Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 170

 

Д.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Ш.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалтай, Д.А-т холбогдох 1734000000155 дугаартай эрүүгийн хэргийг Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтийг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, эрэгтэй, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Х овогт Д-гийн А.

Д.А- нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө, мөн сарын 11-ний өдөр бусдын орон байранд нэвтэрч 2,750,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт 3 жил хорих ял шийтгүүлж, уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд гаргасан дүгнэлтдээ “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Д.А-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгэснийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Д.А- нь “2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багт байрлах Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн ордны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б” рестораны үйлчилгээний танхим буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд цоожтой цонхоор дотогш нэвтрэн орж, Л.Б-ын эзэмшлийн зөөврийн компьютерийг нууцаар, хууль бусаар авч, бусдад 388,350 төгрөгийн хохирол учруулсан” үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, улмаар прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 1734000820070 дугаартай тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэргийг шүүхэд шилжүүлж, шүүхээс Д.А-ын үйлдсэн гэмт хэрэгт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй тохиолдол үүссэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх үндэслэл шинээр илэрсэн байна. Иймд Д.А-т холбогдох эрүүгийн 1734000000155 дугаартай хэрэгт 1734000820070 дугаартай хэргийг нэгтгэж, түүнд нэг удаа ял шийтгэл оногдуулах зайлшгүй шаардлагатай, түүний хувьд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг баримтлах зорилгоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаана уу” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ш.Эрдэнэбилэг гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Прокурорын зүгээс Д.А-ын үйлдлийг өмнөх хэрэгтэй нь нэгтгэж, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд прокурорын дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Д.А- нь 2017 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө, мөн сарын 11-ний өдөр бусдын орон байранд нэвтэрч 2,750,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан үйлдэлдээ 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Прокурорын дүгнэлтийг үндэслэн хэргийн материалыг хянахад Д.А- нь дээрх гэмт хэрэгт ял шийтгүүлсэн цаг хугацаанаас өмнө буюу 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр баг, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Б” рестораны үйлчилгээний танхимын цоожтой цонхоор нэвтрэн орж, 388,350 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө хулгайлсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд энэхүү хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил хорих ялыг нэмж нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх” тохиолдол нь өмнөх тогтоолоор ял оногдуулснаас хойш буюу уг ялаа эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хэрэглэхээр хууль тогтоогч зохицуулжээ.

Д.А-т холбогдох 1734000820070 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоол гарахаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалтай эрүүгийн хэрэгт 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэх хэргийг нэгтгэн шалгаж, нэг тогтоолоор нэг удаа ял шийтгэл оногдуулах нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэхээр байна.

Энэхүү нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарч байх тул прокурорын дүгнэлтийг хүлээн авч Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.А-т холбогдох 1734000000155 дугаартай эрүүгийн хэрэгт 1734000820070 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээх тухай дүгнэлтийг хүлээн авч, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Д.А-т холбогдох 1734000000155 дугаартай эрүүгийн хэрэгт 1734000820070 дугаартай эрүүгийн хэргийг нэгтгэн шалгуулахаар Төв аймгийн прокурорын газарт буцаасугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН