Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 1561

 

 

2018 оны 06 сарын 18 өдөр

     Дугаар 183/ШШ2018/01561

                Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

           Нэхэмжлэгч: ЮБМХХК -ийннэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: ТТЖВСӨХХК-д холбогдох

 

          Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 522 000 ам.доллар буюу 933 121 980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, түүний өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, В.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Төгс-Амьдрал нар оролцов.

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан ЮБМХХК нь хариуцагч ТТЖВСӨ” ХХК-тай 2013 оны 11-р сарын 6-ны өдөр Б.Н.Беларус улсын Бельшина /Belishina/ үйлдвэрийн Бел-160D маркийн, 46/90-57 размерийн, 12 ширхэг хүнд даацын, уул уурхайн зориулалттай авто машины дугуйг нэг бүрийн үнэ нь 43 500 ам доллар байхаар гэрээлж нийт гэрээний үнийн дүн 522 000 ам доллараар НӨАТ багтаагүй /нэг дугуйн үнэ 43 500 ам доллар НӨАТ-гүй нийт 12 ширхэг 522 000 ам доллар НӨАТ-гүй худалдах худалдан авахаар тохиролцсон юм. Энэхүү худалдах, худалдан авах гэрээний үйлчлэх хугацааг 2013 оны 11-р сарын 08-ны өдрөөс байхаар талууд тохирч гэрээний 1 дэх хэсэгт тусгасан байна. Худалдагч тал буюу ЮБМ ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, гэрээний нөхцөлд дурьдсан 12 ширхэг олон улсын стандартыг хангасан 46/90-57 размерийн, уул уурхайн 220-240 тонн даацтай авто машинд зориулагдсан дугуйг нийлүүлж Худалдан авагч тал болохТТЖВСӨ” ХХК нь 2013 оны 11-р сарын 08-ны өдөр хүлээн авч өөрийн Terex MT4400 LC маркийн автомашины талаар интернетээс мэдээлэл авахад уг машин 218 метрик тонн даацтай гэсэн тул хариуцагчид Бел 160Д маркийн 220 тоннын даацтай дугуйг санал болгосон. Хариуцагчид нэхэмжлэгч компани бүх дугуйныхаа коталогийг үзүүлсэн, өөрийн техниктэй таарах дугуйг нэхэмжлэгч өөрөө сонгосны үндсэн дээр Бел 160Д 220 тн даацтай дугуйг сонгосон.Граж дугаар №18, №19, №20 дугаартай техникүүдийн хойд тэнхлэгт тус бүр 4 ширхэгийг сууриулуулсан юм. Худалдах, худалдан авах гэрээнд заасан нөхцөлийн дагуу мөн дугуйн доод талд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах мөн дугуйн халалт, даралтын аюулгүй ажиллагааг зохицуулах зориулалт бүхий Schrader брендийн дугуйн хийн даралт, температур мэдрэгч системээр тоноглож өгсөн юм. Ийнхүү 2013 оны 11-р сарын 16-ны өдөр худалдан авагч талд гэрээнд заасан нөхцөл, стандартад бүрэн хангасан бараа бүтээгдэхүүнийг акт үйлдэн хүлээлгэн өгсөн болно.Худалдах, худалдан авах гэрээний 4 дэх хэсэгт барааг хүргүүлж, тохируулсны дараа жар /60/ хоногийн хугацаа дотор Худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, түвшинг үзэж доголдолтой бол Худалдагч талд албан ёсоор мэдэгдэх ёстой байхаар заасан бөгөөд мэдэгдлийн үндэслэлийг нарийвчлан тодорхойлсон байхыг шаардсан байна. Уг нөхцөл шаардлагыг худалдан авагч нь дагаж биелүүлээгүй бол бараа бүтээгдэхүүнийг эргэж буцалтгүй авсанд тооцохоор тусгасан. Нэхэмжлэлд дурьдсанчилан 2013 оны 11-р сарын 16-ны өдөр барааг хүлээлгэн өгч суурилуулан тохируулснаас хойш 2014 оны 01-р сарын 15-ны өдөр хүртэл Худалдан авагч талаас манай компанид худалдан борлуулсан бүтээгдэхүүний талаар ямар нэгэн санал гомдол болон бусад доголдолтой байгаа талаар албан ёсны мэдэгдэл ирээгүй учир 2014 оны 1-р сарын 15-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээний 5 дугаар зүйлд заасны дагуу бараа бүтээгдэхүүний үнэ болох 522 000 ам долларыг нэхэмжилсэн болно. Гэтэл худалдан авагч тал гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн төлбөрийг төлөхгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.Хариуцагчаас худалдах худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бараа бүтээгдэхүүний төлбөр 522 000 ам доллар буюу 933 121 980 төгрөг /2014 оны 03 сарын 03-ны өдрийн ханш 1752,59 төгрөг тооцов/, улсын тэмдэгтийг хуульд заасан журмын дагуу гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:ТТЖВСӨХХК нь Монгол Улсын хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч ЮБМХХК-тай 2013 оны 11-р сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ЮБМХХК манай компанийн шаардлагад нийцэх Бел-160Д гэсэн 12 ширхэг хүнд даацын  уул уурхайн дугуйнууд хүлээн зөвшөөрөгдсөн чанарын шаардлага хангасан болон Макмаон группын ашиглалт, хэрэгцээнд нийцсэн байх ёстой. Дугуйнууд амжилттай хүргэгдэж, дугуйг сууриулуулсан өдөр нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр гэж талууд харилцан тохирлцож үүнийгээ Гэрээний 1 дүгээр заалтын б-д тусгасан. Түүнчлэн гэрээний дагуу сүүлийн суурилуулалт өдөр нь 2013 оны 12 дугаар сарын 15-ны өдөр байсан (хавсралт 2,3,4,5 харна уу) тул туршилтын хугацаа 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр дууссан юм.ТТЖВСӨХХК нь дугуй тус бүрийн даацын дээд хэмжээ нь 56 500кг, МТ4400АС ачааны машины хойд талын тэнхлэгийн даац нь 65 685 кг байх шаардлагаа тодорхой заасан. Гэтэл ЮБМХХК нь худалдан авагчид Бел-160D гэх бүтээгдэхүүнээ гэж түүний шаардлагад нийцсэн гэж нийлүүлж худалдан авагчийг худалдан авахыг хүссэн буюу шаардалагад нийцэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтээ хайхрамжгүй хандсан. Харамсалтай нь нийлүүлсэн дугуйны хэрэглээний хүчин чадал 16 хувиар буурсан үзүүлэлтэй байсан. Гэрээний 4-р зүйлд заасны дагуу Худалдан авагч буюуТТЖВСӨХХК нь барааг нийлүүлж, суурьлуулсан өдрөөс жар /60/ хоногийн дотор нийлүүлсэн бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, стандарт зэргийг шалгаж аливаа илэрсэн доголдлыг бичгээр мэдэгдэх ба тэрхүү бичгэн мэдэгдэлд илэрсэн нөхцөл байдлыг нарийвчлан заах үүрэгтэй.ТТЖВСӨХХК нь энэхүү үүргээ бүрэн биелүүлж, хариуцагч ЮБМХХК-д доор дурьдсан буюу доод тал нь 4 тохиолдолд мэдэгдсэн. Үүнд:

1. Сайт дээр 2013 оны 12-р сарын 24-ны уулзалтын үеэр  ЮБМХХК-д дугуйнууд халсан тохиолдлууд болон үүнд их санаа зовниж байгаа талаар мэдэгдсэн

2.ТТЖВСӨХХК-ийн оффис дээр 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр болсон уулзалтандТТЖВСӨХХК-ийн бэлтгэсэн дэлгэрэнгүй тайланг ЮБМХХК-д гаргаж өгсөн. Тус тайланд нийлүүлсэн дугуйнууд ихээр халж байсан тул аюулгүй байдлыг хангах үүднээс сайт дах инженерүүдийн тээврийн хэрэгслүүдийн дугуйг ашиглаж болох хүртэлх хугацаанд зогсоож байсан нь Макмахон компанийн шаардлагад нийцээгүй талаар тайлбарласан. Энэ нь уурхайн тээвэрлэлтээс үүдэлтэй үйлдвэрийн алдагдалд хүргэсэн

3. Макмахон компанийн оффис дээр буюу 2 дугаар сарын 05-ны өдөр болсон уулзалтын үеэр туршилтын хугацаанд илэрсэн доголдлууд болон нэгдүгээр сард гаргасан тайланд тодорхой заасан шалтгааны улмаас нь Макмахон компани дугуйг хүлээн авахаас татгалзаж байгаагаа тайлбарласан болно.

4. Түүгээр ч барахгүйТТЖВСӨХХК болон ЮБМХХК нар 2014 оны 2 дугаар сарын 13-нд дахин уузажТТЖВСӨХХК дугуйны туршилт амжилтгүй болсон буюу дугуйг хүлээн авахгүй гэдгээ дахин мэдэгдсэн. Үүний дараагаар буюу 2014 оны 2 дугаар сарын 14-нд дугуйн туршилт амжилтгүй болсон талаар  ЮБМХХК-д албан бичиг илгээсэн. Худалдан авагчТТЖВСӨХХК нь ЮБМХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна бид байгуулсан  гэрээний дагуу холбогдох шаардлагыг удаа дараа тавьж, бүтээгдэхүүний чанарын доголдлыг удаа дараа мэдэгдэж мэдээлж байсан. туршилтын хугацаанд ЮБМХХК нь өөрсдийн амласан болон гэрээнд заасан чанарын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

          Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад           

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч ЮБМХХК нь хариуцагчТТЖВСӨХХК-д холбогдуулан худалдах- худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 522 000 ам.доллар буюу 933 121 980 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

        

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

           Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ЮБМХХК нь Бельшина үйлдвэрийн хүнд даацын дугуйг хариуцагчТТЖВСӨХХК-д санал болгож, худалдан борлуулагдаж байгаа дугуйны танилцуулгыг нэг сарын өмнө хариуцагчид өгсөн, хариуцагч дугуйны танилцуулгатай танилцан өөрийн “Теrex MT 4400 LC” маркийн автомашинд худалдан авахаар дугуйны захиалгаа  Бел 160Д маркийн, 46/90-57 хэмжээтэй дугуйг сонгосон, худалдагч хариуцагчийн сонгосон дугуйг 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Таван толгойн уурхайд хүргэж нийлүүлэх, дугуйн нэг бүрийн үнэ 43 500 ам доллар, хариуцагч 60 хоногийн дотор төлбөр тооцоог барагдуулах, туршилтын 60 хоногийн хугацааг дуусгавар болсноор аль аль нь үүргээ биелүүлж дуусгахаар тохиролцсон талуудын хооронд үүссэн харилцааны нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний агуулгатай нийцэж байна.

 

         Нэхэмжлэгч ЮБМХХК-ийн нийлүүлсэн дугуйны тоо ширхэгийн талаар хариуцагч маргаагүй, харин гэрээгээр тохирсон хэмжээ, чанарыг хангаагүй дугуй нийлүүлсэн гэж хариуцагч ТТЖВСӨХХК нь маргажээ.

    

          Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд дугуйны марк, үзүүлэлтийг Бел-160Д маркийн, 220-240 тонн даацтай байхаар гэрээний талууд тохирсон, хариуцагч компани нь дугуйны танилцуулгатай танилцаж өөрийн автомашиндаа тохирох дугуйг  сонгосон ба Бел-160Д дугуйны танилцуулганд нь 220 тонны даацтай  болохыг заасан байх тул  нэхэмжлэгчийн нийлүүлсэн дугуй үйлдвэрлэгчийн танилцуулгад заасан Бел-160Д маркийн дугуйны үзүүлэлтийг хангаагүй гэж тайлбарлаж буй хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна.

 

         Нөгөөтэйгүүр хэргийн баримтаас үзвэл Бел-160Д дугуй 110 хэм хүртэлх халалтыг тэсвэрлэх ч худалдагч дугуйн шрэйдер даралтын хяналтын системийг 100 хэмээр хязгаарлаж тохируулсан учир дугуйны халалт 100 хэмээс дээш гарвал дохио өгөхөөр тоноглож өгсөн ба 12 ширхэг дугуй суурьлуулсан 3 машинаас гараж 20 дугаар машины 5 дугаар байрлалд суурилуулсан дугуй халсан дохио тэмдэглэгдсэн байна. Шинжээчийн дүгнэлт, тайлбараар тэнхлэгийн зүүн хойд дотор талын буюу 5 дугаар байрлалд байрласан дугуй халсан нь тээвэр хийх зам, автомашины дугуйнд ногдох жингийн хэмжээ хэтрэх, ачааг жигд ачаагүй байх, автомашин нь дугуй үйлдвэрлэгчийн тогтоосон хэмжээнээс өндөр хурдтай явах, замын болон цаг агаарын нөхцөлөөс, нэг талын давхар хоёр дугуй бөөр хоорондоо үрэлдэх, бусад эд ангийн халалт дэмжих, автомашины тэнхлэг тохиргоо алдагдах, мөн даацыг хэтрүүлэн ачаа тээвэрлэх, мөн зөвшөөрөгдсөн даацаар ачаалагдсан үед хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэх нь дугуйны халалтыг нэмэгдүүлнэ /х.х-ийн 370-371/ , “Terex MT4400 LC” маркийн автомашины мотор сэнсэн хөргүүртэй, сэнсэн хөргүүр нь 4,5 дахь байрлалын дугуйны хооронд байрладаг, гараж 18 дугаартай машины дугуйны моторын холхивчийг болон гараж 20 дугаартай машины урд дугуйны холхивч жийргийг солих болсон зэрэг нь дугуйны биет байдлын доголдлоос бус, гадаад хүчин зүйлүүдийн нөлөөнөөс хамааралтай байж болохыг шинжээч дүгнэлт, тайлбартаа дурдсан  ба нэхэмжлэгчийн нийлүүлсэн 12 ширхэг дугуйны хувьд 4,5 дахь байрлалтай дугуйнд халалт үүссэн нь дугуйны биет байдлын доголдолтой хамааралгүй гэж шинжээч тайлбар өгсөн бөгөөд хариуцагч гэрээний зүйл болох 12 дугуйг худалдан авахгүй, худалдах-худалдан авах гэрээнээс бүхэлд нь татгалзаж буй тайлбар үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн татгалзал баримтаар тогтоогдохгүй байна. /х.х-ийн 370-371, 425-426/

      

         Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнийн нөхцөл 1-д “энэхүү гэрээний хэрэгжилт нь 2013 оны 11 дүгээр сарын 8-нд эхлэх бөгөөд 60 өдрийн туршилтын хугацааг амжилттай дуусгаснаар төгсвөр болно.Жаран өдрийн туршилтын хугацаанд тус дугуй болон шрэйдер дугуйны даралтын хяналтын системийг нийлүүлж, Макмахон Засвар үйлчилгээний менежерийн зааврын дагуу сольж тавьснаар эхлэх болно ”, б дэх хэсэгт “Макмахон Засвар үйлчилгээний менежерийн удирдлага дор тус дугуйнуудыг Таван толгойн уурхайн талбар дахь МТ4400 авто самосвалд нийлүүлж, шрэйдер дугуйны даралтын хяналтын системийг сольж тавьснаар туршилтын хугацаа эхэлнэ. ”, 4 дэх зүйлд “Худалдан  авагч нь барааг хүлээн авмагц шалгаж үзэх эрхтэй. Барааг хүргүүлж, тохируулсны дараа жар /60/ хоногийн хугацаанд худалдан авагч нь бараа бүтээгдэхүүний нөхцөл байдал, чанар, түвшинг үзэж хор хохирлын талаар нэхэмжилж Худалдагч тал мэдэгдэх ёстой...." гэж харилцан тохиролцсон байна.

 

        Нэхэмжлэгч ЮБМХХК нь хариуцагчТТЖВСӨХХК-нд гэрээний зүйл болох Бел-160Д маркийн дугуйг гараж 18 машинд 2013.11.23-ны өдөр 3,4,5,6 дугаар байрлалд , гараж 19 машинд 2013.11.16-ны өдөр 3,4,5,6 дугаар байрлалд, гараж 20 машинд 2013.12.13-ны өдөр 3,4, 2013.12.15-ны өдөр 5,6 дүгээр байрлалд суурилуулсан болох нь тогтоогдож байх ба баримт үйлдснээс хойш дугуй тус бүрээр тооцоход гэрээний дагуу хоногоор тогтоосон 60 хоногийн хугацаа хамгийн сүүлд суурилуулсан дугуйны баримтаар 2013.12.13-ны өдөр дууссан байх тул гэрээний 4-т заасны дагуу хариуцагчийг дугуйг худалдан авсанд тооцох үндэслэлтэй байна. /х.х-ийн 699-710 дугаар хуудас/

 

       Хариуцагч дээр дурдсан 60 хоногийн дотор гэрээний зүйлийн доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, 2014 оны 2 дугаар сарын 14 өдөр гэрээний дагуу нэхэмжлэгчид хандсан мэдэгдэл гаргасан нь гэрээний 4-т заасан 60 хоногийн хугацаа дууссан байна.

 

        Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.2-д “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй ” бол шаардлага гаргах эрхээ алдахаар хуульд заасан байна. Хариуцагч ТТЖВСӨХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн хувьд гэрээний зүйл болох дугуйг шилжүүлэн авах үедээ дугуйны хэмжээ, дугуйны даацын талаар шалган, мөн гэрээнд заасан 60 хоног дотор дугуйны  доголдолтой холбоотой мэдэгдлийг албан бичгээр мэдэгдэх боломжтой байсан. 

 

        Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, түүнчлэн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан ба талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний 5-д “.... худалдан авагч нь Таван толгойн уурхайн талбар дахь тээврийн хэрэгсэлд дугуй ба шрейдэр дугуйны даралтын системийг нийлүүлж, сольж тавьснаас хойш яг жаран өдрийн дотор бүхий л төлбөр тооцоог барагдуулж, дугуйны туршилтын хугацааг амжилттай дуусгавар болгоно” гэж заасан байх тул хариуцагчТТЖВСӨХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу 2013.02.13-ны дотор төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх тул төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна.

 

         Нэхэмжлэгч нь дугуйны үнийг үүрэг үүссэн үе болох Монгол банкны 2014.02.27-ны өдрийн 1 ам.долларын албан  ханш 1787,59 төгрөгөөр тооцож, 933 121 980  төгрөг нэхэмжилсэн нэхэмжчлэгчийн шаардлага үндэстэй байна.

 

          Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 831 дүгээр шийдвэр нь Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 390 магадлал, Улсын дээд шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 364 тоот тогтоолоор тус тус хүчингүй болсон. Магадлал, тогтоолд дурдсан шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.10-ны өдрийн 20718 дугаар шүүгчийн захирамжаар Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн оношлогоо, хяналт зохицуулалтын алба УТҮГ-ыг шинжээр томилсон ба тус байгууллагаас 2016.01.11-ний өдөр 4/50 дугаартай албан бичигт дүгнэлт ирүүлэх боломжгүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.03.30-ны өдрийн 11355 дугаар шүүгчийн захирамжаар Шинжлэх Ухааны Академийн Физик технологийн хүрээлэнг шинжээчээр томилсон ба тус байгууллагаас 2016.08.18-ны өдөр 2/70 дугаартай албан бичигт дүгнэлт ирүүлэх боломжгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.05.04-ний өдрийн 4155 дугаар шүүгчийн захирамжаар Шинжлэх Ухааны Технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийг шинжээчээр томилсон.Тус сургууль нь 2017 оны 5 дугаар сарын 04-ны өдөр 2/452 тоот албан бичгээр дүгнэлт гаргахад хавсралтад заасан нөхцлүүдийг бүрдүүлсний дараа дүгнэлт гаргах боломжтой гэж ирүүлсэн. /х.х-ийн 537, 569, 618/

 

          2/452 тоот албан бичгийн дагуу Тавантолгойн уурхайд 5-7 хоног байрлан туршилт хийх талбай, MT4400 LC маркийн автомашиныг туршилт хийхэд зориулан бэлтгэх, техник бололцоогоор хангахыг шүүх болон шинжээч нараас хариуцагчид мэдэгдсэн. 2/452 тоот албан бичгийн дагуу хариуцагч нь шаардлагатай нөхцлийг бүрдүүлж өгөөгүйн улмаас шинжээч ажиллах боломжгүй тухай 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/962 тоот албан бичгээр ирүүлсэн. /х.х-ийн 644, 646 хуудас/

 

            Хариуцагч нь шинжээч томилох хүсэлтээ дэмжсэн тул тус шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 684 дугаар захирамжаар Шинжлэх Ухааны Технологийн Их сургуулийн харьяа Механик инженерийн сургуулийг шинжээчээр томилсон. Тус  сургуулиас 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/80 дугаартай албан бичгээр “... хадгалалтын тодорхойгүй горимд хадгалсан дугуйг “Терекс МТ4400 АС” маркийн автомашинд суурилуулан туршилт хийн дүгнэлт гаргах нь техникийн үндэслэлтэй бодит дүгнэлт болж чадахгүйг мэдэгдэж байна” гэж ирүүлсэн байх тул шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг  баримтлан хариуцагчТТЖВСӨХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 933 121 980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЮБМХХК-нд  олгосугай.

  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 883 559 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчТТЖВСӨХХК-иас 4 823 560 төгрөгийг нэхэмжлэгч ЮБМХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээч Ж.М, И.Б, Д.Б нарын ажлын хөлс 933 000 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан шинжээч нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн зардалд гарсан зардал 933 000 төгрөгийг хариуцагчТТЖВСӨХХК-иас гаргуулан улсын төсөвт оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ