн боловч /хх 12/, харин яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...ам бүл 2, эмээгийн хамт амьдардаг...” /хх 31/ гэж өөрийн ам бүлийн талаар зөрүүтэй мэдүүлсэн байхад прокурор нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн зохион байгуулагч Б.М-н гаргасан “ ... ам бүл 2 ... ” гэж хэнтэй хамт амьдардаг нь тодорхойгүй тодорхойлолтыг үндэслэн яллах дүгнэлтдээ “ам бүл 2, эмээгийн хамт“ гэж засвар оруулж бичсэн зэргийг харьцуулан дүгнэвэл Б.Ү нь хэн хэнтэйгээ хамт амьдардаг болох нь тодорхой тогтоогдоогүй байна.
Түүнчлэн шүүгдэгч нь “... одоогоос нэг сар гарангийн өмнө Говил багт амьдардаг И гэх нэг найзтайгаа хамт нэг л удаа сонирхож татаж үзсэн. Бид хоёр Говил багийн гэр хорооллын жалга гудамжнаас уг өвс ургамлыг олж хараад бага зэрэг түүж анх удаа татаж үзсэн ... миний биеэс гарч ирсэн өвсний нэрийг “Мариухан” гэх нэртэй, мансууруулах төрлийн ургамалд тооцогддог гэсэн ... Ганц хоёр найз нөхөд маань надад ийм нэртэй ургамал гэж ярьж байсан...” гэж мэдүүлсэн /хх 13/ мөртлөө яллагдагчаар “...би айгаад худлаа хэлсэн. И хамаагүй...” гэж урьд өгсөн мэдүүлгээ үгүйсгэсэн мэдүүлэг өгсөн байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн, түүнийг гэмт хэрэг үйлдэхэд өөр бусад этгээд хамтран оролцсон эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай байна.
Дээр дурьдсан асуудлуудыг нарийвчлан тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд шүүх түүнд хуульд заасан хариуцлага тооцоход онцгой ач холбогдолтой юм.
Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокурор Б.О үйлдсэн яллах дүгнэлтийнхээ хавсралтын 4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, яллагдагч нь бусдад төлөх төлбөргүй” гэж бичсэн атлаа шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн эсэргүүцэлдээ “... анхан шатны шүүх хохирол учраагүй, хор уршиг арилсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна... ” гэсэн нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд дурьдагдсан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ