Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2045

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ю б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/015161 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Ю б м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 522 000 ам.доллар буюу 933 121 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т, Я.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ю б м” ХХК нь “Т Т Ж В С Ө” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Н.Беларус улсын Бельшина /Belishina/ үйлдвэрийн Бел-160D маркийн, 46/90-57 размерийн, 12 ширхэг хүнд даацын, уул уурхайн зориулалттай автомашины дугуйг нэг бүрийн үнэ нь 43 500 ам.доллар байхаар гэрээлж нийт гэрээний үнийн дүн 522 000 ам.доллараар НӨАТ багтаагүй /нэг дугуйн үнэ 43 500 ам.доллар НӨАТ-гүй/ нийт 12 ширхэг 522 000 ам.доллар НӨАТ-гүй худалдах худалдан авахаар тохиролцсон. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацааг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс байхаар талууд тохирч гэрээний 1 дэх хэсэгт тусгасан. “Ю б м” ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, олон улсын стандартыг хангасан 46/90-57 размерийн, уул уурхайн 220-240 тонн даацтай автомашинд зориулагдсан дугуйг нийлүүлж, “Т Т Ж В С Ө” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч өөрийн Terex MT4400 LC маркийн автомашины талаар интернетээс мэдээлэл авахад уг машин 218 метрик тонн даацтай гэсэн тул хариуцагчид Бел 160Д маркийн 220 тоннын даацтай дугуйг санал болгосон. Хариуцагчид нэхэмжлэгч компани бүх дугуйныхаа коталогийг үзүүлсэн, өөрийн техниктэй таарах дугуйг нэхэмжлэгч өөрөө сонгосны үндсэн дээр Бел 160Д 220 тн даацтай дугуйг сонгосон.Граж дугаар №18, №19, №20 дугаартай техникүүдийн хойд тэнхлэгт тус бүр 4 ширхэгийг сууриулуулсан юм. Худалдах, худалдан авах гэрээнд заасан нөхцөлийн дагуу мөн дугуйн доод талд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах мөн дугуйн халалт, даралтын аюулгүй ажиллагааг зохицуулах зориулалт бүхий Schrader брендийн дугуйн хийн даралт, температур мэдрэгч системээр тоноглож өгсөн юм. Ийнхүү 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авагч талд гэрээнд заасан нөхцөл, стандартад бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн болно.Худалдах, худалдан авах гэрээний 4 дэх хэсэгт барааг хүргүүлж, тохируулсны дараа жар /60/ хоногийн хугацаа дотор Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, түвшинг үзэж доголдолтой бол Худалдагч талд албан ёсоор мэдэгдэх ёстой байхаар заасан бөгөөд мэдэгдлийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлсон байхыг шаардсан байна. Уг нөхцөл шаардлагыг худалдан авагч нь дагаж биелүүлээгүй бол бараа бүтээгдэхүүнийг эргэж буцалтгүй авсанд тооцохоор тусгасан. Нэхэмжлэлд дурьдсанчилан 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр барааг хүлээлгэн өгч суурилуулан тохируулснаас хойш 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Худалдан авагч талаас манай компанид худалдан борлуулсан бүтээгдэхүүний талаар ямар нэгэн санал гомдол болон бусад доголдолтой байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй учир 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу бараа бүтээгдэхүүний үнэ болох 522 000 ам долларыг нэхэмжилсэн болно. Гэтэл худалдан авагч тал гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 522 000 ам доллар буюу 933 121 980 төгрөг /2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ханш 1 752,59 төгрөг тооцов/, улсын тэмдэгтийг хуульд заасан журмын дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т Т Ж В С Ө” ХХК нь “Ю б м” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “Ю б м” ХХК манай компанийн шаардлагад нийцэх Бел-160Д гэсэн 12 ширхэг хүнд даацын уул уурхайн дугуйнууд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шаардлага хангасан болон Макмахон группын ашиглалт, хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Дугуйнууд амжилттай хүргэгдэж, дугуйг сууриулуулсан өдөр нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр гэж талууд харилцан тохиролцсон. Түүнчлэн гэрээний дагуу сүүлийн суурилуулалт өдөр нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байсан тул туршилтын хугацаа 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан. “Т Т Ж В С Ө” ХХК нь дугуй тус бүрийн даацын дээд хэмжээ нь 56 500кг, МТ4400АС ачааны машины хойд талын тэнхлэгийн даац нь 65 685 кг байх шаардлагаа тодорхой заасан. Гэтэл “Ю б м” ХХК нь худалдан авагчид Бел-160D гэх бүтээгдэхүүн гэж түүний шаардлагад нийцсэн гэж нийлүүлж худалдан авагчийг худалдан авахыг хүссэн буюу шаардалагад нийцэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтээ хайхрамжгүй хандсан. Харамсалтай нь нийлүүлсэн дугуйны хэрэглээний хүчин чадал 16 хувиар буурсан үзүүлэлтэй байсан. Гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу Худалдан авагч буюу “Т Т Ж В С Ө” ХХК нь барааг нийлүүлж, суурьлуулсан өдрөөс жар /60/ хоногийн дотор нийлүүлсэн бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, стандарт зэргийг шалгаж аливаа илэрсэн доголдлыг бичгээр мэдэгдэх ба тэрхүү бичгэн мэдэгдэлд илэрсэн нөхцөл байдлыг нарийвчлан заах үүрэгтэй. “Т Т Ж В С Ө” ХХК нь энэхүү үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч “Ю б м” ХХК-д доор дурьдсан буюу доод тал нь 4 тохиолдолд мэдэгдсэн. Үүнд:

1. Сайт дээр 2013 оны 12 дугаар сарын 24-ний уулзалтын үеэр “Ю б м” ХХК-д дугуйнууд халсан тохиолдлууд болон үүнд их санаа зовниж байгаа талаар мэдэгдсэн

2. “Т Т Ж В С Ө” ХХК-ийн оффис дээр 2013 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болсон уулзалтанд “Т Т Ж В С Ө” ХХК-ийн бэлтгэсэн дэлгэрэнгүй тайланг “Ю б м” ХХК-д гаргаж өгсөн. Тус тайланд нийлүүлсэн дугуйнууд ихээр халж байсан тул аюулгүй байдлыг хангах үүднээс сайт дах инженерүүдийн тээврийн хэрэгслүүдийн дугуйг ашиглаж болох хүртэлх хугацаанд зогсоож байсан нь Макмахон компанийн шаардлагад нийцээгүй талаар тайлбарласан. Энэ нь уурхайн тээвэрлэлтээс үүдэлтэй үйлдвэрийн алдагдалд хүргэсэн

3. Макмахон компанийн оффис дээр буюу 02 дугаар сарын 05-ны өдөр болсон уулзалтын үеэр туршилтын хугацаанд илэрсэн доголдлууд болон нэгдүгээр сард гаргасан тайланд тодорхой заасан шалтгааны улмаас нь Макмахон компани дугуйг хүлээн авахаас татгалзаж байгаагаа тайлбарласан болно.

4. Түүгээр ч барахгүй “Т Т Ж В С Ө” ХХК болон “Ю б м” ХХК нар 2014 оны 02 дугаар сарын 13-нд дахин уузаж “Т Т Ж В С Ө” ХХК дугуйны туршилт амжилтгүй болсон буюу дугуйг хүлээн авахгүй гэдгээ дахин мэдэгдсэн. Үүний дараагаар буюу 2014 оны 02 дугаар сарын 14-нд дугуйн туршилт амжилтгүй болсон талаар “Ю б м” ХХК-д албан бичиг илгээсэн. Худалдан авагч “Т Т Ж В С Ө” ХХК нь “Ю б м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Бид байгуулсан гэрээний дагуу холбогдох шаардлагыг удаа дараа тавьж, бүтээгдэхүүний чанарын доголдлыг удаа дараа мэдэгдэж мэдээлж байсан. Туршилтын хугацаанд “Ю б м” ХХК нь өөрсдийн амласан болон гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 933 121 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ю б м” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 883 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК-иас 4 823 560 төгрөгийг нэхэмжлэгч “Ю б м” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч Ж.Мягмаржав, И.Базаррагчаа, Д.Бадрах нарын ажлын хөлс 933 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан шинжээч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуушинжээчийн зардалд гарсан зардал 933 000 төгрөгийг хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 01561 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлын гаргаж байна.

1. Дугуй худалдах, худалдан авах гэрээ

“Ю б м” ХХК ба “Т Т Ж В С Ө” ХХК-ийн хооронд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дугуй худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр эсэх дээр талууд маргадаггүй, маргаагүй, зөвшөөрсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

2. Худалдах, худалдан авах гэрээний зүйл

“Ю б м” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр 46/90-57 размерын 220-240 тонны даацтай халалт хэмжигчтэй хүнд даацын өөрөө буулгагчийн 12 ширхэг дугуйг нэг бүрийн үнэ нь 43 000 ам.доллар, нийт 522 000 ам.доллараар нийлүүлэх, “Т Т Ж В С Ө” ХХК нь дугуйнуудыг суурилуулснаас хойш туршилтын 60 хоногийн хугацаанд туршиж хэрэв шаардлагад нийцэж байвал гэрээгээр тохирсон 522 000 ам.долларын төлбөрийг шилжүүлж худалдан авахаар тохиролцсон. Тадууд гэрээний зүйл, гэрээний үнэ, төлбөр төлөх болзол, нөхцөл дээр маргадаггүй, маргаагүй, зөвшөөрсөн. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа.

3. “Ю б м” ХХК нь 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн үйл явдал.

“Ю б м” ХХК нь худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсоноос өөр даацын дугуй буюу 220-240 тонны даацтай бус 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн. “Ю б м” ХХК нь гэрээг тохиролцоогүй төрлийн дугуй нийлүүлсэн гэдэг дээр маргадаггүй, маргаагүй, зөвшөөрсөн. “Ю б м” ХХК нь 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа.

4. Дугуй суурилуулсан үйл явдал

“Т Т Ж В С Ө” ХХК нь “Ю б м” ХХК-ийн нийлүүлсэн дугуйг өөрийн эзэмшлийн 3 ширхэг Terrex 4400 маркийн өөрөө буулгагч дээр суурилуулсан. “Ю б м” ХХК-ийн нийлүүлсэн 12 дугуйны 4 ширхгийг №18 дугаартай Terrex 4400 дээр 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр суурилуулж 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр задалж өөр дугуйгаар сольсон, 4 ширхгийг №19 дугаартай Terrex 4400 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр суурилуулж 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр задалж өөр дугуйгаар сольсон, 4 ширхгийн 2 дугуйг 20 дугаартай Terrex 4400 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, 2 дугуйг 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр суурилуулж 2014 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр задалж өөр дугуйгаар сольсон. Талууд дээрх үйл явдалтай маргадаггүй. “Ю б м” ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн дугуйнуудыг угсарч суурилуулсан болон задалж өөр дугуйгаар сольсон нотлох баримт хэрэгт авагдсан.

5. Хариуцагчийн уурхайн талбай дээр нэхэмжлэгчийн инженер туршилтын хугацааны туршид ажиллаж тэмдэглэл хөтөлж байсан.

“Ю б м” ХХК-аас “Т Т Ж В С Ө” ХХК-ийн уурхай дээр гэрээнд заасан туршилтын хугацааны туршид инженер байж тэмдэглэл хөтөлж байсан талаар талууд маргадаггүй.

6. Дугуйны халалт нь дугуйны доголдол бус доголдолтой барааны үр дагавар.

Дугуйн халалт нь доголдол бус доголдолтой бараа буюу гэрээнд тохирсон даацын дугуй нийлүүлээгүйн улмаас хариуцагчийн ачих ачааны даацыг дийлэхгүй их хэмжээний халалт өгсөн. Шннжээчийн дүгнэлтээр 220 тонны даацтай дугуйтай машин дээр 220 тонноос илүү ачаа ачихад дугуй хална гэдэг нь тогтоогдсон.

Талуудын маргаж буй үйл явдал, баримт

1. Туршилтын хугацаа тоолох аргачлал.

Дугуй худалдах, худалдан авах гэрээний дагуу дугуй нийлүүлэгдэж суурилуулагдснаас хойш туршилтын 60 хоногт тооцно гэж заасан боловч “Ю б м” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нийлүүлсэн бүх 12 дугуйг хулээлгэн өгснөөр суурилуулагдсан гэж үзэж туршилтын 60 хоногийг уг өдрөөс эхэлж тооцож 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр туршилтын хугацааг дуусгавар болгосон талаар нэхэмжлэлдээ дурдсан. Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд дугуй суурилуулагдсан өдрөөс туршилтын хугацаа тоолж эхлэхээр заасан бөгөөд “Т Т Ж В С Ө” ХХК нь “Ю б м” ХХК-ийн нийлүүлсэн дугуйнуудыг хэзээ суурилуулсан, хэзээ задалсан талаар шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдоно. Мөн туршилтын бүх хугацааны туршид “Ю б м” ХХК-аас инженер байлцаж тэмдэглэл хөтөлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй.

2. “Ю б м” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй бараа нийлүүлсэн.

“Ю б м” ХХК нь дугуй худалдах, худалдан авах гэрээгээр тохиролцсон 12 ширхэг дугуй нийлүүлсэн буюу биет байдлын доголдолгүй бараа нийлүүлсэн талаар нэхэмжлэлдээ дурдсан. Талууд дугуй худалдах, худалдан авах гэрээнд “Ю б м” ХХК-аас нийлүүлэгдэх дугуй ямар хэмжээтэй байх, ямар даацтай байх талаар тохиролцсон буюу 220-240 тонны даацтай байхаар тохирсон. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т “Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, ...үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй” гэж заасан. Гэтэл “Ю б м” ХХК нь 200-220 тонны даацтай дугуй нийлүүлсэн байгаа нь дугуй худалдах, худалдан авах гэрээнд заасан талуудын тохирсон дугуй биш байна.

“Ю б м” ХХК-ийн нийлүүлсэн дугуй нь Иргэний хуулийн 251 дугаар зүйлийн 251.1-т заасан хуулийн шаардлагыг хангахгүй байгаа үндэслэлээр нийлүүлсэн бараа нь биет байдлын доголдолтой гэж үзнэ.

Шинжээчийн дүгнэлтээр “Ю б м” ХХК-ийн нийлүүлсэн дугуй нь 200-220 тонны даацтай байгаа нь хариуцагчийн худалдан авах хүсэлтэй байсан 220-240 тонны даацын дугуйны шаардлага хангахгүй гэж тогтоосон. Энэ нь нотлох баримтаар тогтоогдсон. Нийлүүлсэн дугуйны даац нь бага байгаа учраас ачаатай үед дугуй нь хэт халж, үүний улмаас дугуй хөрөхийг хүлээх шаардлага бий болж нэхэмжлэгчээс нийлүүлэгдсэн дугуйнууд суурилагдсан машинууд сул зогсолт ихтэй байсан.

3. “Ю б м” XXК нь доголдолтой бараа нийлүүлсэн талаар хэлээгүй, худалдан авагчаас мэлэгдэл ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийлүүлсэн дугуйнуудын биет байдлын доголдлын талаар мэдээгүй, худалдан авагч бидэнд мэдэгдээгүй гэдэг. Гэтэл “Ю б м” ХХК-ийн инженер томилолтоор худалдан авагчийн уурхайн талбай дээр очиж туршилтын хугацааны туршид тэмдэглэл хөтөлж байсан талаар нэхэмжлэгч өөрөө хэлж байсан. Мөн худалдан авагчийн ажилтан Роберт Сиберрасаас 2013 оны 12 дугаар сарын 24-ний өдөр уурхайн талбай дээр нэхэмжлэгчийн дэд захирал Леонид Слободскийтэй уулзалт хийсэн бөгөөд энэ талаар дээд удирдлагад явуулсан цахим захиа явуулсан. Уулзалтын үед Леонид Слободский нь “дугуйнууд 220 тонн ачаа ачих чадалтай бөгөөд өндөр температур нь дугуйн ачаалал хэтэрснээс үүсэлтэй, багасгасан даацаар ачаа ачуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвлөсөн” талаар тусгасан. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нь нийлүүлсэн дугуй нь талуудын гэрээнд тохирсон даацын хэмжээнд хүрэхгүй байгаа буюу доголдолтой бараа нийлүүлсэн талаар мэдэж байсан гэдэг нь тогтоогдож байна.

4. Худалдан авагч нь туршилтын хугацаанд албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй.

“Ю б м” ХХК нь хариуцагчийг доголдолтой барааны талаар албан ёсны мэдэгдэл ирүүлээгүй тул гэрээгээр төлөх төлбөрийг төлөх ёстой гэдэг байр суурьтай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэдий доголдолтой бараа ннйлүүлсэн талаар мэдэж байсан ч худалдан авагчийн зүгээс туршилтын хугацаанд албан ёсны мэдэглэл ирүүлээгүй төлбөр шаардах эрхтэй гэж үзэж байна.

Гэрээнд мэдэгдэх гэж заасан байдаг ч мэдэгдлийг утсаар ярьж, мессэж, мэйл, амаар, бичгээр буюу мэдэгдэл хүргэх арга замыг талууд тохироогүй. Тиймээс нэхэмжлэгчийн томилолтоор ажиллаж байсан ииженерийн тэмдэглэл, талуудын хийсэн уулзалтын тэмдэглэл зэргээр худалдан авагч нь доголдолтой бараа худалдан авахаас татгалзаж байгаа мэдэгдлийг хүргэсэн гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч доголдолтой бараа нийлүүлсэн ч худалдан авагч нь туршилтын хугацаанд мэдэгдээгүй тул доголдолтой барааны төлбөр төлөх үүрэгтэй.

“Ю б м” ХХК нь доголдолтой бараа нийлүүлсэн гэдгийг мэдэж байсан атлаа худалдан авагч туршилтын хугацаанд албан ёсны мэдэгдэл ирүүлж худалдан авачаас татгалзаж байгаагаа мэдэгдээгүй тул доголдолтой бараагаа худалдан авах үүрэгтэй гэж нэхэмжлэлдээ дурдсан. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагчийн үүрэгтэй харшилж байна. Мөн Иргэний хуулмйн 257 дугаар зүйлийн 257.1 дэх хэсэгт “Ямар нэгэн доголдолтой эд хөрөнгийг худалдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй байх, эсхүл хүлээх хариуцлагыг хязгаарлахаар талууд тохиролцон гэрээнд зааж болох боловч худалдагч нь эд хөрөнгийн доголдлыг зориуд нуун дарагдуулсан бол уул тохиролцоо хүчин төгөлдөр бус байна.” гэжээ.

Иймд “Ю б м” ХХК нь анхнаасаа доголдолтой бараа нийлүүлж туршилтын хугацаанд худалдан авагчийн зүгээс гомдол мэдүүлээгүй үндэслэлээр доголдолтой барааны төлбөрийг шаардах эрхгүй байна.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гэрээгээ цуцлах боломжтой байсан бөгөөд цуцлаагүй талаар тайлбар гаргажээ.

Талуудын хооронд байгуулсан дугуй худалдах, худалдан авах гэрээ нь болзол тавьсан гэрээ юм. Хэрэв худалдан авагчийн шаардлагад нийцэж байгаа эсэхийг туршилтын хугацаанд судалж хэрэв нийцэж байгаа бол төлбөр төлөх, нийцэхгүй бол төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө. Туршилтын хугацаанд “Ю б м” ХХК-ийн ниилүүлсэн дугуй нь худалдан авагчийн шаардлагыг хангахгүй байгаа, түүнийг ашиглах нь эдийн засгийн хувьд алдагдалтай тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасны дагуу худалдан авахаас татгалзсан.

Иймээс талуудын гэрээгээр тохирсон төлбөр төлөх болзол нь хангагдаагүй. Худалдан авагчийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй байхад гэрээг цуцлах шаардлага гарахгүй.

7. Худалдагч нь нийлүүлсэн 200-220 тонны даацтай дугуй нь 220-240 тонны даацтай ачаа даах талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй, үүнийг нотлоогүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 220-240 тонныг 218 метрик тонн руу хөрвүүлж өөрсдийн нийлүүлсэн дугуйны даац болох 200-220 тонны даацад тохирно гэж төөрөгдөлд оруулж байна. Хэрэв 220-240 тонны даацыг 218 метрик тонн руу хөрвүүлсэн бол 200-220 тонны даацыг мөн л метрик тонн руу хөрвүүлж тооцох ёстой. 200-220 тонныг метрик тонн руу хөрвүүлэхэд 218 тонноос бага буюу 199.5 тонн гарна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон нотлох баримтыг ирүүлэх үүрэгтэй.

Худалдагч нь өөрийн нийлүүлсэн 200-220 тонны даацтай дугуй нь 220-240 тонны ачаа даах чадвартай талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй бөгөөд хэрэгг авагдаагүй байна. Тиймээс “Ю б м” ХХК-ийн нийлүүлсэн 200-220 тонны даацтай дугуй нь гэрээний зүйл болох 220-240 тонны даацын дугуй мөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Иймд дээрх үндэслэлээр “Ю б м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч “Ю б м” ХХК нь хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 522 000 ам.доллар буюу 933 121 980 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна.

 

Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Бельшина маркийн дугуй худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан ба гэрээгээр нэхэмжлэгч нь Б.Н.Беларус улсын Бельшина /Belishina/ үйлдвэрийн Бел-160D маркийн, 46/90-57 размерын, 12 ширхэг хүнд даацын, уул уурхайн зориулалттай автомашины дугуйг нэг бүрийн үнэ нь 43 500 ам.доллар байхаар нийт 522 000 ам.доллараар худалдахаар, хариуцагч 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 60 хоногийн хугацаанд төлбөрийг төлөхөөр тус тус тохиролцсон ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ. /хэргийн 1 дэх хавтас 6-10 дугаар тал/

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн дугуйны тоо ширхэгийн талаар маргаагүй, харин гэрээгээр тохиролцсон хэмжээ, чанарыг хангаагүй дугуй нийлүүлсэн буюу эд хөрөнгийн доголдолтой эсэх талаар маргаж байна.

 

Талууд 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр уг гэрээний хэрэгжилтийг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж, 60 хоногийн туршилтын хугацаа дууссанаар дуусгавар болгохоор, туршилтын хугацаанд дугуй болон шрэйдер дугуйны даралтын хяналтын системийг нийлүүлж, Макмахон засвар үйлчилгээний менежерийн удирдлага дор дугуйнуудыг Таван толгойн уурхайн талбар дахь МТ4400 авто самосвалд нийлүүлж, шрэйдер дугуйны даралтын хяналтын системийг сольж тавьснаар туршилтын хугацаа эхлэхээр, худалдан авагч нь барааг хүлээн авмагц шалгаж үзэхээр, барааг хүргүүлж, тохируулсны дараа 60 хоногийн хугацаанд худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, түвшинг үзэж хор хохирлын талаар нэхэмжилж худалдагч талд мэдэгдэхээр харилцан тохиролцжээ.

 

Хэрэгт цугларсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний зүйл болох Бел-160Д маркийн дугуйг граж 18 машинд 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 3, 4, 5, 6 дугаар байрлалд, граж 19 машинд 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3, 4, 5, 6 дугаар байрлалд, граж 20 машинд 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3, 4, 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 5, 6 дугаар байрлалд суурилуулсан болох нь тогтоогдож байна. Хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК гэрээнд заасан дугуйг нийлүүлэгдснээс хойш эдгээр дугуйны талаар гомдлын шаардлага эсхүл дугуйг буцаан өгөх талаар шаардлага гаргаж байснаа баримтаар нотолж чадаагүй.

 

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-т зааснаар худалдан авагч нь өөрийн аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол шаардлага гаргах эрхээ алдахаар хуульд заасан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл болох дугуйг шилжүүлэн авах үедээ хариуцагч нь дугуйны хэмжээ, дугуйны даацын талаар шалган, дугуйны доголдлын талаар 60 хоногийн дотор мэдэгдэхээр гэрээгээр тохиролцсон байх тул энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэх боломжтой байжээ.

 

Гэтэл хариуцагч нь гэрээнд заасан 60 хоногийн хугацаанд нэхэмжлэгчид худалдан авсан дугуйны чанар байдал болон доголдлын талаар бичгээр мэдэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр 60 хоногийн хугацаанд доголдлын талаар мэдэгдсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно. Доголдлын талаар гэрээнд заасан хугацаанд хамтарсан уулзалт, ярилцлагын үеэр мэдэгдсэн гэж хурлын тэмдэглэл болон албан бичгийг ирүүлсэн боловч, нэхэмжлэгч талаас оролцсон хүний гарын үсэггүй, гардуулсан баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, доголдлын талаар мэдэгдэх үүргээ худалдан авагч буюу хариуцагч тал биелүүлснээ нотолж чадаагүй. Тодруулбал, дугуйг эхэлж угсарнаас хойш 22 хоногийн дараа сүүлийн дугуйг угсарсан үйл баримтаас үзвэл тухайн цаг хугацаанд доголдолгүй байсан гэж үзнэ.

 

Түүнчлэн, хариуцагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулахаар гаргасан хүсэлтийн дагуу томилогдсон 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлт болон шинжээч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тэнхлэгийн зүүн хойд дотор талын буюу 5 дугаар байрлалд байрласан дугуй халсан нь тээвэр хийх зам, автомашины дугуйнд ногдох жингийн хэмжээ хэтрэх, ачааг жигд ачаагүй байх, автомашин нь дугуй үйлдвэрлэгчийн тогтоосон хэмжээнээс өндөр хурдтай явах, замын болон цаг агаарын нөхцөлөөс, нэг талын давхар хоёр дугуй бөөр хоорондоо үрэлдэх, бусад эд ангийн халалт дэмжих, автомашины тэнхлэг тохиргоо алдагдах, мөн даацыг хэтрүүлэн ачаа тээвэрлэх, мөн зөвшөөрөгдсөн даацаар ачаалагдсан үед хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх нь дугуйны халалтыг нэмэгдүүлнэ, “Terex MT4400 LC” маркийн автомашины мотор сэнсэн хөргүүртэй, сэнсэн хөргүүр нь 4,5 дахь байрлалын дугуйны хооронд байрладаг, гараж 18 дугаартай машины дугуйны моторын холхивчийг болон гараж 20 дугаартай машины урд дугуйны холхивч жийргийг солих болсон зэрэг нь дугуйны биет байдлын доголдлоос бус, гадаад хүчин зүйлүүдийн нөлөөнөөс хамааралтай байж болохыг дурдсан байх ба нэхэмжлэгчийн нийлүүлсэн 12 ширхэг дугуйны хувьд 4, 5 дахь байрлалтай дугуйнд халалт үүссэн нь дугуйны биет байдлын доголдолтой хамааралгүй гэжээ. /хэргийн 2 дугаар хавтас 117-119, 174-175 дугаар тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Т Т Ж В С Ө” ХХК нь гэрээний зүйл болох 12 дугуйг худалдан авахгүй, худалдах-худалдан авах гэрээнээс бүхэлд нь татгалзаж буй тайлбар үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрчээр Леонид Клодин, Леонид Слободский нарыг асуулгах хүсэлтийг гэрчийн мэдүүлэг авахуулах этгээдүүдийн хаягийг тодорхой тусгаагүй, шүүхэд дуудах боломж нөхцөлгүй гэх үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, гэрчийг шүүх дуудан асуух ажиллагааг хийх боломжтой.

 

Нэхэмжлэгч “Ю б м” ХХК-аас 2018 оны 06 дугаар сарын 18-ын өдөр Г.Төгөлдөрт 3 жилийн хугацаатай итгэмжлэлийг олгосон байх ба итгэмжлэлээс үзэхэд уг итгэмжлэлийг хуурамч, хууль зөрчиж хийсэн, нэхэмжлэгчийн хүсэл зориг илэрхийлэгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Улмаар шүүхээс сүүлд Шинжлэх ухааны технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулиас 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийг томилсон боловч маргааны зүйл болох дугуйнууд нь хадгалалтын горим алдагдснаас туршилт явуулж дүгнэлт гаргах боломжгүй болсон талаар 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/80 тоот албан бичгээр хариу ирүүлсэн байх бөгөөд дүгнэлт гаргахаар шинжээч дугуйг газар дээр нь очиж үзсэн болохыг хариуцагчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тайлбарласан болно. Тодруулбал, тухайн дугуйнуудыг буруу нөхцөлд хадгалснаас болж цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ. Нөгөө талаар худалдан авсан эд зүйл доголдолтой байсан болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн тайлбар үндэслэл нотлогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.1-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас 933 121 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2018/015161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Золжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 828 224 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                 Ц.ИЧИНХОРЛОО   

                   

                                                                                           С.ЭНХТӨР